| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/2538/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2853 |
| Огноо | 2025-12-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2853
2025 12 15 2025/ШЦТ/2853
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Норжинсүрэн,
улсын яллагч М.Билгүүтэй,
хохирогч Э.Г,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б холбогдох эрүүгийн 2503 00708 1154 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л.Б , Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Л.Б нь 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 03 цаг 13 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Нарны замд Тоёото Приус 30 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас мотоциклийн жолооч Э.Г-тэй мөргөлдөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Э.Г нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Эмчилгээний төлбөр болон сэтгэцэд учирсан хохирол, мотоциклд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. Мотоциклд үнэлгээ хийлгэхэд 3.390.000 төгрөг болсон. Эмчилгээний зардал 1.000.000 гаран төгрөг болсон мөн тухайн явдлаас хойш 2 сар ажил хийгээгүй тул 2 сарын цалингаа нэхэмжилнэ.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2025 оны 06 дугаар сарын 11-ний шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нарны замд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мотоциклтой замын хөдөлгөөнд зүүнээс баруун чиглэлд зорчин явж байтал нэг тээврийн хэрэгсэл буцаж зүүн эргэх үйлдэл хийгээд гэнэт 1 дүгээр эгнээ рүү шууд дараад ороод ирсэн би тоормос гишгэсэн боловч руль дайвалзаад очоод нөгөө тээврийн хэрэгслийг мөргөсөн. Мөргөөд биеийнхээ зүүн талаар нүүр хэсгээрээ газар унасан. Тэгсэн нөгөө тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа гарч ирээд хаанаас гарч ирсэн гай вэ гээд уурлаад байсан. Тухайн үед миний ухаан бага зэрэг балартаад байсан, хэсэг хугацаанд шоконд орсон байсан. Ослын газарт байхад нэг танихгүй хүн ирээд цагдаа болон түргэн дуудсан. Эхлээд ослын газар манай найз такси барьж ирсэн намайг түшээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд хөмсөг, уруул ам, зүүн гарын чигчий ядам хуруунд оёдол тавиулсан. Тэгээд бүтэн биеийн MRI хийлгэхэд зүүн хоёр хуруу, алганы яс зэрэг хугарсан байсан. Хөл хавдсан нүүр тал нь хавдсан зэрэг зовуурьтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №ЕГ0725/8281 дугаар: “...Э.Г-ийн биед зүүн сарвууны 4, 5-р хурууны алганы шивнүүр ясны ил хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, уруул, зүүн сарвууны 4, 5-р хурууны шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, хамар, зүун шуу, зүүн сарвууны 2, 3-р хуруу, зүүн өвдөг, зүүн тавхай, зүүн шагайны зулгаралт, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 1000581 дугаар: “Тоёото Приус XW30 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Баруун урд оврын гэрэл асахгүй, урд салхины шил баруун доод буландаа цацарч хагарсан, баруун гар талын урд хаалга урагдаж, хонхойсон, баруун хойд хаалга урд талаараа хонхойж будаг нь халцарсан, хойд буфер зүүн доод хэсэгт бага зэрэг хагарч цуурсан, баруун гар талын ойрын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Баруун урд оврын гэрэл, баруун гар талын ойрын гэрэл асахгүй, хойд буфер зүүн доод хэсэгт бага зэрэг хагарч цуурсан байгаа нь ашиглалтын үед үүссэн эвдрэл гэмтэл байна. Урд салхины шил баруун доод буландаа цацарч хагарсан, баруун гар талын урд хаалга урагдаж, хонхойсон, баруун хойд хаалга урд талаараа хонхойж будаг нь халцарсан нь ослын үед үүссэн байна. Тоёото Приус XW30 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай, цахилгаан АВЗ тоормосны системтэй. Тоормосны системийн ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна. Тоормосны систем нь хийн, хий тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам шингэн дамжуулгатай, АВS бол дээрх дээр үүснэ. Тоёото Приус XW30 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн спидометр ажиллагаа хэвийн байна. Тоёото Приус XW30 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь суудлын аюүлгүйн бүстэй, бүрэн ажиллагаатай байна. Тоёото Приус XW30 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хар хайрцаг байхгүй болно. Тоёото Приус XW30 маркийн 92-00 УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун гар талын ойрын гэрэл асахгүй стандартын шаардлага хангахгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-49 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №ЕГ0825/3213 дугаар: “...Э.Г-ийн сэтгэцэд 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн Нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),
2025 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-13 дугаар хуудас),
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн О.Бадрах 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1432 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд
Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар хуудас),
Жолочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 78 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас),
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас), “Тэнцвэр эстимэйт Үнэлгээ”-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, мөрдөгчийн тогтоол, Э.Г-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, “0” ХХК-ийн тодорхойлолт, Тусгай зөвшөөрлийн тодорхойлолт, хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээ (нийт 19 хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгч Л.Б нь 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 03 цаг 13 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Нарны замд Тоёото Приус 30 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас мотоциклийн жолооч Э.Гтэй мөргөлдөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлтэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Л.Б нь 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 03 цаг 13 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Нарны замд Тоёото Приус 30 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо мотоциклийн жолооч Э.Г тэй мөргөлдсөн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Э.Г-ийн эрүүл мэндэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №8281 дугаар дүгнэлтээр “зүүн сарвууны 4, 5-р хурууны алганы шивнүүр ясны ил хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, уруул, зүүн сарвууны 4, 5-р хурууны шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, хамар, зүүн шуу, зүүн сарвууны 2, 3-р хуруу, зүүн өвдөг, зүүн тавхай, зүүн шагайны зулгаралт, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч Л.Бнь 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 03 цаг 13 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Нарны замд Тоёото Приус 30 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас мотоциклийн жолооч Э.Гтэй мөргөлдөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Э.Г-ийн эрүүл мэндэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №8281 дугаар дүгнэлтээр “зүүн сарвууны 4, 5-р хурууны алганы шивнүүр ясны ил хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, уруул, зүүн сарвууны 4, 5-р хурууны шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, хамар, ззүүн шуу, зүүн сарвууны 2, 3-р хуруу, зүүн өвдөг, зүүн тавхай, зүүн шагайны зулгаралт, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй байсны улмаас уг гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,
511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж,
230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж,
513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас GT500 маркийн мотоциклд эвдрэл гэмтэл учирсан байх бөгөөд “Тэнцвэрт Эстимэйт” Үнэлгээгээр эвдрэл гэмтлийг 3,390,000 төгрөгөөр тогтоосон байх тул эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Мөн хохирогчийн зүгээс сэтгэл санааны хохирлоо нэхэмжилсэн бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 3213 дугаартай шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэргээр тогтоосон.
2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоож өгсөн ба шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хэмжээ 792,000 төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэв.
Түүнчлэн хохирогчийн зүгээс ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн.
Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх22/ болон “0” ХХК-ийн тодорхойлолтоор хохирогч Э.Г нь тус байгууллагад ажилладаг болох нь тогтоогджээ.
Хохирогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор сүүлийн 6 сарын хугацааны цалин хөлсний дундажийг тооцож үзэхэд 3,365,861 төгрөг болж байх бөгөөд ажлын хоногийг 21,5 тооцож хувааж үзэхэд нэг өдрийн цалин 156,551 төгрөг болж байна.
Хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчийн картыг шинжлэн судлахад хэрэг 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр осол болсноос хойш 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд акт олсон байх ба уг хугацааны ажлын хоногийг тооцоход 36 хоног болж байна.
Ингээд 36 хоногийг нэг өдрийн цалин 156,511 төгрөгөөр тооцож үзэхэд 5,634,396 төгрөг болж байх ба уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламаж үйлчилгээ 338,000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын төрийн санд олгох нь зүйтэй байна.
Нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгийн хохирол 3,390,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 792,000 төгрөг, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хугацааны цалин хөлс 5,634,396 төгрөг нийт 9,816,396 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид, 338,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын төрийн санд тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах саналтай байна...” гэх саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлхэ, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүгдэгч Л.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид зүүн сарвууны 4, 5-р хурууны алганы шивнүүр ясны ил хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, уруул, зүүн сарвууны 4, 5-р хурууны шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, хамар, ззүүн шуу, зүүн сарвууны 2, 3-р хуруу, зүүн өвдөг, зүүн тавхай, зүүн шагайны зулгаралт, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хуцагаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ялыг оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолохоор шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав
Шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.Б нь шүүхээс тогтоосон хуцагаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгийн хохирол 3,390,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 792,000 төгрөг, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хугацааны цалин хөлс 5,634,396 төгрөг нийт 9,816,396 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид, 338,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын төрийн санд тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ялыг оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ