Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 226

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

            Улсын яллагч П.Нямцэцэг,

            Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Х овогт Б С холбогдох 201725030563 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, “Эса пропертиз” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүгийн 16 дугаар хороо, Согоотын 13 дугаар гудамж, 128 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б С  (РД:...............),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч ахлах ахлагч С.Лхаасүрэнг үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар зүүн гарын долоовор хурууг нь хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

            Б.Сгаас мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:-...Би 2017 оны 3 дугаар сарын 09-ний орой гэрийнхээ хажуу талд найз нартайгаа архи уусан. Тэгээд манай гэрт эхнэрийн дүү нар ирнэ гэхээр нь 22:00 цагийн үед өөрийн эзэмшлийн Субару маркийн 22-43 УНР улсын дугаартай машинаа асаагаад Чингэлтэй Хайлаастыг холбосон замын салдаг хэсэг дээр байдаг худгаас ус авахаар хөдөлсөн. Тэгтэл Чингэлтэйн зам дээр замын цагдаа нар шалгалт хийгээд байж байхаар нь би өөрөө архи уусан байсан тул машинаа зам дээр орхиод машинаасаа буугаад гудамж руу зугтаагаад орсон. Тэгтэл нэг замын цагдаа араас хөөгөөд хүрээд ирсэн ба чи яагаад машинаа хаяад зугтаачихав гэхээр нь би машингүй зүгээр гудамжаар явж байна гэж худлаа хэлтэл тэр цагдаа намайг дагуулаад, тэгвэл ийшээ очьё гээд гудамжны үзүүр дээр очсон. Тэгтэл тэр цагдаа намайг чи яасан шорон санаа гаргаж байнаа, овоо банди вэ? чи байтугай чамаас цаадах нь намайг бардаггүй юм, чи саяны машиныг унаж явсан биз дээ гэхээр нь би бас машин унаж яваагүй гэж худлаа хэлсэн. Тэгтэл тэр цагдаа намайг заамдаад хашаа руу шахсан. Тэгэхээр нь би угаасаа зугтаахгүй ээ гээд доошоо явган суусан. Тэгтэл тэр цагдаа өөрөө намайг босгож ирээд заамдаад чи муу шорон санаа гаргаад хаа холддог юм гээд миний гарыг мушгиад энгэрээс заамдаад хашаа руу шахаад хоолой руу заамдсан гараараа түлхсэн. Тэгээд миний амьсгал боогдоод би заамдсан гарыг нь тавиулах гээд хуруунаас нь атгаад цааш нь түлхсэн чинь тэр цагдаа миний хуруу хугарчихлаа гэсэн. Тэгэхээр нь би тэр цагдаад ийм амархан хугардаг хуруу гэж юу байсан юм чи өөрөө намайг хөөж байгаад бүдэрч уначихсан ч юм бил үү? гэж хэлсэн. Тэгээд тэр цагдаа надтай хамт байхдаа утсаараа өөр цагдаа нартай яриад би тэнд байна энд байна гэж хэлээд байсан. Тэгтэл 5-10 минутын дараа машинтай 3 цагдаа нар ирээд намайг машиндаа суулгаад авч яваад Дэнжийн 1000-д байдаг эрүүлжүүлэх дээр ирэхэд намайг тэр газар нь хүлээж аваагүй. Тэгээд тэр цагдаа нар намайг нэгжиж байгаад миний жолооны үнэмлэхийг авч үлдээд надаар драйгер үлээлгзэд явуулсан. Драйгер үлээлгэхэд миний согтолт 1.67 хувьтай гарсан. Ингээд би өөрөө Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр очиж соггуугаар машин барьж явсан зөрчилдөө 480.000 төгрөгөер торгуулж 2 жилээр жолоо барих эрхээ хасуулсан. Би архи уугаад машин барьж явсан тул цагдаа хараад машинаа орхиод гудамж луу зугтаачихсан ба цагдаа ирэхэд машин бариагүй байсан гэж худлаа хэлсэм гэжээ.

            Хохирогч С.Лхаасүрэнгээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 7 буудлын 472 постонд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа 22-23 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудлын уулзвараас Чингэлтэй рүү өгсдөг зам дээр шалгалт хийгээд зогсож байхад миний зогсож байсан газраас 25 метрийн зайд Субару маркийн тээврийн хэрэгсэл явж байгаад зогсоод уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь болох залуу машинаасаа буугаад явганаар зам дагаад дээшээгээ гүйж байгаад нэг гудамж руу яваад орохоор нь би араас нь уг гудамж руу ороод уг зугтсан жолооч дээр очоод зогсоогоод амрыг эрье гэж хэлээд бичиг баримтаа шалгуулна уу та гэж хэлэхэд би гудамжаар явж байж яахаараа бичиг баримтаа шалгуулдаг юм бэ гэсэн. Тэгэхээр нь баригдах юм байж яах гэж зугтаадаг юм бэ хоёулаа машин дээр чинь очъё гэж хэлсэн чинь уг этгээд нь надад би машин бариагүй. Чи намайг машин барьсан гэдгийг юугаар нотлох юм бэ гэж хэлсэн. Тэгээд би зүүн гараараа уг жолоочийн баруун тохойных нь орчмоос бариад явж байсан чинь гудамжны төгсгөл ойртоод зам руу дөхөөд ирсэн чинь нөгөө жолооч би ийшээ явахгүй гээд зогссон. Тэгээд би тэр хооронд өөрийн утаснаас шөнийн ээлжний бүсийн байцаагч болох ахмад Алтанхуяг руу залгаад “7 буудлаас дөнгөж өгсөөд Чингэлтэй гараад ир, энд нэг согтуу жолооч шаардлага биелүүлэхгүй байна” гэж хэлээд утсаа салгаад халаасандаа хийх хооронд миний барьж байсан гарыг тавиулах гээд гараа мултлахаар нь би зүүн гараараа уг жолоочийн энгэр орчмоос нь барьж авсан чинь нөгөө жолооч миний гарыг тавиулах гээд зүүн гарын долоовор хуруунаас гараараа хөшиж татсан чинь миний зүүн гарын долоовор хуруу таг гээд дуугараад яваад өгсөн. Тэгээд би тэр жолоочид хандаж миний хурууг хугалчихлаа гэж хэлээд байж байсан чинь миний утсаар дуудсан байцаагч Ариунболд ирсэн. Тэгээд уг жолоочийг саатуулсан ба согтуурлын зэргийг нь шалгахад шалгуулахаас татгалзсан бөгөөд дараа нь саатуулах байранд шалгахад 1.76 хувь байсан гэжээ.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            1.Г.Золжаргалаас:-...Би Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст ахлах зохицуулагч ажилтай. С.Лхаасүрэн нь манай хэлтсийн цагдаа зохицуулагч ажилтай юм. Манай цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Лхаасүрэн томилгоо хуваарийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 16:00 цагаас дараа өдрийн 09:00 цаг хүртэл долоон буудлын байнгын пост дээр хяналт шалгалтын үүрэг ганцаараа гүйцэтгэж байсан. …Үүрэг гүйцэтгэх хариуцсан пост нь биш боловч нийтлэг үүргийнхээ хүрээнд хариуцаж болно гэжээ.

            2.Б.Одбаяраас:-...Би 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ахмад Г.Золжаргалын томилгоогоор ахлах дэслэгч Ариунболдын хамт дүүргийн нутаг дэвсгэрийг хариуцан 02-18 УБҮ улсын дугаартай машинтайгаа хяналт шалгалт, эрүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл манай хэлтсийн ахмад Алтанхуяг нь Ариунболд бид хоёр руу утсаар залгаад хойшоо долоон буудлын уулзвар дээр яваад оч тэгээд Лхаасүрэнтэй утсаар нь ярь, гудамжинд хүн шаардлагыг нь биөлүүлэхгүй байна гэж байна гэж хэлэхээр нь очиход Чингэлтэй рүү дээшээ өгсөөд 200 орчим метр яваад гудамжинд Лхаасүрэн нэг хүнтэй барьцалдчихсан нөгөө хүн нь зугтаах гээд байгаа бололтой, Лхаасүрэн нөгөө хүнээ барьчихсан зогсож байхаар нь хажууд нь очиж зогсоод Ариунболд буугаад тэгээд нөгөө хүнийг нь суулгаад ачигч дуудаад нөгөө унаж байсан гэх машиныг нь ачуулсан. Тэгээд Лхаасүрэн гар нь эвгүй болчихсон гээд ганцаараа эмнэлэг лүү яваад өгсөн гэжээ.

            Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.3.10-ны ¹3663 тоот актын дүгнэлтэд:

            1.С.Лхаасүрэнгийн биед зүүн сарвууны 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.         

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Б.С нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа үүргээ гүйцэтгэж, зохих ёсны шаардлага тавьсан Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч ахлах ахлагч С.Лхаасүрэнд хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар түүний зүүн гарын долоовор хурууг нь хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч Б.Сгийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Лхаасүрэнгийн “Би 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 7 буудлын 472 постонд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа 22-23 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудлын уулзвараас Чингэлтэй рүү өгсдөг зам дээр шалгалт хийгээд зогсож байхад .. нөгөө жолооч миний гарыг тавиулах гээд зүүн гарын долоовор хуруунаас гараараа хөшиж татсан чинь миний зүүн гарын долоовор хуруу таг гээд дуугараад яваад өгсөн.” гэх мэдүүлэг, гэрч Г.Золжаргал, Б.Одбаяр нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч С.Лхаасүрэнгийн ажлын байрны тодорхойлолт, хохирогч С.Лхаасүрэнгийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.3.10-ны ¹3663 тоот акт,  хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Х овогт Б С төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж, хүч хэрэглэснээс бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчээс хохирогчид 1.500.000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

            Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Сд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт Б С төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж хүч хэрэглэснээс бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч  Б.Сг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс даалгасугай.

6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Сд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ