Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 811

 

 

 

 

 

 

 

 

 

Г.А н нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00573 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.А н нэхэмжлэлтэй,

Хариуцагч О ХХК -д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.А ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Бат-Отгон

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Маралмаа

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Навчаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.А  нь анх 2002 оноос тус компанид нүүрс шигшигчээр ажилд орж 2011 оны 11 дүгээр сараас эхлэн О ХХК -ийн Уурхайн талбарын бүтэц, үйлчилгээ, үйл ажиллагааны хэлтсийн Оосорлогч, дохиочин, барилгын шат угсрагчаар ажиллаж байсан. Би түүнээс хойш тасралтгүй ажиллаж 2012 онд Оюу Толгой ХХК-ийн шилдэг ажилтан болж байсан. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гүйцэтгэх захирлын НР4578 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай мэдэгдлээ. Уг тушаалын 1 дэх заалтад хөдөлмөрийн гэрээг цуцалсан гол үндэслэл нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай хүндэтгэлтэй, эелдэг, боловсон харьцаагүй сахилгын зөрчил гаргаж, сануулах сахилгын зөрчил хүчинтэй байхад дахин сахилгын зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж тусгасан байна. Энэхүү тушаал нь огт үндэслэлгүй. Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахлах ажилтан Г.Ганзоригийн удирдлаганд ажиллаж байсан бөгөөд тэрээр намайг оффис дотор хүлээж бай гэсэн. Гэтэл ахлах ажилтан Б.Отгонбаяр орж ирээд элдвээр хэлж доромжилсон бөгөөд тэрээр намайг өөртэй нь маргалдсан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байсан, сахилгын шийтгэлгүй болох хугацаа дуусаагүй тул дахин сахилгын зөрчил гаргуулах, ёс зүйгүй үйлдэл зориудаар хийлгүүлэх зорилготойгоор элдвээр доромжилсон юм. Миний бие Б.Отгонбаярыг элдвээр хэлж доромжлоогүй бөгөөд эелдэгээр харилцсан, түүнд муу санасан зүйлгүй, бидний хооронд уурласан, хашгирсан зүйл гарч байгаагүй. Б.Отгонбаяр бид хоёр олон жил хамт ажиллачихаад намайг ингээд байгаад гайхаж байна. Гэтэл О ХХК -ийн удирдлагаас намайг буруутай гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргаж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.А  нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай бүдүүлэг, хүндэтгэлгүй харьцсан, мөн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баяжуулах үйлдвэрийн өтгөрүүлэгчийн хэсэгт ажиллаж байхдаа удирдах ажилтны өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, түүнтэй хүндэтгэлгүй харьцсан сахилгын зөрчил гаргсан тул 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байсан юм. Энэ сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай хүндэтгэлтэй, эелдэг боловсон харьцаагүй сахилгын зөрчил гаргасан тул 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 4578 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй. Г.А  нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сануулах сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Тиймээс Оюу Толгой ХХК нь нэхэмжлэгч Г.А тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр цуцласан. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр юу болсон тухай Г.А , Б.Отгонбаяр нартай ярилцаж ярилцлагын тэмдэглэл үйлдэж тэд өөрсдөө гарын үсэг зурсан байгаа юм. Анхны зөрчил нь ажлаас халсантай хамааралгүй, Г.А  сүүлчийн арга хэмжээнд гомдол гаргасан, эхний арга хэмжээнд гомдол гаргаагүй, Г.Ганзориг бол тухайн өдөр л 4 хүнийг ахлан ажиллаж байсан болохоос шууд харъяалах ажилтан биш, ажлын байрны тодорхойлолтын 3.2-т заасныг болон кемпийн ёс зүйн дүрэм, бидний ажлын арга барилд заасан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөөгүй болохоор нь сахилгын арга хэмжээ авч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Иймд Г.А н гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Г.А г О ХХК -ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ-үйл ажиллагааны хэлтсийн оосорлогч, дохиочин, барилгын шат угсрагчийн ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 25.941.264 / хорин таван сая есөн зуун дөчин нэгэн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулж Г.А д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 287656 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа, өмгөөлөгч Т.Навчаа нар давж заалдах гомдолдоо: Шүүх гомдол биш нэхэмжлэлийг хүлээж авч иргэний хэрэг үүсгэсэн нь хуулиар тогтоосон гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн. ...Шүүх “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчиж, хүчингүй болсон нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр О ХХК -ийн дотоод журмыг гаргуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд хүсэлтийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү дотоод журмын тодорхой хэсгүүд хүчингүй болж тусдаа журам болон батлагдсан байгаа болохыг хэлж байсан. Ингэхдээ О ХХК  нь дотоод журмын 6 дугаар хэсэг болох “Хөдөлмөр-Удирдлагын харилцаа, түүнийг дуусгавар болгох” хэсэг нь О ХХК -ийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 14/13 дугаартай тушаалаар бүхэлдээ хүчингүй болж тусдаа “ХН-Ж1-1: ажлын гүйцэтгэл ба сахилгын тухай журам болон батлагдсан гүйцэтгэх захирлын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон баталгаат орчуулгыг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нотлох баримтаар гаргаж өгсөн байтал шүүх санаатайгаар дотоод журмын хүчингүй болсон хэсгийг баримтлан шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх зөвхөн дотоод журмаар сахилгын шийтгэл ногдуулах болон хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлүүдийг тогтоосон гэсэн дүгнэлтийг хийж, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг огт үнэлээгүй байна. Ийнхүү шүүх хавтаст буй баримт бичгийн хүчингүй болсон хэсгийг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Мөн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ажлаас халах бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэлийн нэг хэлбэр. Тэгвэл ажил олгогч нь Амирлангуйд ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулж ажлаас халаагүй. Харин хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Г.А тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Гэтэл шүүх хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа ажилтны гаргасан аливаа зөрчилд бус зөвхөн ноцтой зөрчилд хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн Шийдвэр хууль ёсны бүхий бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Г.А  нь “хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр ... хууль зүйн үдэслэлгүй” гэсэн тайлбарыг гаргадаг хэдий ч хөдөлмөрийн гэрээг цуцлах ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагыг гаргаагүй. Гэтэл шүүх хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг хүчингүй болгоогүй атлаа ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Нэхэмжлэгч Г.А  нь хариуцагч О ХХК -д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Г.А  2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай хүндэтгэлтэй эелдэг харилцсан, доромжлоогүй гэсэн бол хариуцагч байгууллагын төлөөлөгч тухайн өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай Г.А  хүндэтгэлтэй эелдэг харьцаагүй сахилгын зөрчил гаргасан гэх зөрүүтэй тайлбар гаргасан байна.

 

Талууд сахилгын зөрчил гаргасан эсэх, хэрэв сахилгын зөрчил гаргасан бол давтан зөрчил гаргасан эсэх талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.А  нь хариуцагч байгууллагатай 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, О ХХК -ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ-үйл ажиллагааны хэлтсийн Оосорлогч, дохиочин, барилгын шат угсрагчаар ажиллаж байсан бөгөөд тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн HR4578 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 8-ын “б”, “в” заалт, Бидний ажлын арга барилын “Хүндэтгэл” хэсэг, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.1.2 дахь заалтуудыг баримтлан түүнийг ахлах ажилтан Б.Отгонбаяртай хүндэтгэлтэй, эелдэг боловсон харьцаагүй сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн тухай баримт хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 14-19, 27, 171-182/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г.А  нь ажил олгогч ажлаас буруу халсан талаарх гомдлыг хуульд заасан хугацааны дотор гаргасан байх ба энэ талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8-ын б-д “Компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх”, в-д “Компанийн Дотоод бодлого, журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх стандартыг ханган ажиллах”, мөн Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, “Бидний ажлын арга барил” болон Компанийн бусад бодлого, дүрэм, журам, стандартад нийцүүлэн биеэ авч явах”, 9.1.2-т “Бусад хүмүүстэй эелдэг, боловсон харилцах”, “Бидний ажлын арга барил”-ын Хүндэтгэл хэсэгт “Бид үндэс угсаа, үзэл бодол, соёлын ялгааг хүлээн зөвшөөрч, хүндэтгэнэ. Бие биетэйгээ шударга, хүндэтгэлтэй харьцаж, хүн нэг бүрийн хүчин зүтгэлийг үнэлэх нь бидний зарчим” гэж уурхайн талбарт ажиллаж буй ажилтаны баримтлах ёс зүйн хэм хэмжээг тус тус зааж өгсөн байна. /хх 15, 58, 66/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.А  нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай радио станцаар бүдүүлэг, хүндэтгэлгүй харьцсан, мөн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баяжуулах үйлдвэрийн өтгөрүүлэгчийн хэсэгт ажиллаж байхдаа удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, түүнтэй хүндэтгэлгүй харьцсан сахилгын зөрчлийг тус тус гаргасан гэх үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр HR4206 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байх тул уг сахилгын шийтгэл хүчин төгөлдөр болсон гэж шүүх зөв дүгнэжээ. /хх 54/

 

Г.А  нь дээрх сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй байхдаа Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан “Бусад хүмүүстэй эелдэг, боловсон харилцах” ёс зүйн хэм хэмжээг зөрчиж 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаярын тавьсан шаардлагыг үл биелүүлж, хайч шидсэн зөрчлийг гаргасан бөгөөд уг зөрчлийг тогтоох ажиллагааг ажил олгогчийн зүгээс явуулж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Г.А , Б.Отгонбаяр нартай уулзаж тухайн үед болсон маргааны талаарх нөхцөл байдлыг тодруулж, ярилцлага хийсэн тэмдэглэл болон уг зөрчлийн талаар Г.А н бичиж өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байжээ. /хх 135-138, 139/

 

Гэтэл шүүх ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй байна.

Шүүх хариуцагч байгууллагын Дотоод журмын 6 дугаар хэсэг болох “Хөдөлмөр-Удирдлагын харилцаа түүнийг дуусгавар болгох” хэсэг хүчингүй болсон дотоод журмыг үнэлж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд уг дотоод журмын хүчингүй болсон хэсэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргаагүй гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах боломжтой тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Шүүх 2018 оны 12 дугаар сарын 12-ны 181/ШЗ2018/13938 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ захирамжлах нь хэсэгт Г.А н гомдлоор үүсэх иргэний хэрэгт нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн техникийн шинжтэй алдаа гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч хариуцагч байгууллагын ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргаагүй байхад шүүх хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг хүчингүй болгоогүй атлаа ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан буруу гэх гомдол үндэслэлгүй болно. Учир нь ажил олгогчийн ажилтаныг ажлаас халсан тушаал нь хууль ёсны үндэслэлтэй гарсан эсэх асуудал нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл учраас ажил олгогчийн ажлаас халсан тухай тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж дүгнэх боломжгүй болно.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Г.А н хариуцагч О ХХК -д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О ХХК -иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 657 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

           

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН