| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2022/01274/И |
| Дугаар | 102/ШШ2023/04169 |
| Огноо | 2023-11-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2023/04169
| 2023 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2023/04169 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Р.Алтантуяа, Г.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д
Нэхэмжлэгч: Т.
Нэхэмжлэгч: Э
Хариуцагч: ТЗ.
Гэм хорын хохиролд 26.488.150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э, хариуцагчийн төлөөлөгч Х.Эс, иргэдийн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Догсомаа, С.Т, Д.Э нар нь ТЗд холбогдуулан гэм хорын хохиролд нийт 26,488,150 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 19,370,700 төгрөг шаардсан. Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...ийн иргэн Д.Э, О.Д, Галуут багийн иргэн С.Т нар нь 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ТЗын харъяа Б тасгийн ажилчдын алдсан түймрээс болж гэр бараа, малын хашаа саравч, пин вагончик, гэрийн доторхи тавилга хэрэгсэл, бичиг баримт, хувцас, мал тэрэг, түлээ түлшээ галд алдаж хохирсон. Б тасгийн ажилчид Чойбалсан хотоос хилийн боомт хүртэл бүх замыг хариуцан түймрийн хавар, намрын улиралд хуурайшилтын үед цурам тавьж төмөр замын дэр мод хамгаалах ажиллагааг жил бүр хийдэг. Энэ удаад 2 удаа цурам тавих ажиллагааг үргэлжлүүлэн хийсэн. Сүүлийн 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өртөөнөөс нааш 145 км-ийн 7 дугаар зуутийн цэгээс цурам тавих ажиллагааг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж явахдаа гал алдаж ширүүн салхитай байсан тул галыг зогсоож чадаагүй байдаг. Ингээд Чойбалсан өртөөнөөс хойш Гурванзагал, Дашбалбар, Чулуун-Овоот гэсэн сумыг хамарсан их түймэр 2 хоногийн турш үргэлжилсэн. Уг түймэр нь төмөр замын хашлаганы гадна талаас цурам тавьж байсан цэгээс 30 см зайн дээрээс түймэр өргөжиж зүүн хойш чиглэлд шатсан. Түймрээр 1,000,0000,000 төгрөгийн хохирол сумын нутаг дэвсгэр, бэлчээр, ус, төсвийн хөрөнгө, ард иргэдэд учирсан. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж иргэд, малчдад учирсан хохиролыг ажлын хэсэг, зохих хүмүүс тогтоосон. Тухайн үед ажлын хэсэгт орсон хүмүүсээс зарим нь ажлаасаа гарсан, хаяг дугаар олдохгүй, ганц нэг хүн нас барсан, ажлаасаа халагдсан зэрэг шалтгаанаар олдохгүй байгаа. Эрүүгийн хэрэг хаагдаж иргэдийг иргэний журмаар хохирлоо нэхэмжил гэсэн. Ер нь 2,000,000 төгрөгний хохирлоос дотогш учирсан улсууд хохирлоо нэхээгүй байгаа шүү. Эрүүгийн хэрэгт байгаа баримтыг үндэслэж энэ улс хохирлоо нэхэмжлэхгүй бол өөр баримт байхгүй. Уг түймэрт иргэн С.Т, Д.Э, О.Д нарын эд хөрөнгө, мал шатаж хохирол учирсан. О.Дгийн нөхөр Ч.Г бөгөөд тухайн үед эхнэр О.Д нь хохирогчоор тогтоогдсон. Цагдаагийн мөрдөн байцаах тасгаас О.Дг хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа түүний нэрийг дандаа О.Т гэж бичсэн байсан. Регистрийн дугаар бол нэг хүнээр таардаг. Энэ хоёр хүн гэр бүлийн хүмүүс гэдэг нь тогтоогдсон. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа С.Т 3,940,000 төгрөг, О.Д 6,088,500 төгрөг, Д.Э 16,459,650 төгрөг, нийт 26,488,150 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гарч нэхэмжлэгч нарын хохиролын үнэлгээг 20,720,700 төгрөг гэж тогтоосон. 2012 онд Д.Эт тусламжийн гэр өгсөн тул үнэлгээнээс гэрийн үнэ 1,350,000 хасагдаж тооцогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгаж О.Д 5,131,000 төгрөг, Д.Э 10,667,700 төгрөг, С.Т 3,572,000 төгрөг нийт 19,370,700 төгрөгийг хариуцагч ТЗаас гэм хорын хохиролд нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч ТЗ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор 2012 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг өгсөн. Эдгээр баримт нь нэхэмжлэгч нарыг хохирогчоор тогтоогдсон үеийн тогтоол, мэдүүлгүүд. Энэ мэдүүлгээр эд зүйлийнхээ эзэмшигч, өмчлөгч байсан гэдгээ нотлох гэж оролдож байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийм хөрөнгөтэй байсан, эдгээр хөрөнгө нь түймэрт шатсан гэдгийг нотлох ямар ч баримт нэмж өгөөгүй. Зөвхөн галын шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээг үндэслэсэн байна. Хөрөнгийн үнэлгээ ч 2012 онд эрүүгийн хэрэг шалгаж байх явцад өгсөн мэдүүлэг, хөрөнгийн жагсаалтын хүрээнд л хийгдсэн. Эрүүгийн хэргийг нь шийдээд шийтгэх тогтоол гараагүй тул эдгээр баримтыг хөдлөшгүй үнэн гэж тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2012 онд Эрүүгийн хэрэгт хохирогчоор иргэн О.Т гэж тогтоогдоод холбогдох мэдүүлэг өгч хохирлоо нэхэмжилж явсан болохоос О.Д гэдэг хохиогч тогтоогдоогүй. Регистрийн дугаар адилхан тул шийдэж болно гэж ярьлаа. О.Д гэж хүн хохирогчоор тогтоогдоогүй, энэ нэрний хүмүүс нэг хүн гэж үзэх боломжгүй. Д.Эын хувьд нилээдгүй эд зүйл шатсан. 5 ханатай гэр, гэрийн моднууд гэж нэхэмжилдэг боловч 2012 онд хохирогчоор мэдүүлэг өгч явахад нь орон нутгийн захиргаанаас тусламжийн гэр олгосон тул гэр нэхэмжлэхгүй, хохирол арилсан гэж үзэж байна.
С.Тийн хувьд хашаа саравч шатсан гэдэг боловч шатсан үеийн гэрэл зургаар ч юм уу давхар нотлогддоггүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр С.Тийг хохирогчоор тогтоож, байцаасан тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ, С.Тийн 2011 оны жилийн эцсийн мал тооллогын баримт, 2012 оны 07 дугаар сарын 07, 2012 оны 12 дугаар сарын 04, 2013 оны 04 дүгээр сарын 01, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус О.Тг хохирогчоор тогтоож байцаасан тэмдэглэл, Л.Тгийн эд зүйлийг үнэлсэн үнэлгээ, Цагаанчулуут багийн малчин Ч.Г, Д.Эын суурийг үнэлсэн ажлын хэсгийн үнэлгээ, фото зураг, түймэрт өртсөн Ч.Гийн эд зүйлийн жагсаалт, Ч.Гийн 2011 оны жилийн эцсийн мал тооллогын баримт, Д.Эын 2011, 2012 оны мал маллаж байсан малын тоо бүртгэл, 2012 оны 07 дугаар сарын 07, 2013 оны 04 дүгээр сарын 08, 2014 оны 06 дугаар сарын 05, 06 дугаар сарын 09-ны өдөр Д.Эыг хохирогчоор тогтоож байцаасан тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, Прокурорын хариу мэдэгдэх хуудас, 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хээрийн түймрийн шалтгаан нөхцөл, Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд баг Хавирга гэх газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан танилцуулга, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 09 Шинжээчийн дүгнэлт, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Галын шинжээчийн нэмэлт дүгнэлт, 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Галын шинжээчийн дүгнэлт, 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан хээрийн гал түймрийн эхлэлийн цэгийн байршлын схем, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын дугаар А/53 Ажлын хэсэг байгуулах тухай захирамж, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ой хээрийн түймрийн хохирлын акт, Чулуунхороот сумын нутаг дэвсгэр дээр гарсан түймэрт өртсөн малчид иргэдийн хохирол тогтоосон тэмдэглэл, Түймэрт өртсөн малын тоо ангилал, Чулуунхороот суманд 2012 оны 04 дүгээр сарын 22-23-нд гарсан түймэрт шатсан айл өрхийн гэр, хашаа саравч, пингийн жагсаалт, гэрчээр Г.Б, Д.М, Х.Ч, Р.О нарыг асуусан мэдүүлэг, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн иргэний хариуцагчаар ТЗыг татах тухай тогтоол, иргэний хариуцагчаар байцаасан тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Галын аюултай ажил явуулахад олгох зөвшөөрлийн хуудас, 2010 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын Үнэлгээний комисс томилох тухай захирамж, Сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар А/54 Малын сэг зэм устгах тухай захирамж, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Түймэрт шатсан малын сэг, зэмийг устгасан тухай илтгэх хуудас, нэхэмжлэгч О.Дгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ч.Г, О.Д нарын гэрлэлтийн баталгаа, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн дугаар 09 Шийтгэх тогтоол,
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Ү.Б асууж мэдүүлэг авах,
5. Хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Д, Д.Э нарын 2011 оны малын А дансыг Чулуунхороот сумын архивын тасгаас нотлох баримтаар гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийж баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б тасгийн ажилчид цурам тавих ажиллагааны үед гал алдаж 4 сумыг хамарсан их түймэр 2 хоногийн турш үргэлжилж эд хөрөнгө, мал эд зүйлс их хэмжээний хохирол учирсан тул хохирлоо нэхэмжилнэ гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь 2012 онд эрүүгийн хэрэгт гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгээ үндэслэн галд шатсан эд зүйлийн эзэмшигч, өмчлөгч гэдгээ нотлохоос өөр баримтгүй, бусад баримтаар тогтоогдоогүй, эрүүгийн хэрэгт О.Д гэсэн хохирогч байхгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.1. 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Дорнод аймгийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын газрын Зөвшөөрлийн хуудсаар ТЗын Б тасгийг Хөх нуураас Чингис бал, 103 дугаар км-ээс Хавирга, Хавиргаас 180 дугаар км хүртэл цурав тавих ажил явуулахыг зөвшөөрч, 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ТЗын Б тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос төмөр замын ажилчид цурав тавьж яваад гал алдсаны улмаас Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуун-Овоот сумдыг хамарсан их түймэр асаж улсад болон тус сумын оршин суугч иргэд малчдад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь Б тасгийн дарга Л.Э, Ш.Э нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар, ТЗыг иргэний хариуцагчаар тус тус татсан хэрэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, Б тасаг нь өртөөнөөс зүүн хойш төмөр замын чиглэлээр 92,3 км-т хаялага шороог оруулаад 3 м өргөнтэй анжисаар газрыг хагалсан ба хагалсан газраас дотогш 5,7 метрийн өргөнтэй цурав тавьж шатааж, хагалсан газрын ирмэгээс 40 см зайнаас гал анх үүсвэрлэн гарсанг үзлэгээр тогтоосон 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай Дорнод аймгийн Онцгой байдлын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн танилцуулга, Шинжээчийн дүгнэлт болон 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Галын шинжээчийн дүгнэлт, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Галын шинжээчдийн нэмэлт дүгнэлт, 2012 оны 04 дүгээр сарын 22-нд гарсан Хээрийн гал түймрийн эхлэлийн цэгийн байршлын схем, гэрч Ү.Б 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б тасгийн ажилчдын тавьсан түймэр Дорнод аймгийн Дашбалбар сумын зүүн хэсэг, Чулуунхороот сумын баруун урд хэсгээр шатсан. Түймрийн тархи нь Чулуунхороот сум руу ороод явсан. Түүнээс н.О тавьсан түймэр Чулуунхороот сумын нутагт ороогүй бид тэр дор Төмөр замын түймрийн цурманд оруулж унтраасан гэсэн мэдүүлэг, баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Цурав тавьж гал алдсантай холбогдуулж Б тасгийн дарга Л.Э, Ш.Э нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан хүндэвтэр хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн, байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дугаар 5/91 прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутагт байрлах ТЗын Б тасгийн ажилчидийн тавьсан цуравнаас оч үсэрч гал үүсвэрлэн гарч түймэр ассан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролыг хариуцагч ТЗаас шаардах эрхтэй.
4.1.2. Хариуцагч тал 2012 онд эрүүгийн хэрэгт гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгийг үндэслэн хохирол шаардсан, нэхэмжлэгч нарын эзэмшлийн хөрөнгө болохыг тогтоосон баримтгүй, О.Д хохирогчоор тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг няцаасан боловч нэхэмжлэгч С.Т, Д.Э, О.Д нар Чулуунхороот суманд нутагладаг, Чулуунхороот сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар А/53 Ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар түймэрт өртсөн айл өрхийн хохиролыг тогтоох ажлын хэсгийг 8 хүний бүрэлдэхүүнтэй томилж, ажлын хэсэг түймэрт өртсөн малын тоо ангилал, айл өрхийн гэр, хашаа саравч, пингийн, хохиролын мөнгөн дүнгийн нэгтгэлийг гаргаж, Сумын Засаг даргын дугаар 36 захирамжаар Эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээний комиссын бүрэлдэхүүнийг байгуулж, Засаг даргын А/54 захирамжаар Малын сэг зэмийг булж устгах ажлын хэсэг тус тус байгуулагдсан байна.
Түймэрт өртсөн малын тоо, ангилалыг гаргасан ажлын хэсгийн тооллого, Түймэрт шатсан айл өрхийн гэр, хашаа саравч, пингийн жагсаалтаар Ч.Гийнх том мал 8 толгой, Д.Эынх том мал 2, төл мал 50, нийт 52 толгой мал, мөн Ч.Гийн гэр 1, хашаа саравч 1, пин 2, Д.Эын гэр 1, вагончик 1, хашаа саравч 1, С.Тийн хашаа саравч 2 ширхэг тус тус түймэрт өртсөн жагсаалтыг гаргаж эд зүйлийг үнэлж галд шатсан байдлыг фото зургаар бэхжүүлж эд зүйлийг үнэлсэн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр О.Тг хохирогчоор тогтоож байцаасан тэмдэглэл үйлдэхдээ Оргодолын Дг, О Т гэж нэрийг буруу бичсэн, түүний нэр О Д болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхээр тогтоогдож, Ч-ын Г, О-ын Д нар гэр бүл болох нь 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
5. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас нэхэмжлэгч нарын мал, эд хөрөнгийг үнэлсэн нийт үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж хохиролд 19,370,700 төгрөг нэхэмжилсэн, нэхэмжлэлийн энэ үнийн дүнд хариуцагч маргаагүй тул хариуцагч ТЗаас 3,572,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Тид, 5,131,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Дд, 10,667,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
6. Иргэдийн төлөөлөгчийн иргэдийн нэхэмжилж буй эд хөрөнгө нотлогдсон бол хариуцагч талаас гаргуулах саналтай гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд тооцож улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй.
8. Нэхэмжлэгчээс 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоолийг баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд шинжээчийн зардал 150,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч ТЗаас гаргуулж Хөрөнгийн Үнэлгээний төв ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ТЗаас 3,572,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Тид, 5,131,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Дд, 10,667,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт тус тус олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,037 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТЗаас улсын тэмдэгтийн хураамжид 97,046 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Дд, 72,102 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Тид, 185,622 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч ТЗаас 150,000 төгрөг гаргуулж Хөрөнгийн Үнэлгээний төв ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.АРИУНАА