Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/шш2023/02640

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/02640

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ү гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн ********* дугаартай, В ХХК-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч В ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авсан ба 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлэхэд 118.122 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Манай зүгээс хариуцагчийн Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, Д ** дүгээр гудамж, *** тоот хаягаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй тул хүлээн авахаас татгалзсан. Иймээс тухайн байгууллага, түүний эрх бүхий этгээдийг өөрийн зүгээс олох боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.1-т "Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно" гэж заасны дагуу шүүхээр эрэн сурвалжлуулах шаардлагатай байна. Дээрх хариуцагчийг шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж түүний хаягыг олж тогтоосноор манай зүгээс өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой болох юм. Иймд түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж холбогдох газарт хүргүүлж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, В ХХК-иас иргэн Т.М, Б.П нарт олгосон итгэмжлэл, В ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн *********** дугаартай захирамж, нэхэмжлэгч В ХХК болон иргэн Р.Б нарын хооронд хийгдсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч В ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд В ХХК болон Р.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу Р.Б нь 1.468.130 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбараар тогтоогдов.

3. Р.Б гэрээ байгуулах үедээ оршин суудаг байсан хаяг буюу Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, Д ** дүгээр гудамж, *** тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн *********** дүгээр захирамжаар тогтоогджээ.

4. Иймд регистрийн дугаар ********, Р-ийн Б-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч В ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн дугаар ******** , Р-ийн Б-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Р.Б-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч В ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийн хувийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

-