Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 876

 

 

 

 

 

 

 

 

 

 М ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00570 дугаарр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т ХХК-д холбогдох

 

527 194 272 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Энхжавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Т ХХК-тай 134/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ, 135/16 тоот Барьцааны гэрээг тус тус 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулж 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 8 удаагийн худалдан авалтаар 299 340 700 төгрөгийн үнэ бүхий шатахуун худалдан авсан. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байснаас эрэн сурвалжлах нэхэмжлэл гарган, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж энэ оны 09 дүгээр сард оршин суугаа хаяг нь тогтоогдсон. 134/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу Худалдан авагч нь зээлээр авсан барааны төлбөрийг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор М ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 499088657 тоот данс, Хаан банк дахь 5028129620 тоот дансанд тус тус шилжүүлэх буюу бэлнээр төлөх үүрэгтэй. Гэтэл тус компани нь 2016 оны 10 дугаар сараас хойш гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 299 340 700 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд 134/16 тоот гэрээний 3.3, 5.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 299 340 700 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 22-ноос шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцон Иргэний хуулийн 232.4-т зааснаар 50 хувьд хүргэж зогсооход 149 670 350 төгрөг, хүү 78 183 222 төгрөг, нийт 527 194 272 төгрөгийг Т ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан ба 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 135/16 тоот Барьцааны гэрээг байгуулсан тул тухайн гэрээний барьцааны зүйл Улсын бүртгэлийн Ү-2205060734, гэрчилгээний 000460687 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 74 тоот хаягт байршилтай, 391 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр, мөн нэгж талбарын 8030/5043, гэрчилгээний 000460687 дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ЭТӨЧ Петровисийн ШТС-ын баруун талд 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т ХХК нь уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. МТ петролиум ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шатахууныг зээлээр авч ашигласан боловч явуулж байсан үйл ажиллагаа нь тогтворгүй болсноос үр дүн гараагүй учир гэрээний төлбөрийг төлж чадаагүй байдаг.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.2, 263.2.3-т хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээг тодорхой хугацаатай гэрээнд заасан байхыг хуульчилсан. Гэтэл маргаан бүхий гэрээний 5.2-т заасан нь нэг удаагийн шинжтэй юу эсхүл төлбөрийг төлөөгүй бол 2 хувийн хүү тооцох уу гэдэг нь ойлгомжгүй байна. Гэтэл тухайн гэрээний хугацаа дууссан байгаа, хүүг тухайн гэрээний хугацаагаар л тооцох ёстой байтал нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 2017 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаагаар тооцсон байна. Иймд гэрээний дагуу үндсэн төлбөр 299 340 700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин гэрээний 5.2-т зааснаар хүү гэж 78 183 222 төгрөг гаргуулахаар шаардаж буй нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх  хэсэгт зааснаар алдангийг тооцож нэхэмжилсэн хирнээ давхар хүүг 2 хувиар тооцон шаардаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул хүүг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д алдангийг хэт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх багасгаж болно гэж заасны дагуу алдангийн хэмжээнээс багасгаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас нийт 462 348 678 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 64 845 594 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл Улсын бүртгэлийн Ү-2205060734, гэрчилгээний 000460687 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 74 тоот хаягт байршилтай, 391 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн нэгж талбарын 8030/5043, гэрчилгээний 000542178 дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ЭТӨЧ Петровисийн ШТС-ын баруун талд байрлах 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /2 793 922+70 200/ нийт 2 864 122 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Т ХХК-аас 2 539 893 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

 Хариуцагчийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү нар давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00570 тоот шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч тал алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу алдангийг багасгаж өгөхийг шүүхээс хүссэн боловч энэхүү хуульд заасан энэхүү хуулийн заалтыг хэрэглэх нөхцөл байдлыг тогтоосон талаар нотлох баримтыг хариуцагч тал гаргаж ирүүлээгүй тул түүний хүсэлтийг харгалзан үзэх боломжгүй байна гэж дүгнэлээ” гэж үзсэн нь Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хууль тогтоогч нарын зүгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг тайлбарлахдаа  үүрэг гүйцэтгэгч этгээдийн үүргээ зөрчсөн нөхцөл байдал, үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон шалтгаан, түүний гэм буруугийн хэлбэрийн хэр хэмжээ, төлбөр төлөх төлбөрийн чадвар зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд алдангийн хэмжээг багасгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх дүгнэхдээ хариуцагч талаас төлбөрийн чадваргүй болсонтой холбоотой баримтууд ирүүлээгүй нь тухайн хуулийн заалтыг хэрэглэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь тухайн хуулийн заалтыг хэрэгжих бодит нөхцөл байдлыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. Тодруулбал хариуцагч Т ХХК-ийн хувьд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16/16 тоот албан бичиг, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16/13 тоот албан бичгүүдээр төлбөр төлөх боломжгүй байгаа шалтгаан нөхцөлөө тайлбарлан мэдэгдэж байсан, мөн энэхүү маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч эвлэрэх саналыг удаа дараа гаргаж байсан зэрэг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэх үндэслэл болохоор байна. Хариуцагчийн зүгээс одоо үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алдангийг тодорхой хувиар багасгаж бидэнд боломж олговол 2019 онд багтан төлбөл зохих төлбөрийг бүрэн барагдуулах хүсэлт эрмэлзэлтэй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00570 тоот шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж хугацаа хэтрүүлсэн алданги 149 670 350 төгрөгөөс 50 000 000 төгрөгийн алдангийг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд бууруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэрээний үндсэн төлбөр 299 340 700 төгрөг, алданги 149 670 350 төгрөг, хүү 78 183 222 төгрөг, нийт 527 194 272 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжилснийг хариуцагч нь гэрээний үндсэн төлбөрийг зөвшөөрч, алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 134/16 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар, барааны үнийг тухайн үеийн зах зээлийн үнэ, худалдан авагчийн хэрэгцээг харгалзан тухай бүр тохиролцож байх ба зээлээр худалдах барааны үнэ нь ямар ч тохиолдолд талууд хооронд байгуулсан 135/16 дугаартай барьцааны гэрээний зүйлийн үнэ болох 300 000 000 төгрөгөөс хэтрэхгүй, зээлээр худалдан авсан барааны үнэд хүү тооцохгүйгээр, худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор М ХХК-ийн дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөхөөр тохирч, мөн өдөр барьцааны 135/16 тоот гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2205060734, гэрчилгээний 000460687 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 74 тоот хаягт байршилтай, 391 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн нэгж талбарын 8030/5043, гэрчилгээний 000460687 дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ЭТӨЧ Петровисийн ШТС-ын баруун талд байршилтай, 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, талуудын хоорондын тооцоо нийлсэн акт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 12, 13-17, 98-102/

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний үүргийг зөв тодорхойлж Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Талуудын хоорондын гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулах шаардлага, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагад нийцсэн байх бөгөөд зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар” алданги тооцохоор тохиролцож, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн үүрэг болон алданги төлөхийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Т ХХК нь гэрээний дагуу авсан шатахуун болон үлдэгдэл төлбөр болох 299 340 700 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн, энэ талаар талууд маргаангүй байна. Харин алдангийг төлөх үндэслэлгүй, хэт өндөр, компанийн үйл ажиллагаа тогтворгүй болсон тул шүүхээс багасгах боломжтой гэж тайлбарласан боловч уг татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлон, шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу алданги бууруулах боломжгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч М ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнд зааснаар шатахуун нийлүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т ХХК-иас үндсэн төлбөр 299 340 700 төгрөг, алданги 149 670 350 төгрөг, хүү 13 337 628 төгрөг, нийт 462 348 678 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 64 845 594 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Улсын бүртгэлийн Ү-2205060734, гэрчилгээний 000460687 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 74 тоот хаягт байршилтай, 391 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн нэгж талбарын 8030/5043, гэрчилгээний 000542178 дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ЭТӨЧ Петровисийн ШТС-ын баруун талд байрлах 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00570 дугаарр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН