Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/38

 

 

Л.Норжмаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, ерөнхий шүүгч             Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Г.Давааренчин

                                                                                               Б.Эрдэнэхишиг

                               

                                Оролцогчид

                                  Прокурор                                     А.Баясгалан

                                    Шүүгдэгч                                         Л.Норжмаа

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч               М.Гансүх

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэд овогт Лодойдамбын Норжмаад холбогдох эрүүгийн 2031002780057 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, Тавин гудамж, 2-444 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй Мэргэд овогт Лодойдамбын Норжмаа /РД:ХВ60122264/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Норжмаа нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Ялбаг” гэх газрын “Хорлоогийн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Л.Норжмаад холбогдох хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Мэргэд овогт Лодойдамбын Норжмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Норжмаад хорих ял оногдуулахгүйгээр, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Норжмаад оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцэлдээ:  “...Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Эрхэмбаяр би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Л.Норжмаа 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг Ялбаг гэх газрын Хорьлогийн ам нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Л.Норжмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 49 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Норжмааг “Тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Норжмаад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Л.Норжмааг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэгхүлээлгэж, хэрэгт битүүмжлэгдсэн “Ооозап 4701.С” маркийн 1 ширхэг экскаваторыг битүүмжилснийг чөлөөлж Н.Баасансүрэнд олгохоор тус тус шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

1.Тогтоох хэсгийн 6 дахь заалтад хэрэгт битүүмжлэгдсэн “Доосан 470ЛС” маркийн 1 ширхэг экскаваторыг битүүмжилснийг чөлөөлж Н.Баасансүрэнд олгохоор шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч Л.Норжмаагаас түүний үнийг гаргуулахгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу хэрэглэжээ. Учир нь: Эрүүгийн хуулийк ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж тус тус заасан байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарыч 03-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд прокурор оролцох саналыг гаргаж байна.” гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 06 дугаар сарын 03-ны 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Норжмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулсан. Уг шийтгэх тогтоолын 6 дахь заалтад битүүмжилсэн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж н.Баасансүрэнд олгохоор шийдвэрлэсэн атлаа түүний үнийг Л.Норжмаагаас гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.  Иймд өөрчлөлт Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Л.Норжмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг гэмт хэргийн улмаас ашиг, орлого олсон бол гэж байгаа. Миний хувьд ямар нэг ашиг олсон зүйл байхгүй. Дөнгөж эхлээд л зөвшөөрөлгүй байсан тул баригдсан. Би ямар нэг ашиг орлого олоогүй мөн их өвчний үед санхүүгийн байдал хэцүү өмнөх хүмүүстээ ч мөнгөө өгч чадаагүй байгаа. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” Гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Зүйлчлэлийн хувьд маргаангүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хувьд зорилго нь хуульд заагдсан байгаа. Хохирлыг нөхөн төлүүлэхэд л хэрэглэ гэсэн зорилготой. Үүн дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт хийнэ үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Л.Норжмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Норжмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Л.Норжмаад холбогдох эрүүгийн 2031002780057 дугаартай хэргийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Л.Норжмаа нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Ялбаг” гэх газрын “Хорлоогийн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, Доосан 470ЛС маркийн техник хэрэгсэл ашиглан ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон анхан шатны шүүх хэргийн үйл баримт хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Улсын яллагчийн зүгээс гаргасан “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид олгохоор заасан атлаа түүний үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар заагаагүй нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул зөвтгөж өгнө үү” гэх эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “...Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус  заасан байна.

Шүүгдэгч Л.Норжмаагийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнэ 8.000.0000 төгрөг, алт угаах төхөөрөмжийн үнэ 800.000 төгрөг, нийт 8.800.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтанд хэргийн зүйчлэл, шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэхгүйгээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгчийн зүгээс “Намайг гэмт хэргийн улмаас ашиг, орлого олсон бол гэж байгаа. Миний хувьд ямар нэг ашиг олсон зүйл байхгүй. Дөнгөж эхлээд л зөвшөөрөлгүй байсан тул баригдсан. Би ямар нэг ашиг орлого олоогүй мөн их өвчний үед санхүүгийн байдал хэцүү өмнөх хүмүүстээ ч мөнгөө өгч чадаагүй байгаа. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г гэмт хэрэг үйлдэх үедээ ашиг орлого олоогүй бол хэрэглэхгүй байхаар заагдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 6 дугаар заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 Үүнд: 6 дугаар заалтыг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн “Доосан 470ЛС” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж Н.Баасансүрэнд олгож, түүний үнэ 8.000.000 төгрөг, алт угаах төхөөрөмжийн үнэ 800.000 төгрөг, нийт 8.800.000 төгрөгийг шүүгдэгч Л.Норжмаагаас гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж,

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                Б.ЭРДЭНЭХИШИГ