Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 837

 

 

 

 

 

 

 

 

 

С.П гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/00762 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.П гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ц т холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.000 ам.доллар буюу 42 092 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.П  шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Ц  нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр надаас 17 000 ам.доллар зээлж аваад зээлсэн мөнгөө өгөхгүй маш их хугацаа алдсан. Ингээд миний бие нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Ц той уулзаж зээлсэн мөнгөндөө хүү тооцохгүй, харин доллараар нь буцааж авахаар харилцан тохиролцож 17 000 долларыг 2017 оны 05 дугаар сарын 31-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож бичгээр хэлцэл хийж хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гэвч Б.Ц  нь одоо хүртэл зээлсэн мөнгөө төлөхгүй явсаар байна. Иймд Б.Ц оос 17 000 ам.доллар /42 092.000 төгрөг/ гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 30-нд гэрээ байгуулсан. 2017 онд хүү тооцохгүйгээр тохирсон гэж байна. 2013 оны 12 дугаар сарын 30-нд гэрээ байгуулагдсан нь тодорхойгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар мөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Баримтаар гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй. Хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 12 дугаар сарын 30-нд дууссан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж байна. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх үед яригдахгүй. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн баримт үйлдэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Нэхэмжлэгч нь мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцсон байдаг. Гэтэл 2013 онд долларын ханш 1 320 төгрөг орчим байсан. Иймд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцох нь үндэслэлгүй. Иргэний хуульд зааснаар ханш өөрчлөгдвөл үүрэг үүссэн үеийн ханшаар тооцох нь зүйтэй. Хэрэгт байгаа баримтын хувьд нэхэмжлэгчийн нөхөр нь хариуцагчийн гэрт ирж дарамталж гарын үсэг зуруулсан гэж надад хэлсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц оос 42 092 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.П д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 368 410 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тухай ойлголт нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх үед яригдах бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээг анх хэзээ байгуулсан болох нь тодорхой байх ёстой. Гэтэл шүүхийн зүгээс зээлийн гэрээг хэзээ байгуулсан гэдэг нь тодорхойгүй гэсэн атлаа хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж үзсэн нь учир дутагдалтай. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон. Ийм байхад 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийсэн хэлцлийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй боломжгүй. Нэхэмжлэгч нь 2013 онд хариуцагчид мөнгө зээлсэн гэх бөгөөд төлбөр гүйцэтгэх мөнгөний ханшийг тооцохдоо 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцсон байна.  2013 онд 1 ам.долларын ханш 1 320 төгрөг орчим байсан бол 2017 онд 2 476 төгрөг буюу 2013 оныхоос 2 дахин их болсон байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан. Үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй байгаа нь долларын ханшийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу үүрэг үүсэх үеийнхээр буюу 2013 оныхоор тооцох боломжтой гэж үзэж байна. Гэтэл шүүхийн зүгээс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч нь 17 000 ам.долларыг төлөхийг зөвшөөрсөн байх тул тус өдрийн ханшаар тооцох нь зүйтэй гэсэн байна. Зээлийн гэрээний үүргийн харилцаа 2017 онд үүсээгүй. Мөнгийг шилжүүлснээрээ зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.П  нь хариуцагч Б.Ц т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 000 ам.доллар буюу 42 092 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б.Ц  нь С.П гээс 17 000 ам.доллар буюу 42 092 000 төгрөгийг зээлээд, мөнгөө төлөхгүй хугацаа алдсан. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү тооцохгүйгээр буцааж өгнө гэж тохирсон. Бичгээр хэлцэл хийсэн. Иймд Б.Ц оос 42 092 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Гэрээг байгуулсан байна гэж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Хэлцэл бол тасалдаагүй дууссан гэж үзэж байна. 17 000 ам.долларыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Монголбанкны ханшаар тооцсон нь үндэслэлгүй” гэж тус тус тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв байна.

Хэрэгт 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “хэлцэл” гэх баримт авагдсан байх ба уг баримтын агуулгаас үзвэл 17 000 ам.долларыг хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. /хх 3/

 

Дээрх хэлцэлд дурдсанаар зохигчид 17 000 ам.долларын зээлийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариуцагч нь төлөхөөр тохиролцсон байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь хэсэгт тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан нь монгол төгрөгийн гадаад улсын валюттай харьцах ханш өөрчлөгдөх тохиолдолд хамаарахгүй юм. Иймд ам.долларын зээлийг тооцохдоо зээл авах үеийн ханшийг баримтлан төгрөгөөр гүйцэтгэх үүргийг тодорхойлох ёстой гэх хариуцагчийн тайлбар, гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд хэлцэл байгуулагдах үед 1 ам.долларын ханш 2 476.02 төгрөгөөр тооцож 17 000 ам.доллар буюу 42 092 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П  нь “Ай Би Капитал” ББСБ-иас зээл авсан бөгөөд Б.Ц  нь тус банк бус санхүүгийн байгууллагын Хаан банкны 517602725 тоот дансанд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 8 удаа өөрийн нэрээр шилжүүлэг хийсэн гэж тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад шилжүүлсэн баримтын хуулгыг гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 101/ШЗ2018/17653 дугаартай хангасан захирамж гаргасан байна. /хх 29-31/ Уг хүсэлтээсээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзсан байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/00762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалангаас төлсөн 368 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

                                           ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН