Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 764

 

 

 

 

 

                                                                                              

 

                                                                                                                     

 

Э.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухайд

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00670 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Жын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Ад холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул,

хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ж нь хариуцагч Л.Атай 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан түүнд 15 000 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 21 хоногийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Ингэхдээ зээлийг хүүгүйгээр, мөн зээлийн эргэн төлөлтийг хугацааны эцэст бөөнөөр нь төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Гэвч зээлдэгч хугацаандаа зээлээ төлөөгүй ба 2018 оны 04 дүгээр сарын 06-нд 2 000 000 төгрөг төлсөн, энэ үед зээл төлөх хугацаа 60 хоног хэтэрсэн байсан бөгөөд 15 000 000 төгрөгийн 0.5 хувийн алдангийг тооцоход /15 000 000:0.5=75 000 төгрөг, 75 000 х 60 хоног=4 500 000 төгрөг/ болсон байсан. Үндсэн зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөг дээр алданги 4 500 000 төгрөгийг нэмэхэд 19 500 000 төгрөг болсон байснаас зээлдэгчийн төлсөн 2 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон. Ингээд үндсэн зээл 13 000 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг болсон. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр алдангид 1 000 000 төгрөг төлснийг мөн л үндсэн зээлээс хасч тооцсон бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12 000 000 төгрөг, алданги 4 955 000 төгрөг болсон. Учир нь үндсэн үүрэг 13 000 000 төгрөгийн үүрэг гүйцэтгэх ёстойгоос 7 хоногийн алданги /13 000 000 төгрөг : 0.5 = 65 000 төгрөг, 65 000 төгрөг х 7 хоног=455 000 төгрөг/. Ийнхүү зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12 000 000 төгрөг, алданги 4 955 000 төгрөг болж байна. Зээлдэгч нь үүнээс хойш 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 3 500 000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 1 800 000 төгрөг, 30-ны өдөр 1 500 000 төгрөгийг тус тус төлсөн. 2018 оны 04 дүгээр сарын 13-наас 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 105 хоногийн алданги 6 300 000 төгрөг болсон. /12 000 000 : 0.5 = 60 000 төгрөг, 60 000 х 105 хоног = 6 300 000 төгрөг/, нийт алданги 11 255 000 төгрөг болж байгаа ч үндсэн үүргийн 50 хувь буюу 12 000 000 төгрөгийн 50 хувьд нийцүүлэхэд алданги 6 000 000 төгрөг болж байна. Үндсэн зээл 12 000 000 төгрөг, алданги 6 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийн төлбөртэй байснаас 2018 оны 07 дугаар сарын 27-ноос 30-ны өдрүүдэд төлсөн 6 800 000 төгрөгийг хасч 11 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний төрсөн дүүгийн найз болох н.Мөнх-Өлзий нь 2018 оны 01 дүгээр сард Солонгос улсаас над руу холбогдож манай нөхрийн дүү Э.Жаас иргэний үнэмлэхээ авч очоод 15 000 000 төгрөг авчих, Э.Жыг банкны хүмүүстэй танилцуулаад зээл авахад нь туслаач гэсэн. Тухайн үед миний бие хагалгаанд ороод бие муу байсан тул ямар зүйл дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. Нийт 9 800 000 төгрөгийг түүнд төлсөн. Алданги тооцсон байсныг миний бие мэдээгүй. 5 000 000 төгрөгийг н.Мөнх-Өлзийд өгсөн байгаа. Гэрээгээр тохирсон алдангийн хэмжээ хэт өндөр байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор заасан тул алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6  дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Агаас 11 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Жт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 194 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 194 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.А давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гэрээ нь анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн хэлцэл бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байсан. Бидний хийсэн хэлцэл нь зээлийн гэрээ биш байсан...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Э.Ж нь хариуцагч Л.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 15 000 000 төгрөгийг 21 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан дээрх зээлийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх 4, 43-44/

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Э.Ж нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үндсэн зээл, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.

Хариуцагч Л.А нь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 3 500 000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 1 800 000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, нийт 9 800 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй байна. /хх 22-26/

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 15 000 000 төгрөгөөс хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үндсэн үүргийг 12 000 000 төгрөг тооцож, гэрээний хугацаа дуусгавар болсон буюу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш сүүлийн төлөлт хийсэн өдрийг хүртэл буюу 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг 6 000 000 төгрөгийн хамт гаргуулна” гэж тодорхойлжээ.

            Анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг үндсэн зээл 12 000 000 төгрөг, алданги 6 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөг гэж тодорхойлон хариуцагчийн төлсөн 6 800 000 төгрөгийг хасч, гүйцэтгээгүй үүрэг 11 200 000 төгрөг гэж тооцсон тооцоолол хэргийн баримтад нийцсэн байна.

            Иймд хариуцагч Л.Агийн зээлийн гэрээний үүргийг 12 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчид төлсөн 6 800 000 төгрөгийг хасч тооцвол үндсэн зээл 5 200 000 төгрөг болж байх тул алдангид 6 000 000 төгрөг нэхэмжилснийг давж заалдах шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар багасгаж 4 000 000 төгрөг болгож, нийт 9 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Э.Жт олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00670 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Агаас 9 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Жт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,  

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...194 150 төгрөг...” гэснийг “...162 150 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй..                  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Л.Агаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 400 төгрөгийг буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

           

                             ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН