Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 810

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00602 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Б ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Мд холбогдох

 

25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б  нь аав М.Ганбатынхаа хүсэлтийн дагуу 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр өөрийн эзэмшлийн 77-74 УНИ улсын дугаартай, тоёота челсиор маркийн авто машиныг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах, худалдах эрхийг М.Мд олгон, машинаа шилжүүлэн өгсөн. М.М нь Г.Б ийн аав М.Ганбатын захиалгаар худалдан авах байрны урьдчилгаанд авто машиныг 25 000 000 төгрөгт тооцуулан бэр эгч Б.Бдээ өгсөн гэж хэлсэн. М.Ганбат нь 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байрны урьдчилгаа төлбөрт 40 000 000 төгрөгийг Б.Бгийн нөхөр М.Мөнхцасд бэлнээр хүлээлгэн өгсөн. Дээрхи урьдчилгаанд өгсөн авто машин, бэлнээр өгсөн 40 000 000 төгрөг, нийт 65 000 000 төгрөгийг байрны төлбөрт төлсөнд тооцон М.Ганбат, М.Мөнхцас нар нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Захиалгын орон сууц 2015 онд ашиглалтанд орсон боловч Г.Б ийн аав М.Ганбатын захиалсан орон сууцыг өөр хүнд худалдсан байсан. Энэ үеэс Б.Б, М.Мөнхцас, М.М нар янз бүрийн шалтгаан тоочиж байрны асуудлыг шийдвэрлэхгүй байсан тул М.Ганбат нь байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 65 000 000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар шүүхэд хандсан. М.Ганбатын нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад Б.Бгийн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ байрны урьдчилгаанд 25 000 000 төгрөгт тооцон хүлээлгэн өгсөн авто машиныг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул авто машины үнэ 25 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзан машин хүлээн авсан М.Моос жич нэхэмжлэх тайлбарыг шүүхэд өгсөн. Иймд авто машины үнэ 25 000 000 төгрөгийг М.Моос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б ийн нэхэмжлэлтэй М.Мд холбогдох авто машины үнэ 25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ М.Ганбатын нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлэх явцад хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ урьдчилгаанд өгсөн авто машиныг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул авто машины үнэ 25 000 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан. Машин хүлээн авсан М.Моос жич нэхэмжлэх тайлбарыг шүүхэд өгсөн гэжээ. Энэхүү асуудал өмнө нь нэхэмжлэгч Г.Б ийн төрсөн эцэг М.Ганбатын 2017 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэгдэн 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. М.Ганбат нь М.Мөнхцас агсанд байрны урьдчилгаанд 40 000 000 төгрөгийг бэлнээр, 25 000 000 төгрөгт тооцож авто машин өгсөн, алдангийг 50 хувиар тооцож, 32 500 000 төгрөг, нийт 97 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Ганбат нэхэмжлэлийнхээ шаардлагаас 25 000 000 төгрөгөөс татгалзсан асуудал байхгүй, шүүх 97 500 000 төгрөгийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. М.Мөнхцас нь М.Мыг тухайн өдөр дуудахад тэрээр очсон ба 77-74 УНИ улсын дугаартай авто машиныг байрны урьдчилгаанд 25 000 000 төгрөгт тооцон авч байгаа, чи аваад яв гэсний дагуу М.М 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн итгэмжлэл дагуу авто машиныг шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч Г.Б ийн нэхэмжлэлдээ хавсаргасан баримтуудыг өмнө нь шүүх үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэнтэй нийцнэ. Иймд нэхэмжлэгч Г.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч М.Моос 25 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Моос 282 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б т олгож, Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1199 дүгээр захирамжаар хариуцагч М.Мын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны буюу үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй, хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтад нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагч нь урьдчилгаа төлбөр болох 65 000 000 төгрөгийн 40 000 000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 25 000 000 төгрөгт тооцож, хариуцагчийн гэр бүлийн гишүүний дүү буюу гэрээ байгуулсан М.Мөнхцасын дүүд автомашин өгсөн гэж тайлбарласан. Улмаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбарт дурдсанаар ямар автомашиныг хэзээ, хэдэн төгрөгт тооцож, шилжүүлсэн талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хуульд зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэй байна. Мөн дээрх автомашинтай холбоотой баримтыг өөрөө бүрдүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгчийг 25 000 000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг хийж, бэлнээр өгсөн 40 000 000 төгрөг, 25 000 000 төгрөгт тооцож, өгсөн тул нийт 65 000 000 төгрөг, алданги 32 500 000 нийт 97 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг хянасан нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 318 тоот магадлалд “...хариуцагч Б.Бгээс 40 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ганбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож ...” гэсэн нь тус 57 500 000 төгрөг нь алданги 32 500 000  төгрөг, 25 000 000 төгрөгт тооцож автомашин өгсний нийлбэр дүн юм. Энэхүү магадлалыг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2018/00905 дугаар тогтоолоор хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Дээрхээс үзэхэд Г.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шүүхээр  авч хэлэлцэж, холбогдох дүгнэлтийг хийж, 3 шатны шүүхийн шийдвэр гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол байгаа” гэсэнтэй нийцэх юм. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өмнө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2017/03755 дугаартай шийдвэртэй иргэний хэрэг шийдвэрлэгдэхэд судлагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснийг нэхэмжлэгч М.Ганбатыг шүүх хуралд гэрчээр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д дараах хүнийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй, 43.8.1-д “зохигчийн төлөөлөгч” гэснийг зөрчсөн гэж үзнэ. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг үндэслэж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00602 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Б ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Б  нь хариуцагч М.Мд холбогдуулан авто машины үнэ 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Г.Б  нь М.Мд өөрийн эзэмшлийн 2002 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, арлын UCF310038987 дугаартай, хөх өнгийн, тоёота челсиор маркийн 77-74 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулах эрхийг олгосон итгэмжлэлийг 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 жилийн хугацаатай өгсөн байх ба энэ эрхийн хүрээнд хариуцагч М.М нь автомашиныг Г.Б ээс шилжүүлж авсныхаа дараа бусдад худалдан борлуулсан үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцсэн байна. /хх 4-5, 73-96/

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл М.Ганбат нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын 5/01 тоот гэрээг Б.Бг төлөөлж М.Мөнхцастай байгуулж, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт баригдаж буй 34 дүгээр байранд 52 м.кв, 1 өрөө орон сууцыг захиалан барих ажлыг санхүүжүүлж, 1 м.кв-ыг 1 800 000 төгрөг, нийт 93 600 000 төгрөг төлөхөөс урьдчилгаа төлбөр 65 000 000 төгрөг төлөхөөр тохирч, 40 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, энэхүү мөнгөн төлбөр дээрх гэрээний үүрэгт тооцогдож, 25 000 000 төгрөгт Г.Б ийн эзэмшлийн 77-74 УНИ улсын дугаартай, тоёота челсиор маркийн авто машиныг шилжүүлсэн талаарх асуудал өмнө нь 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэгдэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна. /хх 34-43/

Хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...нэхэмжлэгч Г.Б ийн төрсөн эцэг М.Ганбат нь М.Мөнхцас агсанд байрны урьдчилгаанд 40 000 000 төгрөгийг бэлнээр, 25 000 000 төгрөгт тооцож автомашин өгсөн, алдангийг 50 хувиар тооцож 32 500 000 төгрөг, нийт 97 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Автомашины үнэ болох 25 000 000 төгрөгөөс татгалзсан асуудал байхгүй, шүүх 97 500 000 төгрөгийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3755 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад “...хариуцагчийн хадам дүү М.Мд 25 000 000 төгрөгийн машин өгсөн. Тиймээс 40 000 000 төгрөг болон түүнд ногдох алдангийг нэхэмжлээд машины талаар машин өгсөн хүнтэйгээ учраа олж болно” гэж тайлбарласан, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн магадлалд “нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээс 25.000.000 төгрөгт тооцсон авто машиныг өөр этгээдэд өгсөн, хамаарах нотлох баримтыг гаргаагүй үндэслэлээр уг шаардлагаас татгалзсан нь хуульд харшлахгүй гэж дүгнэсэн байна. /хх 39, 72/

Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

            Иймд шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж автомашины үнийг талуудын хоорондын тохиролцоо болох 25 000 000 төгрөгөөр тооцон хариуцагч М.Моос гаргуулж, нэхэмжлэгч Г.Б т олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр М.Ганбат оролцсон, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэрчээр асуусан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэжээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Г.Б  нь шүүхэд өөрийгөө төлөөлүүлэхээр М.Ганбатад итгэмжлэл олгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Моос давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

           

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН