Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 183/шш2023/02569

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2023/02569

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Сүхбаатарын гудамж, М б төв, *** тоот хаягт байрлах, регистрийн ******* дугаартай, Т к ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С о ******, Н х өргөн чөлөө гудамж, ** байр, ** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар *******, Б овогтой Б-ийн А-д холбогдох,

 

Засварын зардалд 26.367.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т к ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан гаргасан засварын зардалд 26.367.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах ******* тоот гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С о ******, Н х өргөн чөлөө гудамж, ** байр ** тоот хаягт байрлах 75.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 240.960.000 төгрөгөөр худалдах, Б.А орон сууцыг хүлээн авч, үнийг төлөхөөр тус тус тохиролцсон. Т к ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тухайн орон сууцыг 2020 оны 9 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээгээр захиалагч нь төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч тухайн үеийн цар тахлын нөхцөл байдал болон захиалагч Б.А-ийн гаргасан хүсэлтийг харгалзан үзээд орон сууцыг хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр Б.А нь гэрээний төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулах байсан боловч уг гэрээний төлбөрөөс 30 хувийг нь төлсөн бөгөөд үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 168.672.000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Манай компанийн зүгээс Б.А-ээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төлбөр нэхэмжлэх тухай *********тоот албан бичгийг Б.А-д хүргүүлсэн. Ингээд захиалагч төлбөрийг төлөхгүй явсаар байсан тул 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ********** тоот "Орон сууц захиалан бариулах ******** тоот гэрээг цуцлах" тухай мэдэгдэл, мөн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ********** тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулсан. Б.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай компани гэрээг цуцлахыг мэдэгдэж урьдчилгаа төлбөрийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр буцаан шилжүүлсэн болно. Б.А нь тухайн орон сууцанд 2020 оны 9 дүгээр сараас эхлэн 2022 оны 9 дүгээр сар хүртэл 2 жил орчмын хугацаанд амьдарсан. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр "ТГ" ХХК нь манай компанид *** тоот мэдэгдлийг хүргүүлсэн. Тус мэдэгдлээр хаалга, тааз, шал, шалны хүрээ, ванн, угаалтуур, унтраалга, нүхэн гэрэл, розетка гэх мэт зүйлсийг засварлаж шаардлагатай гэж үзэн засвар хийсэн тул бараа материал болон ажлын хөлс нийт 26.367.500 төгрөг болсныг нэхэмжилсэн. Тухайн орон сууцыг манай компани ТГ ХХК-д худалдсан бөгөөд тус компани нь уг байранд хийсэн засварын зардлыг манай компаниас төлсөн. Иймд хариуцагч Б.А-өөс засварын зардал буюу гэрээнээс учирсан хохиролд 26.367.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч  Б.А нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т к ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Т к ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С о, Н х өргөн чөлөө гудамж, ** дугаар байр, ** тоот хаягтай 75,3 м.кв, 2 өрөө орон сууцыг урьдчилгаа 30 хувийг төлж хууль ёсоор эзэмшиж байсан. Бидний дунд үлдэгдэл 70 хувийг төлөөгүй хугацаа алдсан хэмээн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн маргаан эхэлсэн. Шалтгаан нь цар тахлаас үүдсэн хөл хорионы улмаас банкны зээлээр төлөхөөр тохирсон байсан боловч хугацаа алдаж 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр Г банкны зээлийн шийдвэр гарсан боловч нэхэмжлэгч тал байрны 1 м.кв үнэ өссөн мөн 70.000.000 төгрөгийн алданги төл гэх шалтгаанаар миний үлдэгдэл төлбөрийг авч, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр надад мэдэгдэлгүй миний харилцах дансруу орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн 72.228.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр үл таних хүмүүс гэрт дайран орж ирж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар үзүүлж, манай гэрийн эд хогшлыг шууд зөөж хүчээр хөөн гаргаж цоожийг сольсон. Тэдгээр хүмүүсээс Т к ХХК гэрээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдэж, ирж нэхэмжлэхийг авсан. Тус нэхэмжлэл дээр миний утасны дугаар буруу байсан. Тус байранд миний 4.200.000 төгрөгийн үнэтэй гал тогооны тавилга, 540.000 төгрөгийн үнэ бүхий хиншүү сорогч үлдсэн. Эдгээр зүйлээ авч чадаагүй. Иймд үлдэгдэл зүйлээ яаралтай салгаж авах шаардлагатай байна. Мөн ТГ ХХК нь ямар зардлаар, яг ямар ямар засвар хийсэн болохоо нотлоогүй. Намайг хөөж гаргахад байсан хананы нүхнүүд, орны толгойн хэсгийн харалсан байдал, шалны будаг, ваннын өрөөний плита зэрэг нь бүгд хэвэндээ байсан. Тухайн байранд засвар хийсэн ямар ч шинжгүй байсан. Тэгээд ямар засвар хийснээ нотлоогүй, ямар зардал гаргаснаа ч нотлоогүй байж, ТГ ХХК-ийн албан бичгийн дагуу надаас засварын зардал нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас Г.Г-т олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 1.362.750 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г банкны төлбөрийн баримт, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай мэдэгдэл хүргүүлэх баримт, ** байр, ** тоот засалын ажлын тооцооны хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн кассын орлогын баримт, 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн ********** дугаартай мэдэгдэр хүргүүлэх тухай, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ********* дугаартай шаардлага хүргүүлэх тухай, 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ********* дугаартай ТГ ХХК-ийн хүсэлт гаргах тухай, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ТГ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 392 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 26А орон сууцыг хүлээлцэх тухай актын хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б.А-ийн гаргасан өргөдөл, 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрийн баримт, фэйсбүүк группэд тавьсан постны зураг зэргийг ирүүлсэн. 

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу бүрдсэн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, *********** дугаартай орон сууцны хувийн хэрэгт авагдсан худалдах-худалдан авах гэрээний хуулбар зэрэг баримт бүрдсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т к ХХК болон хариуцагч Б.А нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ****** тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн барьсан Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, С О ****, Н х өргөн чөлөө гудамж, ** байрны ** тоотод байрлах, 75,3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авах, орон сууцны үнэд 240.960.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч тухайн гэрээ цуцлагдсан байна.

 

3. Ингээд Т к ХХК нь Б.А-ийн урьдчилгаанд төлсөн 72.288.000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр буцаан шилжүүлсэн нь хэргийн 7 дугаар талд авагдсан баримтаар, мөн уг орон сууцыг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ******** дугаартай Худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу Т к ХХК нь ТГ ХХК-д 316.260.000 төгрөгөөр худалдсан, ТГ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гарсан нь хэргийн 131-133 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдов.

 

4. Орон сууцны шинэ өмчлөгч ТГ ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22/09 дугаар албан бичгийг /хх-52-53/ Т к ХХК-д ирүүлэхдээ дээрх орон сууцанд тааз, хана, шал болон разекта, унтраалга, гэрэлтүүлэг, 00-ын өрөөний тоноглол, ажлын хөлс нийт 26.367.500 төгрөг болсныг нэхэмжилж байгаагаа мэдэгдсэн, уг албан бичигтээ Заслын ажлын тооцоо гэх баримтыг хавсаргажээ.

 

Энэхүү нэхэмжлэхийн дагуу Т к ХХК нь 26.367.500 төгрөгийг бэлнээр ТГ ХХК-д төлсөн тухай 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Кассын орлогын ордер /хх-78/, Төлбөрийн баримт /хх-89/ зэргийг ирүүлсэн.

 

Гэвч уг заслын ажлын тооцоо болон хэрэгт хавсаргасан СД-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл буюу хэргийн 116-117, 121-122 дугаар талд авагдсан тэмдэглэл, баримттай харилцуулан үзэхэд тус байрны гаднах хаалгыг 2.080.000 төгрөгөөр авч солих ба ажлын хөлсөд 50.000 төгрөг зарцуулсан гэх боловч тэмдэглэлд дурдсанаар 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн бичлэгт уг орон сууцны гаднах хаалга солигдоогүй, тухайн хаалганы цагаан толбо арилаагүй, ашиглалтын зардал нэхэмжилсэн нэхэмжлэх наасан байдалтай байсан, 171 м.кв хэмжээ бүхий обойг 2.052.000 төгрөгөөр солих, ажлын зардалд 855.000 төгрөг зарцуулсан гэх боловч 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тус байр руу нэвтрэн орж үзсэн тухай бичлэгт унтлагын өрөөний хананд үлдсэн орны толгойн хар толбо хэвээрээ, том өрөө болон гал тогооны хэсэгт зураг өлгөж байсан хадаасны нүх хэвээрээ, паркетан шал, шалны хүрээ солиход 4.461.500 төгрөг, ажлын хөлсөд 599.500 төгрөг зарцуулсан гэх боловч байрны үүдэн хэсгийн шалны онгорхой 2 хэсэг хэвээрээ, 00-ын өрөөний тааз, шал плита, хана плита, гэрэл, суултуур, ванн, ваннын холигч, угаалтуур ком, дүүш хаалт, душны холигч зэргийг 10.207.000 төгрөгөөр солих, ажлын зардалд 1.289.500 төгрөг тус тус зарцуулсан гэх боловч үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар ваннын өрөөний тавилга, хана, шал солигдоогүй хэвээр болохыг бичлэгт баримтжуулсан байв.

 

Нөгөө талаар, хэрэгт Б.А-өөс тухайн байрыг ямар байдалтай хүлээн авсан болон ТГ ХХК-д ямар, ямар онцлог шинж бүхий орон сууц хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүй, ийм баримтыг нэхэмжлэгчээс гаргаж ирүүлээгүй нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзэх үндэслэл болсон.

 

Хэрэгт зөвхөн Б.А-д 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр орон сууц хүлээлгэн өгсөн акт байгаагаас өөр ямар нэгэн байр хүлээлцсэн акт авагдаагүй.

 

Мөн ТГ ХХК нь ямар байр хүлээн аваад, түүнийг ямар хэмжээнд засварлаж өөрчилсөн тухай нотлох баримт авагдаагүй ба энэ нь ТГ ХХК-ийг тухайн орон сууцанд засвар хийсэн эсэхэд эргэлзээ үүсгэж байгааг дурдах нь зүйтэй.

 

5. Иймд нэхэмжлэгч нь засвар хийсэн болохоо нотлоогүй, засварын зардал бодитоор гарсан нь тогтоогдоогүй тул Б.А-тэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол гэх засварын зардал 26.367.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ТГ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ТГ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.362.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.А-д холбогдуулан гаргасан гэрээнээс учирсан хохирол буюу засварын зардалд 26.367.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ТГ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ТГ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.362.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ГЭРЭЛТУЯА