Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан, 

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пын Эт холбогдох эрүүгийн 2638000350021 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Пын Э,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Э нь 2025 оны 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн **** сумын **** дүгээр багийн ***** тоотод байх гэртээ болон тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Б-ыг үсдэж, толгой, цээжин тус газарт нь цохиж, өшиглөж, эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, цээж, хэвлий, нуруу, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 10-11-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэл (хх-ийн 90-р хуудас),

Шүүгдэгч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би тухайн өдөр хадам эгчийнд очсон чинь ***** улсад суралцаж байгаад ирсэн гээд таньдаг лам  гэрт нь ирчихсэн засал хийж байхаар нь би гэртээ ирээд эхнэр хүүхдээ аваад ламд үзүүлж засал хийлгэхээр болоод 22 цагийн үед гэрээсээ гарсан юм. Тэнд засал хийлгээд сууж байсан бүх хүнд тарнитай архи гээд шаазан аяга дүүрэн архи өгөөд байсан юм. Удалгүй бид хоёр дээр шаазан аяга дүүрэн тарнитай архи ирэхээр нь би аваад уучихсан юм. Тэгтэл эхнэр жаахан огойд уухгүй байсан чинь лам нь дуустал таслахгүй уугаарай гэж хэлсэн чинь эхнэр бүгдийг уучихсан юм. Тэгээд тэнд байсан бүх хүмүүс засал номоо хийлгэж дуусаад бүгдээрээ Экс нэртэй 0.75 литрийн 2 шил архийг 6-уулаа хувааж ууж дуусаад би эхнэр хүүхдээ аваад гэртээ харьсан юм. Гэртээ хариад амрах гэсэн эхнэр над руу танайхан яагаад намайг үнэлэдэггүй юм бэ..." хэл амаар доромжлоод танайхан намайг дагавар хүүхэдтэй гээд үл тоодог юм уу гээд орилоод байсан....тэгээд би чимээгүй сууж байгаад гэнэт уур хүрээд эхнэрээ барьж аваад зүүн хацар руу нэг алгадаад сэгсэрч унагаад зүүн хөлөөрөө мөр рүү нь өшиглөсөн. Тэгээд босож ирээд миний урдаас дайраад салахгүй болохоор дахиж татаж сэгсэрч унагаад нуруу хэсэг рүү цохисон юм. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн байсан...Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орой 22 цагийн үед гэртээ амраад байж байсан чинь манай нөхөр П.Э гэртээ орж ирээд **** яваад ирсэн гээд маш сайн үзэж хардаг лам манай эгчийнд засал хийж байна гээд бүгдээрээ очих уу гэхээр нь би “чи хүүхдүүдээ аваад очих юм уу аль эсвэл маргааш очих уу би амармаар байна...” гэж хэлсэн чинь одоо очоод ирье маргааш амралтын өдөр юм чинь гэр бүлээрээ гэртээ амрах уу гэхээр нь нөхрийнхөө үгэнд ороод эгчийнхээ гэрт очсон юм. Тэгээд бүгдээрээ манай төрсөн эгчийнд яваад очиход тухайн лам нь засал хийж байна гээд тэнд сууж байсан хүн болгонд тарнитай архи уулгаад байсан. Удалгүй над дээр аягатай архи нь ирэхээр нь уух гэсэн би огойд ууж чадахгүй байсан чинь нөгөө лам нэг амьсгаагаар ууна шүү гэхээр нь арай гэж уусан чинь нэг мэдсэн чинь тасарсан юм шиг байсан. Тухайн үед би яг ямар үйл явдал болсон талаар би сайн санахгүй байсан. Тухайн үед бодож явсан гомдлоо гаргасан юм шиг байсан. Тэгээд манай нөхөр гэртээ харих замдаа машин дотор болон гэртээ очоод зодсон юм шиг байсан. Манай хоёр хүүхэд намайг зодсон талаар маргааш нь надад хэлсэн юм. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн юм....Надаас уучлалт гуйсан. Би өөрөө эмнэлэгийн байгуулагад үзүүлээгүй учраас эмчилгээний зардалтай холбоотой мөнгө төгрөг авахгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ламд үзүүлж заслаа хийлгээд гэртээ харих замдаа машин дотор аав ээжийг цохиод байсан. Тэгээд гэртээ ирээд ээжийг дахиж зодоод манай ээжийн найз Н эгч, А-н хүүхдүүд Ц, П нар салгасан. Тэгээд манай аав унтаад өгсөн юм...Манай ээжийн нүүр, нүд, мөр, цээж, толгой хэсэгт нь аав цохиод байсан. Аав ээжийг цохихдоо гараараа цохиод үсдээд дээрээс нь хөлөөрөө өшиглөөд байсан...Манай аав жаахан архи уусан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч Э.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машин дотор аав ээжийг зодоод байсан. Гэртээ хариад унтах гээд байж байсан чинь аав дахиж ээжийн толгой, цээж, нуруу руу нь өшиглөөд ээжийг үсдээд хана руу мөргүүлээд байхаар нь П ах салгасан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),

Гэрч П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас Б эгч орж манай нөхөр намайг цохичихлоо гээд намайг дагуулаад гарсан. Тэгээд би Э ахад гараад юу болов яагаад байгаа юм бэ гэхэд танай эгчээс өөрөөс чинь эхэлсэн гэж хэлэхээр нь би эгчийг хүргэж өгье гээд аваад явсан. Тухайн үед бага хүүхэд нь аав ээжийг цохичихсон гэж байсан. Яг би цохиж байхыг нь бол хараагүй...маргалдаад Э ах эгчийг алгадаад авахаар нь та яагаад байгаа юм гээд салгасан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42-р хуудас),

Гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас Б эгч орж ирээд манай нөхөр намайг цохичихлоо гээд манай нөхрийг дагуулаад гарахаар нь би араас хүүхдээ аваад гарахад бага хүүхэд нь аав ээжийг цохиод байна гэхээр нь нөхөр бид хоёр Б эгчийг гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан...Бид хоёрыг гарах гэж байхад Б эгчийг алгадаад авахаар нь манай нөхөр очиж салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 521 дугаартай:

1. Б.Бын биед дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, цээж, хэвлий, нуруу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 14-15-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч П.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч П.Э нь хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Шүүгдэгч П.Э, хохирогч Б.Б-ын “надад одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас) хэрэгт авагдсан байна.

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн тусламж үйчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 120,000 төгрөгийн зардал гарсан ба уг хохирлыг шүүгдэгч нь төлсөн болох нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч П.Э нь хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2638000350021 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт П-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч П-ын Э-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн 2638000350021 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УУГАНБАЯР