Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/02489

 

 

 

 

2017 оны 12 сарын 14 өдөр Дугаар 182/ШШ2017/02489 ******* хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч*******, 1 дүгаар хороо, ******* талбай-11, Өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч*******, 1 дүгээр хороо, Энхтайваны Өргөн Чөлөө /15160/, Экспрэсс Тоувэр /Express Tower/ 10 дугаар давхарт ******* ******* ХХК-ийн байр ******* ХХК -д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 303.058.980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэсхулан нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 сарын 13-ны өдрийн 1128 дугаар шүүхийн шийдвэрээр /Монгол Улсын Дээд Шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 622 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан/ ******* ХХК-аас 1,900,974,000 төгрөг гаргуулж ******* ******* ******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. ******* ХХК нь дээрх шийдвэрийн дагуу боломжит хугацаанд төлөөгүй, шүүхийн шийдвэр гарсанаас хойш 11 сарын дотор буюу 345 хоногийн дараа төлж дуусгасан юм.

Дээрх үүргээ ердийн боломжит хугацаанд биелүүлээгүйтэй холбоотой Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийн дагуу зохицуулагдах ёстой гэж үзэж байна. Ер нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүрэг, ялангуяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч-төлбөр авагчийн хооронд үүсэх төлбөр гаргуулах, төлөх харилцаа нь оролцож байгаа талуудын эд хөрөнгийн эрхтэй холбоотой үр дагавар үүсгэж байгаа шинжийн хүрээнд иргэний эрх зүйн үүргийн шинжтэй харилцаа гэж тооцогдох бүрэн үндэслэлтэй.

 

Төлбөр төлөгч мөнгөн төлбөр гүйцэтгэх үүргийг ердийн боломжит хугацаанд гүйцэтгэхгүй байх нь уг мөнгийг төлбөр авагч ашиглаж түүний үр шимийг хүртэх, тухайлбал хамгийн энгийн шууд хэлбэрээр зээлүүлэх буюу хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд хадгалуулах боломжгүй болгож байгаа, ийм ч учраас Иргэний хуулийн 225 дугаар зүйлд мөнгөн төлбөр төлөх үүрэгт хүү тооцох зохицуулалтыг тусгасан.

 

Энэ агуулга нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээлийн хөрөнгийг ашигласны төлөө түүний үнэ буюу хүүг төлдөг, татварын өрөө хугацаанд нь төлөөгүй бол үнийг төлнө гэх агуулгыг Монгол Улсын хууль тогтоомжид хэд хэдэн байдлаар тодорхойлсон байдаг. Харин хүүгийн хэмжээний хувьд дээр дурдсан авлагыг бий болгосон ******* ******* ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд уг мөнгөний үнийн сарын 1.5 хувь буюу жилийн 18 хувь байхаар талууд анх тохиролцсон, уг хүү нь ижил хэмжээний зээлд тухайн үед болон одоо арилжааны *******уудаас санал болгодог хүүгийн дунджаас доогуур хүү байгаа тул уг төлбөрт энэ хүүг баримтлах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд ******* ******* ******* ХХК нь ******* ХХК-аас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих 1,900,974,000 төгрөгийг ердийн боломжит хугацаанд төлөөгүйтэй холбогдуулан Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэн уг авлагад жилийн 18 хувийн хүү тооцож нийт 303.058.979 төгрөг 51 мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн.

 

Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын хяналтын шатны шүүхийн 2013 оны 622 тоот эцсийн хүчин төгөлдөр шийдвэрээр ******* ******* *******наас зээлд авсан 1,900,974,000 төгрөгийг хүү, алданги тооцохгүйгээр буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд ******* ХХК нь тус шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид 1,900,974,000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сард бүрэн төлж барагдуулсан байна. Тэгэхдээ нэхэмжлэгчээс төлбөр хийсэн талаарх баримтуудад зарим хугацаа зөрүү байгаа боловч эдгээр баримтуудад маргааан байхгүй.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг баримталж харилцан буцаах үүргийг талуудад оногдуулсан бөгөөд ******* ******* ******* өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа нь харин хууль бус байна. Тодруулбал ******* ******* ******* нь тус шийдвэрийн дагуу зарим барьцааны хөрөнгө /Бэрх зараа, Ганьт, Өрхтий трейд ХХК-уудын үл хөдлөх хөрөнгийг болон газрын гэрчилгээг өнөөг хүртэл суллаагүй байна. Хүү тооцох зохицуулалт нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэгдсэн энэхүү үүрэгт хамааралгүй гэж үзэж байна. Учир нь талууд хүүг урьдчилан тохирч гэрээнд тусгадаг учиртай.

Иймд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад хүү тооцохгүй холбогдох хуулиар зохицуулагдана, ******* компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж гэрчилгээг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь тохирсон хүүнд 303.058.980 төгрөгийг ******* Шовх ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч ******* Шовх ХХК нь Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх үед хүү тооцохгүй холбогдох хуулиар зохицуулагдана, ******* компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байгаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяалал зөрчөөгүй. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийг товчлон УБ ******* ******* гэж тэмдэглэн бичснийг дурдав.

Нэхэмжлэгч УБ ******* ******* 1.900.974.000 төгрөгийг буцаан төлөх үүргээ хариуцагч ******* Шовх ХХК биелүүлэлгүй 2013 оны 10 дугаар сарын 29-нөөс хойш 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж *******ыг хохироосон гэж үзсэн.

Энэ үндэслэлээр хариуцагч ******* Шовх ХХК-ын хугацаа хэтрүүлсэн хоногт 18%-ийн хүү тооцож, 2013 оны 10 дугаар сарын 29-нөөс хойш 304 хоног ашигласан 284,989,856 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 09 ны өдрийг хүртэл 11 хоногт төлөөгүй үлдэгдэл 1,419,974,000 төгрөгөөс 7,702,873 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 16 ны өдрийг хүртэл 7 хоногт төлөөгүй үлдэгдэл 1,200,974,000 төгрөгөөс 4,145,828 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 30 ны өдрийг хүртэл 14 хоногт 900,974,000 төгрөгөөс 6,220,423 төгрөг, бүгд 303,058,980 төгрөгийг нэхэмжлэгч УБ ******* ******* нэхэмжилсэн.

Хариуцагч ******* Шовх ХХК-ын 1.900.974.000 төгрөгийг УБ ******* *******анд буцаах шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ удаашруулан, хугацаа хэтрүүлсэн буруутай байдал тогтоогдсон бөгөөд хариуцагч үгүйсгээгүй.

Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 13 ны өдрийн 1128 дугаартай шийдвэрээр УБ ******* *******, ******* Шовх ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 28 ны өдөр ЗГ0001/101228 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2 тэрбум төгрөгийг жилийн 18%ийн сард 1.5%ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлсэн гэрээний маргааныг шийдвэрлэж ******* Шовх ХХК-иас 2.724.774.000 төгрөгийг УБ ******* *******анд олгож шийдвэрлэсэн шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд Шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 622 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5-д зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, ******* Шовх ХХК-иас 1.900.974.000 төгрөгийг УБ ******* *******анд олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан тогтоол болон УБ ******* *******ны ******* Шовх ХХК-ын зээлийн дансны хуулгын хамт тус тус шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж үзсэн бөгөөд 2 тал гэрээгээр 18%ийн хүү төлөхөөр тохиролцож байсан гэж тохирсон хүүг дээрх хувиар тооцсон нь буруу байна.

Учир нь тохирсон хүү гэдэг нь дээрх тохиолдолд шүүхийн шийдвэрийн дагуу тодорхой хугацаанд *******ны мөнгөн хөрөнгийг буцаан өгөлгүй *******анд эд хөрөнгийн алдагдал бий болгосных нь төлөө хүлээлгэж буй эд хөрөнгийн шинжтэй иргэний эрх зүйн хариуцлага болох юм. Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон хүү төлөх үүрэг үүссэн гэж ойлгоно.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч УБ ******* ******* шүүх хуралдаанд дээрх мөнгөн дүнтэй ижил хэмжээний зээлд тухайн үед болон одоо арилжааны *******нуудаас санал болгож байгаа /19% хүү байх/ хүүгийн дундажаас доогуур 18%ийн хүү тооцож нэхэмжилж байгаа гэсэн тайлбар гаргасан боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй.

Мөн УБ ******* ******* болон ******* Шовх ХХК-ын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг арилжааны *******нуудаас санал болгож байгаа хүүгийн дундажаас доогуур тогтоосон хүү 18% болохыг тогтоосон баримт гэж үзэхээргүй байна.

Шүүх нэхэмжлэгч УБ ******* ******* тохирсон хүү шаардах эрхтэй боловч түүнийгээ баримтаар нотлоогүй тул 303.058.980 төгрөгийг ******* Шовх ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1/5959 итгэмжлэлээр нэхэмжлэгч УБ ******* ******* , , нарт, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17/283 итгэмжлэлээр хариуцагч ******* Шовх ХХК, Ж.Эрхэсхуланд тус тус төлөөлөх эрх олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч УБ ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид 1,673,245,00 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар ******* Шовх ХХК-иас 303.058.980 төгрөг гаргуулах ******* ******* ******* ХХК-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч УБ ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид 1,673,245,00 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ