Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/37

 

                                            

                                                      Б.От холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Б.Н,

Нарийн бичгийн дарга: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/202 дугаар цагаатгах тогтоолтой Б.От холбогдох 1938002160161 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш овогт Б-ийн О, ........ оны ..... дугаар сарын ..... ы өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................./.

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн О.С-ын эзэмшлийн гартааман хөөргийг “хөхний хавдар буулгана” гэж гуйж аваад завшиж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/202 дугаар цагаатгах тогтоолоор шүүгдэгч Ш овогт Б-ийн О-т Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.О-ийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүхийн хэлэлцэхгүй орхисон 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 33 хоногтой болохыг дурдаж, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагаатгагдсан этгээд Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч О.С давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж би үзэж байна.

О нь миний үнэ цэнэтэй эд хөрөнгийг авч, өөрийн эзэмшилд оруулсан, түүний эзэмшилд миний хөөрөг байсан гэдгийг шүүх тогтоогдож байна гэж дүгнэж. Гэхдээ итгэмжлэн хариуцсан этгээд биш гэж дүгнэж байгааг би ойлгохгүй байна. О нь миний эд хөрөнгийг авсан, өөрийн эзэмшилд байлгаж байгаад яг ямар байдлаар яагаад надад буцааж өгөхгүй ойлгомжгүй зүйл яриад байгаад шүүх дүгнэлт хийхгүй байна. Энэ бол шүүх гэмт хэрэгтний гэмт зальхай санаа зорилгыг хөхүүлэн дэмжиж байгаагаас өөрцгүй гэж би үзэж байна.

О бол миний хөөргийг аваад буцааж өгөөгүй, өөрөө тайлбарлахдаа би хагалчихсан гэж тайлбарлаж байгаа боловч үнэхээр хагалсан юм бол хөөрөгний хэлтэрхийг ч надад өгөөгүй, мөрдөгч, прокурор, шүүхэд ч гаргаж өгөөгүй. Түүний хамгийн гол зальхай санаа бол миний хөөргийг хагалчихаад Улаанбаатар хот руу үнэлгээ хийлгэх гээд явуулчихсан, удахгүй ирнэ гэж янз бүрээр тайлбарлаад байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Үнэхээр л хүүхэд нь хагалсан юм бол хөөрөгний бусад хагарсан хэсэг толгой зэрэг бусад эд зүйлүүдийг надад яагаад өгөхгүй байгаа юм бол..., тэрээр миний хөөргийг авч завшчихсан гэдэг нь Улаанбаатар хот руу хүнд өгөөд явуулсан гэх түүний тайлбар мэдүүлэгт тодорхой байсан. О нь миний хөөргийг ашиг хонжоо олох зорилгоор аваад, надад хагалчихсан гэж хэлээд л сууж байгаа нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний мэдэн будилсан байдлаар өгч буй мэдүүлгүүдээр тогтоогдоно.

... Иймд Давж заалдах шатны шүүх миний гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08-р сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/202 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор П.О  эсэргүүцэлдээ: Цагаатгах тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Цагаатгах тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд эд хөрөнгийг итгэмжлүүлэн хариуцуулах эрх бүхий хүн нь Монгол Улсын Иргэний хуулийн зохицуулалтын дагуу өмчлөгч, өмчлөгчөөс итгэмжлэлийг шилжүүлэх талаар урьдчилан мэдэгдсэний дагуу эзэмшигч нь итгэмжлэлийг шилжүүлэх боломжтой гэсэн боловч Иргэний хуулийн хэддүгээр бүлгийн, хэддүгээр зүйл, заалтад заасан зохицуулалт болохыг нарийвчлан дурдаагүй байна.

Мөн Иргэний хуулийн 89 зүйлийн 89.2 дахь хэсэгт “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасан байна гэсэн нь хэрэгт авагдсан ямар үйл баримтыг нотлох, үгүйсгэх гэж цагаатгах тогтоолд дурдсан нь туйлын ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой... бичигдэх” шаардлагыг хангаагүй гэж дүгнэхээр байна.

2. Б.О нь хөхний хавдраа буулгах зорилгоор О.С-ын гартааман хөөргийг авч өөрийн эзэмшилд байлгаж байсан болох үйл баримт тогтоогдож байгаа ба харин гартааман хөөргийг итгэмжлэн хариуцуулах эрх олгогдоогүй байна.

Иймд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь “Итгэмжлэн өгсөн эд хөрөнгө” гэдэгт өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлж өгсөн эд хөрөнгө, эд юмсыг хэлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хадгалагч нь гэмт этгээдэд итгэсний улмаас өмч хөрөнгөөрөө хохирч байдгаараа нь энэ гэмт хэргийн хор уршиг учирч байдаг. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч О.С нь өөрийн өмчлөлийн хөөргийг аман хэлцлээр буцааж авах нөхцөлтэйгөөр Б.О-т өгсөн боловч Б.О нь хөөргийг эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд хууль бусаар авсан гэх үйл баримт тогтоогддог.

Иймд ... цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцаахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн О.С-ын гартааман хөөргийг “хөхний хавдар буулгана” гэж  аваад завшиж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...гартааман хөөргийг итгэмжлэн хариуцуулах эрх олгогдоогүй, хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй” үндэслэлээр шүүгдэгч Б.О-т холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгажээ.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцох бөгөөд Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцах гэдэг нь  байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар болон итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг ойлгоно.

Хохирогч О.С нь 2018 оны 02 дугаар сард гартааман хөөргөө шүүгдэгч Б.О-т итгэлцлийн үндсэн дээр өгсөн, шүүгдэгч уг хөөргийг түр хэрэглэхээр  авсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.

Хөрөнгө завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа  бий болдог онцлогтой  бөгөөд шүүгдэгч бусдын эд хөрөнгийг авсан атал  уг хөрөнгийг буцааж өгөх, үнэ хөлсийг нь төлөх санаа зорилгогүй болохоо илэрхийлсээр байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд энэ талаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэхдээ ”...хүчингүй болгосугай.”, “...хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэсэн  өөр өөр байдлаар тогтоолд тусгасан алдаа гаргасан байх ба ийм төрлийн алдаа, зөрчил дахин гаргахгүй ажиллавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын  02-ны  өдрийн  2021/ШЦТ/202  дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

                  ШҮҮГЧИД                               Л.ЭРДЭНЭБАТ

                                                                             Б.СОСОРБАРАМ