| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2021/0131/Э |
| Дугаар | 2021/ДШМ/50 |
| Огноо | 2021-10-20 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2021/ДШМ/50
Т.Амирдаад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2021/0131/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ч.Мядагбадам /онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд /онлайн/
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолтой, Түвшингийн Амирдаад холбогдох, 2118000000147 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Амирдаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг ГД-2 дугаар байрны 325 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. РС96073119 регистрийн дугаартай, Хэрдэг овогт Түвшингийн Амирдаа,
Шүүгдэгч Т.Амирдаа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 13-ны шөнө иргэн Г.Отгондалайн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Хэрдэг овогт Түвшингийн Амирдааг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Амирдаад 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Амирдаад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Амирдаагаас 93,000 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг ДГ-121 тоотод оршин суух Боржигон овогт Ганхуягийн Отгондалай /ХД:НА95060306/-д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Амирдаа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Амирдаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Амирдаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Амирдаа давж заалдах гомдолдоо:
...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд болчимгүй зүйл хийж хүн хохироосондоо маш их харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг төлж барагдуулсан. Хүүхэд маань бага насных учир эхнэр хүүхдээ асрамжлан ажил хийж чадахгүй, би гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан бөгөөд одоо хоригдсон тул байдал хүндэрч байна. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй, надад нэг удаа боломж олгож хорих ялыг тэнсэж өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:
Миний бие давж заалдах шатны шүүхийн шатнаас Т.Амирдаагийн өмгөөлөгчөөр оролцож байна. Т.Амирдаа нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:
Хохирогчийг хувьд сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа. Зүйлчлэл гэм буруугийн хувь дээр маргаан гараагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Өнөөдрийг хүртэл хохирогчийн хохирол бүрэн арилаагүй байгаа гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Т.Амирдаа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 13-ны шөнө иргэн Г.Отгондалайн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Т.Амирдаад сонсгосон зүйл анги тохирсон байхаас гадна анхан шатны шүүх, шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн түүнийг үйлдсэн гэмт хэргүүдэд нь гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч Т.Амирдаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ”... өөрийн үйлдсэн гэмт хэрэг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж байгаагаа болон хохирогчид учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан тул ар гэрийн болон хувийн байдлыг минь харгалзан хорих ялыг тэнсэж өгөхийг хүсэж.” байгаагаа дурдсан байна.
Шүүгдэгч Т.Амирдаад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар “хөнгөн” зэргийн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Т.Амирдаа анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтыг:
- шүүгдэгч Түвшингийн Амирдаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй гэж.,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Т.Амирдаа нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй гэж.,
шүүгдэгч Т.Амирдаад тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай., гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3.д зааснаар шүүгдэгч Т.Амирдаад оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай гэж., тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогч Г.Отгондалайд 93.000 төгрөгийн хохирол төлөгдсөнийг дурдсугай.
3. Т.Амирдаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч Т.Амирдаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
5. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ
Б.МАНЛАЙБААТАР