Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 0275

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогч С.Алтанцэцэг

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Ц.Энхтуяа, Ю.Ганбат

Өсвөр насны шүүгдэгч Б.Больхүү

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Баасанхүү

Шүүгдэгч Ө.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийж, Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Д, Б.Б нарт холбогдох 201614000468 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч : Харууд овгийн Ө.Д, Монгол Улсын иргэн, 1999 оны 01 сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эмээ, аав, ээж, дүүгийн хамт , урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД: //

 

Шүүгдэгч : Боржигон овгийн Б.Б, Монгол Улсын иргэн, 2000 оны 04 сарын 15-ны өдөр Орхон аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ХАА-н МСҮТ-ийн барилгын цахилгаанчин 2 дугаар ангийн сурагч, ам бүл 3, ээж, ах нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн баруун задгай 23-12 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,РД: //

Шүүгдэгч Ө.Далайбаян, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Больхүү нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах 4-18 дугаар байрны орцонд Б.Лхагвасайханы Samsung tab4 маркийн гар утас /400.000 төгрөг/ болон 3000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр булаан авсан, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт байрлах 4-16 дугаар байрны орцонд Э.Амин-Эрдэнийн Samsung s4 маркийн гар утас /250.000 төгрөг/, Шинэбаярын 5000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, 2016 оны 11 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны 1-р орцонд насанд хүрээгүй хохирогч Ц.Алтансүлд, Э.Мөнгөншагай нарын 4000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, шүүгдэгч Ө.Далайбаян нь 2016 оны 07 дугаар сарын 27-31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 2-14 тоот хашаанд байх гаражид нэвтэрч 796 ширхэг сурагч цүнх, 2 ширхэг чемодан хулгайлан 22.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар, Ө.Далайбаянг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж,шүүхэд шилжүүлжээ.                                                

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Ө.Далайбаян, Б.Больхүү нар хамт явж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-18 дугаар байрны орцонд  насанд хүрээгүй Б.Лхагвасайханы хувцасны халаас болон цүнхийг нь нэгжиж байгаад Samsung tab4 маркийн гар утас, 3000 төгрөгийг авсан,

-2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 4-16 дугаар байрны 5 дугаар давхарт насанд хүрээгүй Э.Амин-Эрдэнэ,Шинэбаяр нарыг найзуудынх нь хамт жагсааж зогсоож байгаад “та нар бид хоёрыг мэдэх үү” гээд нүүр, гэдэс ,хэвлий рүү гар хөлөөрөө цохиж өшиглөн зодож,амыг нь ангайлган цус гараагүй байна гэж дахин зодох,халаасанд байсан бүх эд зүйлийг нь гаргуулж  тавиулах зэргээр хүч хэрэглэн довтолж Амин-Эрдэнийн Samsung s4 маркийн гар утсыг нь,Шинэбаярын 5000 төгрөгийг тус тус авсан,

-2016 оны 11 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны 1-р орцонд насанд хүрээгүй Ц.Алтансүлд, Э.Мөнгөншагай нарыг оруулж байгаад заамдаж авч мөргөөд халаасыг нь нэгжиж Алтансүхээс 3000 төгрөг, Мөнгөншагайгаас 1000 төгрөг тус тус авсан,

- Ө.Далайбаян нь 2016 оны 07 дугаар сарын 27-31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 2-14 тоот хашаанд байх гаражийн цоожийг эвдэн нэвтэрч 4ш шуудайтай,мөн задгай хураасан байсан сурагчийн болон эмэгтэй цүнхнүүд, 2 ширхэг чемодан авсан байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 

 

-Хохирогч С.Алтанцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би бараан зах дээр малгай цүнхний лангуу ажиллуулдаг. 7 сард Хятад явж бараагаа татаад дүүгийнхээ гражид хийсэн байсан.Гражид хулгай ороод 3 ширхэг ногоон шуудайтай цүнх, мөн задгай цүнхнээс 196ш цүнх хулгайлсан байсан. Нийт 796 ш цүнх алдагдсан. 1 шуудайнд 200 ширхэг цүнх ордог. 3 шуудайнд 600 цүнх, задгайгаар 196 цүнх хулгайд алдсан. Би өөрөө урдаас авчирсан.Өөрөө харж байгаад гар аргаар шуудайлсан.1 шуудайнд 200ш цүнх орсон тул би сайн мэдэж байна.Гаалийн бичиг баримт хэрэглэдэггүй.401 ширхэг цүнхээ буцааж авсан.Үнэлгээний дагуу 12.690.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Амин-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: ...5 давхарт гараад буланд шахаад жагсааж зогсоогоод өөдөөс тамхины асаагуурын гэрэл асаагаад хоёулаа “та нар бид хоёрыг Эрдэнэтэд мэдэх үү” гээд намайг шууд нүүр лүү гараараа цохисон. Тэгээд өндөр нь би шоронд яваад гарч ирсэн, би цагдаагаас айхгүй шүү гэж хэлээд тэр хоёр миний хоёр талаас нүүр болон гэдэс рүү гараараа болон хөлөө өшиглөж зодож цохисон, мөн надтай хамт явж байсан найз нарыг маань бас буланд шахаж айлгаж зодож цохисон. Амаа ангайлгаад зогс цус гараагүй бол дахиж цохино гээд бид нарын амыг ангайлгаж зогсоогоод гэрэл тусгаж хараад цус гараагүй байна гээд дахиад бас нүүр лүү болон гэдэс рүү дахин цохисон. Тэгж зодож цохиж байгаад та нар халаасанд байгаа бүх юмаа гаргаад шалан дээр тавь гэсэн. Манай найзууд айсандаа халаасанд байсан бүх юмнуудаа гаргаж тавьсан. Би халаасанд мөнгө байхгүй байсан учраас утас, гэрийнхээ түлхүүр, макс прокдакшны билетийг гаргаж тавьсан чинь миний гар утсыг аваад энэ ямар утас юм бэ гэхээр нь би Самсунг С-4 гэдэг утас гэсэн чинь намхан банди нь ерөөсөө би энэ утсыг авлаа чи ээж, аавдаа утсаа хаясан гэж хэлээрэй гээд миний утсыг аваад халаасандаа хийчихсэн. Зодуулсанаас болж миний толгой доргисон, хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн мэдүүлэг /хх 10-11/,

 

-Хохирогч Д.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...5 давхарт гараад бид нарыг жагсаагаад зогсоосон. Тэгээд өөрсдөө гадуурх хувцасаа тайлаад бид нарын хажууд ирээд хоёулаа нийлж бид нарыг нэг нэгээр нь нүүр лүү гараараа цохиод алгадаад байсан. Тэгээд халаасанд байгаа хамаг юмаа гаргаж тавь, юм үлдээх юм бол ална шүү гэж айлгаад улмаар бид нар шалан дээр халаасанд байгаа юмаа гаргаж тавьсан чинь Амин-Эрдэнийн гар утсыг авсан, миний бүхэл 5000 төгрөгийг авсан гэсэн мэдүүлэг /хх 15/,

 

-Насанд хүрээгүй хохирогч Ц.Алтансүлдийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Мөнгөншагай бид хоёрыг Урт цагааны зүүн талын үзүүрт баруун тийшээ явж байхад Далайбаян, Больхүү гэж хоёр хүүхэд таараад Мөнгөншагай бид хоёроос мөнгө байна уу гэж асуусан. Тэгэхээр нь бид хоёр мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Далайбаян, Больхүү хоёр тэгвэл ийшээ орц орно гээд дагуулж яваад 4-16 дугаар байрын 1 дүгээр орцны үүдэнд очсон. Мөнгөншагай бид хоёр явлаа, яараад байна гэсэн чинь Далайбаян нь та хоёрыг нэгжээд мөнгө гарвал авна шүү гэсэн. Тэгэхээр нь Мөнгөншагай бид хоёр юу байдаг юм бэ мөнгө байхгүй гэсэн. Тэгтэл Далайбаян нь Мөнгөншагайгийн өмсөж явсан хувцасны халаасыг нэгжээд байсан. тэгж байгаад гурван мянган төгрөг гарч ирсэн чинь түүнийг нь авсан. Тэгээд дараа нь Далайбаян миний өмсөж явсан хувцасны халаасыг ухах гэхээр нь би зугтаагаад хойшоо болсон чинь намайг барьж аваад миний толгой дух хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би айгаад халаасаа нэгжүүлсэн. Далайбаян миний халаасыг нэгжиж байгаад нэг мянган төгрөг гарч ирсэн чинь тэр мөнгийг минь авсан” гэсэн мэдүүлэг /хх 243/,

 

-Насанд хүрээгүй хохирогч Э.Мөнгөншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Далайбаян гэж банди нэг танихгүй бандийн хамт таараад Алтансүлд бид хоёроос мөнгө байна уу, мөнгө байвал өгөөч гэсэн. Тэгэхээр нь бид хоёр мөнгө байхгүй гэсэн. Тэгсэн чинь Далайбаян тэгвэл орц орно гээд бид хоёрыг дагуулаад 4-18 дугаар байрын 1 дүгээр орц руу оруулсан. Орцны үүдэнд оруулаад мөнгө байна уу гээд дахин асуусан. Тэгэхээр нь мөнгө байхгүй гэсэн чинь Далайбаян би та хоёрын халаасыг нэгжээд мөнгө гарч ирвэл авна шүү гээд миний өмсөж явсан халаасыг ухаж байгаад хэтэвчийг минь гаргаж ирээд дотор нь байсан гурван мөнгийг аваад өөрийнхөө халаасанд хийгээд хэтэвчийг минь эргүүлж өгсөн. Тэгэхээр нь би Далайбаянгаас мөнгөө авья гэсэн чинь чи байж бай юун сүртэй юм бэ гээд байсан. Тэгж байгаад Алтансүлдийг заамдаж аваад мөргөөд дараа нь халаасыг нь ухаад нэг мянган төгрөг авсан. Алтансүлдийг зодоод байхаар нь би Далайбаянгаас айгаад дахиж мөнгөө нэхээгүй гэсэн мэдүүлэг /хх 248/,

 

-Гэрч Б.Чинбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 09 сарын 26-ны өдөр Өлзийсайхан нь 19 цаг өнгөрч байхад хүүхэдтэйгээ хамт орж ирээд Самсунг S4 маркийн гар утсыг барьцаанд тавихаар орж ирсэн юм. Уг утас нь Самсунг S4 маркийн шаргалдуу өнгийн дэлгэц нь нь хагарсан 9794 гэсэн кодтой сим картгүй утас байсан. Би ч юм асуугаагүй урд өмнө үйлчлүүлж байсан зүс таньдаг учраас хүүхэдтэйгээ явж байсан учраас элдэв юм бодоогүй өөрийнх нь утас юм байна гэж бодоод барьцаанд авсан гэсэн мэдүүлэг /хх 17 /,

 

-Гэрч М.Түвшинсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Бид нарыг дагуулан 4-26 дугаар байрны орцонд оруулж шатаар алхуулж 5 давхарт гаргаад асаагуурын гэрэл асааж буланд шахаж жагсааж зогсоосон. Ингээд бид нарыг хоёулаа нийлж нэг нэгээр нь зодож цохисон, тэгээд халаасандаа байгаа бүх юмаа гаргаж шалан дээр тавь гэсэн. Надад мөнгө байгаагүй, би утас, түлхүүрээ гаргаж тавьсан. Бид нарын гаргаж тавьсан эд зүйлүүдээс Шинэбаярын гаргаж тавьсан 5000 төгрөгийг авсан. Амин-Эрдэний Самсунг S4 маркын гар утсыг авсан чинь Амин-Эрдэнэ өгөхгүй өгч болохгүй гэсэн чинь Амин-Эрдэнийг чи найз нараасаа хорь хорин мянган төгрөг цуглуулаад 60.000 төгрөг өгөөд дараа 7 хоногийн 5 дахь өдөр найзынхаа юнителийн дугаар луу залгаж аваарай гээд Шинэбаярын юнителын дугаарыг аваад Амин-Эрдэнийн сим картыг буцааж өгсөн. Нэг нь намхан нь нэг нь арай өндөр нуруутай 2 банди байсан бөгөөд бид нарыг нийлээд нэг нэгээр нь нүүр болон гэдэс рүү гараараа болон хөлөөрөө өшиглөж зодож цохисон, намайг өндөр нь дагуулан харанхуй газар аваачин амнаас чинь цус гараагүй байна гээд нүүр лүү мөргөж, мөн нүүр лүү цохиж алгадсан, гэдэс рүү тонгойсон байхад өшиглөөд байсан. Тэгээд намхан нуруутай нь манай найз шоронд яваад гарч ирсэн та нарыг цагдаад хэлвэл ална шүү, нэг занасан хүнээ заавал алж байж санаа амардаг гэх мэтээр бид нарыг айлгаж сүрдүүлсэн. Ингээд бид нарыг гар гээд Монгол банкны гадаа очоод та нар цагдаад хэлвэл та нарыг сүүлд нь олж байгаад гарыг чинь хугалж, эрүүг чинь мулталж, хамрыг чинь цааш нь чихэх болно шүү гэж айлган сүрдүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 18-19 /,

 

-Гэрч У.Буянтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: ...Надад бол мөнгө байгаагүй би гар утас, чихэвчээ гаргаж тавьсан. Бид нарын гаргаж тавьсан эд зүйлээс Шинэбаярын 5000 төгрөг, Амин-Эрдэнийн Самсунг s4 маркын гар утсыг авсан. Амин-Эрдэнэ өгч болохгүй гэсэн чинь Амин-Эрдэнийг чи найз нараасаа хорь хорин мянган төгрөг цуглуулаад 60.000 төгрөг өгөөд дараа 7 хоногийн 5 дахь өдөр найзынхаа юнителийн дугаар луу залгаж аваарай гээд Шинэбаярын юнителын дугаарыг авч Амин-Эрдэнийн сим картыг буцааж өгсөн. Аав, ээждээ хаясан гэж хэлээрэй гээд үг зааж өгөөд байсан. ..Өндөр, нам 2 банди байсан бөгөөд бид нарыг нийлээд нэг нэгээр нь нүүр болон гэдэс рүү гараараа болон хөлөөрөө өшиглөж зодож цохисон, өндөр нь Түвшинсанааг бас мөргөж зодож амнаас нь цус гаргасан гэсэн мэдүүлэг /хх 20 /,

 

-Гэрч Ц.Саранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байсан санаж байна, би Төгөл болон Баян худалдааны төвийн ард талд жижиглэнгийн хүнсний бүтээгдэхүүн болон самар, жимс худалдан борлуулаад суугаад байж байсан чинь 16-17 насны орчим хоёр эрэгтэй хүүхэд ирээд надад хар өнгийн корпустай том утас үзүүлээд эгчээ мөнгөний хэрэг гараад хямдхан зарах гэж байна, та авах уу гэж асуусан...тэр хоёр хүүхдээс 60.000 төгрөгөөр тухайн утсыг худалдаж авсан. Тэр хоёр хүүхэд утас зарсаны дараа нь 4-5 хонож байхад нөгөө утасны эзэн нь болох хүүхдийн ээж нь ирээд манай хүүхдээс булаагаад авсан байна гэж хэлсэн. Тэгээд би мөнгөө өгөөд ав гэж хэлсэн бөгөөд нэг хүүхдийнх нь аав нь мөнгө олж ирээд надад 60000 төгрөг өгч утсыг буцаагаад авсан гэсэн мэдүүлэг /хх 21 /,

 

-Гэрч Т.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний хүү Амин-Эрдэнэ нь 2016 оны 09 сарын 23-ны өдөр найзуудынхаа хамт хошин шогийн тоглолт үзэх гээд гэрээсээ гарч явсан бөгөөд тоглолтоо үзэж чадаагүй улмаар үл таних хоёр залууд дээрэлхүүлж зодуулан эд зүйлээ дээрэмдүүлсэн байсан. 2016 оны 09 сарын 23-ны өдөр бол надад юм хэлээгүй улмаар маргааш нь буюу 2016 оны 09 сарын 24-ний өдөр гар утас нь холбогдохгүй байсан учраас шалгаагаад асуусан чинь юу болсон талаар хэлсэн бөгөөд тэгж хэлэхдээ нөгөө утсыг нь дээрэмдэж авсан хүмүүс ээж, аав болон цагдаад хэлвэл ална, 4 мөчийг нь санжуулна гэж хэлсэн байсан, тэрнээсээ айгаад бүгдээрээ гэр орныхондоо хэлээгүй байсан.  ..3 найзтайгаа дөрвүүлээ явж байхад нь орцонд дагуулан орж жагсааж зогсоож байгаад нийлээд тал талаас нь зодож цохиж элдэвээр хэлж дарамталж айлгаж байгаад миний хүүгийн Самсунг s4 маркын гар утсыг нь авч явсан байсан. Мөн нэг найзаас нь 5000 төгрөгийг авсан байсан. Миний хүү их айсан байсан бөгөөд тэр үедээ тархи толгой нь хөдөлсөн хавдсан байсан бөгөөд медипас эмнэлэгт үзүүлж тархины зураг авахуулсан. Тархины доргилт гэмтэл гэж хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон гэсэн мэдүүлэг /хх 22 /,

 

-Гэрч Р.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Найз болох Больхүүгийн хамт хүүхэд айлган сүрдүүлж зодож гар утас болон бэлэн мөнгө авсаныг Цагдаагийн байгууллага дээр ирээд мэдсэн. Өөрөөс нь асуухаар юу ч дуугарахгүй утас авчихсан юм гэж хэлсэн. Амин-Эрдэнэ гэж хүүхдээс гар утас авсан байсан бөгөөд надад манай хүү Далайбаян худлаа хэлээд манай найз надад бэлэглэсэн түр барьж бай гэж өгсөн гээд нэг утас барьчихсан явсан. Манай гэрт Лхагвасайхан гэж хүүхдийн ээж, аав нь ирээд хүүхдийн утсыг булааж авсан байна гээд утас нэхэж ирээд улмаар би мөнгө байхгүй байсан учраас найзынх нь түр бариулах гээд өгсөн гэсэн гар утсыг дараа нь мөнгө олж байгаад авья гэж бодоод өөрийнхөө иргэний бичиг баримтаар Мэнд-Амар худалдааны төвийн хажуу талд байх 5-1 дүгээр байранд байх барьцаалан зээлдүүлэх газарт 70.000 төгрөгний барьцаанд тавьж хүүхдийнхээ хүний утас авсан үйлдэлд буюу хохиролын төлбөрт 60.000 төгрөг өгсөн. Тэр Лхагвасайхан гэж хүүхдийн утсыг хулгайлж юмуу булааж аваад Баян худалдааны төвийн урд тамхи зардаг хүнд 60.000 төгрөгөөр зарчихсан байсан учраас тэр мөнгийг өгч би тэр утас зарсан хүнээс утсыг аваад нөгөө утсаа алдсан хүүхдийн эцэг, эхэд нь өгсөн юм. ...Энэ утасны хэргийг хийхдээ Больхүү гэж хүүхэдтэй хамт үйлдсэн байсан. Хулгайн хэргийг ганцаараа хийсэн байсан, гэртээ бол их хэмжээний мөнгө төгрөг болон эд зүйл авчирч байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 25 /,

 

-Гэрч Д.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний хүү найзтайгаа уулзаад хичээлийн ном өгнө гээд 4-18 дугаар байрнаас гарч явахад нь 10 цаг 10 минутын орчим хоёр хүүхэд өөдөөс нь орж ирээд нэг нь халаасыг нь нэгжиж 3000 төгрөг, нэг нь цүнхийг нь нэгжиж гар утсыг нь аваад, тэгээд 9 давхар руу лефтэнд суулгаж явуулаад зугтаасан байсан гэсэн мэдүүлэг /хх 95 /,

 

-Гэрч З.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний одоо санаж байгаагаар 07 сарын сүүлээр байх намайг дэлгүүр дээрээ сууж байхад 15, 16 болов уу гэмээр насны банди ганцаараа орж ирээд эгчээ цүнх, чемодан байна, хямдхан зарж байгаа юм. Манай ээж бид хоёр цүнхний лангуу ажиллуулдаг юм. Тэгээд наймааны ажлаа больж байгаа учир лангуу чөлөөлөх гээд байгаа болохоор хямдхан зарж байгаа юм. Та сонирхож үзэх үү. Дэлгүүр дээрээ тавьж байгаад зараач. Сургууль эхлэх хүртэл хүлээх гэхээр мөнгөний хэрэг болоод байдаг. Уг нь хичээл эхлэх юм бол хурдан зарагдах бараа байна гэсэн. Тэгэхээр нь үзье гэсэн чинь бор шаргал өнгийн том жижиг хоёр ширхэг буюу хос чемодан, мөн ягаан өнгийн чемодан нэг ширхэг, доод ёроол хэсэг нь урагдсан бор саарал өнгийн чемодан нэг ширхэгийг үзүүлсэн бөгөөд урагдсан чемодоныг үнэлэхгүй. Энэ чемоданаар цүнх зөөдөг байсан юм гэж ярьж байсан. Ёроол нь урагдсан чемодан дотор хүүхдийн сурагч цүнх 8 ширхэг байсан. Тэр банди хэлэхдээ нийлүүлээд бүгдийг нь 50.000 төгрөгөөр ав гэсэн. Тэгэхээр нь тэр хүүд 50.000 төгрөг бэлэн мөнгө өгөөд цүнх болон чемодныг нь авсан. Худалдаж авсан цүнхнүүдээ дэлгүүрийнхээ лангуун дээр өрчихсөн байсан. Гэтэл маргааш өдөр нь хөдөөний бололтой хоёр хүн орж ирээд хос буюу том жижиг хоёр чемоданыг 30.000 төгрөгөөр худалдаж аваад явсан. Түүнээс хойш 5 ширхэг сурагч цүнхийг нь хүнд өгсөн. Нэг цүнхийг нь залуухан залуу, хүүхэн хоёрын хүүхэд нь цүнх авна гээд уйлж нэхээд эцэг, эх, хоёр нь мөнгө төгрөг байхгүй гээд байхаар нь бэлэг болгож өгөөд явуулсан. Үлдсэн дөрвөн цүнхийг нь нэг бүрийг нь 5000 төгрөгөөр үнэлж зарсан” гэсэн мэдүүлэг /хх 157 /

 

Гэрч Б.Нарангаравын мөрдөн байцаалтад өгсөн :...Тэр бөөнөөр нь авах юм бол 1ширхэгийг нь 2500 төгрөгт өгнө гээд бор ногоон өнгийн мяндсан шуудайтай1 боодол дотроо 140ш цүнх авчирсан юм...тэгээд 1 ширхэгийг нь 2500 төгрөгөөр нийт 350 000 төгрөг өгөөд авсан.Мөнгийг бэлэн өгөөд явуулсан....Харин 2016 оны 7 сарын 31-ний өдөр ...Чика буудал дээр очиход анх надад цүнх зарсан залуу ганцаараа ирчихсэн байсан.2 боодолтой цүнх буудлын коридорт оруулаад ирсэн байсан.Задлаад үзэхэд голдуу эрээн алаг өнгийн эмэгтэй хүүхдийн гэмээр цүнхнүүд байсан учир би авахгүй гэсэн.Тэрээр хэд хоногоос эрэгтэй цүнхээр солиод өгье би худлаа хэлэхгүй гээд байсан.Тэгээд 2 боодол цүнхийг задлаад тоолж үзэхэд нэг боодлоос нь 140ш цүнх гарч ирсэн юм.Ингээд нийт 280ш цүнхийг 1 ширхэгийг нь 2500 төгрөгөөр худалдан авахаар болж түүнд бэлэн 700 000 төгрөг өгөөд цүнхийг авсан.Ингээд энэ залуугаас 2 удаа худалдан авсан нийт 420ш цүнхнээс 84ш цүнхийг зарах гээд өөр газар байлгаж байсан.Буудлын өрөөнд үлдсэн 336ш цүнхийг цагдаагийн алба хаагч хураан авсан.19ш цүнхийг зарсан.65ш цүнхийг өнөөдөр хураалгаж байна”гэсэн мэдүүлэг/хх148,194/

 

-Гэрч Д. Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн үед нэг танихгүй залуу Нарангарав эгч байна уу гэж асууж байснаа гаднаас дахиад нэг танихгүй залуутай 2 шуудайтай ямар нэгэн зүйл дэн буудалын коридорт оруулж ирсэн. Би охин Нарангарав руу гар утсаар залгаад “Чамайг хүн уулзах гээд хүлээгээд байна” гэж хэлсэн чинь одоо удахгүй очлоо гэж надад хэлсэн. Нарангарав тухайн үед морины талбай дээр хуушуур хийж зарж байсан юмаа. Нарангарав хэсэг хугацааны дараа дэн буудалд орж ирээд нөгөө танихгүй залуутай өрөөнд ороод шуудайнд байгаа зүйлийг үзээд байх шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх 161 /

 

-Гэрч М.Үйтүмэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Гэрийнхээ хашааны гадна ирээд хашааны хаалгаа гаднаас нь онгойлгох гээд хашааны завсраар харсан чинь гаражийн үүд онгойчихсон, үүдэнд нь Далайбаян хоёр ширхэг бараан өнгийн чемодан бариад зогсож байсан. Тэгэхээр нь үүдээ онгойлгосон чинь тэр хоёр чемоданыг хаяад зугтаасан. Тэгэхээр нь хашаандаа орсон чинь гаражийн цоож онгорхой газар хэвтэж байсан бөгөөд түүний түлхүүр нь зоолттой байсан” гэсэн мэдүүлэг /хх 163 /,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 697 дугаартай :

1. Э.Амин-Эрдэнийн биед тархи доргилт үүсчээ.2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.4.Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 44/

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 128 /

-Гэрэл зургийн үзүүлэлт /1хх 129, 200, 2хх 79-86 /

-Хохирлын үнэлгээ,тооцоо /1хх 39, 98, 168, 176, 2хх 73-84,93-94 /

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 83, 121, 198, 199, 201, 2хх 52, 73/

-Нас тоолсон тухай тэмдэглэл болон бусад хувийн байдлын баримтууд /2хх 51 /

            -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 69, 82 /

-Ө.Далайбаянг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, ял өөрчилж сонсгон яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /1хх 110-116 ху/

 

-Б.Больхүүг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, ял өөрчилж сонсгон яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /1хх 117-120 ху/

 

Шүүгдэгч Ө.Далайбаянгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Дээрэм,булаалтын 3 үйлдлээ хүлээн зөвшөөр байна.796 ш цүнх авсан гэдгийг зөвшөөрөхгүй байна. Эхний боодол 140 ш байсан. Дараагийн 2 боодлыг тоолоогүй. Эхний задалсан шуудайд зузаан том эмэгтэй цүнхнүүд байсан гэсэн мэдүүлэг,

 

-Өсвөр насны шүүгдэгч Б.Больхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Далайбаян миний мотоциклийг цагдаад хураалгасан. Тэгээд мотоциклоо гаргаж авах гээд мөнгө хэрэгтэй болсон. Тэгээд бид 2 хамт хүүхдүүдийг 9 давхар руу дагуулж яваад утас, мөнгө зэргийг нь авсан. Утсыг нь маргааш буцааж өгсөн. Хохирлоо бид 2 хувааж төлсөн. Амин-Эрдэнийг би цохисон. Бусдын эд хөрөнгийг булаасан, дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай,шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ө.Далайбаян, Б.Больхүү нар хамт явж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-18 дугаар байрны орцонд  насанд хүрээгүй Б.Лхагвасайханы хувцасны халаас болон цүнхийг нь нэгжиж байгаад Samsung tab4 маркийн гар утас, 3000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр,хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан”,

 

-2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 4-16 дугаар байрны 5 дугаар давхарт насанд хүрээгүй Э.Амин-Эрдэнэ,Шинэбаяр нарыг найзуудынх нь хамт жагсааж зогсоож байгаад “та нар бид хоёрыг мэдэхүү” гээд нүүр, гэдэс ,хэвлий рүү гар хөлөөрөө цохиж өшиглөн зодож,амыг нь ангайлган цус гараагүй байна гэж дахин зодох,халаасанд байсан бүх эд зүйлийг нь гаргуулж  тавиулах зэргээр хүч хэрэглэн довтолж Амин-Эрдэнийн Samsung s4 маркийн гар утсыг нь,Шинэбаярын 5000 төгрөгийг тус тус авсан,

 

-2016 оны 11 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны 1-р орцонд насанд хүрээгүй Ц.Алтансүлд, Э.Мөнгөншагай нарыг оруулж байгаад заамдаж авч мөргөөд халаасыг нь нэгжиж Алтансүхээс 3000 төгрөг, Мөнгөншагайгаас 1000 төгрөг тус тус авсан үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж,хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байх тул Эрүүгийн хуулийн эдгээр зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар эдгээр гэмт хэргийг 2017 оны 7 дугаар сарын 01-нээс өмнө 2002 оны Эрүүгийн хууль мөрдөж байх үед үйлдсэн боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн зарчимд нийцүүлэн 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ө.Далайбаян нь 2016 оны 07 дугаар сарын 27-31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 2-14 тоот хашаанд байх гаражын цоожийг эвдэн нэвтэрч 4ш шуудайтай,мөн задгай хураасан байсан сурагчийн болон эмэгтэй цүнхнүүд, 2 ширхэг чемодан авсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүний энэ үйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл хэсэг үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарын үйлдэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг,эд зүйл хураан авсан,хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд,шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч нарыг бүлэглэж “бусдын эд хөрөнгийг илээр,хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан”,“бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж,хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,шүүгдэгч Ө.Далайбаянг бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөр барагдуулсан байдал,Б.Больхүү хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан болон үйлдсэн хэргийн шинж байдал,шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирол бүрэн барагдсан байна.

 

Харин, хохирогч С.Алтанцэцэг шүүх хуралдаанд “...Нийт 796 ширхэг цүнх алдагдсан. 1 шуудайнд 200 ширхэг цүнх ордог. 3 шууданд 600 цүнх, задгайгаар 196 цүнх хулгайд алдсан. 401 ширхэг цүнхээ авсан Одоо 12,690,000 төгрөг нэхэмжилнэ”гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан,шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтад 3 ширхэг шуудайд тус бүр 200 ширхэг цүнх байсныг нотлох баримт авагдаагүй, хохирогчийн энэ мэдүүлэг бусад баримтаар батлагдаж нотлогдоогүй,нотолгоо хангалттай бус байна.

 

Гэрч Б.Нарангарав мөрдөн байцаалтад :...Тэр бөөнөөр нь авах юм бол 1 ширхэгийг нь 2500 төгрөгт өгнө гээд бор ногоон өнгийн мяндсан шуудайтай1 боодол дотроо 140 ширхэг цүнх авчирсан юм...тэгээд 1 ширхэгийг нь 2500 төгрөгөөр нийт 350 000 төгрөг өгөөд авсан.Мөнгийг бэлэн өгөөд явуулсан....Харин 2016 оны 7 сарын 31-ний өдөр ...Чика буудал дээр очиход анх надад цүнх зарсан залуу ганцаараа ирчихсэн байсан.2 боодолтой цүнх буудлын коридорт оруулаад ирсэн байсан.Задлаад үзэхэд голдуу эрээн алаг өнгийн эмэгтэй хүүхдийн гэмээр цүнхнүүд байсан учир би авахгүй гэсэн.Тэрээр хэд хоногоос эрэгтэй цүнхээр солиод өгье би худлаа хэлэхгүй гээд байсан.Тэгээд 2 боодол цүнхийг задлаад тоолж үзэхэд нэг боодлоос нь 140 ширхэг цүнх гарч ирсэн юм.Ингээд нийт 280 ширхэг цүнхийг 1 ширхэгийг нь 2500 төгрөгөөр худалдан авахаар болж түүнд бэлэн 700 000 төгрөг өгөөд цүнхийг авсан.Ингээд энэ залуугаас 2 удаа худалдан авсан нийт 420 ширхэг цүнхнээс 84 ширхэг цүнхийг зарах гээд өөр газар байлгаж байсан.Буудлын өрөөнд үлдсэн 336 ширхэг цүнхийг цагдаагийн алба хаагч хураан авсан.19 ширхэг цүнхийг зарсан. 65 ширхэг цүнхийг өнөөдөр хураалгаж байна”гэж мэдүүлсэн байх тул шуудайтай 420 ширхэг цүнх,задгай 196 ширхэг цүнх, 2 ширхэг  чемоданыг шүүгдэгч Ө.Далайбаян хулгайлж авсан гэж дүгнэж,шуудай тус бүрт ямар үнэтэй, ямар хэлбэр хийцийн цүнх хэдэн ширхэг байсан болох нь тогтоогдоогүй тул 2-р хавтаст хэргийн 73-83 дугаар хуудаст авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нийт 6 төрлийн цүнхний дундаж үнэлгээгээр нийт хохиролын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шинжээчийн дүгнэлтээр 6 төрлийн цүнхний дундаж үнэ 30833 төгрөгөөр тогтоогдсон байх тул 616 ширхэг цүнхээр тооцоход нийт цүнхний үнэ 18,993,128 төгрөг болсон ба үүн дээр 2 ширхэг чемоданы үнэ 300 000 төгрөг нэмж 19,293,128 төгрөгний хохирол С.Алтанцэцэгт учирсан гэж дүгнэв.

 

Хохирогч 9 930 000 төгрөгний хохирол төлөгдсөн гэх тул шүүгдэгчээс 9 363 128 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор зааж шийдвэрллээ.

 

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцохоор заалаа.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Өлзийсайханы Далайбаян,Баттулгын Больхүү нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр,хүч хэрэглэхгүйгээр,хууль бусаар авсан,бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ө.Далайбаянг бусдын агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

  

        2.Шүүгдэгч Ө.Далайбаян,Б.Больхүү нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих,Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

         3.Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,8.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан Б.Больхүүд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар эдлэх ялыг тогтоосугай.

 

        4.Шүүгдэгч Ө.Далайбаянг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     

         5.2015 оны Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.Далайбаянд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял,2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5/таван/ жилийн хугацаагаар,шүүгдэгч Б.Больхүүд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.  

     

               6.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Далайбаянгийн цагдан хоригдсон 219 хоног,Б.Больхүүгийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.

       

               7.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Далайбаянд оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Б.Больхүүд оногдуулсан 2 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

              8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Далайбаянгаас 9,363,128 төгрөг гаргуулан хохирогч С.Алтанцэцэгт олгож,нэхэмжлэлийн шаардлагаас 3,336,872 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

              9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Больхүү төлөх төлбөргүйг дурдсугай.

 

              10.Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарыг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.                                                                                                                                                           

           

      11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                   

 

 

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               Шүүхийн шийдвэрийг залруулах тухай   

                                                        

 

       Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “шүүхийн шийдвэр залруулах тухай” шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

       Улсын яллагч Ц.Идэрмөнх

       Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч  Ю.Ганбат

       Өсвөр насны шүүгдэгч Б.Больхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийж, Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Далайбаян, Б.Больхүү нарт холбогдох 201614000468 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны 275 дугаартай шийтгэх тогтоолд залруулга хийх тухай асуудлыг хэлэлцэв.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

    

            Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Больхүүг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих,Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Больхүүд оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг тогтоохдоо Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг тогтоогоогүй орхигдуулсан алдаа гаргасан байна. Иймд дээрхи алдааг залруулж шүүгдэгч Б.Больхүүд оногдуулсан ялын тооцоог зөвтгөх үндэслэлтэй.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1,4,5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

            1.Шүүгдэгч Ө.Далайбаян,Б.Больхүү нарт холбогдох 201614000468 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны 275 дугаартай шийтгэх тогтоолын  3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Больхүүд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 6 сарын,Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тус тус эдлэх ялыг тогтоосугай” гэж, 5 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Больхүүд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр,Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай” гэж, 7 дахь заалтад “Б.Больхүүгийн эдлэх 1 жил 6 сарын хорих ялыг” гэж тус тус залруулсугай.

 

        2.Шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ