2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/04

 

 

 

 

 

 

 

 

 

  2025        12          22                                    2026/ШЦТ/04

 

                       

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “В” танхимд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ихбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Н.Ихбаяр,

хохирогч Д.Ө ,

шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан эрүүгийн 2509 01827 1137 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Б овогт Б н Б  /РД:......../, Монгол Улсын иргэн, .............. аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, найз охины хамт, Сэлэнгэ ............................ тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ............................ оршин суудаг гэх, урьд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Дугаар ... шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял  оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж 1 жилийн хугацаагаар хяналт тогтоосон, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Дугаар ... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2025 оны 3 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Л  гэх нэртэй караоке дотор хохирогч Б.Ө ын толгойн тус газарт шилээр цохиж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Д.Ө  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний толгой руу шилээр цохисон. Одоо толгой хатгаж өвдөж байгаа. Гавлын яс нөхөх хагалгаанд ор гэсэн” гэв.

Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Д.Ө , гэрч П.Б , С.С , М.Ц , Б.Ш , Б.Н , Д.С, М.Х нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 6024 дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар 2947 дүгнэлт, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас шүүгдэгч Б.Б  яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 2025/ШЗ/6713 захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд хийгдвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүгдэгч Б.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч оролцсон болно.

            Шүүгдэгч Б.Б  нь 2025 оны 3 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Laser нэртэй караоке дотор хохирогч Д.Ө ын толгойн тус газарт архины шилээр цохисны улмаас хүний биед дух, зүүн чамархай ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, хуйханд цус хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамар ясны хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй, эргэлзээгүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал),

Хохирогч Д.Ө  мэдүүлсэн “...Би одоо он сар өдрөө санахгүй байна. Б ын хамтаар эгчийнхээ гэрт гөлөг хүргэж өгөөд буцаж явах замдаа Б  00 ороодхоё гээд 17-н баруун талын паб руу ороод гарч ирэхдээ Ш ,  Ц  2 энд гурван залуутай сууж байна гээд гараад ирсэн. Би хамт орж харъя гэсэн орогүй лай гээд бид хоёр 32-н түрээслэж байсан гэртээ очиж буцаж гараад 17 руу очоод нөгөө пабын гадаа байж байхад С гэх танил Б  руу чат бичээд хаана байгааг нь асуугаад манай түцэнд хүрээд ир ганц нэг пиво ууя гэсний дагуу 5 буудал дээр байрлах Сгийн түцэнд очиход С байхгүй байхаар нь утас руу залгатал одоо очлоо гэж хэлээд хэсэг хугацааны дараа эхнэртэйгээ хамт ирсэн. Тэгээд бид хэд 5 буудлын хажууд байрлах дээрээ буудалтай ногоон өнгийн паб руу орсон. Сгийн эхнэр жирэмсэн байсан болохоор архи уугаагүй. Харин С, Б  бид 3 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи уусан. Тэгээд хэсэг хугацааны дараа Б  00 орлоо гэж гараад буцаж ирэхдээ нэг бүдүүн залууг чирсээр орж ирсэн. Б аас юун хүн болох талаар асуухад үүдэнд сууж байсан хүмүүс над руу томроод байхаар нь би цохьчихлоо гээд мөн дагуулж орж ирсэн залуугаа мөргөөд нөгөө хүн нь шүд хугалаад хаячихлаа гэсэнд пабын хүн орж ирээд бид хэдийг гаргасан. Тэгээд гадаа гарч иртэл бөөн зодоон болоод байсан тэрнээс хойш юу болсон талаар би санахгүй байна. ...Би Б тай сар гаруйн өмнө хороололд байхдаа танилцаж байсан. Харин 32-т гэр түрээслэн Б тай хамт амьдрах үеэс Сг таньдаг болсон байсан. ...Тухайн өдөр 2 шил архи уусан байсан. Пабаас гараад салхинд цохиулаад согтсон байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна“ гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал),

Гэрч П.Б  мэдүүлсэн “...2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед Б гэх найзын хамт манай гэрт нэг жижиг гөлөг авчирч өгчихөөд надаас хоёр кг бууз аваад явсан юм. ...2025 оны 3 дугаар сарын 13-ний өдөр манай эмэгтэй дүү над руу залгаа эгчээ Ө  Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны цагдаа дээр байгаа юм байна. Сая над руу цагдаа залгаж байна ирээд ав гэнээ бие нь тааруу юм шиг байна гэж цагдаа хэлсэн гэнэ ирээд ав гээд байна гэж хэлэхээр нь би Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны байран дээр очоод машинаасаа буутал манай дүү болох Ө  цагдаатай хамт гадна талын шатан дээр нь зогсож байхаар нь цагдаа дээр нь очоод Ө ын ар гэрээс явж байна дүүгээ авах гээд ирлээ гэж хэлтэл тэр цагдаа танай дүүгээс мэдүүлэг авах гэсэн чинь уймраад ээрээд юм ярьж чадахгүй байна. Дотор суулгаад мэдүүлэг авах гэхээр шүлсээ хаяаад байхаар нь гадаа гаргаад ирлээ гэж хэлээд Ө ын дагуулаад надтай хамт өрөө рүүгээ орсон. ...Ө  бид хоёр өрөөнийх нь гадаа 20 минут хүлээсэн. ...нэг цагдаа гарч ирээд намайг дуудаад манай хоёр цагдаа танай дүүг эрүүлжүүлэх саатуулах байрнаас авчирсан эрүүл согтуу байгаа нь мэдэгдэхгүй байна. Мэдүүлэг өгч чадахгүй байна та ямар ч гэсэн энэ хүүхдийг батлан даагаад аваад яв маргааш эрүүл болохоор нь над дээр 10-11 цагийн хооронд аваад ир гэж хэлээд бид хоёрыг явуулсан. ...Хайлаастад байх гэртээ авч явсан. Гэртээ ирээд юу болсон талаар асуусан чинь толгойгоо бариад тонгойгоод юу ч ярихгүй байхаар нь түргэн тусламж дуудаад үзүүлтэл толгойны зураг яаралтай авахуул гэж хэлээд явсан. ...2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Налайхад байдаг дүү болох Д.Лхамсүрэнгийн гэрт Ө ын хамт ирээд Д.Лхамсүрэнгээр эмнэлэг дагуулж явуулъя гэж бодоод ирсэн ба налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлсэн чинь эмч нь мансуурчихсан юм болов уу гэж байгаад шинжилгээ аваад томографт оруулсан чинь тархины гэмтэлтэй байна яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд хагалгаанд оруулса. ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал),

Гэрч С.С  мэдүүлсэн “...2025 оны 3 дугаар сарын 14-ний 19 цаг 10 минутын үед 2 эмэгтэй хүний хамт  тусламж авъя гэж орж ирсэн ба надад хэлэхдээ архи ууж чаддаггүй хүүхэд 3 дугаар сарын 11-ний орой ажлын газрын хүмүүстэйгээ гарсан юм шиг байна. Одоо юм идэж чадахгүй юм идэхээрээ бөөлжөөд унтаа байдалтай байгаад байна гэж ярьсан. Ингээд би тухайн иргэний биед үзлэг хийхэд амин үзүүлэлт нь тогтвортой боловч юм асуухад хариулж чадахгүй орчинтойгоо харьцаа сул байхад нь онош тодруулах гээд шинжилгээ бүрдүүлсэн. ...компьютер томографийн шинжилгээгээр тархины хатуу хальсан доорх цус харвалт гэх онош гарч ирсэн. Үзүүлэгч яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан тул хагалгааны баг дуудаад хагалгаанд орж байна. Тухайн иргэнийг 23 цаг 21 минутанд хагалгаанд оруулсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Гэрч М.Ц  мэдүүлсэн “...2025 оны 3 дугаар сарын 11-ний шөнө Б, Ө  тэр хоёр гэрээсээ гарч явсан ба шөнө 4 цаг өнгөрч байхад Б С  гэдэг найзтайгаа хамт орж ирэхээр нь би Ө  яасан бэ гэж Баас асуусан чинь караокед тасраад уначихсан гэж хэлсэн. Тухайн үед Б Ө ын гадуур өмсдөг хүрмийг нь өмсөөд орж ирсэн болохоор нь би уурлаад гадаа цас орж байхад дагуулаад ирэхгүй яасан юм бэ хувцасыг нь өмсөөөд өөрийг нь үлдээгээд хүрээд ирсэн байх юм аа гэж хэлсэн чинь өөрөө сэрэхгүй байхаар нь хаяад хүрээд ирлээ гэж хэлсэн. Тухайн үед ямар караокед орсноо хэлээгүй. Тэгэхээр нь би С гоос Ө  хаана байна гэж асуусан чинь одоо очиж авлаа Б Ө г цохичихсон шүү гэж хэлсэн чинь Б ууртайгаар гараараа л цохисон ш дээ сүртэй юм бэ гэх зэргээр уурлаад Ө ыг аваад ирье гэж хэлээд тэр хоёр гараад явсан. Ингээд удалгүй буцаж орж ирээд Б Ө ыг байхгүй байна тэр чинь одоо надад ямар хамаатай юм гэж хэлээд унтахаар хэвтсэн ба энэ үеэр С г эхнэр нь ирээд аваад явсан. Ингээд маргааш нь буюу 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б Ө гийн утсыг оролдоод хэвтэж байгаад Ө г хайгаад ирье гэж хэлээд гарч яваад удалгүй олдохгүй юм байна гэж хэлээд буцаад ирсэн. Тухайн үедээ миний амьдарч байгаа гэрт Б, Ш  бид 3 байсан бөгөөд удалгүй Б гэрээсээ гарч яваад одоо хүртэл сураггүй байна. Мөн Ш  бид хоёрыг фэйсбүүкээсээ блок хийчихсэн байсан. Тэгээд 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр С гийн эхнэр гэх эмэгтэй манай найз Ш  рүү залгаад Б Ө ыг архины шилээр цохичихсон юм шиг байна С  сая тиймэрхүү юм ярьж байна гэж хэлсэн. С , Б, Ө  тэр гурав хамт караоке ороод тэндээ маргалдаад Б архины шилээр Ө ын толгой хэсэгт цохисон гэж С  эхнэртээ ярьсан юм байна лээ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Гэрч Б.Ш  мэдүүлсэн “...Б гэх хүнийг танина. Бүтэн нэрийг нь Б  гэдэг. ...2025 оны 1 дүгээр сарын эхээр бид хоёр хамт амьдрах болсон. Ингээд 2025 оны 2 дугаар сарын дундуур Б өөрийн найз Ө  гэх хүнтэй хамт гэрт ирэхэд нь анх танилцаж байсан. ...Ө тай танилцсанаасаа хойш буюу 2 дугаар сарын сүүлээс бид дөрөв хамт 32-ын тойргийн орчимд байдаг монгол гэрийг түрээслэж амьдрах болсон. 2025 оны 3 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед Б, Ө  хоёр гэрээсээ гарч явсан ба шөнө 04 цагийн үед гэрт Б, С  гэх найзтайгаа хамт ирчихсэн байсан. Тухайн үед би Ө г яасан талаар асуусан чинь бид хэд маргалдаад Ө  бид хэдийн байсан караокед унтаад үлдсэн гэж хэлсэн чинь Ц  уурлаад хамт гарчихаад найзыгаа чирээд ирэхгүй яасан юм бэ гадаа цас орж байхад хувцасыг нь өмсөж орж ирээд яагаад ганцааранг нь үлдээчихэж байгаа юм бэ гэж уурласан чинь С  Б Ө гийн толгой руу цохиод байсан шүү гэж хэлсэн. Энэ үеэр Б уурласан ба С той хамт Ө ыг олж ирье гээд гарсан боловч олдохгүй юм байна гээд удалгүй орж ирсэн. Ингээд маргааш өглөө нь болсон боловч Ө  ирэхгүй байхаар нь Быг орсон газраасаа хайгаад ир цас орчихсон байхад хөлдчихвий гэж хэлээд гаргасан чинь олдсонгүй гэж эргээд ирсэн. Ингээд 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр С  гэх залуугийн эхнэр миний утас руу 8...........  дугаарын утсаар залгаад өчигдөр би С , Ө , Б гуравт 2 шил 0.75 литрийн хэмжээтэй архи авч өгөөд караокед оруулсан юм. Тэр хэд архиа уучихаад хоорондоо маргалдаад байхаар нь уурлаад явчихсан өнөөдөр манай нөхөр Б архины шилээр Ө ын толгойд цохиод байсан гэж хэллээ. Мөн манай нөхөр болох С гийн хамарыг нь сонин болгоод хаячихсан байна. Цагдаа шүүх дээрээ тулвал би Бд гомдолтой шүү гэж хэлээд утсаа салгасан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал),

Гэрч Б.Н  мэдүүлсэн “...2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн үед манай найз залуу Д.Стэй танил Б.Б  гэх залуу утсаар холбогдоод мөнгө гуйгаад байсан. Тэгээд С Б.Б ыг 5 буудал дээр хүрээд ирээч гэж дуудахад Б.Б , Д.Ө  гэх залуугийн хамт 23 цаг болж байхад ирсэн. Ингээд бид 4 таван буудалд байрлах “Л ” нэртэй караокений вип өрөөнд орж үйлчлүүлсэн. Тухайн караокед Б.Б , Д.Ө , Д.С нар 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авч хувааж уусан. Миний хувьд архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Энэ үед Б.Б  согтчихоод караокед үйлчлүүлж байсан залуучуудтай муудаж маргалдсан. Мөн манай найз залуу Сг зодолдох уу гээд чирч гаргаад зүгээр зогсож байхад нь хавирч унагаагаад хамар луу  нь өшиглөж зодохоор нь би салгасан. Тэгээд би энд байвал болохгүй нь гэж бодоод ганцаараа гэртээ харьсан. Харин манай найз залуу С тухайн караокед Б , Ө  нарын хамт үлдсэн. ...2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр найз залуу Сгийн ярьснаар караокед Б , Ө ыг Хараа нэртэй архины шилээр толгой хэсэгт нь цохисон чинь Ө  ухаан алдаж унасан гэсэн. Тэгээд Ө ыг тэр караокед үлдээгээд Б , С хоёр 32-ын тойрогт байх Б ын түрээслэдэг гэрт очсон байсан ...Б  согтхоороо их агсам харилцаа муутай залуу байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал),

Гэрч Д.С мэдүүлсэн “...2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн үед гэртээ байхад манай нутгийн найз Б  над руу залгаад 17-н автобусны буудал дээр хүрээд ирээч би найз охинтойгоо муудалцаад сэтгэл санаа муу байна Ө  надтай хамт байна гэхээр нь би эхнэрийн хамт 17-н автобусны буудал дээр очиж Ө , Б тай уулзаж юм ярьж байгаад буцаад гэртээ харьсан. Удалгүй Б  над руу залгаад хамт караоке оръё гэхээр нь 5 буудлын laser караокед 2 цаг вип өрөө авч 2 шил 0.75 гр Хараа нэртэй архи ууж байхад Б  надтай маргалдаж байгаад караокеноос гараад гадаа маргалдаж байх үед намайг Б  миний хамар руу цохиход Ө  голоор орж салгасан. Тэгээд бид гурав буцаж өрөө лүүгээ ороод дуусаагүй үлдээсэн архиа ууж байхад ширээний хоёр талд Ө  Б  хоёр хоорондоо маргалдаж байгаад Б  ширээний голд архины шил авч Ө гийн толгой дээрээс цохисон Ө  толгойдоо цохиулаад шалан дээр ухаан алдаад унасан би сандарч очоод босгох гэхэд дийлэхгүй татаж байхад Ө  нүдээ нээгээд /еоое/ гээд байсан. Б  наадахаа наанаа хая ггэж хэлэхээр нь би газар үлдээгээд Б ыг дагаж гэрт нь очоод Ө  найзтайгаа Б ын эхнэрийн хамт дөрвүүлээ амьдарч байсан. Б  эхнэртэйгээ маргалдаад байхаар нь эхнэрээ зодчихвий гээд санаа зовоод гэрт нь хараад сууж байх үед манай эхнэр над руу залгаад намайг хаана байгааг асуугаад хүрч ирж аваад би гэртээ харьсан. Маргааш нь Б  руу залгаад Ө г гэртээ харьсан уу гэж асуухад одоо хүртэл ирээгүй байна гэж байсан. Тэгээд яагаад Ө гийн толгой руу цохиж байгаа юм бэ гэж асуухад Б  харин тиймээ би тасарцан байсан байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 38-39 дэх тал),

Гэрч М.Х мэдүүлсэн “...Би Ө  гэх хүнтэй огт яриагүй. Манай хороон цагдаа Ц.Мөнхгал нь энэ хүний архи нь гараагүй согтуу байх шиг байна гэж надад хэлэхээр нь би шууд өөрийнхөө өрөө рүү ороод гомдол мэдээлэлд хохирогчтой утсаар яриад байж байхад ар гэр нь ирлээ гээд ирэхээр нь ар гэрийнхэнтэй нь уулзаад явуулсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 6024 дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “...Д.Ө ын биед дух, зүүн чамархай ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, хуйханд цус хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...Амь насанд  аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 59-61 дэх тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар 2947 дүгнэлт “...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 246-248 дахь тал),

Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас (1 дэх хавтаст хэргийн 44 дэх тал),

Шүүгдэгч Б.Б  яллагдагчаар мэдүүлсэн “...Би өөрийн найз Ө ын эгчийнх нь гэрт тухайн өдөр гөлөг аваачиж өгөхөөр очоод тэндээ хоол идчихээд эгчийнх нь гэрээс 2 кг бууз аваад хамт түрээсэлж байсан. Сансар 32 худалдааны төвийн ард байрлах түрээсэлж байсан гэртээ очсон. Ө ын эгчийнх нь өгсөн буузыг гэртээ оруулж тавьчихаад буцаж хамт 17-н буудал дээр байх караоке орж 00 орох гээд ортол манай найз охин Ш  болон Ө гийн найз охин Ц  2 хэдэн залуучуудтай хамт байсныг хараад би уурлаад гараад явсан. ...Бид хэд архиа ууж байгаад би 00 ороод гадаа гарч тамхи татах гэж байгаад гадаа байсан танихгүй залуутай маргалдаж байхад Ө , С болон эхнэр нь гарч ирээд буцаж вип өрөөндөө орж Сгээр дахин нэг 0.75 литрийн Хараа архи авахуулж уусан. Тэгэж ууж байгаад би согтсон бөгөөд тэр үедээ Ө г архи уух гээд байхаар нь би чи одоо болно гээд Ө г архины шилээр цохисон юм шиг байсан. Би согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Би согтуудаа өөрийн найзыг цохиж гэмтээсэндээ харамсаж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал) зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б д холбогдох хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон байна.

Шүүгдэгч Б.Б  нь 2025 оны 3 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Laser нэртэй караоке дотор хохирогч Д.Ө ын толгойн тус газарт архины шилээр цохисны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, мөн шүүгдэгч Б.Б  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.

Шүүгдэгч Б.Б ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Прокуророос шүүгдэгч Б.Б ын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б ын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Ө ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг эмчлүүлсэн, эм тариа авсан зэрэг хохиролтой холбоотой баримтуудтай танилцав.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар 2947 дүгнэлтээр хохирогч Д.Ө ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна гэсэн байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолд тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд учирсан хохирлын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу Гуравдугаар зэрэглэл буюу хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор тусгасан байна. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 792.000 төгрөгөөр тогтоожээ. Энэхүү нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож хохирогч Д.Ө ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг 15.840.000 /арван таван сая найман зуун дөчин мянга/ төгрөгөөр тогтоов.

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа мэдүүлсэн “...нийт 6.929.658 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул уг тусламж үйлчилгээний зардлыг Б ийн Б  (.....)-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь MИ90090100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 184 дэх тал), Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (1 дэх хавтаст хэргийн 169 дэх тал) зэрэгтэй танилцав.   

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505, 511 дүгээр зүйлд тус тус заасан үндэслэлээр шүүгдэгч Б.Б аас гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ө ад учруулсан хохиролд 401.850 төгрөг, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигийн нөхөн төлбөрт 15.840.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиоролд 6.929.658 төгрөг гаргуулан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Б  нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх талаар санал гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь заалтанд зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хугацаанд шүүгдэгч Б.Б  нь бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй байна. Шүүх хуралдаан завсарлах хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь шүүгдэгч Б.Б  нь доор дурдсанчлан шүүхийн шатнаас оргон зайлж улмаар эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд олж илрүүлэн саатуулж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.

Эрүүгийн 2509 01827 1137 дугаартай хэргийг шүүхэд хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр товлосон шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б  нь хүрэлцэн ирээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар 2025/ШЗ/6016 захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн цагдаагийн албан хаагчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудсаар шүүгдэгч Б.Б  нь оршин суух хаягтаа байгаагүй тул албадан ирүүлэх ажиллагааг явуулах боломжгүй болсон талаар дурьджээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Дугаар 2025/ШЗ/6306 захирамжаар тухайн өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч Б.Б ыг эрэн сурвалжлах ажиллагааг хийж гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгаж, шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг баригдсан өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилөхөөр шийдвэрлэсэн. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №11з/16845 дугаартай албан тоотоор шүүгдэгч Б.Б ыг эрэн сурвалжилж олж тогтоон саатуулж 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ШШГЕГ-ийн харьяа 461 дүгээр ангид хорьсон болохыг мэдэгджээ.

Шүүгдэгч Б.Б  нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй болно.

Мөн хохирогч Д.Ө  нь цаашид хийлгэх эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499, 505 дугаар зүйлд тус тус зааснаар буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүйг дурьдах нь зүйтэй.  

            Шүүгдэгч Б.Б д хорих ял оногдуулах тухай улсын яллагчийн санал үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №11з/16845 дугаартай албан тоотоор шүүгдэгч Б.Б ыг эрэн сурвалжилж олж тогтоон саатуулж 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс ШШГЕГ-ийн цагдан хорих хаалттай 461 дүгээр ангид цагдан хоригдсоноос хойш 63 хоног цагдан хоригдсоныг цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон эдлэх хорих ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Б н Б  /РД:......../ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Б ын цагдан хоригдсон  63 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505, 511 дүгээр зүйлд тус тус заасан үндэслэлээр шүүгдэгч Б.Б аас гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ө ад учруулсан хохиролд 401.850 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ө ын сэтгэцэд учирсан хор уршигийн нөхөн төлбөрт 15.840.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиоролд 6.929.658 төгрөг гаргуулан олгосугай.

6. Хохирогч Д.Ө  нь цаашид хийлгэх эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499, 505 дугаар зүйлд тус тус зааснаар буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурьдав.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ГАЛБАДАР