Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0502

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алтантүлхүүрийн дүгнэлттэй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагч Ц.Төржаргалд холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Төржаргал шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Алтантүлхүүрээс 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай 40, 41, 42, 43 дугаар бүхий прокурорын дүгнэлтүүдийг гаргаж байна. Байгаль орчны улсын хяналтын байцаагч Ц.Төржаргал би тус прокурорын дүгнэлтүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаа шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Төржаргал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алтантүлхүүрийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Шүүх Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алтантүлхүүрийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай дүгнэлтийг хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Төржаргал хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Төржаргалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алтантүлхүүрийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай дүгнэлтийг хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Төржаргал зөвшөөрснийг баталж, 128/2023/0419/З дугаар индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Б.Энхжаргалд даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН