Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/32

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 14-ний өдөр          2021/ДШМ/32                                     Хэрлэн сум

 

 

Б-од холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/00032/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Д.Чулуунпүрэв,

Нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр Б-од холбогдох эрүүгийн 2039000560108 дугаартай 1 хавтас 191 хуудас бүхий хэргийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн итгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Батноров суманд 1993 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Са-н Б-

 2019 оны 11 дүгээр сарын 27-28-нд  шилжих шөнө уналга буюу хүрэн зүсмийн морь ашиглан Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Хар-Энгэр” гэх газраас хохирогч Т-ын эзэмшлийн 1 тооны ухаа халзан зүсмийн сувай гүүг хулгайлж, 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хэнтий аймгийн прокурорын газраас Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Б овогт С-ын Б-ыг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б-од тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж

байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэнийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн  8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 650000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж прокурорын газрын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь нийцээгүй байна. Шүүгдэгч Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн. Дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг ямар хугацаагаар оногдуулсан нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ үүсгэж байна. Шийтгэх тогтоолд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг “тэнссэн хугацаанд” гэж заасан хэдий ч 4 жилийн хугацаагаар тэнссэнийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл хэмжээг тусгах” хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэжээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б- нь 2019 оны 11 дүгээр сарын  27-28-нд  шилжих шөнө уналга буюу хүрэн зүсмийн морь ашиглан Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Хар-Энгэр” гэх газраас хохирогч Т-ын эзэмшлийн 1 тооны ухаа халзан зүсмийн сувай гүүг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1хх 11-15/,

Хэргийн газрын бүдүүвч зураглал /1хх 16/,

Хохирогч Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны  11 дүгээр сарын 27-ны  өдөр манай адуу Б- гэх айлын баруун урд талд бэлчиж байсан. Тухайн үед адуугаа тоолоход бүрэн байсан. Маргааш нь адуугаа тоолоход ухаа халзан бүдүүн гүү байхгүй байсан. Тэгээд Б-ын мал ажилладаг газарт очиж үзтэл хонины арьсан доороос миний хулгайд алдсан хонгор халзан гүүний шийр гарсан...”  гэх мэдүүлэг /1хх 19-28/,

Гэрч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад тус сумын 4 дүгээр багт байрлах “Хар өндрийн энгэр” гэх газарт морьтой очоод Т-ын халиун азаргатай 6-7 тооны адуу байхаар нь тууж өвөлжөөн дээрх саравчинд аваачиж хашаад буруу талын хөл нь бэлэвсэн сартай хонгор зүсмийн гүүг барьж аваад саравчнаас зүүн хойш 100 метр орчим зайд аваачиж нядалсан...” гэх мэдүүлэг /1хх 44-46/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШД-99 дугаартай: “...1 тооны адуу малын зах зээлийн үнэлгээг 800000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлт /1хх 66-68/,

Хохирогч Т-ын “...Б- нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэсэн тодорхойлолт /1хх 153/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч Б-ыг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 Анхан шатны шүүх шүүгдэгч Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ялыг  оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг хамруулах эсэх талаар шийдвэрээ шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар шийтгэх тогтоолд заагаагүй нь  шүүхийн шийдвэр  ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцээгүй талаар бичсэн  прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын ”Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэнийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэн, мөн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

 

2.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад зүйл, заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэснийг дурьдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

 

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

 

                                                                                              Г.БОЛОРМАА