Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/04148

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/04148

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц

Хариуцагч: Х ХХК

Гэрээний төлбөрт шилжүүлсэн 34,000,000 төгрөг гаргуулах үндсэн, гэрээний үүрэгт 15,753,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ц, өмгөөлөгч С.Н, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Х ХХК-нд холбогдуулан 34,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэгч Г.Цд холбогдуулж 15,753,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: К ХХК-ийн захирал Б.Н, Г.Цгийн хүргэн Ц.С нар найзууд бөгөөд Б.Н нь Ц.Сд 1 мкв талбайг 1,100,000-1,200,000 төгрөгөөр худалдаж авах боломжтой орон сууц байна манай компанийн цемент нийлүүлдэг Х ХХК-иас бартерын байр авах уу гэж анх санал болгосноор Г.Ц өөрийн дүү Г.Гын хамт тус тусдаа байр авахаар тохиролцсон. Ингээд Х ХХК, К ХХК-ийн хооронд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг үндэслэл болгон Г.Ц нь Х ХХК-ийн өмнөөс 106,672,000 төгрөгийг К ХХК-нд төлж, Х ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж ...нд баригдаж байгаа ...д 51 мкв 1 орон сууц, 61 мкв 1 орон сууц, нийлээд 2 айлын орон сууц нийт 112 мкв, нийт үнэ нь 134,400,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны гэрээ, холбогдох баримт бичгийг Г.Цгийн нэр дээр шилжүүлэх тухай гэрээг байгуулж, 106,672,000 төгрөг төлөгдсөн. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ нь Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээ гэсэн нэртэй боловч утга агуулгаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний агуулгаар гэрээг тайлбарлаж энэ зүйл заалтаар нэхэмжилсэн. Х ХХК нь энэ гэрээний үүргээ биелүүлээгүй. ...д орон сууц өгч чадахгүй боллоо гээд ... доржийн гудамж ...хаягт байрлалтай 48,97 мкв талбайг 1,200,000 төгрөгөөр тооцож Г.Цд шилжүүлсэн. Г.Ц байрыг охин н.Ний нэр дээр гэрчилгээг гаргуулж авсан. Хариуцагч гэрээгээр шилжүүлэх ёстой 112 мкв талбайтай орон сууцнаас 48,97 мкв талбай бүхий орон сууцыг шилжүүлж, үлдэх мкв талбайтай орон сууцыг шилжүүлээгүй. Хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сард С-3 орон сууцыг ашиглалтад оруулсан боловч өгөх ёстой зөрүү мкв талбай бүхий орон сууцыг өгөөгүй. Х ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээгээр төлсөн төлбөрөөс үлдэх зөрүү 34,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэв.

2. Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлага тодорхойгүй. Аль гэрээний дагуу хүчин төгөлдөр гэж үзээд шаардаад байгаа юм бэ. Гэрээний үлдэгдэл төлбөр шаардаж байгаа юм бол орон сууц захиалгын гэрээ юмуу эсвэл шилжүүлэх гэрээ юм уу, хохирол уу. Гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэнтэй холбоотой гэрээний үлдэгдэл төлбөр гэж шаардаж байгаа нь Иргэний хуулиар шаардах эрхгүй. Иймд манайх сөрөг нэхэмжлэл гаргасан. Мкв-ыг хямд нөхцөлөөр авчихаад хэдэн зуун саяар үл хөдлөх хөрөнгөө зарчихаад, хууль эрх зүйн ямар үндэслэлээр шаардах эрхтэй гэж үзээд байгаа юм бэ. Дансаар орсон гээд байгаа мөнгө нь Х ХХК-ийн дансанд ороогүй харин К ХХК-ийн захирал Б.Нийн дансанд орсон байхад түүнээс шаардах эрхтэй бол шаардаачээ. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу К ХХК-тай цемент нийлүүлэх гэрээний харилцаанд орсон. Тухайн үеийн Ковидын нөхцөл байдалтай холбоотой цемент улс орон даяар хомсдоход бартерын байр хөнгөлөлттэй нөхцөлөөр авчихаад ямар гэрээгээр мөнгө авахаар шаардах эрхтэй гэдэг нэг ийм асуудал чинь тогтоогдохгүй байна. Нотлох баримтаар цемент хомсдсон үйл баримтуудыг өгсөн. Давагдашгүй хүчин зүйлээр цемент хомсдсон нөхцөл үүссэн. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул бид өгсөн авсан зүйлээ нэхэмжилж болно. Тухайн компанитай эргүүлээд тооцоо гэрээ контрактыг дахин нөхөн төлүүлэх гэрээ хийлгүүлээд өнөөдөр бид үл хөдлөх хөрөнгөө ч авах эрхтэй. Зах зээлд байрны мкв 2,500,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгний ханштай байдаг. Өнөөдрийн зах зээлд хэн ч оруулсан мөнгөн дүнгийн анх нэхэмжилсэн үнийн дүнгийн 47,000,000 төгрөг дээр үлдэгдэл төлбөр гээд нэхэмжилсэн үндсэн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар тодорхойгүй гэж үзэж байгаа учир мөн хуулийн 117 дугаар зүйлийн үндэслэл гарч байгаа. Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд ийм тайлбартай байна гэв.

3. Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орон сууц захиалан бариулах тухай гэрээнээс татгалзаж тус гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцны зөрүү төлбөр 15,753,000 төгрөг Г.Цгаас гаргуулна. Х ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Г.Цтай Орон сууц захиалан бариулах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Давагдашгүй хүчин зүйл Ковид-19 гарсантай холбогдуулаад компани гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Г.Ц ч мөн адил гэрээгээр заасан үүргээ биелүүлээгүй 27,728,000 төгрөгний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Ингээд ...ы орон сууцны оронд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж .. дугаар хороо Алтах ... доржийн гудамж ... байранд байрлах 48,97 мкв хоёр өрөө 122,425,000 төгрөгний үнэ бүхий байрыг шилжүүлсэн. Ингээд орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөний зөрүү 15,753,000 төгрөгийг Г.Цгаас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Байрыг 1,100,000 төгрөгөөр тооцож авсан, Б.Нийн дансанд Г.Г энэ хоёр мөнгөө шилжүүлсэн гээд байдаг боловч бид Бүтээгдэхүүн нийлүүлэх өндөр үнийн дүнтэй бетон зуурмаг нийлүүлэх компани К ХХК-тай өндөр үнийн дүнгээр бетоны гэрээ хийгдээд гэрээний харилцаа дуусгавар болсон. Гэтэл 2,500,000 төгрөгийн үнэ бүхий 122,425,000 төгрөгийн байр авчихаад биднээс ямар гэрээгээр нэхээд шаардаад байгаа нь тодорхойгүй. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, 122,425,000 төгрөгний үнэ бүхий байр өгсөн тул зөрүү төлбөрт 15,753,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

4. Нэхэмжлэгч Г.Ц шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Х ХХК-ийн захирал Д.... эхнэр н.Д хоёртой уулзаж анх бартерын байр авахаар ярьсан. Энэ хүмүүс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр өгөх ...ы байр болохгүй боллоо гэж амаар надтай яриад С констракшнаас байр өгнө гэж гэрээ хийгээгүй байхдаа амаар ярьж гэрээг шинэчлэн хийгээд хаалганы чинь дугаарыг өгнө гэсэн. Анхнаасаа надад ямар ч хаалганы дугаар өгөхгүй гэрээ хийсэн тул хаалганы дугаар тавиулъя гэсэн юм. Би энэ хүмүүст итгээд мөнгөө өгөөд хохироод явж байгаа хүн. 2022 оны 03 дугаар сарын 14-нд н.Д захирал ирж уулзаад нөгөө газар байр өгөхөө больчихлоо гэхээр нь тэгээд яах юм гэхэд арай жижиг квадраттай байр байна та авч бай гээд Г.Гт чи намайг битгий тэвдүүлээрэй дараа удахгүй чиний байрыг өгнө гэж хэлсэн. Гэрээнд гарын үсэг зурах хэрэг байна уу гэхэд байрыг нэр дээрээ авахын тулд гэрээнд гарын үсэг зурна, зураад байраа авч бай, гэрээнд бичигдсэн мөнгө ерөөсөө хамаагүй, 51 мкв байрны оронд 48,97 мкв орон сууц өгч байгаа юм шүү гээд өөрөө явах гэснээ болиод борлуулагч залууг явуулаад 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Анхнаасаа надад тэгж ойлгуулж хэлсэн. Хэрэв өмнө хийсэн 112 мкв байрны оронд энэ байрыг өгч байна гэсэн бол бид хоёр хоёулаа байсан болохоор яагаад ч зөвшөөрөхгүй байсан. 112 мкв орон сууц шилжүүлээгүй тул байрны зөрүү гэж 15,753,000 төгрөгийг төлөхгүй гэв.

5. Нэхэмжлэгчээс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн К ХХК, Х ХХК-ийн хооронд байгуулагдсан Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Х ХХК-ийн иргэн Г.Гт хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлэг, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууц захиалан бариулах тухай гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн СвХХК-ийн албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хэлцэл,

6. Хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Х ХХК-ийн тодорхойлолт, Техник импорт ХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг, Цемент бизнес эрхлэгчдийн холбооны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн цемент хомстсон тухай албан бичиг, Хөх шугам ХХК-ийн мэдэгдэл, Талын торгон зам ХХК-ийн Үнийн санал,

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр К ХХК-ийн захирал Б.Н, Ц.С нарыг гэрчээр асууж мэдүүлэг авч, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хариуцагчаас, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус нотлох баримтаар гаргуулж,

8. Хариуцагчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас .. дугаар хороо ...Б.Доржийн гудамж .. байрны ...хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, хувийн хэрэг гаргуулж баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр 112 мкв талбайн хэмжээтэй тусдаа 2 орон сууц өгөхөөс 48,97 мкв талбайтай орон сууцыг шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул зөрүү төлбөрөө гаргуулна гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ямар гэрээний үүрэг шаардаж байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, 122,425,000 төгрөгний үнэ бүхий байр өгсөн тул зөрүү төлбөрт 15,753,000 төгрөгийг гаргуулна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хоёр тусдаа орон сууц өгөхөөс нэг байрыг нь өгөөгүй тул байрны зөрүү 15,753,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр няцаасан.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. Хариуцагч Х ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр К ХХК-наас цемент худалдан авахаар тохирч Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний төлбөрийн нөхцөл 3.1-т гэрээний нийт төлбөрт ...ы 51 мкв болон 61 мкв 2 орон сууцыг 123,200,000 төгрөгт /1 мкв-ыг 1,100,000 төгрөгт тооцон/ бартерт өгөх ба үүнээс К ХХК нь 93,450,000 төгрөгийг төлж барагдуулсан. Зөрүү үүссэн тохиолдолд цемент нийлүүлэхээр тохиролцож гэрээ байгуулагдсан байна.

Цементийн төлбөрийг орон сууцаар төлөх нөхцөлтэй хийгдсэн энэ гэрээг үндэслэн К ХХК нь Х ХХК-аас хүлээн авах дээрх хоёр орон сууцыг иргэн Г.Цд шилжүүлэхээр Х ХХК-тай тохиролцож, Г.Ц нь К ХХК-нд 51,35 мкв байрны үнэ 26,000,000 төгрөг, бэлнээр 8,000,000 төгрөг, Г.Гаас 60,56 мкв 3 өрөө байрны үнэ 72,672,000 төгрөг нийт 106,672,000 төгрөгийг төлсөн тул 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Х ХХК нь Г.Цтай Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулжээ.

Тус гэрээгээр Х ХХК нь К ХХК-ийн хооронд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг үндэслэл болгон ...нд баригдаж байгаа ...ы 6 давхар 112 мкв талбайтай Орон сууцны гэрээ, түүнтэй холбоотой баримт бичгийг иргэн Г.Цгийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцож гэрээний гол нөхцөл 2 дугаар зүйлд Орон сууцны талбайн хэмжээ 112 мкв, орон сууцны нийт үнэ 134,400,000 төгрөг, төлбөрийн урьдчилгаанд 106,672,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдлийг 2021-06-01-нд дуусгавар болгох нөхцөлтэй Орон сууц захиалгын гэрээний эрх шилүүлэх тухай гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн гэрээ, гэрч К ХХК-ийн захирал Б.Н, Ц.С нарын мэдүүлэг гэсэн баримтуудаар тогтоогдсон. /хх- 7-11, 57-60/

6.2. Х ХХК, Г.Ц нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээ нэртэй байгуулагдсан боловч утга агуулгын хувьд 112 м кв талбайтай орон сууцыг 134,400,000 төгрөгөөр худалдан авах тухай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан.

Худалдан авагч Г.Ц нь 112 мкв тайлбай бүхий орон сууцны үнэд 106,672,000 төгрөг төлсөн боловч худалдагч Х ХХК нь гэрээгээр хүлээсэн 112 мкв талбай бүхий орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэхээс .. дугаар хороо ...доржийн гудамж ... байранд байрлах 48,97 мкв 2 өрөө сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэх мкв бүхий талбайтай орон сууцыг худалдан авагчид шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар гэрээний энэ хэсгээс татгалзаж мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар орон сууцны үнэд шилжүүлсэн 34,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж хариуцагч Х ХХК-наас 34,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Цд олгох нь зүйтэй.

Шүүх хуралдаанд хариуцагч тал 26,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 8,000,000 төгрөгийг төлсөн баримтгүй гэж тайлбарласан боловч зохигч талын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр нэхэмжлэгч байрны үнэд 106,672,000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна.

7. Хариуцагч Х ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэгч төлөөгүй, 122,425,000 төгрөгний үнэ бүхий 48,97 мкв талбайтай байр өгсөн гэж тайлбарлан /122,425,000-106,672,000=15,753,000/ байрны зөрүү төлбөрт 15,753,000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаардсан боловч гэрээгээр тохиролцсон ...ы орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй, уг орон сууцны оронд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж .. дугаар хороо ...доржийн гудамж ... байранд байрлах 48,97 мкв 2 өрөө сууцыг Г.Цгийн өмчлөлд шилжүүлсэн болох нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээр тогтоогдож байна.

Г.Ц, Х ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 3.1-т уг байр нь Х констракшн ХХК-ийн бартерийн байр бөгөөд төлбөр тооцоо болон НӨАТ-тай холбоотой асуудлыг Х констракшн ХХК бүрэн хариуцахаар төлбөрийн нөхцөлийг тохирсон, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээр 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний үүрэгт дээрх орон сууцыг шилжүүлсэн болох үйл баримт тогтоогдож байгаа тул хариуцагч 122,425,000 төгрөгнөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр төлсөн 106,672,000 төгрөгийг хасч зөрүү 15,753,000 төгрөгийг шаардах эрхгүй тул хариуцагч Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

8. Шүүх хуралдаанд хариуцагчаас ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Х ХХК-ийн тодорхойлолт, Техник импорт ХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг, Цемент бизнес эрхлэгчдийн холбооны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн цемент хомстсон тухай албан бичиг, Хш ХХК-ийн мэдэгдэл, т ХХК-ийн Үнийн санал гэсэн баримтууд нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй.

9. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул энэ үнэд ногдох төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Х ХХК-иас 34,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Цд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,310 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-наас 327.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Цд олгосугай.

3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Г.Цд холбогдох 15,753,000 төгрөг гаргуулах хариуцагч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,715 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА