Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2021/0086/3 |
Дугаар | 128/ШШ2023/0424 |
Огноо | 2023-05-10 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2023/0424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам / УБТЗ ХНН /,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: “Эс Жи Би Юу” ХХК,
Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/100 дугаар захирамж хуульд нийцсэн эсэх, Монгол Улсын газрын газрын 2021 оны 55 дугаар хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 162 дугаар захирамжуудыг биелүүлэхгүй эс үйлдэхгүй гаргасан эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Д.Цолмон, Ц.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл, З.Мөнхжин, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Л.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар, 2018 оны А/100 дугаар захирамжийн “Эс Жи Би Юу” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төв вокзалын баруун талд байрлах 1000 м.кв газрыг Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан 1949 оны хэлэлцээрийн дагуу “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эзэмшлийн төмөр замын дагуух зурвас газар болохыг тогтоолгож, тухай газрыг “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХНН-д газрын эзэмших, ашиглах эрхийг хугацаагүйгээр олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн.
3.Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “....Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/100 дугаартай захирамжийн “Эс Жи Би Юу” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль захиргааны акт болохыг тогтоолгож, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамж, Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХНН-д газар ашиглах эрхийг зохих журмын дагуу олгохыг даалгуулах” гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
4.“УБТЗ” ХНН-ээс Газрын тухай хуульд нийцүүлэн компанийн эзэмшлийн барилга байгууламж, түүний эргэн тойрны эдэлбэр газрыг ашиглахыг хүссэн хүсэлтийг Нийслэлийн газрын албанд 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20/128 дугаартай албан бичгээр, 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20/165 дугаар албан бичгээр Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/183 дугаар албан бичгээр ... тус тус гаргасан.
5.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” А/445 дугаар захирамжаар “...Нийслэлийн Засаг даргын 951 дүгээр захирамжаар Я.Сайнболд олгосон газрыг ”Эс Жи Би Юу” ХХК-ийн нэр дээр шилжүүлжээ.
6. Улмаар Нийслэлийн Газрын албанд ”Эс Жи Би Юу” ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаар албан бичгээр “...Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 0293061 гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар олгосон нэгж талбарын 168009/0003 дугаартай 1000 м.кв үйлчилгээний зориулалтай газрын хугацааг сунгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ.
7. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/100 дугаар захирамжаар Эс Жи Би Юу” ХХК-д олгосон дээрх газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр сунгасан байна.
8.Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэл:
1/Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлт Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрүүдийн дагуу байгуулагдаж , тус хэлэлцээрт ...төмөр замын бүх чиглэлийн дагуух 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг “УБТЗ” ХНН-ийн ашиглалтад хугацаагүйгээр хэрэглүүлнэ. Энэхүү газрыг хугацаагүйгээр хэрэглүүлсний хөлсийг 4 сая төгрөгөөр үнэлж Монгол Улсын талаас оруулсан 50 хувийн хөрөнгөнд үнэлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ зааснаар “УБТЗ” ХНН-ийн ашиглалтад хугацаагүйгээр шилжсэн.
2/Газрын тухай хуулийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан бөгөөд Хэргийн нотлох баримтаас харахад “Эс Жи Би Юу” ХХК нь Газрын тухай хуулийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа зохион байгуулсан, төсөл шалгаруулсан эсэх нь нотлогдохгүй байна.
3/Нийслэлийн засаг даргын 2012 оны А/454 дугаар захирамжаар “Эс Жи Би Юу” ХХК-д 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийг олгосон байна. Гэтэл тус А/454 дүгээр захирамжийн дагуу Газар эзэмших гэрээ байгуулаагүй байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журам, 34.1.”Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэжээ.
Дээрхээс үзэхэд анх “Эс Жи Би Юу” ХХК-д газрыг хууль бусаар эзэмшиж буйн тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана, мөн зүйлийн 34.6.1. газар эзэмшүүлэх үндэслэл /зохих шийдвэр/, гээд мөн зүйлийн 34.8.Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэх заалтыг хэрэгжүүлээгүй байна.
Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх эрх хүчин төгөлдөр байх нэг үндэслэл нь газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байхаар зохицуулсан.
Учир нь 2012 оны 07 сарын 05-ны өдөр “Эс Жи Би Юу” ХХК Нийслэлийн засаг даргатай байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээний газрын эрх олгосон шийдвэр нь Сайнболдод олгосон газрын эрхийг хүчингүй болгосон 2012 оны А/455 захирамжийг үндэслэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн.
4/Нийслэлийн засаг даргын 2018 оны А/100 дугаартай захирамжийн хавсралтаар “Эс Жи Би Юу” ХХК-д газар эзэмшүүлэх хугацааг сунгахдаа Я.Сайнболдын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2012 оны А/455 дугаар захирамжийн хугацаа сунгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6 иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад халдсан илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдэх журмыг зохицуулсан. 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэснээр хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийлгүйгээр 2 орны засгийн газар хооронд байгуулсан Олон улсын гэрээний дагуу ашиглах эрхтэй газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/100 захирамжаар “Эс Жи Би Юу” ХХК-д Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж хууль бусаар газрыг эзэмшүүлсэн нь буруу байна.
5/Нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш Улаанбаатар төмөр зам нь хойд хилээс урд хил хүртэлх 1400 орчим км төмөр зам дагуу төмөр замын зурвас газар болон бусад газрын кадастрыг 3 жил орчим хугацаанд хийлгэж 2006 оноос эхлэн үе үеийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга болон Нийслэлийн газрын албаны дарга нарт өнөөдрийг хүртэл нэг байдлаар хариу өгөлгүй эс үйлдэхүйг үзүүлсээр ирсэн.
Энэхүү маргаан бүхий газрыг “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХНН НЬ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн засагт социалист Бугд найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрүүдийн дагуу байгуулагдаж, тус хэлэлцээрт “...төмөр замын бүх чиглэлийн дагуух 120 метр өргөн зурвас газар ба харин өртөө зөрлөгүүд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлэн хэрэглүүлнэ гэж заасан байдаг. Энэхүү газрыг хугацаагүйгээр хэрэглүүлсний хөлсийг ерөнхийд нь 4 сая төгрөгөөр үнэлж Монгол улсын талаас оруулсан 50%-ийн хөрөнгөнд үнэлсэн. Мөн дээр дурдсан зурвас газруудаас гадна "... техникийн байшин барилга (үүний дотор цахилгаан станц, гидростанц) ба тэдгээрт туслах чанарын байруудыг босгох, түүнчлэн төмөр замыг барихад ба түүнийг цаашид ашиглах явдалд хэрэглэгдэх хэмжээний барилгын материал (үүний дотор мод) бэлтгэхэд зориулагдах хэсэг газруудыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ...” хэмээн заасны дагуу газрыг Олон улсын хэлэлцээрийн дагуу ашиглаж ирсэн.
Дээрх хэлэлцээрийн дагуу Нийслэлийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/813 дугаар захирамжаар “Монгол Улсын Үндсэн хуулийн 10.2, 10.3 дах хэсэг. ЗЗНДНТУтХ-ийн 29.2, Газрын тухай хуулийн 21.2.3, 21.2.4, ЗСБНХУ болон БНМАУ- ын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийг тус тус үндэслэн БГД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх төмөр замын авто гараашийн зүүн тал буюу 38 дугаар сургуулийн замын урд талд байрлах 12720 мкв газрыг “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХНН-т төмөр замын вокзал барих зориулалтаар ашиглах эрх” олгосон байдаг.
Тус маргаан бүхий газар нь Нийслэлийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/813 дугаар захирамжаар УБТЗХНН-д төмөр замын вокзал барих зориулалтаар ашиглуулахаар газартай залгаа байрлалд байршдаг.
6/Нийслэлийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/813 захирамжаар 12720 мкв газрыг “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХНН-д ашиглуулахаар газрыг олгосон мөртлөө тус газрын залгаа байрлаж буй 1000 мкв газрын ашиглах эрхийг УБТЗ ХНН-д олгохгүй байгаа эс үйлдэхүй нь Газрын тухай хуулийн 4.1.Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: гээд 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн хууль бус үйлдэл юм” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын хууль бус үйлдэл газраа баталгаажуулахаар Улаанбаатар төмөр зам 2006 оноос хойш хүсэлт гаргасаар байхад газар ашиглах асуудлыг шийдвэрлэсэн ямар нэгэн хариу өгөөгүй. Эс үйлдэхүйгээс гадна Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоолоор төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын эзэмшил болон газар дээр баригдсан барилга байгууламж, бусдад олгосон газрыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг чиглэл өгсөн. Хэрвээ төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын эзэмшиж ашиглах газрын бусдад эзэмшлийг олгосон бол тус захирамжуудаа хүчингүй болгоод тухайн эзэмших, ашиглах эрхтэй этгээдүүдэд өгөхийг даалгаж энэ 2020 оны 10 дугаар тогтоолыг гаргасан. Улаанбаатар төмөр замаас энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр үе үе албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандаж, хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөхгүй, татгалзсан шийдвэр гаргасан.
Ийм учраас 2018 оны А/100 дугаар захирамжаа хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус захирамжаа хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, Газрын тухай хууль, олон улсын хэлэлцээрийн дагуу маргаан бүхий газрыг ашиглах эрхийг Улаанбаатар төмөр замд зохих журмын дагуу олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм. Газрын тухай хуульд төрөөс төрийн эрх бүхий байгууллага ямар эрх хэмжээтэй яаж оролцох талаар хуульчилсан байдаг. Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”; 17.1.1-д “газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг тодорхойлох;” гэж заасан. 2020 оны тогтоол гарч, Улаанбаатар төмөр замын вокзал барих асуудлыг шийдвэрлэснээр газрын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг тодорхойлсон гэж үзэж байгаа юм. Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д “энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14, 16.1.16-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх;” гэж зааснаар бид нарт хамааралтай нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-д “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх газар;” гэж заасан. 1949 оны хэлэлцээр одоогийн хүчин төгөлдөр болж байгаа хэлэлцээрээр ОХУ-ын Засгийн газартай байгуулаад энэ дэд бүтэцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байгаа юм. Төв вокзал барих асуудлууд шийдэгдээд техник эдийн засгийн үзүүлэлтүүд хийгдэж байгаа юм. Тэр газрыг Нийслэлийн Засаг дарга өөрөө дур мэдэж бусдад олгож байгаа хүчингүй болгож өөр этгээдүүдэд хууль бусаар олгож байгаа манайд олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 2006 оноос өгсөн хүсэлтийг эс үйлдэхүйгээр удаа дараа хангаагүй, Засгийн газар болон бусад этгээдүүдийн үүрэг даалгаврыг хангаагүй эс үйлдэхүй нь хууль бус байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 18.1.2, 17.1, 17.1.3, 19.1.1, 20.2.1.1-т заасны дагуу тухайн маргаан бүхий газар дээр төрөөс тодорхой бодлого тодорхойлсны дагуу Улаанбаатар төмөр замд нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Олон улсын зорчигч тээврийг тогтоох төв байна. Өөрийн шийдвэрээр Даяар хас компанитай маргаж байх үед Улаанбаатар төмөр замд газар олгохдоо төв вокзалын дагуу олон улсын хэлэлцээрийн дагуу газрын залгаа хамааруулах газар дээр өөр байр суурь газрын алба илэрхийлж “Эс Жи Би Юу” ХХК-д өгсөн нь өөрөө хууль бус үйлдэл гэж харж байгаа юм. Засгийн газрын өгсөн чиглэл үүргийн дагуу үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байгаа учраас Улаанбаатар төмөр замд олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар төмөр замын цаашид төв вокзалыг хөгжүүлэхэд үйл ажиллагааг явуулахад тухайн нийгэмлэгийн хууль ёсны эрх ашиг хөндөж байгаа юм. 2006 оноос эхлээд Барилга хот байгуулалт, Нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад хүсэлтээ удаа дараа гаргасан боловч эс үйлдэхүй хууль бус болохыг харгалзаж холбогдох захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
9.Хариуцагч татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/ “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны 1996 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцэгдэн цаашид ашиглах боломжгүй гэж үзэн үндсэн хөрөнгөөс хасагдсан граш, засварын байрыг иргэн Я.Сайнболдод худалдаж, улмаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хандан хавсралт, план зургийн хамт /272 м.кв, барилгын суурь 144 м.кв/ А газар 1998 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/152 захирамжаар иргэн Я.Сайнболдод баталгаажуулах өргөдөл, холбогдох баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0.03 га газрыг 3 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон.
2/Улмаар Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар уг хугацааг сунгаж, 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар газрыг эзэмших эрх болгон өөрчилж, 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 428 дугаар захирамжаар тус тус газар эзэмших эрхийн хугацааг сунгажээ.
3/Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалтаар нэгж талбарын 168009/0003 дугаар бүхий 1000 м.кв газрыг иргэн Я.Сайнболдод анх эзэмшиж байсан байрлалыг дээрх байрлалд шилжүүлэн эзэмшүүлж улмаар түүний хүсэлт болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар газрыг “Эс Жи Би Юу" ХХК-д олгосон.
4/Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0570 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0705 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 504 дугаар тогтоолоор маргаан бүхий газрын асуудлыг шийдвэрлэсэн үйл баримт байдаг. Иймд Нийслэлийн Засаг даргын захирамж хуулийн хүрээнд бусдын эрх, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг дарга 2018 оны А/100 дугаар захирамжийг гаргахдаа бүрэн эрхийн хүрээнд шийдвэрийг гаргасан. Одоо Төмөр замын хамгаалалтын зурвас дээр Баянмонгол хороолол гэх мэт орон сууцны хороолол бий болсон байхад нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн газрыг хүчингүй болгох гээд байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасантай нийцэхгүй байна. Гуравдагч этгээдийн газрыг олгож өгөхийг даалгах гээд байгаа юм. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэн заалттай нийцэхгүй байгаа юм. Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-т “Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавина.” гэж заасан. Мөн Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн Монгол Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ.” гэж заасан. Улсын Дээд Шүүхийн 180 тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа алдсан болохоор хоёр нэхэмжлэлийн шаардлага давхардуулж гаргасан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан үндэслэл яагаад ч Нийслэлийн Засаг даргад тогтоогдохгүй байна. 1998 онд маргаан бүхий газрын эрх зүйн үндэс тавигдсан байгаад байна. Анх 1998 онд маргаан бүхий газрыг захирамжилж авсан. Тэрийг байр шилжүүлж маргаан бүхий газар дээр шилжүүлж дүйцүүлэхээр тогтоогоод байгаа юм. 1998, 2011, 2012, 2018 онуудад маргаан бүхий газар Нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа. Тусгай хэрэгцээнд олгосны дагуу яамнаас олгох ёстой гэсэн зүйл байхгүй. Өнөөдрийг хүртэл маргаан бүхий газрын ойр орчимд Нийслэлийн нутаг дэвсгэр дээр учраас Газрын тухай хууль болон нэгжийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэртэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар олгох буюу шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Энэ эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий захирамжийг гаргасан. Эрх хэмжээний хүрээнд гаргасан үл хамаарах захирамж гараагүй гэдэг нь нотлогдож байгаа юм. Илт хууль бус нөхцөл байдал огт үүсэхгүй. Эс үйлдэхүйг илт хууль бус гэж тайлбарлаж байгаа юм. Илт хууль бус гэдэг нь илэрхий алдаатай байдлыг хэлнэ. Эхний нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгчийн тайлбарласнаар нотлогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж үзэж байна. Нийслэлийн засаг дарга маргаан бүхий газрыг Төмөр замд олгохгүй байгаа шийдвэрлэхгүй байгаа нь эс үйлдэхгүй байна гэдэг агуулгыг тайлбарлаж байгаа юм. Газар эзэмших эрхийг хэзээ олгосон гэдэг тайлбар дээр 2006 онд хавтаст хэрэгт авагдсан баримт дээр нийтэд нь гээд байгааг өнөөдөр маргаан бүхий газар байгаа юу гэдгийг хавтаст хэрэгт байгаа гэдгийг хавтаст хэрэгт авагдаагүй байгаа юм. Яагаад гэвэл дискээр өгсөн баримт дээр хавтаст хэрэгт авагдаагүй байгаа юм. Эргэлтийн цэг тодорхойлсон, баталгаажуулсан зүйл байгаа юу гэж асуухад нэхэмжлэгч өөрөө байхгүй гэж хариулсан. Маргаан бүхий газар дээр яг кадастрын зураглал хийлгээд хүсэлт өгөөд 2006 онд өгч байсан асуудал өөрөө нотлогдохгүй байна гэж үзэж байгаа юм. Маргаан бүхий газрыг хэзээ хүчингүй болгох асуудлыг тавьсан бэ гэхээр 2020 онд гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариулсан. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал байна. Өөрөө тодорхойлохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан эс үйлдэхүйтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Хэрвээ яг энэ асуудалд нь өөрөө хариулсан учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа алдсан байна. Маргаан бүхий газрыг анхнаас гуравдагч этгээдэд олгосон байна гэдгийг 2013, 2014 онд нэхэмжлэгч тал мэдсэн байсан учраас хөөн хэлэлцэх хугацаа дурдагдаж нэхэмжлэл гарах эрхээ алдсан байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байгаа юм. Гуравдагч этгээдийн газар эзэмших эрхтэй газар эзэмших эрхтэй этгээдийн өнөөдөр тухайн газар дээр хүсэлт өгсөн үгүй нь тодорхойгүй маргаан бүхий газар дээр хийлгэсэн нэг ч зураг байхгүй, хүчин төгөлдөр маргаан бүхий эзэмшил дээр тухайн газар дээр ямар эрх нь тодорхойгүй байж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж үзэж байгаа юм. Вокзал барих төсөл хаана байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол байгаа л гээд байгаа болохоос маргаан бүхий газар дээр тогтоосон баримт хавтас хэрэгт байхгүй. Нэхэмжлэл тал газар эзэмших эрхтэй вокзал барих гээд байна уу, 1998 онд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд тэр газрыг гуравдагч этгээдэд өгсөн байгаа юм. Тал бүрээс судлаад үзэхээр нэхэмжлэл гаргах хууль ёсны этгээд ямар нэгэн баримт байхгүй байгаа юм. Төслийг хэрэгжүүлээд маргаан бүхий газар дээр төсөл барилга барина гэсэн зүйл байхгүй байгаад байна. 2013-2014 онд газар эзэмших хүсэлтээ гараагүй байж 2020 онд яагаад гаргаад байгаа юм. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дээд үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож татгалзаж өгнө үү” гэв.
10.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
1/Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь манай компанийн зүгээс Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай нэгж талбарын 168009/0003 дугаар бүхий 1000 м.кв газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж байгаа бөгөөд уг газрыг Нийслэлийн засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар манай компанид олгосон байдаг.
2/Маргаан бүхий газартай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өмнө нь явагдсан бөгөөд энэхүү маргаанд нэхэмжлэгч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХНН нь гуравдагч этгээдээр оролцож байсан.
3/Энэхүү маргаантай холбоотойгоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0570 дугаартай шүүхийн шийдвэр, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/MA2017/0705 дугаартай магадал болон Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 504 дугаартай шийтгэх тогтоолууд тус тус гарч энэхүү маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг.
Дээрхээс үзэхэд энэхүү маргаантай холбоотой хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нэгэнт гарсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар эзэмших эрхтэй холбоотой маргаан учраас гуравдагч этгээд компанийн эзэмшиж байгаа газрын эрх нь Улаанбаатар төмөр замын ямар эрхийг хөндөөд байгаа талаар асуудлыг ярих нь зүйтэй. Улаанбаатар төмөр зам нь маргаан бүхий газар ямар нэгэн ашиглах эрх нь үүсээгүй, гуравдагч этгээд газрыг эзэмшиж байгаагаар Улаанбаатар төмөр замын газрын эрх ашгийг хөндөөгүй. Нэхэмжлэлийн тайлбарын үндэслэл дээр 1949, 1952 оны хэлэлцээр дээр уртаашаа 2000 метр, өргөөшөө 300 метр замыг хэрэглүүлнэ гэж заасан гэж ярьж байгаа юм. Ийм хэлэлцээрийн заалт байгаа боловч тухайн хэлэлцээрийн 2 дээр Монгол Улсад газрыг эзэмшиж ашиглах бол зохицуулсан хууль тогтоомжийн дагуу эзэмшиж ашигладаг. Газрын тухай хуульд заасны дагуу газрыг ашиглагч эзэмшигч нь газрыг ашиглах эзэмших хүсэлтээ гаргах ёстой. Газрын болзол шаардлагыг хангасан тохиолдолд газар эзэмших ашиглах эсэхийг олгох эсэхийг шийддэг. Гэтэл Улаанбаатар төмөр зам нь өөрсдөө эрхээ хэрэгжүүлээгүй. Тухайн заагдсан газар нутаг дэвсгэр дээр газар эзэмших ашиглах эрхийн хүсэлтээ өгөөгүй, үүний дагуу эрхээ баталгаажуулж аваагүй. Маргаан бүхий газар дээр манай компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь үүн дээр маргах нь ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй юм. 1949.06.06-ны өдрийн хэлэлцээрээр Улаанбаатар төмөр зам газрыг ашиглаж байгаа гэж үзэх юм бол тухайн цаг хугацаанаас хамаараад өнөөдрийг хүртэл газрын төлбөр төлсөн байх ёстой. Газрын тухай хуульд заасны дагуу газар ашиглагч эзэмшигчийн эрх үүрэг байгаа. Газрын төлбөрөө төлөх, ашиглагчтай холбоотой ямар нэгэн үүрэг байхгүй байгаа юм. Иргэний хуульд заасан зарчмын дагуу талууд эрх тэгш байх зарчим байгаа юм. Хэн нэгэн төрийн өмчийн оролцоотой, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд гарч ирээд манайх хэлэлцээрийн дагуу газрыг ашиглах ёстой, хэлэлцээрт заасан юм гэнгүүтээ даараад байна уу үндсэндээ үүнийг дээрэм гэж ойлгож байна. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Хууль ёсны газар ашиглах захирамж гарсан, газар ашиглах гэрээ байгаа. Гэрээ байгуулсан газар дээр хэлэлцээрийн дагуу манайх авах ёстой гэж дайраад байгаа нь үндсэндээ бол дээрэм гэж үзэж байгаа юм. Төлөвлөлтийн дагуу газар байгаа бол энэхүү төмөр замын төлөвлөлтөд гуравдагчийн компани орсон байгаа бол тусгай хэрэгцээнд газрыг авах бол хууль ёсны дагуу нөхөн олговрын асуудал яригдана. Ийм зүйл байхгүй байгаа юм. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Улаанбаатар төмөр замд хаягласан албан тоот байгаа юм. Энэ тоотод маш тодорхой хуулийн үндэслэлүүдийг тодорхойлсон байгаа юм. Маш тодорхой хариу тайлбаруудыг өгсөн байгаа юм. Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна уу, үгүй юу гэдгийг маш тодорхой заасан байгаа юм. Илт хууль бус захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд маш тодорхой заасан байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамж нь Нийслэлийн Засаг дарга өөрийн үйл ажиллагааны хүрээнд захиргааны актыг гаргасан байгаа юм. Нэхэмжлэлийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулж, нэмэгдүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өөрчилж, тодруулж ирүүлсний дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1.Маргаан үйл баримтын тухайд
1.Анх “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны 1996 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцэгдсэн үндсэн хөрөнгөөс хасагдсан, цаашид ашиглах боломжгүй засварын газар, гараашийг иргэн Я.Сайнболд нь худалдан авсан болох нь Улаанбаатар төмөр замын худалдаа хангамжийн албаны 1998 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байна.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барсимпекс компаний баруун талд 0,03 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглуулах эрхийг иргэн Я.Сайнболдод олгосон, улмаар Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар Я.Сайнболдод олгосон дээрх газрыг эзэмшүүлэх эрхийг баталгаажуулсан байна.
1.2.Мөн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар Я.Сайнболдод олгосон газрыг 272 м.кв болгон эзэмших эрхийг олгосон, улмаар Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 428 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг нь сунгажээ.
1.3.Харин иргэн Я.Сайнболдод олгосон дээрх газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэйгээр өөрчилж шийдвэрлэсэн байна.
1.4.Нийслэлийн газрын албанд /хуучнаар/ Я.Сайнболдоос “...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар олгогдсон нэгж талбарын 168009/0003 дугаартай, 0348971 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний эзэмших эрхийг өөрийнхөө нэр дээр байгуулсан ”Эс Жи Би Юу” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ.
1.5.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” А/445 дугаар захирамжаар “...Нийслэлийн Засаг даргын 951 дүгээр захирамжаар Я.Сайнболд олгосон газрыг ”Эс Жи Би Юу” ХХК-ийн нэр дээр шилжүүлжээ.
1.6. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/100 дугаар захирамжаар Эс Жи Би Юу” ХХК-д олгосон дээрх газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр сунгажээ.
1.6.Нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-ээс Газрын тухай хуульд нийцүүлэн компанийн эзэмшлийн барилга байгууламж, түүний эргэн тойрны эдэлбэр газрыг ашиглахыг хүссэн хүсэлтийг Нийслэлийн газрын албанд 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20/128 дугаартай албан бичгээр “...1949 оны хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн б-д Төмөр замын бүх чиглэлийн дагуу нийтдээ 120 метр өргөн зурвас ба станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ, ... Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно... УБТЗ ХНН-ийн ашиглагдаж байгаа барилга байгууламж, түүний эргэн тойрны эдэлбэр газрыг хугацаагүйгээр эсвэл урт хугацаагаар ашиглах гэрээ байгуулж өгнө үү...” гэж, 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20/165 дугаар албан бичгээр Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/183 дугаар албан бичгээр ... тус тус гаргаж байжээ.
2.Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/100 дугаартай захирамжийн “Эс Жи Би Юу” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
2.1.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын А/100 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасныг зөрчсөн тул илт хууль бус захиргааны акт гэж маргажээ.
2.2.Дээрх захирамж нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 “...Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана...” гэсэн хуулийн зохицуулалттай бүрэн нийцэж байна.
2.3.Мөн нэхэмжлэгчээс “Эс Жи Би Юу” ХХК-д олгосон газрыг хүчингүй болгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12/1387 дугаар албан бичгээр, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10/1731 дүгээр албан бичгээр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгчид 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10/2378 дугаар албан бичгээр, мөн оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/3197 дугаар албан бичгээр, Нийслэлийн Засаг даргад 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10/3692 дугаар албан бичгээр” тус тус гаргаж байжээ.
2.4.Харин уг албан бичгүүдийн хариуд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/4150 дугаар албан бичгээр “... “Эс Жи Би Юу” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/455 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх авсан нь Газрын тухай хуульд нийцсэн, “УБТЗ” ХНН-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна...” гэх хариуг, мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/6663 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/100 дугаар захирамжийн “Эс Жи Би Юу” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байгаа тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т дагуу шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү” гэж хариуг өгсөн байна.
2.5.Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 сарын 15-ны өдрийн хэлэлцээрийг зөрчсөн гэж тайлбарлан маргаж, тэгш бус хандаж байгаа нь өөрөө Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1/ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, ....өмнө эрх тэгш байна заасантай нийцэхгүй гэжээ.
2.6.Гэтэл нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-т маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй, түүний эдэлбэр газраар бүртгээгүй байхад Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 сарын 15-ны өдрийн хэлэлцээрийн дагуу газрыг эзэмшүүлэх ёстой гэж үзэх үндэслэлгүй.
2.7.Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д газар эзэмших, ашиглах талаар хүсэлт гаргах, газар эзэмших, ашиглах эрх үүсэх харилцааг нарийвчлан зохицуулсан бөгөөд дээрх хуульд заасан үндэслэлээр газрыг эзэмшиж, ашиглаагүй аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.
2.8.Хэдийгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлтийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн б/-д “Төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүй шилжүүлэн хэрэглүүлнэ ...” гэж заасан хэдий ч тухайн газраа Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу баталгаажуулах учиртай.
2.9.Дээрхийг нэгтэн дүгнэвэл нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу иргэн Я.Сайнболд нь газар, түүн дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан, улмаар тэдгээрийн хүсэлтээр байршлыг өөрчилсөн, маргаан бүхий газарт түрүүлж хүсэлт гаргаж, холбогдох баримтаа бүрдүүлэн өгсөн байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь ...аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна....”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай бүрэн нийцжээ.
2.10.Нийслэлийн Засаг даргад холбогдох хууль тогтоомжоор нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон, уг эрхийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд олгосон байх тул түүний 2018 оны А/100 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэх үндэслэлгүй.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/100 дугаартай захирамжийн “Эс Жи Би Юу” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
3.Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамж, Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХНН-д газар ашиглах эрхийг зохих журмын дагуу олгохыг даалгуулах шаардлагын тухайд,
3.1.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр ...Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хэрэгцээнд ашиглаж байгаа, тус нийгэмлэгийн барилга, байгууламж бүхий нийслэлийн нутаг дэвсгэрт дэх 49 нэгж талбарын гэрчилгээг 2021 оны 10 дугаар сард багтаан олгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг... Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.
3.2.Дээрх үүрэг чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/823 дугаар захирамжаар “УБТЗ” ХНН-ийн барилга, байгууламж бүхий нийслэлийн нутаг дэвсгэрт дэх 49 нэгж талбар газраас эхний ээлжинд 19 нэгж талбар бүхий газрын ашиглах эрхийг олгосон байна.
3.3.Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх жагсаалтад засгийн газрын 2021 оны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын бүрэн хэрэгжилтийн хангах асуудлыг анхаарах шаардлагатай гэжээ.
3.4.Харин дээр дурдсан асуудалд “Эс Жи Би Юу” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулахыг, мөн маргаан бүхий газрыг “УБТЗ” ХНН-т эзэмших эрхийг хугацаагүйгээр олгож баталгаажуулахыг даалгасан, чиглэл өгсөн зүйл огт дурдаагүй байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 6 дугаар зүйлийн 6.3-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж тус тус заажээ.
3.5.Нэгэнт гуравдагч этгээдэд хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрх үүссэн тул Нийслэлийн Засаг даргыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй гаргасан, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХНН-ын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/100 дугаартай захирамжийн “Эс Жи Би Юу” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль захиргааны акт болохыг тогтоолгож, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамж, Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХНН-д газар ашиглах эрхийг зохих журмын дагуу олгохыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ