Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0564/З |
Дугаар | 128/ШШ2023/0429 |
Огноо | 2023-05-11 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2023/0429
2023 05 11 128/ШШ2023/0429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Батболд,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Анхцэцэг,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Мөнхжин,
Гуравдагч этгээд: Д.Ууганбаяр,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ч.Баднайнямбуу,
Иргэдийн төлөөлөгч: Г.Даваасүрэн нарыг оролцуулан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Жаргалд холбогдох хэсэг буюу 18643318466082 дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Батболдын байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин, гуравдагч этгээд Д.Ууганбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, иргэдийн төлөөлөгч Г.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Батболд нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Жаргалд холбогдох хэсэг буюу 18643318466082 дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Батболдын байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгч Л.Батболд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан гомдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7/4541, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 03/2889 дугаар албан бичгээр хариу өгсөн байна.
Тус шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2021/0093 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 271 дугаар магадлалаар уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Жаргалд холбогдох хэсэг буюу 18643318466082 дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Батболдын байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгахаар тодруулсан.
3.Нэхэмжлэгч Л.Батболд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Л.Батболд би 1998 онд эзэнгүй газарт өөрийн төрсөн эх, дүү Л.Үүрцайх, хүргэн дүү Ц.Намдаг нарын хамт нүүн ирж, хүргэн дүү тусдаа хувийн сууц, би ээжийн хамт хувийн сууц барин, хоёр тусдаа хашаатай айл, хөршөөр амьдарч ирсэн бөгөөд уг газрыг тухайн үед хорооноос Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Тахилтын задгай гэх хаяг олгож, дараа нь манай энэ газрыг шинээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо болгож, оршин суух хаяг маань дээрх байдлаар өөрчлөгдсөн. Би төрөлхийн зүрхний хүнд өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувьтай оношлогдож, одоог хүртэл хүний асрамжид, гэртээ байдаг бөгөөд ээж маань өндөр настай, асрамжид байгаад 2006 онд нас барсан болно. Иймд бид хоёр өвчтэй байдгийн улмаас өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээгээ хөөцөлдөж авч чадаагүй бөгөөд хүргэн дүү Ц.Намдаг өөрийн өмчлөлийн газрын гэрчилгээгээ гаргуулчихлаа. Танайх гэрчилгээгээ гаргуулаарай" гэсэн тул хөрш хашаанд байгаа юм чинь манай газар байж байгаа гэж бодож ирсэн юм.
Хүргэн дүү Ц.Намдаг 2012 онд орон сууцанд орж, шилжиж явахдаа өөрийн хашаа байшинг холын худ ураг болох Д.Ууганбаярт худалдсан байсан.
Гэтэл 2018 оны 9 сард Д.Ууганбаяр нь манай газрыг өөрийн өмчийн 700 метр квадрат газар гэж үзэн чөлөөлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гэнэт гаргасан байдаг.
Би өмгөөлөгчөөр Ж.Баяржавхлан гэгчийг авч уг хэрэгт миний эрхийг хамгаалж оролцуулсан. Ингээд гэртээ байж байхад 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай гэрт ирж, намайг орон гэрээс минь хөөж, албадан нүүлгэх болсноо мэдэгдсэн.
Би шүүхэд маргаан маань хэрхэн дууссаныг мэдээгүй бөгөөд манай өмгөөлөгч байсан Ж.Баяржавхлан нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гарсан талаар, улмаар Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эсэх талаар надад мэдэгдэхгүйгээр хяналтын гомдол гаргах хугацааг дуусгавар болгосон байсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр манай газар дээр давхцуулан хүргэн дүү Ц.Намдаг газар эзэмших, өмчлөх гэрчилгээг гаргуулж, улмаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байжээ.
Ингэж миний 1998 оноос хойш амьдарч ирсэн газрыг маань Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь давхцуулан Ц.Намдагийн газар болгож эзэмшүүлсэн болох нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр тус албанаас хүмүүс ирж, намайг орон гэрээс минь хөөхөд л ойлгож мэдсэн бөгөөд манай өмгөөлөгч нөгөө талтай хуйвалдан шүүхийн шийдвэрийн талаар надад мэдэгдээгүй, мөн энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга болон захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой болохыг шинэ өмгөөлөгч авснаар ойлгож мэдсэн.
Би 1998 оноос үл хөдлөх хөрөнгөө барьж, амьдарч байсан газраа эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй боловч уг газрыг эзэмших хууль ёсны ашиг сонирхол үүссэн байхад Чингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Газрын алба ийнхүү уг газрын төлөв байдлыг шалгаж тогтоогоогүй буруутай ажиллагааны улмаас миний өмч хөрөнгийн эрхийг хөндөж, газрыг давхардуулан олгож хууль зөрчсөн байна...” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Тахилтын задгай, 160б тоотод 1998 оноос 2007 оныг хүртэл амьдарч байгаа бөгөөд энэ нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо болон 2007 оноос хаягийн өөрчлөлт орсон байдаг. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 2007 оноос, хуучин хаяг дээр 1998 оноос суурьшил нь ингэж тодорхойлогддог. Суурьшлын тодорхойлолт нь нэхэмжлэгчийн энэ хугацаанд оршин сууж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан тодорхойлолтууд, өрхийн бүртгэлийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Л.Батболд нь одоо амьдарч байгаа байшингаа буюу үл хөдлөх эд хөрөнгөтэй, үл хөдлөх эд хөрөнгөө 2002 оноос хойш өөрөө барьж эхэлсэн байдаг. 2002 онд анх сууриа цутгасан. Ингэхдээ Л.Батболд нь хөдөлмөрийн чадварын 80 хувийн алдагдалтай, ганц бие иргэн учраас тэтгэмжийн мөнгөнөөс илүү орлогогүй учраас бага, багаар барьсаар байгаад бүх л амьдралынхаа турш барьж босгосон ганц эд хөрөнгө нь энэ байгаа юм. Л.Батболдын үл хөдлөх эд хөрөнгө нь 112 м.кв талбайтай, хоёр давхар орон сууц бөгөөд 2019 онд шүүхээр маргаж эхэлж байхдаа хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлүүлэхэд 136.000.000 төгрөгийн үнэлгээгээр тодорхойлогдсон байдаг. Л.Батболдын хувьд өөрийн байгаа ганц үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах гэтэл 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар Засаг даргын захирамжийн Б.Жаргалд холбогдох хэсгийн дагуу хийгдсэн кадастрын зураг нь Л.Батболдын байшингийн хэсэг давхацсан буюу 300 м.кв эзэмшлийг 700 м.кв болгон өмчлөл болгохдоо кадастрын зураг нь буруу гарсан учраас давхцалтай, гуравдагч этгээдийн болон Л.Батболдын байшингийн давхцалтайгаар буруу гарсан, зөрчилтэй кадастрын зургаас болоод үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөх эрхийн гэрчилгээг авч бүртгүүлж чадахгүй, эрхийн зөрчил нь кадастрын зургаас үүсэлтэйгээр зөрчигдөж эхэлсэн юм. Тэгэхээр кадастрын зураг нь газар өмчлүүлэх эрх олгосон Засаг даргын захирамжийн хавсралт хэсэг гэж үзэж байна. Хавсралт хэсэг учраас захиргааны актын бүрдэл хэсэг буюу хавсралтад өөрчлөлт оруулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Кадастрын зургийг эрх бүхий компаниуд хийдэг боловч тэдгээр компаниудын хийсэн кадастрын зураг нь дангаараа эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй, Засаг даргын захирамжийн хавсралт болсноороо эрх зүйн үр дагавар үүсээд өнөөдөр эрх нь зөрчигдсөн учраас кадастрын зурагт өөрчлөлт оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад маргаад явж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А/330 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 160б тоотод байрлах 700 м.кв газрыг иргэн Б.Жаргалд өмчлүүлсэн байна. Иргэн Л.Батболд болон Д.Ууганбаярын газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцалгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
6.Гуравдагч этгээд Д.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би газраа 2012 онд Ц.Намдаг гэдэг хүнээс худалдаж авсан байдаг. Б.Жаргал гэдэг хүн Ц.Намдагийн эгч юм байна. Нэлээн олон хүмүүс одоо хүртэл амьдарч байгаа. Ц.Намдаг гэдэг хүн зарчхаад бэлэглэлээр ч билүү авсан байдаг. Би уурхай руу ажлаар явсан байж байгаад 2014 онд ирээд ийм асуудалтай байгаа шүү та нар гэж шаардаад яваад байсан. Эд нар төрсөн ах дүү хүмүүс. Тэгэхээр эд нар кадастрын зургийг мэдэхгүй байх үндэслэлгүй, маргах ямар ч үндэслэлгүй. Сүүлд намайг эзэнгүй хаячхаад явсан хойгуур хашаагаа томсгож бариад, тал нь ийм маргаан үүсгээд явж байгаа болохоос миний хувьд би хууль ёсных нь дагуу албан ёсны гэрчилгээтэй, тухайн үед газрын хянан баталгаа, бүх юмнуудыг нь хийлгээд авч байсан. Тэгээд итгээд энэ хүмүүсийг үлдээгээд та нар хараад байж байх хооронд хашаа байшингаа дуусгаад, дундуур нь хашаа бариад, одоо надад хажуу талын айлууд гомдол гаргаад ирсэн байна. Сүүлд хаягийн өөрчлөлт хийхэд Л.Батболд дундуур нь тасалснаараа хорооноос 94 гэсэн дугаар авсан байна. Энэ айлууд, Ц.Намдаг одоо хүртэл нүүгээгүй байгаа. Тэгэхээр миний хувьд газраа албан ёсоор шилжүүлж авъя. Би нэмж хасаад газрыг авсан зүйл байхгүй.“ гэв.
7.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Анхнаасаа 700 м.кв газар одоо ч 700 м.кв байгаа. Тухайн үед Л.Батболдын гэж нэрлээд байгаа байшин энд дутуу баригдсан байшин. Үүнийг буцааж авна гэдэг асуудал ярьж байсан. Одоо голоороо хашаа татчингуутаа энэ минийх гэдэг маргаан хийгээд байна. Тэгэхээр нэгэнт 700 м.кв газрыг Жаргалд өмчлүүлсэн захирамжтай маргахгүй, тэр шаардлагаасаа татгалзсан, энэ захирамж хүчин төгөлдөр, энэ захирамжийн үндсэн дээр кадастр 700 м.кв хийгдсэнээрээ хүчинтэй, хуулийн дагуу байгаа нөхцөлд Б.Жаргалын байшингийн доорх 70 м.кв газрыг хассан байдлаар кадастрыг нь өөрчилье гэдэг байдлаар шийдэх ямар ч боломж байхгүй. 2003 онд Б.Жаргалд эзэмшүүлж, 2005 онд өмчлүүлээд, Б.Жаргалаас Ц.Намдагт 2006 онд бэлэглэсэн. Ц.Намдаг нь Д.Ууганбаярт 2012 онд худалдсан гэдэг дарааллаар явж байгаа. Тэгэхээр Б.Жаргалын өмчлөл улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл өнөөдөр хүчин төгөлдөр. Үүн дээр ямар ч маргаангүй учраас кадастрт зөвхөн өөрчлөлт оруулах байдлаар Нийслэлийн Засаг даргад даалгах ямар ч боломж байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
8.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сайн мэдэхгүй байна. Хаашдаа байшинг нь барьчихсан, тэр хүний хөрөнгө болохоор нэг талдаа хэцүү. Нөгөө талынх нь өөрсдийнх нь өмчилсөн кадастрын хэмжээ газарт нь орсон болохоор сайн мэдэхгүй байна. Тохиролцох юм болов уу.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Л.Батболдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Л.Батболд нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Жаргалд холбогдох хэсэг буюу 18643318466082 дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Батболдын байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгахаар дараах үндэслэлээр маргасан.
1/2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар Засаг даргын захирамжийн Б.Жаргалд холбогдох хэсгийн дагуу хийгдсэн кадастрын зураг нь Л.Батболдын байшинтай давхацсан, 300 м.кв эзэмшлийг 700 м.кв болгон өмчлөл болгохдоо кадастрын зураг нь буруу гарсан, Л.Батболдын байшингийн давхцалтайгаар буруу гарсан, зөрчилтэй кадастрын зургаас болоод үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөх эрхийн гэрчилгээг авч бүртгүүлж чадахгүй, эрхийн зөрчил нь кадастрын зургаас үүсэлтэйгээр зөрчигдөж эхэлсэн.
2/Кадастрын зураг нь дангаараа эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй, Засаг даргын захирамжийн хавсралт болсноороо эрх зүйн үр дагавар үүсээд өнөөдөр эрх нь зөрчигдсөн учраас кадастрын зурагт өөрчлөлт оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад маргасан. 700 м.кв болгосон захирамжтай маргаагүй. Кадастрын зурагтай маргаж байгаа. Захирамж эрхийн зөрчил үүсгээгүй. Кадастрын зураг эрхийн зөрчил үүсгэж байгаа учраас кадастрын зурагтай маргаж байна.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэгж талбарын 18643318466082 дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 160 б тоот хаягтай 300 м.кв талбай бүхий газрыг анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны А/52 дугаар захирамжаар Б.Жаргалд эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2005 оны А/330 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 700 м.кв газрыг өмчлүүлсэн бөгөөд Б.Жаргалын газар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Г-2202003636 дугаарт бүртгэж, 000036671 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.
4.Б.Жаргалаас 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр тухайн газрыг Ц.Намдагт бэлэглэж, Ц.Намдаг 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Д.Ууганбаярт нэгж талбарын 18643318466082 дугаар бүхий, Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо, Тахилтын 4 дугаар гудамжны 193 тоот хаяг бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлж, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, 160 б тоот гэсэн хаягаар бүртгэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000084796 дугаар гэрчилгээг олгосон.
5.Д.Ууганбаяраас 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хаягийг зөвтгөн бүртгүүлэх хүсэлт гаргасны дагуу улсын бүртгэлд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамж, 193 тоот болж зөвтгөн бүртгэгдэж, 000115211 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон болох нь тус тус тогтоогдож байна.
6.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3.”аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”,
7.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2.1-д эрхийн гэрчилгээг олгоход дараах ажиллагаа хийгдэнэ.”, 2.1.10-т “Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх”, 13.1-д “энэ журмын 2.1-д заагдсан үйл ажиллагаа хийгдэж, холбогдох шийдвэр гарсан тохиолдолд Газрын кадастрын мэдээллийн сангийн график болон хүснэгтэн мэдээлэлд өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ” гэж тус тус зохицуулжээ.
8.Нэхэмжлэгч Л.Батболдоос маргаж буй газрыг эзэмших, өмчлөх хүсэлтийг зохих шатны Засаг дарга болон Газрын албанд гаргаж байгаагүй, уг газар Л.Батболдын эзэмшил, өмчлөлд бүртгэгдсэн бүртгэл нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд байхгүй, харин Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 186 дугаар захирамжаар Л.Батболдод эзэмшүүлсэн газар нь маргаан бүхий газарт биш өөр байршилд байдаг.
9.Гуравдагч этгээд Д.Ууганбаярын өмчлөх эрх газрын кадастрын мэдээллийн санд баталгаажсан нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 2/2157 дугаар албан бичиг, 2020 оны 1/1586 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны А/93, 2022 оны 62 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.
10.Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/01774 дүгээр шийдвэрээр гуравдагч этгээд Д.Ууганбаярын өмчлөх эрх бүхий 700 м.кв газраас 432.05 м.кв газрыг нэхэмжлэгч Л.Батболд хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа болохыг тогтоож, тус газрыг Л.Батболдын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна.
11.Нэхэмжлэгч Л.Батболд нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Ц.Намдагт ... газар эзэмшүүлсэн захирамж хүчингүй болгуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ц.Намдагийг ... өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, өмчлөх эрхийг Д.Ууганбаярт шилжүүлсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0389 дүгээр тогтоолоор баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
12.Л.Батболд нь нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар захирамжаар Б.Жаргалд газар өмчлүүлсэнтэй маргаагүй.
Харин уг шийдвэрийн дагуу 18643318466082 дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Батболдын байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгахаар маргасан боловч эдгээр шийдвэр, үйл ажиллагаа нь Л.Батболдын газар эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.
13.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “... нэхэмжлэгч байшингаа барьчихсан хүний хөрөнгө болохоор нэг талдаа хэцүү. Гуравдагч этгээд өмчилсөн кадастрын зурагт нь орсон болохоор сайн мэдэхгүй, тохиролцох юм болов уу.” гэснийг дурдах нь зүйтэй.
14.Иймд нэхэмжлэгч Л.Батболдоос нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Жаргалд холбогдох хэсэг буюу 18643318466082 дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Батболдын байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Батболдоос нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Жаргалд холбогдох хэсэг буюу 18643318466082 дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Батболдын байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА