Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 183/шш2023/02651

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/02651

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ч өргөн чөлөө-6, С о **, өөрийн байранд байрлах, регистрийн ****** дугаартай, Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.У-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.У-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч М овогтой У нь Х Банк ХХК-тай гэрээ байгуулж дараах зээлийг авсан. 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр *********** тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн *********** тоот Барьцааны гэрээ байгуулж 1.700.000 /Нэг сая долоон зуун мянган/ төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй ба 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 861.962,38 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 410.442,30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 33.600,70 төгрөг, нийт 1.306.005,38 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулахдаа тэмдэглүүлсэн хаяг буюу иргэний үнэмлэхний хаягтаа байхгүй, оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн ** болон ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогддог. М.У-ын оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Х банк ХХК-иас иргэн Н.Г-т олгосон итгэмжлэл, Х банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х банк ХХК болон иргэн М.У нарын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ********* тоот зээлийн гэрээ болон мөн өдрийн ********** тоот барьцааны гэрээ, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны Засаг дарга тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны Засаг дарга тодорхойлолт зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.У-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Х банк ХХК болон иргэн М.У нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн *********** тоот зээлийн гэрээ болон мөн өдрийн *********** тоот барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байх боловч М.У гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Иргэн М.У гэрээ байгуулах үедээ Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Б ** дугаар гудамж, ** тоотод оршин суудаг хэмээн гэрээнд тэмдэглэгдсэн боловч тус хаягтаа оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн ** болон ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

4. Иймд **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар *********, Х овогтой М-ын У-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэлээ

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ********* , Х овогтой М-ын У-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М.У-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийн хувийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА