| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/2387/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2682 |
| Огноо | 2025-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2682
2025 11 28 2025/ШЦТ/2682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч З.Өлзийхүү
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Чын Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00769 2269 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ............ тоотод оршин суух хаягтай, урьд
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жил зорчих эрхийг хязгаарлах ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1557 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус заасан, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг нэмж 8 жил 3 сар 16 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн
Б овогт Чын С /РД............ /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” .......орчим хохирогч Э.Оын гадуур хувцасны баруун халааснаас түүний эзэмшлийн Айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэм буруу дээр маргахгүй оролцож, хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 50-51 дэх тал/,
Хохирогч Э.Оын мэдүүлэг /хх-ийн 55 дахь тал/,
Хөрөнгө, үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №БЗД2-22-138 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63 дахь тал/,
Үүрэн холбооны оператор компаниудын лавлагаа /хх-ийн 189-199 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” .......орчим хохирогч Э.Оын гадуур хувцасны баруун халааснаас түүний эзэмшлийн Айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй.” гэв
******* нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” .......орчим хохирогч Э.Оын гадуур хувцасны баруун халааснаас түүний эзэмшлийн Айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь Э.Оын эзэмшлийн Айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх 50-51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Оын өгсөн: “... Би өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд хоёр гартаа ууттай юм бариад гар утсаа өөрийн өмсөж явсан дээлний баруун талын халаасанд хийгээд Баянзүрх дүүргийн ....... дугаар хороо “М”-ийн .......хажуугийн явган хүний замаар “К” зочид буудлыг чиглээд явган алхаж байсан бөгөөд, миний ард нэг хүн хүрэх шиг болохоор нь гарт барьж явсан юмнуудаа газарт тавиад, гар утсаа үзсэн чинь миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь би гар утсаа цүнхэндээ үзээд, халаасандаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд би харж байсан чинь нэг шаргал өнгийн куртиктэй залуу миний хажуугаар хурдтай явж өнгөрсөн. Тэгэхээр нь би тэр залууг сэжиглээд тэр залуу дээр дөхөж очоод “эгчийнхээ утсыг гаргаад өгчих” гэсэн чинь тэр залуу надад хандаж “та юу яриад байгаа юм бэ, би юу гэж таны гар утсыг авч байдаг юм бэ, та намайг нэгжээд үзэх юм уу” гэхээр нь би “юу гэж чамайг нэгжиж байдаг юм бэ” гэсэн. Тэгээд тэр залууг “утас байвал миний гар утас руу залгаад өгөөч” гэж хэлсэн чинь тэр залуу “надад утас байхгүй” гээд бид хоёрын хажуугаар явж байсан гэрлэн дохион дээр зогсож байсан хүүхдийн утсаар өөрийнхөө 99134598 дугаарт залгасан чинь нэг эрэгтэй 16-20 насны орчим насны жаахан эрэгтэй хүүхэд миний утсыг аваад “би энэ утсыг олсон юм аа, та Халдвартын автобусны буудал дээр ирээд авчих” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “чи миний дүү наад утсаа ашиглаж чадахгүй юм чинь наад утсаа авч ирээд өгчих, эгч нь шагналын мөнгийг нь өгнө” гэж хэлээд би Халдварт дээр очоод хүний утаснаас залгасан чинь миний утсыг унтраасан байсан. Миний эхний сэжиглэсэн шаргал куртиктэй залуу таны ард хар куртиктэй нэг эрэгтэй хүүхэд тантай зөрөөд Халдварт луу гүйж байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 55/,
Хөрөнгө, үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №БЗД2-22-138 дугаартай шинжээчийн “1,750,000 төгрөг” гэх дүгнэлт /хх 62-63/,
Үүрэн холбооны оператор компаниудын лавлагаа /хх 189-199/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Хохирол, хор уршиг
Гэмт хэргийн улмаас хохирогчид 1,750,000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч нь хохирлоо биет байдлаар буцаан авсан /1 хх 60/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 5 жил 10 сар 21 хоногоор хорих ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд тооцуулж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч *******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, ...”-ийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1557 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэхийг өмнө энэ гэмт хэргийг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1557 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил 3 сар 16 хоногийн хорих ял шийтгэснээс Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *******ын ялын тооцоо нь биеэр эдэлсэн 2 жил 9 сар 25 хоног, шагналын 1 сар, бүгд эдэлсэн 2 жил 10 сар 25 хоног, үлдсэн 5 жил 4 сар 21 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1557 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 4 сар 21 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 5 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоолоо.
Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3112 дугаар “Ялтныг шилжүүлэн авч, яллагдагчаар цагдан хорих тухай” захирамжаар *******ыг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангиас Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорьсон байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 56 цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Чын С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч *******т урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1557 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 4 сар 21 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногыг 8 цагаар тооцон, 30 хоногын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 5 /тав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 жил 5 сар 21 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нийт 56 /тавин зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА