Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 102/2019/0776/и |
Дугаар | 838 |
Огноо | 2019-05-10 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 838
Г ХХК -ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/00776 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Н ХХК -д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 477 488 888 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхүлэг
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзул
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхүлэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ-1805031099 дугаартай зээлийн гэрээг Голомт банктай байгуулж, 1 065 350 000 төгрөгийн зээлийг 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд ЗБ-1805031099 дугаартай ипотекийн гэрээгээр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Москва рестораны зүүн тал байрлах 2 592 м.кв үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрхийн хамт барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дууссан. Зээлдэгч зээлийн гэрээний үүрэг зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 426 000 010 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ч төлбөр төлөгдөхгүй удсанаар зээлийн хүү бодогдсоор байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснээр үндсэн зээлийн үлдэгдэл 330 474 628.74 төгрөг, хүү 122 809 027.92 төгрөг нэмэгдүүлсэн хүү 24 205 231.43 төгрөг, нийт 477 488 888 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч Н ХХК -иас нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, газар эзэмших эрхээр хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн үндсэн төлбөр 330 474 628 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 1 065 350 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. Н ХХК , Г ХХК -д 1.5 хувийн хүүтэй, 2 300 000 000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан. Г ХХК 1.8 хувийн хүүтэй, 1 065 350 000 төгрөг зээлсэн. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09/957 дугаартай албан бичгээр шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй байна. Н ХХК -ийн буруугаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашраагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд талийгаач С.Баяраагийн өв хөрөнгийн маргаан гарч, иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Миний зүгээс өвийн маргаан шийдэгдэх хүртэл зээлийн маргааныг шийдэх боломжгүй гэдгийг Г ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэж байсан. Шүүх хуралдаан дээр удаа дараа энэ байр сууриа илэрхийлсэн. Хариуцагч Н ХХК -ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан С.Баяраа нас барснаар хариуцагч Н ХХК хууль ёсны төлөөлөгчгүй болсон. Тийм учраас өвийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл зээлийн маргааныг шийдвэрлэх боломжгүй юм. Хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Г.Жанчив Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан журам зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “хуулийн этгээд төлөөлөгчөөр дамжуулж ажиллагаанд оролцоно” гэж заасан. Н ХХК хуулийн этгээд, хязгаарлагдмал хариуцлагатай компани. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар компанийг төлөөлж аливаа эрх зүйн харилцаанд оролцох этгээд компанийн гүйцэтгэх удирдлага байна гэж заасан. Хавтаст хэрэгт Н ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа нотлох баримтаар авагдсан. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй цорын ганц этгээд талийгаач С.Баяраа байсан гэдэг нь нотлогдож байна. С.Баярааг нас барснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй болсон. Н ХХК -ийн 90 хувийн хувьцааг өвлөгчид ямар хэмжээгээр өвлөж авсныг тогтоосны дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн шинэ гүйцэтгэх удирдлагыг томилох боломжтой. Өвийн хэрэг шийдэгдэх хүртэл компанийн зээлтэй холбоотой маргааныг шүүх шийдэх боломжгүй байна. Н ХХК -ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч У.Ганчимэгээс Г.Жанчивд олгосон итгэмжлэл хуульд нийцэхгүй байна. ...Зээлийн гэрээтэй холбоотой маргаан хянан шийдвэрлэх явцад миний хоёр хүүгийн эрх ашиг хөндөгдөх магадлалтай байна. ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль бус итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор миний хоёр хүүгийн эрх ашиг сонирхол эрсдэл дагуулж байгаа учраас миний бие бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмнөөс тайлбар гаргаж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч “Намнантрейд” ХХК-иас зээлийн гэрээний үүрэг нийт 477 488 888 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК -д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Намнантрейд” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205015665 дугаартай, Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, Москва рестораны зүүн талд байрлах 2 592 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай Нарлаг төвийн 5 давхар барилга, уг барилга байрлаж буй Баянгол дүүрэг 14 хорооны нутаг дэвсгэрт орших ГД-0231389 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай 722 м.кв газар үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК -ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 703 343 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсвийн ордлогод, хариуцагч Н ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 2 773 543 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзул давж заалдах гомдолдоо: “...Тус иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно. Хариуцагч Н ХХК -ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон буюу шүүхээс төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийг оролцуулж, түүний гаргасан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивт тус компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч У.Ганчимэг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Итгэмжлэл” олгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Учир нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “... Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно...”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “...Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно...”, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт: “...Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна...” гэж тус тус заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээд оролцох тохиолдолд түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гагцхүү гүйцэтгэх удирдлага юм. Мөн гүйцэтгэх удирдлага нь хуулийн этгээдийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх этгээдийг томилох буюу түүнд итгэмжлэл олгох цорын ганц эрх бүхий этгээд юм. Хариуцагч Н ХХК -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий цорын ганц этгээд нь тус компанийн гүйцэтгэх захирал, 90 хувийн хувьцаа эзэмшигч талийгаач С.Баяраа болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн Н ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-71-74/-р тал, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн Н ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-199-200/-р тус тус хангалттай нотлогддог. Түүнчлэн шүүхээс гүйцэтгэх удирдлага болон эрх бүхий албан тушаалтан гэсэн өөр хоорондоо ялгаатай эрх зүйн байдалтай 2 этгээдийг адил эрх зүйн байдалтай 1 этгээд мэтээр тодруулбал “... Хууль болон компанийн дүрэмд зааснаар Н ХХК -ийн эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал У.Ганчимэг бөгөөд тэрээр компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гэрээ хэлцэл хийх эрх бүхий этгээд мөн гэж үзнэ...” гэж тайлбарлан Компанийн тухай хуулийг буруу хэрэглэж, “...Хэдийгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар Н ХХК -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь У.Ганчимэг болох талаар тэмдэглээгүй боловч Улсын бүртгэлийн ерөнхий газар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн тэмдэг дарж, баталгаажуулсан дээрх компанийн дүрмийг шүүх хууль бус гэж үзэх боломжгүй юм ...” гэж дүгнэн шийдвэр гаргасан нь ойлгомжгүй, хууль бус байна. Талийгаач С.Баяраагийн эзэмшлийн Н ХХК -ийн 90 хувийн хувьцааг түүний хууль ёсны өвлөгчид өвлөж авсны дараагаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах нөхцөл бүрдэж, улмаар компанийн гүйцэтгэх удирдлага хууль ёсоор томилогдоно. Үүний дараагаар Н ХХК нь тус иргэний хэрэгт өөрийн хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох боломжтой болох юм. Н ХХК -ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч, талийгаач С.Баяраагийн төрсөн хүүхдүүд болох Л.Лувсанжамц, Б.Чойжамц нар нь тус компанийн 90 хувийн хувьцааны өөрт оногдох хэсгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Гэтэл шүүхээс Н ХХК -ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч У.Ганчимэгээс олгосон хууль бус итгэмжлэлийг үндэслэн Г.Жанчивыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль бус, Н ХХК -ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч асан С.Баяраагийн хууль ёсны өвлөгчид болох Б.Лувсанжамц, Б.Чойжамц нарын эрх ашиг сонирхол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдөж байна. Ийнхүү Н ХХК -ийн хууль бус итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, түүний гаргасан хууль бус тайлбарыг үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н ХХК -ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчихөд хүргэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Н ХХК -д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 477 488 888 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дууссан. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг зөрчсөн. Иймээс зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “…зээлийн үндсэн төлбөр 330 474 628 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлажээ.
Зохигчид 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ1805031099 тоот зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр С.Баяраа, У.Ганчимэг нар 2 300 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр тохиролцож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Н ХХК -ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Москва рестораны зүүн талд байрлах 2 592 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай Нарлаг төвийн 5 давхар барилга, уг барилгад байрлаж буй Баянгол дүүрэг 14 хорооны нутаг дэвсгэрт орших ГД-0231389 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай 722 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ЗБ1805031099 тоот ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх-6-13, 14-16, 76-106/
Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Г ХХК нь зээлдэгчид 1 065 350 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлсэн үйл баримт нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 41-42/
Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Н ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Г ХХК Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх”, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан зохицуулалтыг зөв хэрэглэн нэхэмжлэгчийн хариуцагчаас үндсэн зээл, зээлийн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг зөв тодорхойлсон байна.
Иймд хариуцагч Н ХХК -иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 477 488 888 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Н ХХК -ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Москва рестораны зүүн талд байрлах 2 592 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай Нарлаг төвийн 5 давхар барилга, уг барилгад байрлаж буй Баянгол дүүрэг 14 хорооны нутаг дэвсгэрт орших ГД-0231389 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай 722 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзул давж заалдах гомдлын үндэслэлээ Н ХХК -ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч У.Ганчимэг нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Н ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй, компанийн 90 хувийн хувьцаа эзэмшигч болох С.Баяраа нас барсан үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн гэрээний үүргээ шаардаж байгаа тохиолдолд компанийн хувьцаа эзэмшигч болох У.Ганчимэг Н ХХК -ийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныг буруутгах боломжгүй. Учир нь Н ХХК -ийн дүрмийн 3.13 дахь хэсэгт “Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу Ухнаа овогтой Ганчимэг-г компанийн эрх бүхий албан тушаалд тооцно” гэж, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно”, 84.2 дахь хэсэгт “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна” гэж тус тус зааснаас үзвэл У.Ганчимэг нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байх тул У.Ганчимэгээс Г.Жанчивт олгосон итгэмжлэлийг үндэслэн анхан шатны шүүх түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу биш байна.
Хуулийн этгээдүүдийн хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаантай асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд нарын эрх, ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Учир нь Н ХХК -ийн хувьцаа эзэмшигч нас барснаар компанийн хөрөнгөнөөс гуравдагч этгээд болох Б.Лувсанжамц, Б.Чойжамц нарт ногдох өв залгамжлалын асуудал нь Г ХХК , Н ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний маргаантай хамааралгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/00776 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзулаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 545 395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН