Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0432

 

2023 05 12 128/ШШ2023/0432

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ /РД: 2074192/

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч С.Төгсжаргал,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Оюунтуяа

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч М.Алтангэрэл

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д.Цэрэнболд нарын хооронд үүссэн татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, Х.Мөнхцэцэг, Х.Тунгалагмаа, З.Оюунчимэг, Б.Ганчимэг, Д.Алтанхуяг, Ц.Цэнд-Аюуш, С.Туул, хариуцагч С.Төгсжаргал, Ц.Оюунтуяа, М.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа, Х.Алтанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага:

1.1. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 0302852 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нараас гомдол гаргагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2016-2018 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 0302852 дугаартай шийтгэлийн хуудсаар нийт 13 төрлийн 233,626,123,106.40 төгрөгийн зөрчилд 22,448,437,910.10 төгрөгийн нөхөн татвар, 6,734,531,372.80 төгрөгийн торгууль, 3,923,852,702.50 төгрөгийн алданги, нийт 33,106,821,985.20 төгрөгийн төлбөр төлүүлэх шийтгэл оногдуулсан, үүнээс Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь дараах 3 зөрчилд холбогдуулан шүүхэд гомдол гаргасан байна.

2.2. Нэг. Өмнөд Африкийн Стандарт банк ПЛС-ийн нэхэмжлэлийн дагуу Арбитрийн шүүх хурлын ажиллагаатай холбоотой төлсөн 32,867,766,241.55 төгрөгийн хуулийн үйлчилгээний төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 8,216,941,560.40 төгрөгийн нөхөн татвар, 2,465,082,468.10 төгрөгийн торгууль, 1,586,859,654.20 төгрөгийн алданги,

2.3. Хоёр. Хонконгийн Samsung C&T Honkong Limited компани, ХБНГУ-ын Commerzbank Aktiengesellschaft, Frankfurt Branch банк, ИБУИНВУ-ын Ocean Partners UK limited компаниас авсан урьдчилгаа төлбөр, зээлийн гэрээний дагуу төлсөн 5,567,761,792.10 төгрөгийн хүүгийн орлогоос суутган авч, төсөвт төлсөн татварыг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчилд 1,391,940,448 төгрөгийн нөхөн татвар, 417,582,134.40 төгрөгийн торгууль, 190,186,622.90 төгрөгийн алданги,

2.4. Гурав. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох 2016 онд 28,198,860,909.20 төгрөгийн, 2017 онд 41,452,626,571.40 төгрөгийн, 2018 онд 39,529,598,783.10 төгрөгийн төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй зөрчилд 5,885,989,391.90 төгрөгийн нөхөн татвар, 1,765,796,817.40 төгрөгийн торгууль, 814,934,929.30 төгрөгийн алдангид холбогдох хэсэг.

2.5. Татварыг ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор шийтгэлийн хуудсын дээрх зөрчилд холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь шүүхэд гомдол гаргажээ.

3. Гомдол гаргагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

3.1 Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0302852 дугаартай шийтгэлийн хуудсаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аар нөхөн татвар, хүү, алданги, торгуулийн 32.539.228.225.70 төгрөгийн төлбөрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Татварын маргаан таслах зөвлөл нь манай гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд мөн өдрийн 14 дүгээр тогтоолоор дээр дурдсан төлбөрөөс 9,803,914,199.20 төгрөгийг хүчингүй болгож, 23,302.907.786.20 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр хэвээр үлдээж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа болно.

3.2. Нэг. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банк ПЛС-ийн нэхэмжлэлийн дагуу Арбитрийн шүүх хурлын ажиллагаатай холбоотой төлсөн 32,867,766,241.50 төгрөгийн хуулийн үйлчилгээний зардал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хурлын тухай хуулийн 12.8.2-т "албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөрийг үйл ажиллагааны бус зардал гэж заасныг үндэслэн нөхөн татвар 8,216,941,560.37 төгрөг, торгууль 2,465,082,468.11 төгрөг, алданги 1,586,859,654.22 төгрөг ногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.3. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь бусдад хохирол учруулаагүй, эсрэгээрээ бусдын буруутай, гэм буруутай үйлдлийн улмаас хохирсон болно. Энэ нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.9-д зааснаар "Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс-д хамаарах тул бид тус хуулийн 12.8.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

3.4. Дээрх зардал нь төрийн нийтийн өмч, эрх ашгийг хамгаалахын төлөө бусдаар гүйцэтгүүлсэн хууль, өмгөөллийн зардал тул татвар ногдох орлогоос хасаж тооцсон. Мөн хуулийн "12.8. Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана: 12.8.2. албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр" гэж заасан бөгөөд Эрдэнэт үйлдвэр ХХК-аас /хуучин нэрээр/ төлсөн хуулийн үйлчилгээний зардал нь компанийн бусдад учруулсан хохирлын нөхөн төлбөр, торгууль, алданги биш юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.9.-д бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс;" зардалд хамаарна, ... нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаарна.

3.5. Эдгээр зардлыг үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, хүлээж болох алдагдал, эрсдэлийг бууруулах, өөрсдийн байр суурийг арбитрын шүүхийн өмнө хамгаалах зорилгод зарцуулсан бөгөөд түүний үр дүнд төлбөрийн дүнг гомдол гаргагч талаас анх нэхэмжилсэн хэмжээнээс бууруулж арбитрын шүүхээр шийдвэрлүүлж чадсан, төлбөр төлөх хугацааг боломжит хугацаагаар хойшлуулсан, эцсийн төлбөрийн дүнг хэлэлцэж багасгаж шийдвэрлэсэн зэрэг эерэг үр нөлөө үзүүлсэн.

3.6. Стандарт банкны энэхүү зарга маргаантай холбоотой Эрдэнэт үйлдвэрийн хэн нэг удирдлага буруутай болох нь шүүхээр тогтоогдоогүй байхад "компанийн эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, компанид болон бусдад гэм хор учруулсан" гэдэг үндэслэлээр нөхөн татвар, торгууль, алданги тавьж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж байна. Ер нь ихэнх тохиолдолд хуулийн зөвлөх үйлчилгээг хуулийн зарга маргаан үүссэн тохиолдолд авдаг. Тухайлбал бусад байгууллага, иргэдтэй байгуулсан гэрээний үүргийн хэрэгжилтийн талаарх зарга маргаан, найдваргүй авлагыг барагдуулах үйл ажиллагаа, ажилтныг үндэслэлгүй ажлаас халсны төлөө гэх мэт бүхий л зарга маргааны үед хуулийн зөвлөх үйлчилгээ, өмгөөллийн зардал гардаг. Энэ бүхэнтэй холбогдон гарсан хуулийн зардал бүрийг үйл ажиллагааны бус зардал буюу татвар ногдох орлогоос хасагдахгүй зардалд хамруулах тухай нягтлан бодох бүртгэлийн зарчим, татварын хуулийн заалт, тийм практик ч байхгүй юм.

3.7. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь Өмнөд Африкийн Стандарт банк ПЛС-ийн нэхэмжлэлийн дагуу Арбитрын шүүх хурлын ажиллагаатай холбоотой төлсөн хуулийн үйлчилгээний зардлыг гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилж уг зардлыг буцааж нөхөн авахаар иргэн Ш.Батхүү нарт холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч, иргэний гомдол гаргагчээр оролцож байгаа бөгөөд энэ зардал нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаж нөхөн төлөгдөх нь тодорхой нөхцөл байдлыг харгалзан үзэж /Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 267 дугаартай тогтоолын 49 дэх хуудас/ Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д "татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх" гэж заасныг баримталж энэхүү зардалтай холбогдуулан ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү.

3.8. Хоёр. Хонгконгийн Samsung C&T Hongkong Limited компани, ХБНГУ-ын Commerzbank Aktiengesellschaft, Frankfurt Branch банк, ИБУИНВУ-ын Ocean Partners UK Limited компаниас авсан урьдчилгаа төлбөр, зээлийн гэрээний дагуу төлсөн хүүгийн орлогоос суутган авч төсөвт төлсөн татварыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон гэж нөхөн татвар 1,391,940,448.04 төгрөг, торгууль 417,582,134.41 төгрөг, алданги 190,186,622.86 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайд.

3.9. Эдгээр гадаадын банк, харилцагч байгууллагуудаас авсан зээлийн хүүд Эрдэнэт үйлдвэр ХХК /хуучин нэрээр / нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.6 дахь заалт, 5.4.2 дахь заалт, 9.1.4 дэх заалт, 16.3.4 дэх заалт болон 17.2.9 /б/ заалтууд мөн Монгол Улс болон зээлдүүлэгчийн бүртгэлтэй улсын Засгийн газартай байгуулсан орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу орлогын албан татвар ногдуулж Монгол Улсын төсөвт төлсөн. Уг татварыг хүүгийн зардалд хамруулах үндэслэл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дээр дурдсан заалтуудын дагуу зээлдүүлэгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон хүүгийн орлогод татвар ногдуулж, зээлийн хүү буюу зээлийн нийт өртгөөс хасаж тооцон Монгол Улсын төсөвт төлсөн татвар болохоос компани бусдын өмнөөс төлсөн татвар биш юм.

3.10. Зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээнд зээлийн өртөг буюу төлбөр нь хуулийн дагуу ногдуулж суутгасан татвараар өсгөсөн дүн байхыг 2 талаас харилцан хүлээн зөвшөөрч тохирсон. Тухайлбал Коммерз банктай байгуулсан гэрээний 14.2-д "(с) Хэрэв хуулиар татварын суутгалыг зээлдэгч тал суутган төлөхөөр бол, зээлдэгчийн нийт төлбөр татварын суутгал хийгээгүй тохиолдолд төлөх байсан төлбөрийг тухайн татвараар өсгөсөн дүн байна." гэж заасан. Зээлийн гэрээг байгуулах шатанд, ялангуяа дурдагдаад байгаа зээлүүдийн хамгийн том дүн бүхий Коммерз банкнаас авсан зээлийн гэрээг байгуулах үед Эрдэнэт үйлдвэр ХХК-аас зээлийн өртөг буюу хүүгийн хувь хэмжээг тогтоохдоо хүүгийн орлогоос Монгол Улсад ногдуулж, төлөх татварыг зээлдүүлэгчтэй олон удаа хэлэлцсэн бөгөөд зээлдүүлэгч банкны зүгээс "зээлдэгч тухайн орны хууль тогтоомжийн дагуу зээлдүүлэгчид төлөх дүнгээс аливаа татварын суутгал хийсэн тохиолдолд зээлдүүлэгчид нөхөн олгодог" гэсэн банкны бодлого байдаг тухай бидэнд мэдэгдэж байсан.

3.11. Энэ бодлого, зарчмыг үндэслэж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газар, Худалдааны хэлтэс, Санхүү, бүртгэлийн хэлтэс хамтран хэлэлцэж, Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсний үндсэн дээр гэрээний дээрх нөхцөлийг тохиролцсон. Зүйрлэвэл гадаадын бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авч буй бараа, материал зэрэг биет хөрөнгийн үнийг тохирохдоо борлуулалтын нөхцөл буюу нийлүүлэлтийн цэгээс хамаарч барааны өртөгт хамаарах, нэмж гарах худалдааны болон бусад татвар, тээврийн зардал зэргийг харгалзсаны үндсэн дээр барааны үнийг тохирдог. Дийлэнхдээ гадаад улсын бэлтгэн нийлүүлэгч нь худалдан авагч байгууллагын харьяалагдах улсын хууль, тогтоомж болон татварын орчныг мэдэхгүй тул хамгийн ойрхондоо хүлээн авагч улсын "хил нөхцөлөөр нийлүүлэлтийн цэгийг тогтоодог бөгөөд түүнээс нааш гарсан тээврийн зардал, хүлээн авагч улсад төлөх татварыг ихэвчлэн худалдан авагч тал төлж, барааны өртөгт оруулдагтай энэ гэрээний нөхцөлийг адилтгаж болох юм.

3.12. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай" хуулийн 12.1.7-д зааснаар зээлийн хүү нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаардаг болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр зээлийн гэрээний дагуу төлсөн хүүгийн орлогоос суутган авч төсөвт төлсөн татварыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон гэж нөхөн татвар, торгууль, алдангийг нөхөн төлөх үндэслэлгүй болно.

3.13. Гурав. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой Зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй 109,181.1 сая төгрөгийн зөрчилд 8,455.7 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:

3.14. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 тогтоолын хавсралтад /ЗГ-ын 2015.12.14-ний өдрийн 488 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/ "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-д зааснаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас экспортолж байгаа зэсийн баяжмалд АМНАТ төлдөг. Харин түүнд агуулагдах төмөр нь уулын чулуулаг биш, физик химийн аргаар боловсруулан гаргасан элемент бөгөөд гаалийн дүгнэлтээр төмрийн агуулга 25%-30% байгаа нь ашигт малтмалын баяжмалын шаардлагын дагуу агуулга нь 57%-аас их байх шалгуурыг хангахгүй байна. Сангийн Яамны цахим хаягийн "Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл цэсэд төмрийн хүдэр (56%-ийн агуулга), төмрийн баяжмал (60%-ийн агуулга)-тайгаар үнэ тавигддаг бөгөөд энэхүү үзүүлэлтийг ч хангахгүй байгаа зэрэг нь төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахгүй байх үндэслэл болж байна.

3.15. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зэсийн баяжмалд төмөр (Fe 23-30%) агуулагддаг. Дэлхийд зэс-порфирын төрлийн зэс-молибдений ордын, хүдэр олзворлон, баяжуулж, баяжмалаа худалддаг аль ч "Баяжуулах үйлдвэрүүд-ийн худалдааны практикт зэсийн баяжмалд дүүргэгч химийн хольц (балласт бүрэлдэхүүн) болон оролцогч төмрийг химийн шинжилгээнд үндэслэн төлбөр тооцдоггүй. Олон улсын худалдааны гэрээнд зэсийн баяжмалын чанарын тухай заалтад ихэнхдээ "хөвүүлэн баяжуулсан хорт бодис агуулаагүй дараах химийн агуулгатай байна" гэж тодорхойлсон байдаг. Зэсийн баяжмалд агуулагдаж байгаа элементүүдээс зөвхөн зэс, алт, мөнгөний агуулгад төлбөр төлөгдөх ба алтны агуулга нэг хуурай метр тоннд 1 грамм, мөнгөнийх 30 граммаас дээш тохиолдолд төлбөр хийгддэг.

3.16. Зэсийн баяжмалд төлбөр хийгдэх металлуудаас гадна төмөр, цайр гэх мэт олон төрлийн элемент агуулагддаг боловч эдгээр элементүүдийн агуулгад төлбөр төлөгдөхгүй бөгөөд харин эдгээр элементүүдийг ялган цэвэршүүлэх зардлыг тооцон төлдөг. Зэсийн баяжмал дахь төмөр нь бие даасан элемент биш, харин химийн нэгдэл хэлбэрээр оршдог. Зэс нь халькопирит (CuFeS2), халькозин (Cu2S) зэрэг эрдэсүүдэд, төмөр нь халькопирит (CuFeS2), борнит (2Cu2S, CuS.FeS), пирит (FeS2) зэрэг эрдсүүдэд агуулагдаж байдаг.

3.17. Зэсийн баяжмалыг пирометаллургийн аргаар хайлуулан боловсруулах үед зэсийг металл хэлбэрээр, хүхрийг хайлуулах процессын хаягдал хийнээс хүхрийн хүчил хэлбэрээр ялган авдаг бөгөөд үлдэгдэл төмөр, цахиурын давхар исэл зэрэг нь хайлуулах үйлдвэрийн хаягдал шлак хэлбэрээр хаягддаг байна. Зэс хайлуулах үйлдвэрийн хаягдал шлакаас төмөр болон бусад элементийг ялган авах технологи, туршлага дэлхийн хэмжээнд байдаггүй. Ихэнх зэс баяжуулах үйлдвэрүүдэд ихээхэн хэмжээний төмөр агуулсан пиритийн баяжмал гардаг боловч хүхэртэй нэгдсэн төмрийг ялган авах технологи байхгүй тул мөн хаядаг. Нэг тонн зэс үйлдвэрлэхэд ойролцоогоор 2.2 тн хаягдал гардаг бөгөөд энэхүү хаягдлыг овоолго үүсгэн хадгалдаг. Татварын улсын байцаагчийн актад тусгасан зэсийн баяжмал дахь дагалдах элемэнт болох төмөр нь химийн нэгдэл хэлбэрээр агуулагдаж байгаа болохоос худалдсан эсвэл худалдахаар ачуулсан дагалдах бүтээгдэхүүн биш юм.

3.18. Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө" гэж заасан. Мөн Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралт "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ын 2.1 дэх хэсэгт "Ашигт малтмалын хүдэр" гэж газрын гадаргуу, түүний хэвлийд геологийн хувьсал, өөрчлөлт, физик-химийн процессын үр дүнд үүсэж бий болсон бөгөөд түүнд агуулагдаж байгаа ашигт элементийг (металл) нь олборлож, боловсруулж, ялгахад эдийн засгийн ач холбогдол бүхий уулын чулуулгийг хэлнэ, 2.3 дахь хэсэгт "Ашигт малтмалын баяжмал" гэж /хүдрийг боловсруулах явцад гаргаж авсан ашигт эрдсийн агуулга нь өндөрссөн бүтээгдэхүүнийг хэлнэ." гэж тусгасан байдаг.

3.19. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены баяжмал үйлдвэрлэн, түүнд агуулагдаж буй зэс, мөнгө болон молибденийг үнэлэн борлуулж төлбөр авдаг бөгөөд энэхүү төлбөр нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ юм. Иймд үндсэн элемент болох зэс, молибден болон дагалдах элемент болох мөнгөний борлуулалтын үнэлгээг тооцож хуулийн дагуу АМНАТ төлдөг. Зэсийн баяжмалд агуулагдаж буй ашиглагддаггүй хаягдал болдог бусад элементүүд нь эдийн засгийн ач холбогдолгүй тул үнэлж төлбөр авдаггүй, төлбөр авах болон борлуулалтын үнэлгээгүй хаягдал бүтээгдэхүүнд АМНАТ тооцох хуулийн үндэслэлгүй. гэжээ.

3.20. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий геологич байна. Татварын улсын байцаагч нар зэсийн баяжмалыг төмрийн баяжмал гэж үзсэн байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/193 дугаар тушаалаар Аргачилсан зөвлөмжийг батлагдсан. Энэхүү эрх зүйн баримт бичгээр зэс болон төмрийн хүдэртэй холбогдуулан аргачилсан зөвлөмжүүдийг албан ёсоор хэрэглэхээр зааварласан. 2 дугаар хавтаст хэргийн 246 дугаарт хуудаст авагдсан төмрийн чиглэлийн аргачилсан зөвлөмжид төмөр агуулсан 300 орчим эрдэс байдаг. Үүнд дотроос төмрийн хүдэрт ордог гол эрдсүүд нь магно магнетит гэх мэт соронзонгоор баяжигддаг эрдсүүдийг байгаа. Монгол улсад ашиглагддаг бүх төмрийн ордууд зөвхөн соронзон шинж чанар дээр нь баяжуулдаг. Харин зэсийн баяжмалаас ялгаж авдаг зэсийн үндсэн гол эрдэс түүхий эдэд төмрийн хүдэрт ордог гол эрдсүүд байхгүй байгаа. Иймд Баргилтын төмрийн хүдрийн орд, Эрдэнэтийн зэсийн баяжмалыг авч үзвэл нэг нь соронзон шинж чанараар бүх эрдсүүд соронзлогддог, нөгөөх нь огт соронзон шинж чанаргүй. Энэ утгаар зэсийн баяжмалд байгаа төмрийг ямар нэгэн аргаар боловсруулан ашиглах боломжгүй гэж үздэг. Үүний хамгийн энгийн жишээ нь хүний биед байгаа цусанд 70 гаруй хувьд нь төмөр агуулагддаг. Энэ нь ашиглах боломжгүй материалыг нэг юм. гэв.

3.21. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэнд-Аюуш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зэсийн баяжмал үндсэндээ 3 элементээс тогтож байгаа. Үүнд зэс 22 орчим хувь, төмөр 30 орчим хувь, дагалдаад хүхэр гээд дээрх 3 элемент зэсийн баяжмалын 95, 96 хувийг эзэлдэг. Зэсийн баяжмалыг хайлуулах үлдвэрт хайлах технологи ашиглан эхний шатны ялгалт хийдэг. Бүх металлууд өөр, өөр температурт хайлдаг. Хайлуулах процесс 1200-аас 1400 цельсийн градуст хүрэхэд зэс түрүүлж хайлаад хайлмаг хэлбэрээр ёроолдоо ялгардаг, бусад төмөр болон дагалдах элементүүд нь өрөм хэлбэрээр тогтоход нь бид зайлуулж ялгадаг. Энэ нь энгийн аргаар зайлдаггүй учраас плюус гэж нэрлэгддэг силикатын төрлийн хольцыг нэмж өгдөг. Энэ нь бусад элементийг хөнгөн болгож дээр нь өрөм хэлбэрээр тогтоодог. Үүний дараа дээр талыг тусгай хамуураар хаягдалд шилжүүлдэг. Энэ хаягдал нь төмрийн ямар ч шинжгүй, төмөр хайлуулах үйлдвэр, ган хайлуулах үйлдвэрийн түүхий эд болж чаддаггүй. Маш өндөр хүхэр, силикатын агуулгатай байдаг. Энэ нь хаягдал бүтээгдэхүүнд болоод явдаг. Төмөр нь зэсээс 5 дахин доогуур үнэтэй байдаг учраас яг адилхан технологийн процесс хэрэглэх үед эдийн засгийн үр ашиг гардаггүй. Иймд хэрэглэдэггүй, хаягдал болдог. 1 тонн зэс боловсруулахад 2 тонн орчим төмөр, силикат, хүхэр гэсэн холимог хаягдал үүсдэг. Энэ хаягдал цаашид боловсруулалтад тохирдоггүй учраас тусгай аргаар булшлах технологи хэрэглэдэг. Булшилсан бүтээгдэхүүн маань хүчлийн бороо үүсгэх гэх мэтээр байгаль орчин хор хөнөөл учруулдаг учраас тусгай аргаар бүрхүүлдэх эсхүл доторлосон агуулахад булшилж хадгалдаг. гэв.

3.22. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тунгалагмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүх төрлийн ашигласан бүтээгдэхүүнд ногдуулна гэж заасан. Гэтэл үйлдвэрлэлийн явцад зэсийн түүхий эд материалыг зэсийн баяжмал гэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэсэн. Бидний эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалд төмөр гэдэг элемент байна гээд төмрийн баяжмал гэж татварын улсын байцаагчдын актад дурдсан нь нийцэхгүй байна. Энэ нь төмрийн баяжмал биш зэсийн баяжмалд байгаа төмөр юм. Төмөр нь цаашаа яадгийг технологийн холбогдох мэргэжилтэн тайлбарлалаа. Бүх төрлийн бүтээгдэхүүн гэдэг үндэслэлийг аваад актыг ногдуулсан. Ашигт малтмалын төрөл болох зэсийн орд бөгөөд нөөцөд зэсийг л бүртгэсэн. Төмрийн хүдрээс төмрийн баяжмал гардаг. Зэсийн ордоос зэсийн баяжмал гардаг. Зэсийн баяжмалд байгаа төмөр гэсэн элементийн агуулгад нь суурилж, тооцооллоо бохир жингээр тооцсон нь алдаатай байгаа учраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бидний борлуулж байгаа бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалд ногдуулах ёстой. Түүнээс төмөр гэж бидний маргаж байгаа зүйлд ногдуулахгүй юм. гэв.

3.23. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх зэсийн баяжмалаа олон улсын зах зээлд борлуулдаг. Олон улсад зэсийн баяжмалд агуулагдаж байгаа элементүүдээс зэсээс гадна үнэт металл гэж нэрлэгддэг цагаан мөнгө, алтыг төлбөрийг нь тооцож авдаг байгаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын боловсруулан гаргасан зэсийн баяжмалд дотор олон улсын зах зээлд зөвхөн мөнгөний үнийг авахаар үзүүлэлт байдаг. Учир нь олон улсын зах зээлд зэсийн баяжмалд агуулагдаж байгаа алтны агууламж хуурай метр тоннд 1 граммаас дээш байвал төлбөр тооцогддог. Манай зэсийн баяжмалд алтны агууламж маш бага байдаг учраас зөвхөн мөнгөний агууламжид төлбөр тооцогддог байгаа. Олон улсын зах зээлд зэсийн баяжмалын гэрээ ямар байдаг талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд төлбөр төлөгддөг металл нь зөвхөн зэс, алт, мөнгө байх юм гэдгийг тодорхой дурдсан байгаа. Гэрээнд зэс болон цагаан мөнгөний үнийг тооцон авна, зэсийн баяжмалд агуулагдаж байгаа хүнцэлд торгууль төлнө гэсэн заалттай байдаг. Зэс болон цагааны мөнгөний үнийг хэрхэн тооцох талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Бид зэсийн баяжмалд байгаа төмрийг худалдан борлуулаагүй. Борлуулалтын орлогод төмрийн үнийг авсан төлбөр огт орж ирээгүй гэдэг нь баримтаар нотлогдож байгаа. Борлуулалтын орлогын хэдэн хувь нь зэс, цагаан мөнгөний үнэ болох талаар болон хүнцлийн торгуульд хэдэн доллар төлсөн талаарх баримтыг шүүхэд өгсөн байгаа. Бид олон улсын зах зээлд зэсийн баяжмалаа борлуулж байгаа учраас хэрэв татвар төлөх бол төмрийн үнийг тооцож авах ёстой. Гэтэл олон улсын зах зээлд төмрийн үнийг төлөх ямар ч худалдан авагч байхгүй. Төмрийг боловсруулан авсан ч боловсруулах зардал нь зарах үнээсээ их учраас хэзээ ч борлуулах боломжгүй бүтээгдэхүүн гэж үзэж байгаа. гэв.

3.24. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ болон шийтгэлийн хуудас бичих үйл ажиллагаандаа Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуулийг буруу ойлгож хэрэглэсэн. Хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байгаа. Шийтгэлийн хуудаст Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.7, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1 дэх заалтуудыг баримтлаад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь ашигт малтмал буюу зэсийн баяжмал дахь төмөр гэсэн ашигтай металлыг ачуулсан байна гэж үзсэн.

3.25. Ашигт малтмалын тухай хууль нь байгальд байгаа олон төрлийн эрдэс, бодис, баялгуудаас ашигтай нь авч ашиглах, худалдан борлуулах харилцааг зохицуулсан хууль юм. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг, 4.1.7-д ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Гэтэл хариуцагч нар төмрийг ачиж борлуулсан гэсэн буруу ойлголтоор хуулийг буруу хэрэглэсэн.

3.26. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.33-д татварын суурь гэж тодорхой дүн, эсхүл хувиар татварын ногдлыг тодорхойлох орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдлыг мөнгөөр илэрхийлсэн дүн, эсхүл биет нэгжийг хэлнэ гэж заасан. Ашигт малтмалыг ашигласны төлөө төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг татварын суурьд оруулна. Зэсийн баяжмалын зэс, мөнгийг ашиглаж хэрэглэж байгаа. Гэтэл ашиглаагүй, борлуулаагүй байхад ашигласан гэж хуулийг буруу хэрэглэсэн. Манай мэргэжилтнүүд үйлдвэрлэлийн процесст хаягдлаар гарсан төмөр нь бараа биш, үүнийг борлуулаагүй гэдгийг тайлбарласан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг, 4.1.2-т бараа гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг хэлнэ гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д Энэ хуулийн 47.3.3-д заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно гэж заасан. Тэгэхээр боловсруулж чадаагүй бүтээгдэхүүнд ашигт малтмал ашигласны төлбөр яригдахгүй. Бид төмрийг бүтээгдэхүүнээр гаргаж чадаагүй. Ачуулсан бол ашигласан, борлуулсан гэж өрөөсгөл ойлгоод байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь зэсийн баяжмалыг ачуулахдаа доторх зэс, мөнгө гэсэн ашигтай 2 элементийг ашиглах, зарах зорилготой байсан. Энэ зорилгоо зөрчсөн зүйл байхгүй.

3.27. Зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээг татварын улсын байцаагч нар судлаагүй, ойлгоогүй байна. Учир нь гэрээний зүйл нь зэсийн баяжмалыг боловсруулаад зэс, мөнгө хоёрыг худалдана, энэ төлбөрийг төлнө гэсэн агуулгатай байгаа. Хуулийг буруу ойлгож, гэрээтэй хангалттай танилцаж, ойлгоогүйгээс гадна анхан шатны баримтуудыг хянаж, шалгаагүй байна. Төрийн албан хаагч төрийн байгууллагын төлөөлж байгаа учраас хуулийг дээдэлнэ, хуулийг хэрэгжүүлнэ. Хяналт шалгалтын ажил эхлэхдээ процессын алдаа гаргасан, нотолж чадаагүй. Зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа боловч Зөрчлийн тухай хуулийн аль заалтад заасан ямар зөрчил гаргасныг шийтгэлийн хуудас болон тэмдэглэлд тодорхой дурдаагүй байна. Нэгдүгээрт нотолж чадаагүй. Хоёрдугаарт нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, хянаж шалгахдаа алдаа гаргасан. Гуравдугаарт гадаад хэл дээрх материал байвал төрийн албан хаагч нар түүнийг орчуулж, тулгаж үзэх ёстой байсан. Тэмдэглэлд анхан шатны баримттай танилцсан, журналын бичилтийг үзсэн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн бараа, ажил үйлчилгээний гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж байгаа боловч үүнийг нотолж, тогтоож чадаагүй. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь зэсийн баяжмалын гэрээг олон улсын зэсийн баяжмал худалдах аргачлалын дагуу хийдэг. Энэ аргачлалд зааснаар зэсийн баяжмалыг ачуулж, цэвэршүүлэлтийн болон хайлуулалтын зардлыг хасаад зэс болон мөнгийг зарж борлуулахаар гэрээг байгуулдаг. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний зүйл, эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэсэн суурь зохицуулалтын хүрээнд хийгдсэн. гэв.

3.28. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй гэж заасныг зөрчсөн. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг Засгийн газар батална гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалын 2.1-д Ашигт малтмалын хүдэр гэж газрын гадаргуу, түүний хэвлийд геологийн хувьсал, өөрчлөлт, физик-химийн процессын үр дүнд үүсэж бий болсон бөгөөд түүнд агуулагдаж байгаа ашигт элементийг (металл) нь олборлож, боловсруулж, ялгахад эдийн засгийн ач холбогдол бүхий уулын чулуулгийг хэлнэ гэж заасан. Зэсийн баяжмалд агуулагдаж байгаа зэс нь 22-оос 23 хувь байдаг. Үүнийг улсын бүртгэлд нөөцөд бүртгэж авсан мөртлөө төмрийн агууламж 23-аас 30 хувь байхад улсын бүртгэлд бүртгэж аваагүй. Өөрөөр хэлбэл зэсийн баяжмалд агуулагдаж байгаа төмөр нь эдийн засгийн ач холбогдолгүйг харуулж байна. Түүнчлэн Геологийн үндэсний албанаас ирүүлсэн лавлагаагаар төмрийн нөөцийг бүртгэж аваагүй талаарх лавлагаагаар уг нөхцөл тодорхойлогдож байна.

3.29. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын 2.3-д Ашигт малтмалын баяжмал" гэж хүдрийг боловсруулах явцад гаргаж авсан ашигт эрдсийн агуулга нь өндөрссөн бүтээгдэхүүнийг хэлнэ гэж заасан. Үүнд зэсийн баяжмалыг 20 буюу түүнээс дээш хувийн агуулгатай байвал зэсийн баяжмал гэж үзнэ, төмрийн баяжмалын агуулга 57 хувь буюу түүнээс дээш хувь байж төмрийн баяжмал болно гэсэн шаардлага тавигдсан байдаг. Манай зэсийн баяжмалд агуулагдаж байгаа төмрийн агуулга 23-аас 30 хувь байгаа. Гэтэл татварын улсын байцаагч нар зэсийн баяжмалд агуулагдаж байгаа төмрийн баяжмал гэж буруу дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл нэг төрлийн ордоос олборлосон ашигт малтмал нь хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний аль нэг нь байх ёстой. Гэтэл татварын улсын байцаагч нар зэсийн баяжмалд агуулагдаж байгаа төмрийн баяжмал гэж дүгнэн татвар ногдох суурь болгосон нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр баяжмал дотор баяжмал агуулагдана гэж байж болохгүй. Нэг төрлийн ашигт малтмалыг 2 бүтээгдэхүүн гэж үзэж татварыг давхардуулан ногдуулсан байна гэж үзсэн. Татварын улсын байцаагч нарын ирүүлсэн хариу тайлбарын 3-д Монгол улсад төмрийн олборлолт явуулж төмрийн баяжмал экспортолдог олон компани байна. Эдгээр компанийн гаргаж буй төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг гэж хэлсэн. Төмрийн ордоос олборлосон төмрийн баяжмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ёстой байтал зэсийн баяжмалд төмрийн баяжмал агуулагдаж байна гээд 2 бүтээгдэхүүн гэж үзсэн нь хуульд заасан нэг төрлийн баяжмалд нэг бүтээгдэхүүн байх ёстой гэснийг зөрчиж байна. гэв.

4. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Нэгд. Монгол Улсад бүртгэлтэй Жаст групп ХХК-ийн 2009-2012 онуудад Өмнөд Африкийн Стандарт банк ПЛС /Стандарт банк/-аас авсан зээлээ гэрээний дагуу хугацаанд нь төлөөгүйтэй холбоотойгоор тус банкны зүгээс Лондонгийн Олон Улсын Арбитрийн Шүүхэд хандаж, дээрх зээлийн гэрээнүүдэд Жаст групп ХХК-ийн батлан даагчаар Эрдэнэт үйлдвэр ХХК оролцсон гэж мэдүүлэн, уг зээл, төлбөрийг Эрдэнэт үйлдвэр" ХХК-аар төлүүлэхээр нэхэмжилсний дагуу хийгдсэн удаа дараагийн Арбитрийн шүүх хурлын үйл ажиллагаатай холбоотой 32,867,766,241.50 төгрөгийн хуулийн үйлчилгээний зардал гарсан байдаг. Гэтэл дээрх хуулийн үйлчилгээний зардал нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зэс, молибдений хүдрийг олборлож, боловсруулах, сувилал, нөхөн сэргээх эмчилгээ, Орхон аймгийн Баян-Өндөр суманд телевизийн нэвтрүүлгийг нэвтрүүлэх, дамжуулах үйлчилгээ, 174-182 МГц радио давтамж ашиглах, үндсэн нарийн мэргэжлийн тусламж, амбулатори, оношилгоо, гадаад худалдаа эрхлэх чиглэлийн үндсэн болон туслах үйлдвэрлэл, үйл ажиллагаатай огт хамааралгүй бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: 12.1.1. түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа ажиллагааг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжээс тухайн татварын жилд хандивласан 10 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний хандив, хөрөнгө заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардлын ангилалд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татвар ногдох орлого олохтой холбоотой гарсан биш тул үйл ажиллагааны бус зардал гэж үзэж байна.

4.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т "анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах", Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 5 дугаар зүйл "Нягтлан бодох бүртгэлийн зарчим"-ын 5.1-д "Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална: 5.1.6. зохицох гэж зааснаас үзэхэд аж ахуйн нэгж, байгууллага нь зохицох буюу уялдуулах зарчмын дагуу зардлын хүлээн зөвшөөрөлтийг орлогын хүлээн зөвшөөрөлттэй нийцүүлэн бүртгэж, санхүүгийн тайлан тэнцэл гаргахаар байна. Тийм ч учраас ӨАБНУ-ын Стандарт банкны нэхэмжлэлийн дагуу Арбитрийн шүүх хурлын ажиллагаатай холбоотой төлсөн 32,867,766,241.50 төгрөгийн хуулийн үйлчилгээний зардал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 12 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаарахгүй тул гомдол гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.3. Хоёрт. "Эрдэнэт үйлдвэр ХХК нь /хуучин нэрээр/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дээрх заалтууд мөн Монгол Улс болон зээлдүүлэгчийн бүртгэлтэй улсын Засгийн газартай байгуулсан орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу гадаадын банк, харилцагч байгууллагаас авсан зээлийн хүүд шилжүүлсэн орлогод ногдох татварыг суутган авч, төсөвт төлсөн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар суутгагчийн үүрэг хүлээсэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь суутгасан албан татварыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцсон зээлийн хүүгийн зардал гэж үзэх үндэслэлгүй юм.

4.4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д " "суутгагч" гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг", 17 дугаар зүйлийн 17.2.9-д "Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар; 17.2.9.б.хүүгийн ..., Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:, 18.1.6. бусдад олгох хөдөлмөрийн хөлс шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн з суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх гэж заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК /хуучин нэрээр/ нь суутгагчийн үүрэг хүлээсэн байтал оршин суугч бус этгээдийн өмнөөс суутгах татварыг төлж, уг татварын дүнгээр зээлийн хүүгийн зардлыг өсгөж, татвар ногдох орлогыг бууруулах үндэслэлгүй юм.

4.5. Иймд Хонгконгийн Samsung C&T Hongkong Limited компани, ХБНГУ-ын Commerzbank Aktiengesellschaft, Frankfurt Branch банк, ИБУИНВУ-ын Ocean Partners UK Limited компаниас авсан урьдчилгаа төлбөр, зээлийн гэрээний дагуу төлсөн 5,567,761,792.10 төгрөгийн хүүгийн орлогоос суутган авч төсөвт төлсөн татварыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2006 /оны/-ийн 12 дугаар зүйл "Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал-ийн 12.1. "Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: ... 12.1.14. төсөвт төлөхөөр тайлагнасан онцгой, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, үндсэн хөрөнгөөс бусад импортын бараа, материал, түүхий эдийн гаалийн албан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газар, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр" гэж заасныг зөрчсөн тул гомдол гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.6. Гуравт. "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн үйлдвэрлэн гаргаж буй 1 тн зэсийн баяжмалын 22-24 хувь нь зэс, 23-30 хувь нь төмөр, 50-80 грамм нь мөнгө байдаг ба үүнээс зэс, мөнгөнд АМНАТ ногдуулж төлж ирсэн. Харин зэсээс илүү агуулгатай төмөрт АМНАТ ногдуулаагүй байна. Эрдэнэт үйлдвэр нь дан ганц зэс биш зэсийн баяжмал зарж байгаа тул түүнд агуулагдаж байгаа металлууд болох зэс, төмөр, мөнгөнд адилхан АМНАТ ногдуулах ёстой. Зэс хайлуулах үйлдвэрт баяжмалыг боловсруулахад 30-40 хувийн төмрийн агуулгатай овоолго үүсдэг ба үүнээс технологи хөгжсөн өнөө үед төмөр гарган авах бүрэн боломжтой юм. Монгол улсад төмрийн олборлолт явуулж төмрийн баяжмал экспортлодог олон компани байдаг. Тэдгээрийн гаргаж буй төмрийн баяжмал дахь төмрийн агуулга нь дунджаар 45-55 хувь байдаг ба бүгд АМНАТ төлдөг байна.

4.7. Иймээс хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар Эрдэнэт үйлдвэрийн экспортлосон зэсийн баяжмалын дагалдах металл төмөрт Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө, 47.2-д

4.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зэсийн баяжмалд агуулагдаж байгаа төмөрт буюу дагалдах элементэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэдэг зөрчилтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг өгч байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх буюу татварын харилцаа үүсч байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө гэж заасан. Энэ заалтын дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын экспортод гаргасан зэсийн баяжмалд агуулагдах төмрөөс бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна гэсэн үндэслэлээр төлбөрийг төлүүлэх шаардлага үүссэн. Гомдол гаргагч талаас зэсийн баяжмалд агуулагдаж байгаа дагалдах элемент болох мөнгөнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж байгаа. Төмөр бол зардал болоод явдаг ямар ч ашиггүй, бид төмрийг ашиглаагүй гэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно гэж заасан. Сая хэлсэн тайлбараас үзвэл бид ашигтай, хэрэгтэй элемент дээр гэрээ байгуулаад төлбөрөө төлөөд явж байгаа. Төмөр нь хэрэггүй учраас төлбөр төлөхгүй гэдэг асуудал ярьж байна. Гэтэл дээрх хуулийн заалтад сорчлон ашиглахыг хориглосон байдаг.

4.9. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг Засгийн газрын тогтоолоор зохицуулж өгсөн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсгийг үндэслээд Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг баталж өгсөн. Уг аргачлалын 1.2-т Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ гэж заасан. Хариуцагчийн зүгээс нотлох баримтаар Гаалийн ерөнхий газраас Гаалийн төв лабораторийн дүгнэлтүүдийг гаргуулсан. Уг дүгнэлтээр зэсийн баяжмалд агуулагдаж байгаа төмрийн хэмжээг гаргаж ирсэн. Энэ нь Засгийн газрын 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын 1.2 дахь хэсэгт зааснаар Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнд заасан ашигт малтмалын агуулга, хувь хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцон авах эрх зүйн үндэслэл бий болсон.

4.10. Ашигт малтмалыг ашигласан гэдэг үндэслэлээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаад байгаа асуудал биш. Экспортолсон, худалдахаар ачуулсан бол тус төлбөрийг төлнө гэсэн хуулийн үндсэн зарчим хэрэгжиж байгаа. Зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үүнийг татварын улсын байцаагч нар үзээгүй, агуулгыг нь ойлгоогүй гэж байна. Гэрээг үгүйсгэсэн, ойлгоогүй асуудал байхгүй. Зэсийн баяжмалд төмөр байна. Энэ төмөр дээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу бүх төрлийн ашигт малтмалд төлнө гэсэн зохицуулалтын дагуу төлөх ёстой. Төмрийн агуулга хувь хэмжээтэй холбоотойгоор хүдэрт орох уу, баяжмалд орох уу, эцсийн бүтээгдэхүүнд орох уу гэдэг асуудал нь Засгийн газрын 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалаар нарийвчлан зохицуулсан.

4.11. Зэсийн баяжмалд агуулагдах төмрийн баяжмал гэдэгт маргаан үүсгэж байна. Шинжээчийн дүгнэлтэд энэ асуудлыг дүгнэсэн. Зэсийн баяжмалд агуулагдах төмрийн баяжмал гэдэг асуудал байхгүй. Зэсийн баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй нь харагдана. Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд төмөр гэдэг асуудал тодорхойлогдоно. Татварын улсын байцаагч нар шийтгэлийн хуудасны тэмдэглэл хэсэгт техникийн алдаа гаргасан байгаа. Хэрэв баяжмал байсан бол хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн ангиллын баяжмал гэсэн ангиллаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үндэслэл гарч ирнэ. Энэ 3 ангиллын алинд хамаарч байгаагаас хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өөр, өөрөөр тооцогддог. Үүнээс техникийн алдаа гаргасан гэдэг нь харагдана. гэв.

4.12. Хариуцагч С.Төгсжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зэсийн баяжмалд агуулагдах төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр давхардуулан ногдуулсан гэдэгт тайлбар өгье. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын экспортын гэрээнүүдийг хяналт шалгалтын хугацаанд үзэж шалгасан. Гэрээнд зэс, мөнгөнд үнэлгээ тооцож авдаг гэж гомдол гаргагч хэллээ. Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр зэсийн баяжмалд агуулагдах элементүүдийг нэг бүрчлэн тодорхойлсон байгаа. Үүнийг бид гаалийн байгууллагаас нотлох баримтаар гаргуулсан. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын 2 дахь хэсэгт гаалийн лабораторийн дүгнэлтэд тусгагдсан элементүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар заасан. Төмөр дээр тусгайлан үнэ тооцож авдаггүй учраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй. Төмөр цаашаа ач холбогдолгүй, ялгаж авдаггүй, эдийн засгийн хувьд ач холбогдолгүй гэж ярьж байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ялгаж авах боломжтой, эдийн засгийн ач холбогдолтой гэдэг агуулгаар ногдуулдаг төлбөр биш. Мөн зэс, молибден, алт, мөнгө, төмөр, цайр гээд 7, 8 төрлийн элементүүдийг лабораторийн дүгнэлтээр тогтоож гаргасан байгаа. Зэс, мөнгө хоёрт үнэ тооцож аваад үүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө гэж байгаа бол алт, төмөр хоёр ижил ойлголт юм. Тухайн зэсийн баяжмалд агуулагдаж байгаа бүх төрлийн элементэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авах ёстой. Байгалиас тухайн бүтээгдэхүүнийг гаргаж авсных нь төлөө авч байгаа төлбөр болохоос эдийн засгийн үр ашгийг тооцоод ач холбогдолтой байвал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авна, эдийн засгийн ач холбогдолгүй бол авахгүй гэсэн зохицуулалт байхгүй. Баяжмал дээр төлбөрийг ногдуулаагүй. Зэсийн баяжмалд агуулагдах төмөрт төлбөрийг ногдуулсан. Ногдуулалтын тооцоог Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын санхүү, татварын ажилтнуудад танилцуулж байсан. Ачилт бүрээр агуулгын хэмжээг гаргаад түүнээс чийгшил хассан баяжмал дээр агуулагдаж байгаа төмөрт үнэлгээг тооцсон байгаа. Түүнээс төмрийн 56, 60 хувийн агуулгатай төмрийн баяжмалын үнийг шууд аваагүй. 27, 30 хувь гээд лабораторийн дүгнэлтээр тогтоогдсон хувиар үнийн тохируулга хийж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нараас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2016-2018 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 0302852 дугаартай шийтгэлийн хуудсаар Өмнөд Африкийн Стандарт банк ПЛС-ийн нэхэмжлэлийн дагуу Арбитрийн шүүх хурлын ажиллагаатай холбоотой төлсөн 32,867,766,241.55 төгрөгийн хуулийн үйлчилгээний төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон татвар ногдуулах орлогыг бууруулсан, Хонконгийн Samsung C&T Honkong Limited компани, ХБНГУ-ын Commerzbank Aktiengesellschaft, Frankfurt Branch банк, ИБУИНВУ-ын Ocean Partners UK limited компаниас авсан урьдчилгаа төлбөр, зээлийн гэрээний дагуу төлсөн 5,567,761,792.10 төгрөгийн хүүгийн орлогоос суутган авч, төсөвт төлсөн татварыг татвар ногдох орлогоос хасч тооцсон, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох 2016 онд 28,198,860,909.20 төгрөгийн, 2017 онд 41,452,626,571.40 төгрөгийн, 2018 онд 39,529,598,783.10 төгрөгийн төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэж буруутгажээ.

2. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, шийтгэлийн хуудсын ...төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй... зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож, гомдлын шаардлагын үлдэх хэсгийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Гомдлын шаардлагыг хангасан үндэслэлийн тухайд, шийтгэлийн хуудсаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох 2016 онд 28,198,860,909.20 төгрөгийн, 2017 онд 41,452,626,571.40 төгрөгийн, 2018 онд 39,529,598,783.10 төгрөгийн төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй зөрчилд 5,885,989,391.90 төгрөгийн нөхөн татвар, 1,765,796,817.40 төгрөгийн торгууль, 814,934,929.30 төгрөгийн алданги төлүүлэхээр төлбөр тогтоожээ.

4. Үүнийг эс зөвшөөрч, гомдол гаргагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ... экспортолж байгаа зэсийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг, харин түүнд агуулагдах төмөр нь уулын чулуулаг биш, физик химийн аргаар боловсруулан гаргасан элемент бөгөөд лаборторийн дүгнэлтээр төмрийн агуулга 23-30% байгаа нь ашигт малтмалын баяжмалын шаардлагын дагуу агуулга нь 57%-аас их байх шалгуурыг хангадаггүй, зэсийн баяжмал дахь төмөр нь бие даасан элемент биш, харин химийн нэгдэл хэлбэрээр агуулагдаж байгаа болохоос худалдсан эсвэл худалдахаар ачуулсан дагалдах бүтээгдэхүүн биш тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үндэслэлгүй... гэж маргасан.

5. Хариуцагчаас ...Эрдэнэт үйлдвэр нь дан ганц зэс биш зэсийн баяжмал худалдаж байгаа тул түүнд агуулагдаж байгаа металлууд болох зэс, төмөр, мөнгөнд адилхан нөөц ашигласны төлбөр ногдуулах ёстой, гэтэл мөнгөнд төлбөр төлдөг атлаа зэсийн баяжмалд агуулагдаж буй төмөр нь ашиггүй учраас төлбөр төлөхгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалыг ашигласан гэдэг үндэслэлээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаад байгаа асуудал биш. Экспортолсон, худалдахаар ачуулсан бүх төрлийн бүтээгдэхүүнд тус төлбөрийг төлнө гэсэн хуулийн үндсэн зарчим хэрэгжиж байгаа. Шийтгэлийн хуудсанд төмрийн баяжмал гэж техникийн алдаа гаргасан байна, зэсийн баяжмалд агуулагдаж буй төмрийн агуулга нь гаалийн лаборторийн дүгнэлтээр 23-30 хувь байгаа учраас Засгийн газрын 193 дугаар тогтоолын дагуу төмрийн хүдэрт тооцож төлбөр ногдуулна... гэсэн тайлбарыг гаргажээ.

6. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 2016-2018 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Эрдэнэтийн овооны зэс-молибденийн ордоос олборлож худалдсан зэсийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвд төлөхдөө зэсийн баяжмалд агуулагдах зэс, мөнгө, молибденд борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малмалтын нөөц ашигласны төлбөр төлсөн боловч итгэмжлэгдсэн лаборторийн дүгнэлтээр тогтоогдсон зэсийн баяжмалд агуулагдах 23-30 хувийн агуулгатай төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй үйл баримтын тухайд маргаангүй.

7. Харин нэхэмжлэгчээс зэсийн баяжмалд агуулагдах төмөр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төлөх агууламжтай бүтээгдэхүүн биш гэж, хариуцагчаас зэсийн баяжмалд агуулагдаж буй төмөр нь дагалдах элемент биш, 20 хувийн агууламжтай төмрийн хүдэрт тооцогдох боломжтой бөгөөд борлуулагдаж буй бүх төрлийн ашигт малтмалд төлбөр ногдуулах ёстой гэж маргасан, тодруулбал талууд зэсийн баяжмалд агуулагдаж буй төмөр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох зүйл эсэхэд маргаж байна.

8. Ийнхүү талуудын маргаж буй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын олборлож худалдсан зэсийн баяжмалд агуулагдаж буй 23-30 хувийн агуулгатай төмөр нь төмрийн баяжмал, эсхүл зэсийн баяжмал дотор агуулагдаж буй дагалдах элемент эсэхийг тогтоолгохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон.

9. Шүүхээс томилогдсон шинжээч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтэд ...Төмрийн баяжмал гэж төмрийн хүдэрт байх төмрийн ашигтай эрдсүүдийн молекул бүтцийг эвдэлгүйгээр физикийн аргаар агуулгыг нь дээшлүүлсэн бүтээгдэхүүнийг хэлнэ. ... Зэсийн баяжмал доторх зэсийн эрдсийн талст тор дотор төмрийн элемент агуулагдаж байгаа болохоос баяжмал дотор баяжмал агуулагдах боломжгүй, зэсийн баяжмалд агуулагдаж буй төмөр нь төмрийн баяжмал биш юм. ... Зэсийн баяжмалыг зэс хайлах үйлдвэрт пирометаллургийн аргаар боловсруулахад зэсийн баяжмалд агуулагдаж байсан төмрийн элемент зэс хайлах үйлдвэрээс гарах шаарга гэж нэрлэгдэх бүтээгдэхүүний найрлагад шилждэг бөгөөд энэ шаарга нь хаягдал хэлбэрээр гардаг... гэх зэргээр зэсийн баяжмалд агуулагдаж буй 23-30 хувийн агуулгатай төмөр нь төмрийн баяжмал биш, зэсийн баяжмалд агуулагдаж буй дагалдах элемент болохыг тогтоосон байна.

10. Хариуцагч нараас шүүх хуралдаанд ...шийтгэлийн хуудсанд төмрийн баяжмал гэж техникийн алдаа гаргасан, зэсийн баяжмалд агуулагдаж буй 20 хувийн агуулгатай төмрийн хүдэр... гэж тайлбарлах боловч Үндэсний геологийн албаны 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/248 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн лавлагаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Эрдэнэтийн овооны зэс-молибденийн ордод 1972-2022 он хүртэл хугацаанд хийгдсэн нийт 5 удаагийн хайгуулын ажлын үр дүнд тогтоогдсон нөөцийг Улсын ашигт малтмалын нөөцийн комисс болон Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэсэн бөгөөд Эрдэнэтийн овооны ордод төмрийн нөөц бүртгэгдээгүй гэж, мөн Эрдэнэт-үйлдвэр ТӨҮГ нь 2016-2019 онд төмрийн хүдэр болон баяжмал гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж экпортолсон мэдээлэл мэдүүлгийн цахим санд бүртгэгдээгүй талаарх лавлагааг Гаалийн ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02-02.2/1030 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлжээ.

11. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Эрдэнэтийн овооны зэс-молибденийн ордоос төмрийн хүдэр олборлохоор ашигт матмалын нөөц батлагдаагүй байхад зэсийн баяжмалд агуулагдаж буй 23-30 агуулгатай төмрийг төмрийн хүдэр маргаж буйг хүлээн авах боломжгүй, бодит байдалд нийцэхгүй тайлбар гаргаж байна.

12. Дээр тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь төмрийн хүдэр олборлодоггүй бөгөөд төмрийн баяжмал гарган авдаггүй, харин олборлон худалдаж буй зэсийн баяжмалд агуулагдаж буй 23-30 хувийн агуулгатай төмөр нь дагалдах элементэд хамаарч байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан бүх төрлийн бүтээгдэхүүн гэдэгт ашигт малтмалын дагалдах элемент хамаарах эсэхийг дүгнэснээр шийтгэлийн хуудас үндэслэлтэй эсэх нь тогтоогдоно.

13. Ашигт малтмалын тухай /2006 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр[1] зохицуулсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд тухайлан хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа үндсэн болон дагалдах элемент тус бүрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах тухай нарийвчилсан зохицуулалт байхгүй.

14. Ийнхүү мөн зүйлийн 47.8 дахь хэсэгт Энэ хуулийн 47.5-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-ын дагуу тооцдог байна.

15. Тус аргачлалаар хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүнийг түүнд агуулагдаж байгаа үндсэн элементийн сорьц, агуулгын хувь хэмжээнд үндэслэн ангилахаар заасан байх ба аргачлалын 2.1-д "Ашигт малтмалын хүдэр" гэж газрын гадаргуу, түүний хэвлийд геологийн хувьсал, өөрчлөлт, физик-химийн процессын үр дүнд үүсэж бий болсон бөгөөд түүнд агуулагдаж байгаа ашигт элементийг (металл) нь олборлож, боловсруулж, ялгахад эдийн засгийн ач холбогдол бүхий уулын чулуулгийг хэлнэ гэж, газрын хэвлийгээр олборлосон уулын чулуулгын агуулга нь 20 хувиас дээш байх,  

16. 2.3-т "Ашигт малтмалын баяжмал" гэж хүдрийг боловсруулах явцад гаргаж авсан ашигт эрдсийн агуулга нь өндөрссөн бүтээгдэхүүнийг хэлнэ гэж, газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон химийн аргаар боловсруулсан төмрийн хүдрээс гарган авсан төмрийн баяжмлын агуулга нь 57 хувиас дээш байх,

17. 2.5-т "Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн" гэж баяжмалыг боловсруулж цэвэршүүлсэн металлыг хэлнэ гэж, хүдэр, баяжмалаас гаргаж авсан төмрийн бүтээгдэхүүний агуулга 80 хувиас дээш байх тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулдаг байна.

18. Үүнээс үзвэл, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын олборлож худалдсан зэсийн баяжмалд агуулагдах 23-30 агуулгатай төмөр нь төмрийн хүдэр, баяжмал биш, мөн хүдэр, баяжмалаас гарган авсан 80 хувиас дээш агуулгатай төмрийн бүтээгдэхүүн байх шаардлагыг хангахгүй байхад татварын улсын байцаагч нараас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй гэж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг буруутгасан нь үндэслэлгүй байхаас гадна татварын хяналт шалгалт явуулсан 2016-2018 онд ашигт малтмалын дагалдах элементэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулах зохицуулалт байгаагүй.

19. Иймд хариуцагч татварын улсын байцаагч нараас Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох зүйлийг буруу тодорхойлж, ашигт малтмалын дагалдах элементэд төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулсан нь буруу байх тул шийтгэлийн хуудсын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох 2016 онд 28,198,860,909.20 төгрөгийн, 2017 онд 41,452,626,571.40 төгрөгийн, 2018 онд 39,529,598,783.10 төгрөгийн төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй зөрчилд оногдуулсан 5,885,989,391.90 төгрөгийн нөхөн татвар, 1,765,796,817.40 төгрөгийн торгууль, 814,934,929.30 төгрөгийн алдангид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

20. Хариуцагчаас ... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан бүх төрлийн бүтээгдэхүүн гэдэгт зэсийн баяжмалд агуулагдах бүх элемент хамаарна, үүнийг баталж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох мөнгөнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан... гэх боловч хуулийн тус зохицуулалтаар уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр заасан, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь зэсийн баяжмалд агуулагдах мөнгийг худалдсан буюу ашигласан байгааг дурдах нь зүйтэй.

21. Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд, шийтгэлийн хуудсаар Өмнөд Африкийн Стандарт банк ПЛС-ийн нэхэмжлэлийн дагуу Арбитрийн шүүх хурлын ажиллагаатай холбоотой төлсөн 32,867,766,241.55 төгрөгийн хуулийн үйлчилгээний төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 8,216,941,560.40 төгрөгийн нөхөн татвар, 2,465,082,468.10 төгрөгийн торгууль, 1,586,859,654.20 төгрөгийн алданги, Хонконгийн Samsung C&T Honkong Limited компани, ХБНГУ-ын Commerzbank Aktiengesellschaft, Frankfurt Branch банк, ИБУИНВУ-ын Ocean Partners UK limited компаниас авсан урьдчилгаа төлбөр, зээлийн гэрээний дагуу төлсөн 5,567,761,792.10 төгрөгийн хүүгийн орлогоос суутган авч, төсөвт төлсөн татварыг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчилд 1,391,940,448 төгрөгийн нөхөн татвар, 417,582,134.40 төгрөгийн торгууль, 190,186,622.90 төгрөгийн алданги төлүүлэхээр төлбөр тогтоосон, гомдол гаргагчаас төлбөрийн дүн болон тооцоололд маргаангүй.

22. Харин хуулийн үйлчилгээний төлбөрийг татван ногдох орлогоос хасч тооцсон үндэслэлээ ...үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, хүлээж болох алдагдал, эрсдэлийг бууруулах, өөрсдийн байр суурийг арбитрын шүүхийн өмнө хамгаалах зорилгоор бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсөд хамаарна... гэж тайлбарласан бол хариуцагчаас ...татвар ногдох орлого олохтой холбоотой гарсан зардал биш тул үйл ажиллагааны бус зардал гэж үзнэ... гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан гэж тайлбарлажээ.

23. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:, 12.1.9.-д бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс; гэж заасан.

24. Гомдол гаргагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд, тус газар нь зэс, молибдений хүдрийг олборлож, боловсруулах, сувилал, нөхөн сэргээх эмчилгээ, Орхон аймгийн Баян-Өндөр суманд телевизийн нэвтрүүлгийг нэвтрүүлэх, дамжуулах үйлчилгээ, 174-182 МГц радио давтамж ашиглах, үндсэн нарийн мэргэжлийн тусламж, амбулатори, оношилгоо, гадаад худалдаа эрхлэх чиглэлийн үндсэн болон туслах үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд байх бөгөөд дээрх хуулийн үйлчилгээ нь эдгээр үйл ажиллагааг явуулах зорилгоор бусад этгээдээр гүйцэтгүүлсэн үйлчилгээний хөлс биш байна.

25. Тодруулбал, татвар ногдох орлогоос хасагдах зардал нь татвар ногдох орлогыг олох үйл ажиллагааг явуулах зорилгоор зайлшгүй гарсан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд тоочсон зардал байх ёстой тул гомдол гаргагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хуулийн үйлчилгээ авсан зардлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс гэж үзэн татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан нь буруу, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хуульд заагаагүй үндэслэлээр албан татварыг бууруулсан уг зөрчилд холбогдуулж, төлбөр тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

26. Өөрөөр хэлбэл, Аж ахуйн нэгжийн гаргасан ямар зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцох талаар хуульд  тодорхой нэрлэн заасан байхад гомдол гаргагчийн үндсэн үйл ажиллагаатай нь огт хамааралгүй зардлыг ...үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, хүлээж болох алдагдал, эрсдэлийг бууруулах зорилгоор... гэх үндэслэлээр бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардал гэж тодорхойлох нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн агуулга, зорилгод нийцэхгүй гэж үзлээ.

27. Зээлийн хүүгийн орлогыг татвар ногдох орлогоос хасч тооцсон гэх зөрчлийн тухайд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 2016 онд Хонгконгийн Samsung C&T Hongkong Limited компани, ИБУИНВУ-ын Ocean Partners UK Limited компаниас авсан урьдчилгаа төлбөрийн зээлийн хүүгийн төлбөрт шилжүүлсэн нийт 12,409,244,998.60 төгрөгийн хүүгийн орлогод 1,795,591,636.60 төгрөгийн татвар, 2017 онд Хонгконгийн Samsung C&T Hongkong Limited компани, ИБУИНВУ-ын Ocean Partners UK Limited компаниас авсан урьдчилгаа төлбөрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн нийт 11,730,568,720.62 төгрөгийн хүүгийн орлогод 1,725,732,409.91 төгрөгийн татвар, 2018 онд Хонгконгийн Samsung C&T Hongkong Limited компани, ИБУИНВУ-ын Ocean Partners UK Limited, ХБНГУ-ын Commerzbank Aktiengesellschaft, Frankfurt Branch банкнаас авсан урьдчилгаа төлбөрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 14,027,347,318.44 төгрөгийн хүүгийн орлогод 2,046,437,743.63 төгрөгийн татварыг эдгээрийн компанийн өмнөөс нь төлж, ийнхүү төлсөн татварын дүнг зээлийн хүүгийн зардал-аар тооцон, татвар ногдох орлогоос хассан үйл баримтуудын тухайд маргаангүй.

28. Гомдол гаргагчаас ...Хонгконгийн Samsung C&T Hongkong Limited компани, ХБНГУ-ын Commerzbank Aktiengesellschaft, Frankfurt Branch банк, ИБУИНВУ-ын Ocean Partners UK Limited компанийн олсон орлогод Монгол улсын хуулийн дагуу ногдох татварын Эрдэнэт үйлдвэр хариуцахаар талууд гэрээндээ тохиролцсон, зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээнд зээлийн өртөг буюу төлбөр нь хуулийн дагуу ногдуулж суутгасан татвараар өсгөсөн дүн байхыг 2 талаас харилцан хүлээн зөвшөөрч тохирсон... гэж тайлбарлажээ.

29. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хууль нь дор дурдсан аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах харилцааг зохицуулна:, 3.1.3-т Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж, тэдгээрийн төлөөний газар., 7 дугаар зүйлийн 7.3-т Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно:, 7.3.1-д үйл ажиллагааны орлого;, 7.3.2-т хөрөнгийн орлого;, 7.3.3-т хөрөнгө борлуулсны орлого. 17 дугаар зүйлийн 17.2-т Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:, 17.2.9-д Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар: гэж тус тус заасан.

30. Тус хуулийн зохицуулалтын дагуу гомдол гаргагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зээл авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч болох дээрх компаниуд нь Монгол Улсаас эх үүсвэртэй олсон зээлийн хүү болон бусад орлогодоо хуульд заасан хувь хэмжээгээр татвар ногдуулан төлөх үүрэгтэй, уг татварыг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.-д Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ. гэж заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ суутган авч, төсөвт төлөх үүрэгтэй байна.

31. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлд татвар ногдох орлогоос хасагдах зардал-ыг нэгбүрчлэн тоочиж, жагсаасан, үүний дотор, бусдын өмнөөс төлсөн татварыг зардалд тооцож, хасах талаар заагаагүй, албан татвар ногдох орлогоос хасаж тооцох талаар хуулиар тусгайлан зөвшөөрөөгүй зардлыг татвар ногдох орлогоос хасахгүй учраас Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн хуулийн дагуу албан татвар төлөөгүй, тэдгээрийн төлвөл зохих албан татварыг гэрээгээр тохиролцсоны дагуу өмнөөс нь улсын төсөвт төлөхдөө, үүнийгээ өөрийн татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан нь дээрх хуулийн зохицуулалтуудтай нийцэхгүй.

32. Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хуульд заагаагүй үндэслэлээр албан татварыг бууруулсан зөрчилд холбогдуулж, 1,391,940,448 төгрөгийн нөхөн татвар, 417,582,134.40 төгрөгийн торгууль, 190,186,622.90 төгрөгийн алданги төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсын холбогдох хэсэг үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс томилогдсон шинжээч зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай /2006 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 12 дугаар зүйлийн 12.1, 17 дугаар зүйлийн 17.2.9-т заасныг тус тус баримтлан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 0302852 дугаартай шийтгэлийн хуудсын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох 2016 онд 28,198,860,909.20 төгрөгийн, 2017 онд 41,452,626,571.40 төгрөгийн, 2018 онд 39,529,598,783.10 төгрөгийн төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй зөрчилд оногдуулсан 5,885,989,391.90 төгрөгийн нөхөн татвар, 1,765,796,817.40 төгрөгийн торгууль, 814,934,929.30 төгрөгийн алдангид холбогдох хэсгийг хүчингүй болгож, гомдлын шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ