| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/03360/И |
| Дугаар | 183/шш2023/02652 |
| Огноо | 2023-09-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 183/шш2023/02652
| 2023 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2023/02652 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, А гудамж *** тоот хаягт байрлах, регистрийн ********* дугаартай, М ХХК-ийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих иргэн болох Б.Б-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих иргэн болох Б.Б-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Монгол Улсын иргэн Ж овгийн Б-ын Б /регистрийн дугаар ********* нь манай компанид захиалга өгч, ном хэвлүүлдэг байсан. Удаа дараагийн захиалгын төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс хуримтлагдаж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тооцооны үлдэгдлийг баталгаа хийж 13.150.000 төгрөг төлөхөөр тооцоог баталгаажуулсан боловч хугацаандаа төлөөгүй. Иймд энэхүү тооцооны үлдэгдлийг баталгаанд заасны дагуу хугацаа хэтэрсний алднгийн хамт нийт 19.725.000 төгрөг төлүүлэхээр холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн боловч оршин суугаа газар тодорхойгүй үндэслэлээр тус хэргийг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хэрэгсэхгүй болгосныг бид 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан. Иймд Ж овогтой Б-ын Б-ийн /регистрийн дугаар ********* оршин суугаа газрыг тодорхойлж, эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ********* дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, М ХХК болон иргэн Б.Б нарын хооронд байгуулсан Тооцооны үлдэгдлийн баталгаа, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М- ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих иргэн Б.Б-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд М ХХК болон Б.Б нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба талууд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж, Б.Б нь 13.150.000 төгрөгийг төлөх үүрэгтэй болохоо баталгаажуулсан байх боловч уг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Иргэн Б.Б-ийн иргэний үнэмлэхэд Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хэсэг, З ** дугаар байр, ** тоот хаягт оршин суудаг хэмээн тэмдэглэгдсэн байх боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ************ дугаар захирамжаар тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогджээ.
4. Иймд **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар *******, Ж овогтой Б-ын Б-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ********** , Ж овогтой Б-ын Б-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Б-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийн хувийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА