Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 223

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

            Улсын яллагч П.Нямцэцэг,

            Шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,

Хохирогч Т.Солонго нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Ч Г холбогдох 201625031819 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын 58Г байр, 42 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч Г (РД:............),

нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) шунахай сэдэлтээр 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Монтел худалдааны төвд худалдаа эрхэлдэг Т.Солонгын лангуунаас Самсунг галакси Нөүт-5 маркийн утас 2 ширхэгийг, НТС D816 маркийн утас 2 ширхэг, Орро маркийн гар утас 1 ширхэгийг хулгайлж нийт 1.910.000 төгрөгийн,

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Алтжин бөмбөгөр худалдааны төвд худалдаа эрхэлдэг Л.Дөлгөөний лангуунаас Самсунг галакси Эс-6 эджи плас маркийн гар утсыг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдэж, нийт 2.160.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохирогч Солонгын хохирлыг төлж барагдуулна гэв.

            Ч.Гаас мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ:-Миний хувьд он сарыг сайн санахгүй байгаа. 2016 оны 8 сарын сүүлээр Монтел худалдааны төвийн урд байрлах 1 давхар гар утас худалдааны төвд утас үзээд явж байтал нэг лангуу хүнгүй байхаар нь араас нь ороод лангуун дор байсан утаснуудаас 4 ширхэгийг аваад гараад явсан. Тэгээд Нарантуул зах дээр очоод явуулын хүмүүсээс асууж байгаад тус бүрээр нь 100.000 төгрөгөөр 4 өөр хүнд зарчихсан. Түүнээс хойш хулгай хийгээгүй байж байгаад 2017 оны 01 сарын сүүлээр Бөмбөгөр худалдааны төвд явж байтал тавиур дээр утас байхаар нь хараад халаат авъя гэж хэлээд цааш харахаар нь утсыг нь авч гараад хажуу талын Орон зай худалдааны төвд гар утас засварын газарт 200.000 төгрөгөөр зарчихсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлыг барагдуулна  гэжээ.

Шүүх хуралдаан дээр хохирогч Т.Солонгоос мэдүүлэхдээ:-2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 30 минутын үе өнгөрч байхад Монтел худалдааны төвийн зохион байгуулагчийн өрөө рүү явахдаа лангуугаа хаагаад, бүтээгээд явсан. Өрөөнд ороод 20 минут болчихоод ирэхэд лангуу маань өм цөм болсон лангууны дээд талын эгнээнд байсан утаснууд алдагдсан байсан. Тэгээд юу болов, яав гээд камерын өрөө рүү орж камер шүүж үзсэн, тэгтэл энэ залуугийн дүрс камерын бичлэг дээр гарч ирсэн. Хохирлоо барагдуулбал гомдол саналгүй гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Дөлгөөнөөс мэдүүлэхдээ:-…2017 оны 01 сарын 25-ны өдөр 11 цаг 40 минутын үед ажлаа хийгээд байж байтал 25-30 орчим настай, 170 см өндөртэй, бор өнгийн царайтай, малгайгүй, хар өнгийн үстэй, цагаан өнгийн ноосон цамцтай, хар хөх өнгийн хүрэм, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гарнет 2 пүүзтэй, эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, ганцаараа орж ирээд 2 хувцас авъя үйлчлэгч, сувилагч нартаа авах гэж байгаа юм гэсэн. Тэгээд 4-5 минут болсоны дараа хувцасны олон өнгө асууж байснаа өлгүүрт байгаа хувцаснаас авъя гэхээр нь дор ууттай бэлэн байгаа размераас үзээд аваад өгье гээд 3 хувцас аваад уутанд хийгээд өгөх гэтэл хэдэн төгрөг болж байна гэхээр нь 78.000 төгрөг гэхэд за байж байгаарай гэснээ яваад өгөхөөр нь АТМ орох гэж байна гэж ойлгосон. Гэтэл 10 минутын дараа миний гадуур өмссөн байсан нимгэн хүрэмний халаас онгойчихсон байхаар нь үзтэл миний халаасанд хийсэн байсан Самсунг Галакси эс-6 эджи плас гар утсыг хулгайлчихаад гараад зугтааж байгаа бичлэг бичигдсан байсан. Тэр залууг орж ирэхийн өмнөхөн би цаг хараад буцаагаад кармандаа хийсэн. Тэрийг л уг залуу харсан байх гэжээ.

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Бадрахаас мэдүүлэхдээ:-2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Орон зай худалдааны төвийн утас засварын лангуунд сууж байхад 13 цагийн үед хар өнгийн хүрэм өмссөн гарнет 2 брэндийн пүүз өмссөн 27 орчим насны бага зэрэг архи уусан эрэгтэй орж ирээд Самсунг Галакси эс-6 маркийн гар утас үзүүлээд би найзуудтайгаа архи уух гэтэл мөнгөгүй болчихлоо. Энийг хямдхан авчихаач гэхээр нь 200.000 төгрөгөөр авсан шиг санагдаж байна. Тэгээд явуулын хүнд хямдхан зарчихсан. Гэтэл цагдаа сэргийлэх болоод надаас уг утасны эзэн гээд эмэгтэй утсаа нэхээд байхаар нь таньдаг хүнээс 700.000 төгрөгөөр адилхан утас авч өгсөн. Эс-6 маркийн гар утас гадуур 400.000 орчим үнэлгээтэй байдаг. Тэгээд тэр залуу хулгай хийхээргүй брэндийн пүүз өмссөн цэвэрхэн хувцастай залуу байсан учраас би худлаа яриагүй байх гэж бодсон. Тэгтэл уг утас нь Самсунг Галакси эс-6 эджи плас маркийн гар утас байсан гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Ч.Г нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Монтел худалдааны төвд худалдаа эрхэлдэг Т.Солонгын лангуунаас Самсунг галакси Нөүт-5 маркийн гэр утас 2 ширхэгийг, НТС D816 маркийн гар утас 2 ширхэг, Орро маркийн гар утас 1 ширхэгийг хулгайлж нийт 1.910.000 төгрөгийн, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Алтжин бөмбөгөр худалдааны төвд худалдаа эрхэлдэг Л.Дөлгөөний лангуунаас Самсунг галакси Эс-6 эджи плас маркийн гар утас хулгайлж 650.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Солонгын “…Монтел худалдааны төвийн лангууны дээд талын эгнээнд байсан утаснууд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг, хохирогч Л.Дөлгөөний “…25-30 орчим настай, 170 см өндөртэй, бор өнгийн царайтай, малгайгүй, хар өнгийн үстэй, цагаан өнгийн ноосон цамцтай, хар хөх өнгийн хүрэм, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн пүүзтэй, эрэгтэй 2 хувцас авъя үйлчлэгч, сувилагч нартаа авах гэж байгаа юм гэсэн. ... хэдэн төгрөг болж байна гэхээр нь 78.000 төгрөг гэхэд за байж байгаарай гэснээ яваад өгөхөөр нь АТМ орох гэж байна гэж ойлгосон. Гэтэл 10 минутын дараа миний гадуур өмссөн байсан нимгэн хүрэмний халаас онгойчихсон байхаар нь үзтэл миний халаасанд хийсэн байсан Самсунг Галакси эс-6 эджи плас гар утсыг хулгайлчихаад гараад зугтааж байгаа бичлэг бичигдсан байсан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Бадрахын “…Орон зай худалдааны төвийн утас засварын лангуунд сууж байхад 13 цагийн үед хар өнгийн хүрэм өмссөн гарнет 2 брэндийн пүүз өмссөн 27 орчим насны бага зэрэг архи уусан эрэгтэй орж ирээд Самсунг Галакси эс-6 маркийн гар утас үзүүлээд би найзуудтайгаа архи уух гэтэл мөнгөгүй болчихлоо. Энийг хямдхан авчихаач гэхээр нь 200.000 төгрөгөөр авсан шиг санагдаж байна” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээнүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б овогт Ч Г бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг давтан үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ч.Г нь 2005 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан хөнгөн гэмт хэрэгт ял шийтүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж, торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгийг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоолоо.

            Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгийг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу бага бус хэмжээгээр тооцов.

            Шүүгдэгч Ч.Г нь 51 хоног цагдан хоригдсон тул уг хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон болно. Шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно. 

            Хохирогч Т.Солонгод учирсан 1.910.000 төгрөгийн хохирлоос 100.000 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн тул үлдэхийг хохирогчид нөхөн олгуулахаар шийдвэрлэлээ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Дөлгөөний гар утсыг буцаан өгсөн байх ба иргэний нэхэмжлэгч Б.Бадрах нь өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж байна.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Ч  Г бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг давтан үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.Гийг эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 (арван хоёр сая хоёр зуун дөчин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар шүүгдэгч Ч.Гийн цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, торгох ялаас хасч, түүнийг ял эдэлж дууссанд тооцсугай.

4.Шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Гаас 1.810.000 (нэг найман зуун арван мянга) төгрөг гаргуулж, хохирогч Боржигон овогт Төмөрбаатарын Солонго (РД:СЙ82021701)-д олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг бусдын батлан даалтад өгсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ