Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/37

 

М.Өнөрсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, ерөнхий шүүгч             Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг

                                                                                                 Г.Давааренчин

                                              Оролцогчид

                                    Прокурор                                     А.Баясгалан

                                      Шүүгдэгч                                        М.Өнөрсайхан

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хангайтан овогт Мягмарын Өнөрсайханд холбогдох эрүүгийн 2031002710206 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Техникчдийн гудамж, 4-03 тоотод оршин суух хаягтай, урьд

-2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 136 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 55 тоот тогтоолоор 145.2-т зааснаар 2 жил, 6 сар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнссэн,

-2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 81 тоот тогтоолоор 145.-2т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, гавьяа шагналгүй, Хангайтан овогт Мягмарын Өнөрсайхан /РД:МЕ82080711/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Өнөрсайхан нь 2020 оны 07 дугаар сарын сүүлчээс 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Мягмарын ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх М.Өнөрсайханд холбогдох хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Хангайтан овогт Мягмарын Өнөрсайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Өнөрсайханд 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өнөрсайханы цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Өнөрсайханд анхааруулсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өнөрсайханаас байгаль орчинд учруулсан хохирол болох 70,776,361 төгрөгийг байгаль орчныг нөхөн сэргээх зардал болох 4,403,785 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч М.Өнөрсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Миний бие Мягмар овогтой Өнөрсайхан нь хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэгт холбогдон шалгагдаж Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021.06.07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн тооцогдож, торгох ял 6,000,000 төгрөг байгаль орчинд учруулсан хохирол мөн нөхөн сэргээх зардал нийт 75,180,146 төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөр болсон миний бие энэхүү шийдвэрийг тогтоох хэсгийн 5-д заасан байгаль орчинд учруулсан хохирол болох 70,776,361 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэхүү хэрэгт шинжээчээр оролцсон “Говь Эко” ХХК үнэлгээг бодит бус гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралд хууль эрх зүйн мэдлэг дутуу улмаас уг хэрэгт өөрийгөө өмгөөлүүлэх мэргэжлийн өмгөөлөгчгүй оролцсон нь тус хэрэгт миний эрх бүрэн хангагдаагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг давж заалдах журмаар дахин хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч М.Өнөрсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирол төлбөрийг төлөх боломжгүй байна. Учир нь миний бие муу байгаа тул харгалзаж үзэхийг хүсье. Төлбөрийг эхний хэмжээгээр тооцож өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.5 дугаар зүйлд зааснаар байгаль, экологид учирсан хохирлыг 3 дахин нугалж төлүүлэхээр хуульчилсан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд байгаль орчны хохирлын үнэлгээг гаргах эрх бүхий байгууллага “Говь эко” ХХК-н дүгнэлтээр хохирлыг тогтоосон тул хуульд нийцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас М.Өнөрсайхан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч М.Өнөрсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 6,000 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын дагуу М.Өнөрсайханд холбогдох эрүүгийн 2031002710206 дугаартай хэргийг бүхэлд нь Хянавал:

Шүүгдэгч М.Өнөрсайхан 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 08 сарын 10-ны хооронд Сэлэнгэ аймаг Ерөө сумын нутаг “Мягмарын ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч М.Өлзийсайхан, Д.Баярсайхан нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх ба шүүгдэгчийн гэм үйлдэлд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь  давж заалдах  гомдлын үндэслэлээ Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ зөвлөх үйлчилгээний “Говь Эко” ХХК-ний гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг өндөр тооцон гаргасанд гомдолтой байна гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Говь Эко” ХХК нь Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхтэй тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх бөгөөд шүүгдэгч нь тус компаний үнэлгээг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа үндэслэл бүхий тайлбар ирүүлээгүй байх тул  түүний үнэлгээний талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч М.Өнөрсайханы гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 23.995.527 төгрөгийн экологийн хохирол учирсан байна.  

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан.

Тус хэрэгт “Говь Эко” ХХК-ийг шинжээчээр томилж, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гаргуулсан байх боловч байгаль орчны хяналтын улсын байцаагчаас  шүүгдэгч М.Өнөрсайханд нөхөн төлбөр гаргуулах тухай акт гаргаагүй байна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас  нөхөн төлбөр ногдуулаагүй, мөн байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагын эрх бүхий этгээд буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй, тус ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийгдээгүй байхад шүүх өөрийн санаачилгаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх заалтыг баримтлан байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон шүүгдэгч М.Өнөрсайханд нөхөн төлбөр оногдуулсан нь хуулийн үндэслэлгүй болсон байна.

Иймд шүүгдэгч М.Өнөрсайханаас байгаль орчин экологид учруулсан хохирлыг   хэрэгт авагдсан  “Говь Эко” ХХК-ний  2020 оны 08 сарын 31-ний өдрийн 01 дугаартай “...М.Өнөрсайханы гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 23.995.527 төгрөгийн хохирол учирсан...” гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн  гаргуулах үндэслэлтэй  байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлт  оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах  шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1,1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дугаар заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

5 дугаар заалтыг:

“5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өнөрсайханаас байгаль орчинд учруулсан хохирол  23.995.527 төгрөг, байгаль орчныг нөхөн сэргээх зардал болох 4.403.785 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН