Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 812

 

 

 

 

 

 

 

 

 

 Э ХХК -ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00205 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э ХХК

Хариуцагч Н ОНӨААТҮГт холбогдох

 

Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн “Хүүшийн ам” нэртэй газарт цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 шонг албадан буулгуулах, хууль бус эзэмшил ашиглалтаас газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Зулбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э ХХК  шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э ХХК  нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Богдхан-Уулын Дархан цаазат газрын Тусгай хамгаалалтын газар нутагт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /одоогийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд/-ын тушаалаар 2011 оноос хойш Энхтайваны ам нэртэй газар 13.1 га газрыг 2011/78 дугаар гэрчилгээний дагуу, Хүүшийн ам нэртэй газар 2.1 га газрыг 2011/67 дугаар гэрчилгээний дагуу нийт 15.2 га газрыг хуулийн дагуу ашиглах эрхтэйгээр ашиглаж Газар ашигласны төлбөрт жил бүр 126 720 000 төгрөг төлдөг. 2015 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 500 000 000 төгрөгийн газрын төлбөрийг төлсөн. Бид энэхүү газар дээр зориулалтын дагуу аялал жуучлалын төсөл хэрэгжүүлэхээр төслийн ажлыг эхлүүлж, зураг төслийн ажил нилээдгүй хөрөнгө оруулалт буюу өнөөдрийн байдлаар нийт 7 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгүүлж ерөнхий төлөвлөгөө гаргаад хөрөнгө оруулалт хийж батлуулах шатандаа явж байна... Гэтэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалга, хөрөнгө оруулалтаар Их тойрог 100 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажлыг гүйцэтгэж буй Э ХХК -иас 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1/249 тоот албан бичгээр ЦДАШ-ын ажлыг үргэлжлүүлэх мэдэгдэл, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/268 тоот албан бичгээр трассын координатын дагуу ажлаа явуулахаа мэдэгдсэн. Гэвч Газар ашиглах эрх олгох эрх бүхий этгээд буюу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаар баталгаажуулж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай харилцан тохиролцсоны үндсэн дээр газраар дамжин өнгөрөх асуудлыг шийдвэрлэж шугам баригдах трассын захиалагч гүйцэтгэгчид хүргүүлсээр байтал барилга угсралтын ажлаа ажлаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталгаажуулсан трассын дагуу гүйцэтгэх үүргээ зөрчиж ашиглах эрхт халдсан үйлдэл гаргаж байна. Хариуцагч Э ХХК  нь тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2015/22313 тоот захирамж гарч компанийн ашиглах эрх бүхий газарт цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажлыг гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасаар байтал шүүгчийн захирамжийг үл биелүүлэн барилгын ажлыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэн гүйцэтгэсээр цахилгаан дамжуулах агаарын 2 шонг барьж дуусгаад байна. Мөн түүнчлэн хууль бусаар гүйцэтгэсэн цахилгаан дамжуулах агаарын 2 шон нь гол төлөвлөлт хийгдэж буй талбай дундуур нийт 295 м урттайгаар өнгөрч байгаа, түүний хамгаалалтын зурвас эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3-т зааснаар шугамын захын утаснаас 2 тийш 20 м, нийт нь 11 800 м.кв талбай буюу 1.18 га газрыг хамаарч байгаа бөгөөд энэхүү газрын төлбөр болох 9 345 600 төгрөг, мөн зураг төслийн ажилтай холбоотой 7 000 000 төгрөг, нийт 16 346 500 төгрөгийн хохирол бидэнд учраад байна. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу ...ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэсний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж байна. Иймд гүйцэтгэгчийг хариуцагчаар татаж, ашиглах эрхт саад болж буй үйлдлийг таслан зогсоож, Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 м.кВ-ын 2 хэлхээт ЦДАШ-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай тохиролцож баталгаажуулсан трассын дагуу ЦДАШ-ыг явуулахыг даалгаж өгнө үү. Иймд хууль бус үйлдэл гаргаж дур мэдэн төрийн байгууллагаас зааварчилгаа өгсөөр байтал буруу зураг төслөөр гүйцэтгэн манай ашиглаж буй газарт барьсан цахилгаан дамжуулах агаарын 2 шонг албадан буулгахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Э ХХК  шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Э ХХК  нь Э ХХК -д холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус компанийн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар хийж буй Улаанбаатар хотын 220 м.кв Сонгино дэд станцаас 110 м.кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 м.кВ-ын 50 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын барилга угсралтын ажлыг зогсоох тухай нэхэмжлэл удаа дараа гаргасан байдаг бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 900 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл 2015 оны 08 дугаар сарын 25-нд дахин нэхэмжлэл гарган Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 102/ШЗ2015/22313 тоот шүүгчийн захирамж гаргуулжээ. Уг захирамжийн захирамжлах хэсэгт “...Э ХХК -ийн ашиглах эрх бүхий газарт Цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажлыг гүйцэтгэхгүй байхыг хариуцагч Э ХХК -д даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай...” гэжээ. Э ХХК  гүйцэтгэгч болох Э ХХК -д огт хамааралгүй асуудлаар шүүхэд хариуцагчаар татуулж удаа дараа гэрээт ажил тасалдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Бид бол зөвхөн гүйцэтгэгч бөгөөд газар ашиглахтай холбоотой захиргааны шийдвэрүүд бидэнд хамаагүй юм. Э ХХК  нь дээрх нэхэмжлэлд заасан, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч нь бөгөөд захиалагч нь Монгол Улсын Засгийн газар болон Нийслэл Улаанбаатар хотын захиргаа юм. Э ХХК -ийн хувьд Байгаль орчин ногоон хөгжлийн яамны шинжээч Д.Энхбат, Т.Пүрэвсүрэн нар гарын үсэг зурж баталгаажуулан Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа нар танилцаж гарын үсэг зурсан. Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд заагдсан трассын дагуу Улаанбаатар хотын 220 м.кв-ын Сонгино дэд станцаас 110 м.кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 м.кВ-ын 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа болно. Иймээс Э ХХК -иас Э ХХК -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Иймд Э ХХК  нь гүйцэтгэгч бөгөөд зөвхөн захиалагчтай хийсэн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа тул Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйл /Барилгын хөрөнгө оруулагч, захиалагчийн эрх, үүрэг/-д заасны дагуу холбогдох эрх зүйн актуудын хүрээнд уг ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, газрын болон бусад зөвшөөрөл авах үүрэг хүлээх, хариуцлага хүлээн субьект нь биш юм. Харин холбогдох хуулийн хүрээнд Э ХХК -ийн нэхэмжлэлийн хариуцагч нь захиалагч болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Эрчим хүчний яам юм. Үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан харьяаллын маргаан байх тул нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөний зарим хэсгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Э ХХК  нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Богдхан-Уулын Дархан цаазат газрын Тусгай хамгаалалтын газар нутагт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2011 оноос хойш Энхтайваны ам нэртэй газар 13.1 га газрыг 2011/78 дугаар гэрчилгээний дагуу, Хүүшийн ам нэртэй газар 2.1 га газрыг 2011/67 дугаар гэрчилгээний дагуу нийт 15.2 га газрыг хуулийн дагуу ашиглах эрхтэйгээр ашиглаж ирсэн. Гэтэл Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газарт цахилгаан дамжуулах 2 ширхэг шонг босгосон. Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-иас яагаад 2 шон босгосон талаар асуухад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалга болон хөрөнгө оруулалтаар Их тойруу 110 м.кВ-ын төслийн хүрээнд хийж гүйцэтгэж байгаа гэж тайлбарладаг. Гэвч манай компанийн газар ашиглах эрх нь хэвээр байхад хоёр ширхэг цахилгаан дамжуулах агаарын шон барьж бидний газар ашиглах, эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан байдаг. Манай компаний тус газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу ашигладаг бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглах зөвшөөрөл өгөх тухай тодорхой тусгасан байдаг. Үүний дагуу 2011 онд газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар, 2017 онд мөн 5 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан байгаа. Газар ашиглах эрхийг маань дуусгавар болгосон ямар нэгэн баримт, шийдвэр байхгүй, тэр тухай мэдэгдсэн зүйл байхгүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар манай компанийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй байхад манай ашиглаж буй газрын 4778 м.кв газар дээгүүр агаарын шугам барихаар тусгасан нь буруу юм. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт ашиглах эрх, зөвшөөрөл нь байгаа юм уу гэхээр ашиглах эрхийг аваагүй байдаг. Улсын Их хурлын 2013 оны тогтоолоор Их тойруу цахилгаан дамжуулах агаарын шугам барих төслийг хэрэгжүүлэхээр баталсан байдаг. Гэхдээ манай ашиглах эрх бүхий газар дээр дайруулах эрхийн зөвшөөрөл өгсөн эсэх талаар баримт байдаггүй. Иймд төрийн эрх бүхий байгууллагаас өгсөн зааварчилгааг зөрчиж, буруу зураг төслөөр манай компанийн ашиглаж буй газарт барьсан цахилгаан дамжуулах агаарын 2 шонг албадан буулгуулж, уг газрыг хариуцагчийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын улмаас учирсан хохирол 16.345.600 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг үндэслэн татан авч байна гэжээ.

           

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Д.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан өндөр хүчдэлийн 110 кВ-ын шугам буюу Их тойрог төсөл нь Монгол Улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 114 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан байдаг. Энэ төслийн арга хэмжээнд гэр хорооллын нийт 124 900 айл өрхийн 40 хувь болон 49 960 айл өрхийн халаалтыг цахилгаанаар шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төлөвлөгдсөн 20 байршлаас батлагдсан 12 байршилд баригдах орон сууцны хорооллын 45 буюу 56.205 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, шинээр баригдах 5 дугаар цахилгаан станцын эрчим хүчийг түгээх гол шугам болох зэрэг ач холбогдолтой. Энэхүү төсөл арга хэмжээнд манай байгууллага захиалагчийн буюу техникийн хяналт тавьж ажиллаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ашиглалтын газар дээр зөвшөөрөлгүйгээр ажил явуулж байгаа гэдэг үндэслэлгүй. 110 кВ-ын шугам буюу Их тойрог төслийн Богд Хан-Уулын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрч байгаа газрын асуудлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Богд Хан-Уулын Дархан цаазат газрын захиргаа зэрэг байгууллагуудын санал зөвшөөрлийн дагуу шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч байгууллага нь маргах байсан бол тэдгээр байгууллагын гаргасан шийдвэртэй холбогдуулан маргах байсан болов уу гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Уг хэрэгт захиалагчийн байр сууринаас оролцож байгаа. Иймд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь хариуцагч биш гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК -ийн ашиглаж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай газар нутгийн Хүүшийн ам нэртэй газарт барьсан 2 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын шонг /анкер тулгуур/ албадан буулгаж, уг газрыг хариуцагч Н ОНӨААТҮГ, “Эрчим хүчний барилга угтсралтын трест” ХХК нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч ”Эс девелопмент” ХХК нь хариуцагч Н ОНӨААТҮГ, “Эрчим хүчний барилга угтсралтын трест” ХХК нарт холбогдох ажлын улмаас учирсан хохирол 16.345.600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 309 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ОНӨААТҮГ, Э ХХК  нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК -д оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй бөгөөд хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй. Нэхэмжлэлд дурдсан өндөр хүчдэлийн 110 кВ-ын шугам буюу “Их тойрог” төсөл нь Монгол Улсын Их хурлын 2010 оны 36, 2013 оны 23 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 118, 2014 оны 11 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан улсын хэмжээний ач холбогдол бүхий төсөл арга хэмжээ юм. Уг төсөл арга хэмжээний хүрээнд гэр хорооллын нийт 124 900 айл өрхийн 40 хувь буюу 49 960 айл өрхийн халаалтыг цахилгаанаар шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төлөвлөгдсөн 20 байршлаас 12 байршилд баригдах орон сууцны хорооллын 45 хувь буюу 53 206 айл өрхийг, Хөшигтийн хөндийд хэрэгжиж буй шинэ нисэх онгоцны буудал зэргийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, шинээр баригдах 5 дугаар цахилгаан станцын эрчим хүчийг түгээх гол шугам болох зэрэг нэн ач холбогдолтой. Энэхүү төсөл арга хэмжээнд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь зөвхөн захиалагчийн буюу техникийн хяналт тавьж ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болох ашиглалтын газар дээр зөвшөөрөлгүйгээр ажил явуулж байгаа гэдэг үндэслэлгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын баталсан зураг, төсвийн дагуу Их тойрог төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа. Нэхэмжлэгч компани нь эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол дээрх байгууллагын гаргасан шийдвэртэй холбогдуулан маргах атал тус төсөл арга хэмжээнд техник хяналтыг хэрэгжүүлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон гүйцэтгэгч компанийг хариуцагчаар татаж, шүүх үүнийг нь анхааран үзэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль ёсны болж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК  нь хариуцагч Э ХХК , Н ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн “Хүүшийн ам” нэртэй газарт цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 шонг албадан буулгуулж, түүний хууль бус эзэмшил ашиглалтаас газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэхэмжлэгч нэхэмжлэлээ “тус компани Богдхан-Уулын Дархан цаазат газрын Тусгай хамгаалалтын газарт 15.2 га эзэмшлийн газартай. Уг эзэмшлийн газар дээр буруу зураг төслөөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалга болон хөрөнгө оруулалтаар 2 шон босгосныг албадан буулгуулж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ” гэж тайлбарласан байна.

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар “УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 114 дүгээр тогтоолоор “Их тойрог” төслийг баталсан. Уг төслийн хэмжээнд манай байгууллага захиалагчийн техникийн хяналтыг тавьж оролцсон” гэж, хариуцагч Э ХХК  өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр манайх ажилласан, харин уг төслийн ажлын захиалагч нь Засгийн газар болон Нийслэл Улаанбаатар хотын захиргаа” гэж тус тус тайлбарлажээ.

Талууд Э ХХК -ийн эзэмшлийн газар дээр цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 ширхэг шон босгосон үйлдэл нь хууль бус эсэх талаар маргаж байна.

            Хэрэгт цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 шонг хэний захиалгаар, ямар байгууллагын санхүүжилтээр босгосон болох нь тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Түүнчлэн “Их тойрог” 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын төслийг хэрэгжүүлж бyй байгууллага болон захиалагч байгууллагын эрх, ашиг хөндөгдсөн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх эрх, ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдийн талаар тодруулах шаардлагатай байжээ. Ингэснээр шаардах эрхтэй этгээд болон хариуцагчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа тодорхой болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд жинхэнэ хариуцагч хэн байх нь тодорхой болно.

Ийнхүү маргааны үйл баримтын талаар талууд нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх, тэдгээрийн тэгш байдал хангагдах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Мөн анхан шатны шүүх Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж уг дүгнэлтийг шийдвэртээ үнэлсэн байна. Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах ёстой. Шүүх нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг тайлбарлах ажиллагааг явуулсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 183/ШШ2019/00205 дугаартай шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт аль дүүргийн шүүх, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт “Удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч Н ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н ОНӨААТҮГ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

           

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН