| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/04920/И |
| Дугаар | 183/шш2023/02562 |
| Огноо | 2023-08-28 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 183/шш2023/02562
| 2023 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2023/02562 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Р х хотхон, ** дугаар байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар *********, М овогт Э-н Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Ү х гудамж **, өөрийн байранд байрлах, Н ш газарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Н ш газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ********** дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1047 дугаар магадлалаар 26.793.735 төгрөгийг хариуцагч Э.Э, О.О нараас гаргуулан нэхэмжлэгч О.А-д олгуулахаар шийдвэрлэсэн. Дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч О.О, Э. нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Р х хотхон, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэгдсэн, 33.09 м.кв талбай бүхий 1 өрөө оронд сууцанд шинжээч Ф ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Гэтэл шинжээч нь О.О, Э.Э нарын өмчлөлийн орон сууцанд үнэлгээ хийж, тайлан гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2.1, 9.2.3, 9.3.8 дахь хэсэгт заасныг зөрчиж, улмаар тус орон сууцыг зах зээлийн бодит үнэ ханшаас хамаагүй багаар үнэлж, өмчлөгч О.О, Э.Э нарыг өмч хөрөнгөөрөө хохирох байдалд хүргэж байна. Өмчлөгч О.О, Э.Э нарын зүгээс орон сууцны зах зээлийн бодит үнэ ханшийг судалж үзэхэд манайх шиг 1 өрөө орон сууц Хан-Уул дүүргийн Р х хотхонд багадаа 170.000.000 төгрөгийн үнэ ханштай байна. Бид үнэ ханшийн судалгаа хийхдээ худалдааны **********, *********, ********* зэрэг сайтууд болон фейсбүүкт нийтлэгдсэн байгаа орон сууц худалдах зарууд, мөн орон сууцны худалдаа эрхэлдэг зууч агент нарын баримт мэдээлэлд үндэслэн бодитой явуулсан. Гэтэл шинжээчээр ажилласан Ф ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлан нь үнэлгээний зүйлийн үнэ цэнийг бодитой тогтоосон гэх нотолгоо байхгүй, шаардлагатай мэдээлэл, нотлох баримт авагдаагүй, тооцоо судалгаа нь тодорхой бус, хууль эрх зүйн үндэслэл муутай байна. Өөрөөр хэлбэл, Ф ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангахгүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан үнэлгээний тайланд тусгах ёстой баримт мэдээллийг бүрэн тусгаагүй байна. Энэ байдлаараа Ф ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлан нь хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байж чадахгүй байна. Дээр дурдсан байдлаар хуулийн шаардлага хангаагүй, улмаар орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас багаар үнэлсэн Ф ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайланг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, орон сууцыг дуудлага худалдаанд оруулан, худалдан борлуулсан тохиолдолд уг орон сууцны өмчлөгч О.О, Э.Э нарын хувьд эд хөрөнгөөрөө ихээхэн хохирч үлдэх байдалд хүрээд байна. Иймд Ф ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н ш газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Э-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны едрийн *** дүгээр шийдвэрээр О.О, Э.Э нараас 27.085.653 төгрөгийг гаргуулж О.А-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн. Төлбөр төлөгч О.О, Э.Э нартай 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн уулзаж эрх, үүргийг танилцуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан. Дээрх мэдэгдлийн хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Р х, М г гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах, 33.09 м.кв талбай бүхий орон сууцыг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн *********** дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ********* дугаар тогтоолоор хураасан. Битүүмжлэн хураасан хөрөнгийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч Э.Энхчимэг О.О нар 150.000.000 төгрөгөөр, төлбөр авагч О.А 100.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнийн санал зөрүүтэй байсан тул 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ****** дүгээр тогтоолоор шинжээч Н.Ц-ийг томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийн шинжээч Н.Ц-ээр үнэлүүлэхэд 129.500.000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******** тоот үнэлгээг мэдэгдэж, биечлэн болон баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг, Ф ХХК-ийн үнэлгээний тайлан, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ************** дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *********** дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ************ дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаар магадлал, 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн өмгөөлөгч Э.Г-той байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагч Н ш газраас Д.М, М.А нарт олгосон итгэмжлэл, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ******** дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолтой хувийн хэргийн хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ********* дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаар магадлалаар хариуцагч О.О, Э.Э нараас 26.793.735 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 291.918 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.А-д олгож, мөн хариуцагч О.О, Э.Э нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Р харш ******, М Г гудамж, ** дугаар байр, 36 тоот хаягт байрлах, 33.09 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Уг шүүхийн шийдвэрт 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн ************ дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үүссэн, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэгдэж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хураагджээ.
Ингээд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлбөр төлөгч О.О, Э.Э нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 150.000.000 төгрөг гэж, харин төлбөр авагч О.А-аас 100.000.000 төгрөг гэж тус тус үнийн санал ирүүлсэн байх ба талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ********* дүгээр тогтоолоор шинжээч томилж, шинжээч Н.Ц-д тогтоол болон эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарлан, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал бий эсэхийг тодруулсан байна.
3. Шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгөтэй очиж танилцсан, үнэлгээний хандлагуудыг ашигласан, мөн тухайн хөрөнгийн шинж байдал, орчны байдал, давуу болон сул талуудыг үнэлгээний тайландаа дурдсан, мөн ойролцоо орших ижил төрлийн хөрөнгүүдтэй харьцуулсан зэрэг хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан дүгнэлтийг гаргаж, хөрөнгийг 129.500.00 төгрөгөөр үнэлсэн нь хууль болон холбогдох журмыг зөрчөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн үнэлгээний тайлан нь 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хууль-ийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасан шаардлагад нийцсэн, тайланд тусгавал зохих зүйлийг бүрэн тусгасан байна.
Харин нэхэмжлэгч нь Ф ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайланд ... шаардлагатай мэдээлэл, нотлох баримт авагдаагүй, тооцоо судалгаа нь тодорхой бус, хууль эрх зүйн үндэслэл муу ... Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасан үнэлгээний тайланд тусгах ёстой баримт мэдээллийг бүрэн тусгаагүй, шаардлага хангаагүй дүгнэлт гарсан хэмээн нэхэмжлэлдээ дурдсан боловч үүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Мөн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн хэмээн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байгаа боловч тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлэгдсэнийг нотлох, мөн харьцуулан судлах баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй.
4. Иймд нэхэмжлэлийн шаардлага нотлогдож, тогтоогдохгүй байхаас гадна хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль болон холбогдох стандартад заасан журмын дагуу гарсан байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Н ш газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
6. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ********** дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Н ш газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ************* дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА