Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/40

 

Д.Ариунболдод холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                  Д.Буянжаргал

                                          Шүүгчид                                Б.Эрдэнэхишиг

                                                                                                  Г.Давааренчин                                  

                                                                               

                                  Оролцогчид:

                                             Прокурор                               А.Энхтуяа

                                               Шүүгдэгч                                   Д.Ариунболд

                                               Шүүгдэгчийн өмгөөлөгч        А.Отгонбаяр

                                           Хохирогчийн өмгөөлөгч       П.Батжаргал /цахим/

                                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт Жаран овогт Дээдэнжидийн Ариунболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1831002280271 дугаартай, 3 хавтас хэргийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Жавхлант суманд 1985 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Жаран овогт Дээдэнжидийн Ариунболд /РД: МУ-85050972/,         

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ариунболд нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд 22-26 СЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7 а, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчиж В.Болдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Д.Ариунболдод холбогдох хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн  63 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Жаран овогт Дээдэнжидийн Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн В.Болдын амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Д.Ариунболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил, 6  /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Ариунболдод оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ариунболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон 141 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэн ирүүлсэн 22-26 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар худалдан борлуулж, үнийн дүнг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 10,837,594 төгрөгийн гэм хорын зардалд нөхөн төлүүлэхээр олгож, үлдэгдэл мөнгийг шүүгдэгч Д.Ариунболдоос гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Дэлгэрзулд олгосугай.

6.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар Дээдэнжидийн эзэмшилд байгаа 22-26 СЭА улсын дугаартай, пронтер маркийн тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хамт хадгалсугай.

8.Энэ хэрэгт шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 204 дугаартай шүүгчийн захирамжаар:

“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Д.Ариунболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Д.Ариунболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж уг жолоодох эрх хасах албадлагын арга хэмжээг хорих ял эдлэх хугацаа дууссанаас хойш тооцож, 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.. гэж шүүхийн шийдвэрт залруулга оруулсугай.

3. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай” гэж шийтгэх тогтоолд залруулга оруулж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтаас өөрөөр, тэс зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж гомдолтой байна. Тухайлбал:

1. МУ-ын ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний тасгийн ахлах шинжээч, д/х С.Ганболдын гаргасан ДНХ-ийн нэг ижил үр дүн бүхий, өмнө гаргасан дүгнэлтээ бататган гаргасан ижил агуулгатай дүгнэлтүүд, тухайлбал, тээврийн хэрэгслийн доод тэнхлэгээс илэрсэн цус мэт зүйл нь талийгаач В.Болд, болон иргэн Д.Ариунболд нарын ДНХ-тэй тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэхдээ бэхжүүлэн авч шинжилгээнд хүргүүлж шинжлүүлсэн цус нь В.Болдынх болохыг тогтоосон байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж тэс өөрөөр субъектив дүгнэлт хийсэн нь огт нь үндэслэлгүй, ШУ-ны ололт, хөгжил дэвшлийг гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд ашиглаж байгаа практикийг үгүйсгэсэн байхаас гадна чухамхүү ямар үндэслэлээр дээрхи шинжлэх ухааны ололт дээр үндэслэн гаргасан дүгнэлтийг ийнхүү үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Түүнчлэн энэ биологийн шинжилгээний дүгнэлтүүдийн үр дүнг МУ-ын бүхий л шатны шүүхүүд ийм байдлаар үгүйсгэж дүгнэлт хийж байгаагүйг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй гэж үзнэ. Шинжээч С.Ганболдын 2018 оны 11-р сарын 09-ны 11780 дугаартай давтан дүгнэлтэд /1-р х/х-ийн 167-168-р ху/ дурьдсанаар машины доод тэнхлэгт наалдсан цус мэт зүйл нь ДНХ-ийн шинжилгээгээр бүрэн гүйцэд бус, бүх үзүүлэлтүүдээр дүн гарах боломжгүй болсон боловч 6 үзүүлэлтээр үр дүн гарсан, энэ үр дүнгээр уг цус мэт зүйл нь хүний эд, эс мөн бөгөөд харин талийгаач В.Болдын болон иргэн Д. Ариунболдын ДНХ- тэй тохирохгүй гэсэн өмнө гаргасан 7870 тоот дүгнэлтийг дахин давтан, бататган гаргасан байдаг юм. Дээрхи 11780 тоот дүгнэлтийн шинжээчид тавьсан асуултын 4 дугаарт “илэрсэн цус нь талийгаач В.Болдын цустай тохирч буй эсэх” гэсэн асуултад шинжээч өмнөх 7870 тоот дүгнэлтээр тодорхой хариулсан гэж онцолж иш татсан байдаг бөгөөд 2018 оны 08-р сарын 03-ны өдөр гаргасан 7870 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгт 1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц нь В.Болдын ДНХ-тэй таарч байна.

2. 22-26 СЭА улсын дугаартай автомашины урд доод тэнхлэгээс бэхжүүлж авсан цусны тогтоц В.Болд, иргэн Д.Ариунболд нарын ДНХ-тэй тохирохгүй байна гэжээ. ./1-р х/х-ийн 128-р ху/. Талийгаач В.Болдын нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох зорилгоор 3 удаа өөр өөр бүрэлдхүүнтэй шинжээч нар дүгнэлт гаргасан байдаг эцэст нь бүх дүгнэлтүүд нь нэг мөр болж талийгаачийн нас барсан цаг хугацааг 2018 оны 07-р сарын 24-ны 00-03 цагт нас барсан гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх шинжээч эмч С.Бүрэнжаргалийн он сар өдөр болон цаг хугацааг андууран хэлсэн гэх талийгаач нь нас бараад 12-15 цаг өнгөрсөн буюу 2018 оны 07-р сарын 23-ны өдрийн 15-17 цагийн үед нас барсан байх боломжтой гэж 2018 оны 10-р сарын 02-ны 60 дугаартай нэмэлт шинжилгээг хийхдээ гаргасан дүгнэлтийг тогтоолын үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь шинжээч эмч С.Бүрэнжаргал нь 2018 оны 07-р сарын 24-ны өдрийн 15.40 минутад Сэлэнгэ аймгийн НЭ-ийн Мооргийн тасагт талийгаачийн цогцост гадна биеийн үзлэг хийж, улмаар задлан шинжилгээг 16.45 минутад хийж эхэлсэн талаар шинжилгээ хийсэн тэмдэглэлд тодорхой тусгасан байдаг юм. /1-р х/х-ийн 145-р ху/ Энэ тэмдэглэлээс дүгнэлт хийхэд шинжээч 2018 оны 07-р сарын 24-ны 15.40 минутийн үед талийгаачийн цогцост гадна үзлэг хийсэн цаг хугацаагаар нь тооцон үзээд талийгаачийн нас барсан цаг хугацааг 12-15 цаг болсон байсан гэж үзвэл урд өдрийн 15-17 цагийн үед нас барсан байх ямар ч боломжгүй, харин 2918 оны 07-р сарын 24-ны шөнө дунд нас барсан байх боломжтой юм.

Иймд нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хамгийн эхний анхан шатны шүүх хуралд шинжээч эмч С.Бүрэнжаргалыг хүсэлт гарган оролцуулсан бөгөөд шинжээч эмч шүүх эмнэлэгийн нэмэлт магадлан шинжилгээний 60 тоот дүгнэлтдээ /1-р х/х-ийн 156-р ху/ шинжээч өдөр, цагаа, буруу хэлж андуурсан, нэмэлт 60 тоот дүгнэлтийн 6-р хариулт буюу 2018 оны 07-р сарын 23-ны өдрийн 15-17 цагт нас барсан байх боломжтой гэсэн дүгнэлт үндэслэлгүй байсан талаар /2-р х/х-ийн 15-р ху/ өөрөө хүлээн зөвшөөрсөн, энэ тухайгаа дараа нь удаа дараагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлдэг бөгөөд дараагийн Дархан-Уул аймгийн ШША-ны 2019 оны 02-р сарын 11-ны 143 тоот дүгнэлт болон ШШҮХ-ийн 2019 оны 08-р сарын 29-ны өдрийн 1049 тоот дүгнэлтүүдээр талийгаачийн нас барсан цаг хугацааг 2018 оны 07-р сарын 24-ны 00-03 цагт нас барсан байх үндэслэлтэй гэсэн дүгнэлтүүд нь ижил агуулгатай шинжлэх ухааны үндэслэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр сууурилсан, эх сурвалж бүхий үнэн зөв дүгнэлт болсон юм.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо чухам ямар үндэслэл,, эх сурвалжийг үндэслэн “...талийгаачийн нас барсан цаг хугацааг нас бараад 12-36 цаг болсон гэж .., ингэхээр урд өдрийн 15-17 цагийн үед нас барсан гэх шинжээчийн өөрөө няцаасан дүгнэлт, шүүх эмнэлэгийн удаа дараагийн дүгнэлтүүдийг үгүйсгэн няцаагдсан 2018 оны 07-р сарын 23-ны өдрийн 15-17 цагийн хооронд нас барсан гэснийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь ойлгомжгүй, тодорхойгүй хэвээр байна. Мөн анхан шатны шүүхээс талийгаач Д.Ариунболд нь ухрах үйлдэл хийхдээ талийгаачийг дайрсан гэж, ингээд мөр нь шороон замтай нийлж явсан гэж таамаглан дүгнэсэн нь хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, мэдүүлгийн дагуу газар дээр нь шалгасан тэмдэглэл схем зургаас /1-р х/х-ийн 37-44-р ху/ болон дугуйны мөр шинжилсэн шинжээчийн дүгнэлт зэргээс эрс зөрүүтэй дүгнэлт болсон байна. Тухайлбал: Д.Ариунболд нь машиныг голын зүүн эрэгт Жавхлант сум руу чиглэлтэй байрлуулан тавьж байсан бөгөөд ухрахдаа баруун гар тал руу дарж ухраад зам руу орж явсан гэдэг. Харин талийгаач В.Болдын цогцос олдохдоо уг машины зогсож байсан гэх газраас 21 метр гаруй зайнаас олдсон. Энэ нь ухрах үйлдэл хийхдээ мөргөсөн гэх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх бөгөөд хэрэв тийм бол хохирогч тэр хол замыг хэрхэн туулсан, ул мөр, эд мөрийн баримтын зүйл огт байхгүй байгаагүй, замаар мөлхсөн, чирэгдсэн, цус болон бусад эд мөрийн баримт байгаагүйгээр няцаагдана. Нөгөө талаас талийгаачийн хэвтэж байсан гэх газарт тод ул мөрөө шингээн үлдээсэн дугуйн мөр яагаад шинжилгээнд тэнцээгүй гэсэн нь эргэлзээтэй. Амь хохирогч нь зуны аагим халуун өдрийн 15-17 цагийн орчим нас барсан бол цогцос нь халуунд хавагнан, газар орчны нөлөөллөөр урвалд орж муудах, ялзрах, хөөж пэмбийх гэх мэт химийн шинж тэмдгүүд илрэх бөгөөд энэ шинж байдлын талаар өглөө цогцосыг анх харсан гэрч болон шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч, мөн хэргийн газрын үзлэгийн бүрэлдхүүнд оролцсон хүмүүсээс огт дурьдаагүй ба цогцост хийсэн задлан шинжилгээний тэмдэглэлд энэ талаар огт дурьдагдаагүй, гэрэл зурагт үзүүлснээр цогцос хөөж муудаагүй, хэвийн байдалтай байсан зэргээс үзэхэд талийгаач шөнө дунд нас барсан байх боломжтой гэсэн шүүх эмнэлэгийн шинжээч нарын дүгнэлтүүд нь үндэслэлтэй болохыг давхар нотлож байгаа гэж үзнэ. Мөн шинжээч эмч С.Бүрэнжаргал нь талийгаачид учирсан гэмтлүүд, тэдгээрийн шинж байдал, үхэлд хүргэхэд нөлөөлсөн байдлыг нь шинжлэн судлаад дээрхи гэмтлийг авсан хүн тэр даруйдаа буюу ихдээ л 10-15 минут л амьд байх боломжтой талаар анхан шатны шүүх хуралд оролцохдоо хохирогчийн өмгөөлөгчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуултад тодорхой мэдүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй. /.2-р х/х-ийн 15,17-р ху/ Энэ хэргийн тухайд анх шинжилгээ хийж нүдээр үзэж, гараар барин шинжилгээг биечлэн хийж дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийн тухайд нас барсан цаг хугацаанаас бусдыг дараагийн шатны бүрэлдхүүнтэй шинжээч нар үгүйсгээгүй, талийгчийн нас барсан цаг хугацааг ч анхны шинжилгээ хийсэн шинжээч андуурч хэлсэнээ хүлээн зөвшөөрч улмаар удаа дараагийн шинжээч нарын дүгнэлтээр талийгаач В.Болд нь 2018 оны 07-р сарын 24-ны 00-03 цагийн орчим нас барсан байх боломжтой гэж нэгдсэн нэг л дүгнэлтийг гаргасан байдаг. Тухайлбал: 2019 оны 08-р сарын 29-ны өдрийн 1049 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. 2019 оны 02-р сарын 11-ны өдрийн 143 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2018 оны 10-р сарын 02-ны 60 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. 2. Талийгаач В. Болдын нас барсан цаг хугацааг цогцост гарах эрт үеийн өөрчлөлтөөр тогтоосон байна гэсэн ШШҮХ-ийн Шүүх эмнэлэгийн шинжээч нарын дүгнэлт, мөн Дархан-Уул аймгийн ШША-ны 2019 оны 02-р сарын 11-ны 143 тоот дүгнэлтээр талийгаач нь 2018 оны 07-р сарын 24-ны өглөөний 00-03 цагт нас барсан байх боломжтой гэсэн дүгнэлтүүд байхад чухам ямар үндэслэл, нотолгоог үндэслэн уг хүний нас барсан цаг хугацааг өөр байдлаар буюу 2018 оны 07-р сарын 23-ны 15-17 цагийн үед нас барсан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Дээрхи нөхцөл байдлуудыг болон бусад нотолгооны бичмэл баримтуудыг судлан талийгаач В.Болдын амь хохирсон хэргийн тухайд иргэн Д.Ариунболдыг холбогдуулан шалгасан боловч хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар уг хэргийг Д.Ариунболд үйлдсэн болох нь бүрэн дүүрэн, хөдөлбөргүй тогтоогдоогүй, хэргийн үйл баримт нь ул мөр болон бусад тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжээч нарын гаргасан дүгнэлтүүдээр нотлогдохгүй, эргэлзээ бүхий байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05-р сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож МУ-ын ЭХХШТХ-ийн 1.15-р зүйлийн 2-т заасны дагуу Д.Ариунболдод холбогдох үйлдэл, холбогдолыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Ариунболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Болд бид хоёр хар багийн найзууд. 10 жилээ хамт төгсөж, түүнээс хойш хамтдаа байсан. Хэрвээ би үнэхээр найзынхаа амь насыг хөнөөсөн бол ар гэрийнх нь хохирлыг барагдуулж, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээж, авах ёстой шийтгэлээ авч, явах газар руугаа явна. Гэвч би үнэхээр найзынхаа амь насыг хохироогүй юм. Та бүхэн хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү, өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талийгаач В.Болдын нас барсан талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд бий. Анхан шатны шүүхийн шийдвэрт хүртэл үндэслэлээ зааж өгсөн тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаачийн нас барснаас хойш эрт үед илрэх шинж тэмдгээр нас барсан хугацааг тогтоосон байдгаас гадна нарийн тогтоох бүрэн боломжгүй гэдгийг дүгнэлтээр тогтоож өгсөн. Мөн ДНК-д хийсэн шинжээчийн дүгнэлтээр гол зүйлийг тогтоосон байдаг нь тээврийн хэрэгслийн урд хэсэгт илэрсэн цус мэт бохирлогдсон зүйл нь хүний цус мөн болох нь тогтоогдсон ч яг хэний цус болохыг тогтоох боломжгүй, шинжилгээний дээж хүрэхгүй гэсэн байдаг. Хэргийн газрын үзлэг дээр тээврийн хэрэгслийн ганцхан мөр байсан. Гэрч Одбүрэн болон насанд хүрээгүй гэрчийн өгсөн мэдүүлгүүд нас барсан хугацааг тогтооход ач холбогдолтой байдаг. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг бүрэн хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Д.Ариунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Д.Ариунболдыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил, 6  /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.Ариунболдод холбогдох эрүүгийн 1831002280271 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

 

1.Хэргийн үйл баримтын талаар:  

Шүүгдэгч Д.Ариунболд нь өөрийн найз  В.Болдын хамт  Жавхлант сумын  Шарын голын гүүрний уулзвар дээр павилон барих ажил хийж  байх үедээ буюу 2018 оны 07 сарын 22-ны өдрийн оройноос архи ууж 23-ны өглөө  үргэлжлүүлэн улмаар Д.Ариунболд нь Пронтер маркийн 22-26 СЭА улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодон Жавхлант сумын төв орж  архи пиво худалдан авч иргэн Одбүрэнгийн хамт гурвуулаа  Сэлэнгэ аймаг Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн орчим машинтайгаа ирж архи ууцгаасан байна.

Голын эрэг дээр архи ууцгаагаад  Одбүрэн өдрийн 13 цагийн үед гэр рүүгээ явж,  Д.Ариунболд нь В.Болдын хамт голын эрэг дээр үлдсэн байх ба хэсэг хугацааны дараа шүүгдэгч  Д.Ариунболд нь унтаж байгаад сэрээд Болдыг харагдахгүй болохоор машинаа асааж сумын төв орж  гэртээ амарчээ.

Жавхлант сумын эмнэлэгт жолооч ажилтай  Д.Мягмардорж нь 2018 оны 07 сарын 24-ний өглөө 06 цагийн  үед Шарын голын гүүрний орчим  хүн байхыг хараад очиж үзэн /хохирогч В.Болдыг/ хүн нас барсан талаар зохих байгууллагад мэдэгдэж, цагдаагийн байгууллагаас хэргийн газар үзлэг хийж, хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байна.

Шинжээчийн “...талийгаачийг нас барахаас нь өмнө үүссэн шинэ гэмтэл  учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл, талийгаач цээж дарагдал, хурц цус алдалтын улмаас ШОК хүндрэл амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ...” гэсэн дүгнэлт, шинжээч эмчээс авсан “... талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байсан. ...талийгаачийн биед үүссэн ...хавирганы хугарал, мултрал, толгойд үүссэн гэмтэл, цээж дарагдалт нь гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчтэй дарагдал болон цохилтоос үүсэх боломжтой юм. Уг гэмтлийг хүн үүсгэх боломжгүй, учирсан гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг зэргээр  талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоож зохих  ажиллагааг явуулсан байна.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2018 оны 11 сарын 30-ны өдөр  шүүгдэгч Д.Ариунболдыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан улмаар  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д яллах дүгнэлт үйлдэн  хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ариунболдыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсныг шүүгдэгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх шүүгдэгчийн гэм буруутай гэдгийг хангалттай эргэлзээгүй талаас нь нотлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтаас өөрөөр, зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар:    

-Шүүгдэгч Д.Ариунболдын мөрдөн байцаалтын  шатанд өгсөн “...Талийгаач болон Одбүрэн ах бид 3 архи уугаад Одбүрэн ах өдөр гэр рүүгээ яваад өгсөн юм. Ингээд талийгаач бид хоёр үлдсэн ба би машиндаа ороод унтсан байсан. Нэг сэрсэн чинь би машины жолоон дээр унтаж байсан ба сэрээд машинаас бууж харахад талийгаач байхгүй байсан. Ингээд би машинаа хөдөлгөж зам руу гараад шууд харьсан юм. Тухайн үед надад ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй... Би талийгаачийг огт олж хараагүй. Талийгаач бид нарын архи ууж байсан газрын ойролцоо нас барсан байдалтай олдсон. Хэн дайрсныг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 74-75-р хуудас/,

-Шүүгдэгч Д.Ариунболдын  мэдүүлгийг өмгөөлөгчийг оролцуулж газар дээр нь шалгасан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлд:  “2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байсан юм тухайн өдөр найз Болд, хуурай ах Одбүрэн нарын хамтаар 22-26 СЭА улсын дугаартай пронтер маркийн автомашинтай, Шарын голын гүүрний ойролцоо голын эрэг орчим машинтайгаа зогссон. Машины күзовыг  Жавхлант сум руу чиглэлтэй, ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харуулан зогсоосон юм. Ингэж зогсоод архи ууж байгаад би тасраад муудсан үеэр Одбүрэн ах явлаа гээд яваад өгсөн ба талийгаач бид 2 үлдээд архи ууж байсан ба нэг сэрэхэд машины руль дээр унтаж байсан. Хэзээдээ машиндаа ороод унтсанаа санахгүй байгаа юм. Ямартай ч машин дотроо сэрсэн. Ингээд машинаасаа буугаад урагшаа харахад хүн байхгүй, талийгаач харагдахгүй, явсан шиг харагдахаар нь байхгүй байгаа юм байна гэж бодоод машинаа асааж хөдөлгөөд шууд арагшаа ухарч машинаа эргүүлээд хойшоо чиглэлтэй шороон зам руу орж тэр чигтээ яваад Жавхлант сумын төв рүү орж, харьж амарсан.” ....гэсэн мэдүүлэг,

-Гэрч Ц.Одбүрэнгийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө ...гэртээ байхад манай сумын Ариунболд нэг залуугийн хамт 07 цагийн орчим ирсэн. Ахаа машины түлш дууссан тул түлш өгөхгүй юу гэхээр нь 4 л түлш өгсөн. Тэр 2 яваад буцаж 11 цагийн орчим ирсэн... Бид 3 Шарын голын гүүрний урд талын тохойд ирж машинаас бууж нөгөө авсан архиа уусан. Ингэж байгаад би 13 цагийн үед гэр рүүгээ явсан. Харин тэр 2 үлдсэн. Ингээд би дахин энэ хоёртой уулзаагүй...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Г.Жавхланбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дахин өгсөн:”... Ариунболд талийгаач хоёр 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шөнөжингөө архидан согтуураад Жавхлант сум салдаг уулзварын дэлгүүрийн эгчийг унтуулаагүй талаар эгч ярьж байсан. Ингээд шөнөжингөө архи уугаад маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө би ажил дээр ирэхэд талийгаач ажлын байранд унтаж байсан юм. Энэ үед Ариунболд, Одбүрэн ах нар ирээд талийгаачийг “яръя” гэж татаж чангааж байгаад энэ өдрийн өглөө 08-09 цагийн үед босгоод авч явсан юм.  Би бодохдоо архи уусан согтуу байсан учир гэрлүүгээ харьцгаасан байх гэж бодсон юм. Гэтэл голын эрэг дээр архидан согтуурсан байсан ба энэ нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15-16 цагийн үед байхаа Ариука, Дархан чиглэлийн хар замаар машинтайгаа ирж хар замаар Жавхлант сум руу салдгаар иргээд сум руу явж харагдсан юм. Би харахад ганцаараа л явж харагдсан юм. ...Тухайн үед би барьж байсан барилгын гадна гараад ирчихсэн зогсож байхад шууд хажуугаар өнгөрөөд яваад өгсөн юм. Би зогсох юм болов уу гэж харсан боловч зогсоогүй..., гэсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар  шүүгдэгч Д.Ариунболд талийгаач В.Болд нар нь 2018 оны 07 сарын 22-23-ны өдрүүдэд архи ууж согтуурсан, талийгаач  В.Болдтой  шүүгдэгч Д.Ариунболд нь  2018 оны 07 сарын 23-ны өдөр  16 цаг хүртэл хамт байсан  болох нь дээрхи баримтуудаар тогтоогдож байна.

 

3. Талийгаач В.Болдын нас барсан шалгаан нөхцөлийн талаар:

- Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай дүгнэлтийн

1.Талийгаачид цээж дарагдал, баруун уушгинд хавирганы нэвт хатгагдсан шарх, баруун 4, 5, 6, 7-р хавирганы толгойн мултрал, хугарал. Зүүн чамархай, шанаа, дал, мөр, шилбэний зулгаралт, цус хуралт. Зүүн ташаан толгойн ар хэсгийн зулгаралт. Баруун доод зовхи, эгэмний доор, мөр, бугалга, тохой, хэсгийн зулгаралт, цус хуралт. Бүсэлхийнд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралт. Бүсэлхийд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл болно. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10 болон 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.

3.Талийгаач цээж дарагдал, хурц цус алдалтын улмаас ШОК-ийн хүндрэл амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ.

4.Талийгаачид архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаачийн цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байжээ...” гэсэн дүгнэлт,

-Шинжээч С.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Шинжилгээгээр талийгаач В.Болд нь гавал тархины битүү гэмтэл, цээж дарагдал, дотуур хурц цус алдалтын улмаас шокын хүндрэлээр нас барсан. Цогцосны биед баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал мултрал, зүүн чамархай, шанаа, дал, мөр, бугалга, тохой, өвдөг, шагайн урд хэсэг, хэвлийн зүүн доод хэсэг, бүсэлхийн нуруунд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдсон. Талийгаачийн толгойд хуйхны зулай орой хэсгийн дотор хэсгийн хамарсан их хэмжээний цус хуралттай байсан. Энэ нь гавал тархины битүү гэмтэлдээ хамаарч байгаа юм. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд, зулгаралт, цус хуралтууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд юм. ...талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байсан. ... талийгаачийн биед үүссэн ... хавирганы хугарал, мултрал, толгойд үүссэн гэмтэл, цээж дарагдалт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчтэй дарагдал болон цохилтоос үүсэх боломжтой юм. Уг гэмтлийг хүн үүсгэх боломжгүй. Учир нь хавирганы мултрал, олон хавирганы хугарал, 10 толгойн битүү, их хэмжээний цус хуралттай гэмтлүүд нь хүнд цохилт, дарагдлын улмаас үүснэ. Үүнийг хүн учруулах боломжгүй. Талийгаачийн биед учирсан зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлд чирэгдэх, нидрүүлэгдэх үед үүсэх боломжтой олон тооны гэмтлүүд байсан. ... автомашинд дайрагдах үед үүсэх боломжтой гэмтлүүд байсан. Учир нь талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд шинэ гэмтлүүд байсан ба хатуу мохоо зүйлд дарагдсанаас үүдэн хавирга олон тоогоор хугарч, нурууны үенээсээ хавирга мултарсан байсан, энэ нь хүчтэй дарагдлын улмаас үүсэх боломжтой гэмтэл юм. ...” гэх мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4641 дугаартай шинжээчийн: 1.Шинжилгээнд ирүүлсэн хар цамцанд 15*10мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт, 7*6мм, 8*6мм, 5*6мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр гарсан шинэ түлэгдэлтүүд, шинэ зулгаралт тус тус гарсан байна. Түлэгдэлтүүд, зулгаралтыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. 2.Хар цамцанд гарсан гэмтлүүдийг ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй. 3.Бусад хувцас гэмтэлгүй. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 173-176- р хуудас/ зэрэг нотлох баримтаар талийгаач В.Болд нь автомашинд дайрагдсаны улмаас  амь насанд аюултай гэмтлийн  ШОК-ийн хүндрэл амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болох нь тогтоогдож  байна.

 

4.Талийгаачид гэмтэл учруулсан талаар:

-Хэргийн газрын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хийсэн үзлэгийн тэмдэглэлд “... Дархан, Сэлэнгийн чиглэлийн хатуу хучилттай замаас ертөнцийн зүгээс урагш 134 метр 57 см зайд, Шарын голын эргээс 10 м, 50 см зайд толгой хэсэг нь ертөнцийн зүгээр урагш харсан, цээж хэсгээрээ доош харсан, зүүн гарыг биеийн доод хэсэгт байрлуулсан, баруун гарыг тохой хэсгээрээ нугалж биеийн баруун талд байрлуулсан, хоёр хөлийг нугалж биеийн хэвлий хэсэгт байршуулсан эрэгтэй хүний цогцос байв. ... цогцосноос 8 метр, 10 см зайд хөрсөн зам байх ба ...цогцосны толгой хэсэг хөрсөн зам руу орсон, тээврийн хэрэгслийн мөр хөрсөн зам дээр үүссэн, ...газрын хөрсөнд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл тунасан байдалтай байснаас маральд шингээж дээж авав. Цогцосны цамц нь дээш сөхөгдсөн байдалтай, биеийн ил гарсан нурууны хэсэг олон тооны зулгаралт, биеийн хэвлийн хэсгийн ил гарсан хэсэг нь олон тооны зулгаралт үүссэн байв. Цогцосны толгой хэсгээс 1 метр, 20 см зайд 1 метр орчим үргэлжилсэн газрын хөрс зулгарсан мөр үүссэн, уг мөрний чиглэл ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэлтэй тээврийн хэрэгслийн мөр байсныг ....бэхжүүлэв. ...” гэх тэмдэглэл ,

 -Тээврийн хэрэгсэлд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд “...үзлэгээр автомашины доод хэсгийн үзлэгээр урд дугуйны тэнхлэг хэсэгт 5х5х1.5 хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйл наалдсан байдалтай байсныг шинжээч Баярсайхан маральд шингээж авав. Автомашины арын дугуйны чулак буюу гол тэнхлэгийн зүүн дугуйны хэсэгт 16х8.5 см хэмжээтэй арчигдсан, автомашины пердан голын урд үзүүр хэсгээр арчигдсан 6х4.5, автомашины моторын доод хэсэгт 1.5х2 см хэмжээтэй арчигдсан байна...” гэсэн тэмдэглэл,

 -Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 7870 дугаартай дүгнэлт: 22-26 СЭА улсын дугаартай автомашины урд доод тэнхлэгээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц В.Болд, иргэн Д.Ариунболд нарын ДНХ-тэй тохирохгүй байна. ...гэх дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Ганболдын 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11780 дугаартай шинжээчийн   нэмэлт шинжилгээний “...Цус мэт хүрэн улаан өнгийн зүйл нь хүнээс гаралтай эс агуулсан байсан учир ДНХ-ийн шинжилгээгээр хүнд байдаг 5 локусын аллель /үзүүлэлт/ тодорхойлогдсон байна. Иймээс малынх биш хүний эд эс бөгөөд чухамхүү хүний ямар эд эрхтэн бэ гэдгийг тогтоох боломжгүй болно....  Цус мэт зүйл нь шороо болон машины тос маслотой холилдсоноор шинж байдал нь өөрчлөгдөх боломжтой эсэхийг ДНХ-ийн шинжээчид тогтоохгүй.  Тэнхлэгт тогтсон цус мэт зүйл маш ихээр бохирлогдсон байсан тул ДНХ-ийн шинжилгээний бүрэн гүйцэт үр дүн гараагүй байна. ...” гэх дүгнэлт,

-Шинжээч С.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... шинжээчид ирүүлсэн цус мэт зүйлд ДНК-ийн шинжилгээ хийж үр дүн гаргах ажилбаруудыг хийхэд уг дээж маш их бохирдолтой ДНК-ийн шинжилгээний бүрэн үр дүн гараагүй.... маш их бохирлогдсон учир бүрэн дүүрэн үр дүн гарах боломжгүй байсан. ... хэрэв цус нь бохирлогдоогүй байсан бол тохирох байсан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Ямартай ч хүний цус мөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 120-122 дугаар хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаартай дүгнэлтийн дүгнэлт: 1.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан автомашины дугуйн мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. 2. 22-26 СЭА улсын дугаартай цэнхэр өнгийн “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн дугуйнууд шинжилгээнд тэнцэнэ. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 161-162-р ху/ зэрэг дээрхи нотлох баримтаар талийгаач В.Болдын биед 22-26 СЭА улсын дугаартай “Пронтер” маркийн автомашинаар гэмтэл учруулсан байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан  гэрч Д.Дээдэнжидийн “... автомашин нь миний нэр дээр байдаг боловч хүү маань автомашиныг унаж ашигладаг гэх мэдүүлэг,

-Гэрч Ц.Одбүрэнгийн “... 2018 оны 07 сарын 23-ны өглөө  Ариунболд нь 22-26 СЭА дугаартай Пронтер маркын автомашинтай манайд ирсэн. ... машинтайгаа Шарын голын эрэг дээр гурвуулаа хамт архи уусан...” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Жаргалын: “...Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дархан Уул аймаг ажлаар явчхаад өдрийн 14 цаг 40 минутын үед байх би Жавхлант сум руу орж ирж яваад найз Дээдэнжидтэй дугуй засварын хажууханд таараад уулзахад Дээдэнжид надад “манай хүү Ариунболд миний машиныг согтуу унаад яваад байх шиг байна. Шарын голын гүүрний гуанзны дэргэд ажил хийж байгаа юм. 2-лаа явчхаад ирье. Би машинаа аваадахъя” гэж хэлэхээр нь ... тэгээд яваад өгье” гэж хэлээд харихаар явсан. Гэрийн наана талд контор гэх газрын гадаа зогсож байхад удаач үгүй миний араар Д.Ариунболд  пронтер машинаа жолоодсон яваад өнгөрсөн. Ингээд би Дээдэнжид рүү залгаад “машин чинь ирсэн явж байна. сая миний хойгуур гараад явлаа” гэж хэлтэл “за, за” гэсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар   “Пронтер” маркийн  22-26 СЭА улсын дугаартай автомашин нь Д.Дээдэнжидийн өмчлөлийнх боловч 2018 оны 07 сарын 22-23-ны өдрүүдэд  шүүгдэгч Д.Ариунболдын эзэмшилд байсан болох нь  тогтоогдож байна.

 

5. Гэмт хэрэг гарсан цаг хугацааны талаар:

Гэмт хэрэг гарсан хугацаа, хохирогчийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоогоогүй боловч хэрэгт авагдсан

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 143 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “... 1. Талийгаач нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний 00-03 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна. ...2. шинжээч эмч С.Бүрэнжаргалын өмнө гаргасан шүүх эмнэлгийн нэмэлт магадлан шинжилгээний дүгнэлт №60-д бичигдсэн талийгаач 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15-17 цагийн хооронд нас барсан байх боломжтой гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтасны 30 хуудас/                     - Шинжээч С.Бүрэнжаргалын 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад дахин өгсөн “... би талийгаачийг нас бараад 15-17 цаг болж байгаа гэж бичих, мэдүүлэг өгөх ёстой байтал талийгаачийг 15-17 цагийн хооронд нас барсан гэж буруу бичиж, буруу мэдүүлэг өгсөн байна. Үүнийгээ шүүх хурал дээр буруу зөрүү тайлбарлаж дахин шинжээч томилох болсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 103 дугаар хуудас/

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 29- ний өдрийн 1049 тоот шинжээчийн :...Талийгаачийн нас барсан цаг хугацааг тогтоосон нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 143 тоот дүгнэлтэд дурдсан үндэслэлтэй байна. Харин 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 60 тоот үндэслэлгүй байна. Талийгаач В.Болдын нас барсан цаг хугацааг цогцост гарах эрт үеийн өөрчлөлтөөр тогтоосон байна. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагт цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад хүүрийн хөшилт 4 мөчдөөр тод илэрсэн. ...хүүрийн толбо улаан ягаан өнгөөр биеийн ар дарагдаагүй хэсгээр тод илэрсэн, хуруугаар дарахад цайхгүй гэжээ. Хүүрийн толбыг харахад стаз /зогсонгишлын/-ын шатаар сийвэн орчны эдрүү нэвчсэнээс цус өтгөрч судаснаас шилжих боломжгүй болно. Энэ шатанд толбон дээр дарахад арилахгүй. Энэ нь нас барсны дараах 12 цагаас  эхлэн 24-36 цаг хүртэл хугацаанд үргэлжилдэг. Талийгаач тухайн гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд амьд байх эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. ...” гэсэн  дүгнэлт / хх-ийн 2 дугаар хавтасны 92-94-р хуудас/

-Шинжээч Ж.Ганцэнгэл, Б.Энхжин, М.Золжаргал нарын “...дүгнэлтийг гаргахдаа талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн үзлэг бүхий тэмдэглэл зэргийг уншиж, судалснаар талийгаачийн нас барсан цаг хугацааг 12-36 цаг гэж тооцсон. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй юм. Мөн талийгаач Болдод дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд учирсан үед ямар цаг хугацаанд амьд байх боломжтойг тогтоох боломж байхгүй юм...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 97-102 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд хохирогчид учирсан гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай байсан, нас барсан шалтгаан нь гэмтэлээс цээж дарагдал, хурц цус алдалтын улмаас ШОК-ийн хүндрэл амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байх ба шинжээч нарын дүгнэлтээр  талийгаач нь гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд амьд байх эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй... гэсэн дүгнэлт гаргасан байх ба хэрэгт авагдсан бусад баримт болох

- Насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумаас Дархан-Уул аймаг руу хүний машинд дайгдаж явсан юм. Жавхлант сумаас 15 цаг өнгөрөөгөөд 16 цагийн орчим үдээс хойш явсан юм. Ингэж явахдаа Шарын голын гүүрээр гарч явдаг ба гүүрний ойролцоо ертөнцийн зүгээр замын зүүн гар талд голын ойролцоо нэг эрэгтэй хүн хажуулдсан байдалтай, доошоо харсан хэвтэж харагдсан юм. Би хараад согтуу хүн хэвтэж байгаа юм байна даа гэж харсан. Хажууд нь ямар ч хүн, машин, тэрэг байгаагүй ганцаараа л хэвтэж байсан. Ингээд Дархан-Уул аймаг орчхоод нээх удалгүй барилгын дэлгүүрээс худалдаж авах гэж байсан зүйлээ худалдаж авчхаад буцаж яваад шарын голын гүүрээр өнгөрч гарахад анх харсан хүн яг байсан хэвэндээ хэвтэж харагдсан ба тухайн үед гадаа дөнгөж бүрэнхий болж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 109 дүгээр хуудас/

  -Гэрч Ө.Амангелдийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын сүүлээр ...Дарханаас Сэлэнгэ аймаг руу хөдөлж явсан юм. Шарын гол өнгөрөх үед гадаа бүрэнхий болох гэж байсан санагдаж байна 18-19 цагийн үед санагдаж байсан нар шингэх гэж байсан байх голын эрэг орчим бараан хувцастай хүн хэвтэж байгаа харагдсан...зурвас хараад өнгөрсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 112 дугаар хуудас/

-Гэрч Д.Мягмардоржийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Жавхлант сумын эмнэлэгт жолооч ажилтай... Өглөөний 6 цаг өнгөрөөгөөд Шарын голын гүүрний тийшээ давхиж явсан ба замаас салаад шороон замаар ороод голын хажуугаар явж өнгөрөх үед гүүрнээс холгүйхэн голын эрэг орчимд хүн хэвтэж байхыг харсан юм. Тухайн үед манай зам хажуугаар нь өнгөрч байсан ба хүн байхыг харсан учир ямар учиртай хүн хэвтэж байгаа юм бол гэж бодоод машинаа зогсоогоод машинаас бууж яваад очиход нас барсан байдалтай, хувцас хунар нь шороо болсон, нуруу нь зулгарч урагдсан, царай төрх нь битүү шарх болсон, нас барсан харагдахаар нь шууд цагдаад мэдэгдсэн. Миний хувьд эмнэлэгт мэдэгдээд шууд цаашаа яваад эмч нарыг эмнэлгийг газарт авчирсан юм. ...” гэх мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газраас бэхжүүлэн авсан гэрэл зураг зэргээр талийгаач В.Болдыг 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 15-16 цагийн үед автомашинд дайрагдан гэмтэл авч түүнээс хойш тодорхой хугацааны дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 24-ний 00-03 цагийн хооронд нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6. Шүүгдэгч Д.Ариунболдын  гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ариунболд талийгаач В.Болд нар нь 2018 оны 07 сарын 22-23-ны өдрүүдэд архи ууж согтуурсан, талийгаач  В.Болдтой  шүүгдэгч Д.Ариунболд нь  2018 оны 07 сарын 23-ны өдрийн  16.00 цаг хүртэл  хугацаанд хамт байсан бөгөөд  талийгаач В.Болд нь 22-26 СЭА улсын дугаартай “Пронтер” маркийн автомашинд дайрагдаж  амь насанд аюултай гэмтэл авсны улмаас  ШОК-ийн хүндрэл амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болох нь хэрэгт авагдсан

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр “цогцосноос 8 метр, 10 см зайд хөрсөн зам байх ба ...цогцосны толгой хэсэг хөрсөн зам руу орсон, тээврийн хэрэгслийн мөр хөрсөн зам дээр үүссэн,...Цогцосны толгой хэсгээс 1 метр, 20 см зайд 1 метр орчим үргэлжилсэн газрын хөрс зулгарсан мөр үүссэн, уг мөрний чиглэл ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэлтэй тээврийн хэрэгслийн мөр байсныг бэхжүүлж авсан фото зургийн үзүүлэлтүүд болон тухайн үед  шүүгдэгч Д.Ариунболдын эзэмшилд байсан “Пронтер” маркийн 22-26СЭА улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Автомашины доод хэсгийн үзлэгээр урд дугуйны тэнхлэг хэсэгт 5х5х1.5 хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйл наалдсан байдалтай байсныг... маральд шингээж авав. Автомашины арын дугуйны чулак буюу гол тэнхлэгийн зүүн дугуйны хэсэгт 16х8.5 см хэмжээтэй арчигдсан, автомашины пердан голын урд үзүүр хэсгээр арчигдсан 6х4.5, автомашины моторын доод хэсэгт 1.5х2 см хэмжээтэй арчигдсан байна.” гэсэн тэмдэглэл,  шинжээчийн “...Цус мэт хүрэн улаан өнгийн зүйл нь хүнээс гаралтай эс агуулсан байсан учир ДНХ-ийн шинжилгээгээр хүнд байдаг 5 локусын аллель /үзүүлэлт/ тодорхойлогдсон байна. Иймээс малынх биш хүний эд эс байна. Цус мэт зүйл нь шороо болон машины тос маслотой холилдсоноор шинж байдал нь өөрчлөгдөх боломжтой” гэсэн дүгнэлт,

-шүүгдэгч Д.Ариунболдын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...талийгаач бид 2 үлдээд архи ууж байсан ба нэг сэрэхэд машины руль дээр унтаж байсан. Хэзээдээ машиндаа ороод унтсанаа санахгүй байгаа юм.... Ямартай ч машин дотроо сэрсэн. Ингээд машинаасаа буугаад урагшаа харахад хүн байхгүй, талийгаач харагдахгүй, явсан шиг харагдахаар нь байхгүй байгаа юм байна гэж бодоод машинаа асааж хөдөлгөөд шууд арагшаа ухарч машинаа эргүүлээд хойшоо чиглэлтэй шороон зам руу орж тэр чигтээ яваад Жавхлант сумын төв рүү орж, харьж амарсан.” ...гэсэн мэдүүлэг зэрэг баримтаар  талийгаач В.Болд, шүүгдэгч Д.Ариунболд  нар нь хоёр өдөр дараалан архи хэтрүүлэн уусан, голын эрэг дээр үргэлжлүүлж архи ууснаас согтож тухайн газраа унтсан байдал тогтоогддог бөгөөд  шүүгдэгч Д.Ариунболд нь тодорхой хугацааны дараа сэрж талийгаачийг эрж хайхгүйгээр  машинаа асаан /машины ойр орчмын нөхцлөө хянахгүйгээр/ шууд ухрах хөдөлгөөн хийж  машины ард унтаж  байсан талийгаач В.Болдыг  дайрсны улмаас  түүний амь нас хохирсон  болох нь тогтоогдож  байна гэж үзлээ.

 

 Иймд шүүгдэгч Д.Ариунболдыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  /Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан/ 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 2.7. а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэл, тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан удаа дараагийн шинжээч нарын дүгнэлтээр талийгаач В.Болдын нас барсан хугацааг нарийвчлан тогтоогоогүй,  22-26 СЭА улсын дугаартай автомашины урд доод тэнхлэгээс бэхжүүлж авсан цусны тогтоц В.Болд, иргэн Д.Ариунболд нарын ДНХ-тэй тохирохгүй байна  гэсэн дүгнэлт гарсан байхад шүүхээс энэ байдалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан “Талийгаачийн нас барсан цаг хугацааг тогтоосон  шинжээчийн  2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 143 тоот дүгнэлт буюу талийгаач нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний 00-03 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.... гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээч нарын гаргасан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1049 тоот дүгнэлтээр талийгаачийн нас барсан хугацааг тодорхойлсон.

Харин  22-26 СЭА улсын дугаартай автомашины урд доод тэнхлэгээс бэхжүүлж авсан цусны тогтоц нь маш их бохирлогдсон учир бүрэн дүүрэн үр дүн гарах боломжгүй боловч хүний цус мөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 Шинжилгээгээр хэний цус гэдэг нь нарийвчлан тогтоогдоогүй боловч  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтээр талийгаачийн  биед үүссэн нурууны зулгаралт,  нурууны доод хэсэгт тээврийн хэрэгслийн мөр гарсан байдал, шинжээчийн 2018 оны 08 сарын 09-ний өдрийн 4641 дугаартай ...талийгаачийн өмсөж байсан цамцанд үүссэн шинэ гэмтэл нь гогдох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан, өөр гэмтэл нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр  шинэ зулгаралт  болохыг... тогтоосон тухай  дүгнэлт, автомашины доод тэнхлэг дагуу нэг чиглэлээр арчигдсан шинэ ул мөр  үүссэн, талийгаачийн  дээгүүр гарсан автомашины мөр нь чигээрээ явсаар  шороон замтай нийлсэн байдал, талийгаачийн ойр орчим өөр машины ул мөр байгаагүй зэргийг тусгасан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,  хэргийн газраас бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  зэргээр тогтоогдсон, шүүгдэгчийн автомашин анх зогссон байдлаасаа  ухрах үйлдэл хийгээд урагшаа шороон замтай нийлсэн гэсэн мэдүүлэг зэргээр  шүүгдэгчийн эзэмшилд байсан 22-26 СЭА улсын дугаартай “Пронтер” маркын автомашинаар талийгаачийг дайрсан болох нь тогтоогдсон байна.

Хэдийгээр шүүгдэгч нь тухайн  гэмт хэргийг үйлдээгүй талийгаачийн нас барсан хугацаанд гэртээ унтаж байсан гэж тайлбарлаж байгаа ч талийгаачид учирсан гэмтэл автомашинд үүссэн ул мөр зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний тайлбар нь няцаагдаж байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ариунболдод  холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон, анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгчид  хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  шүүгдэгч түүний  өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг  хангахгүй үлдээх нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                       Д.БУЯНЖАРГАЛ

                                         ШҮҮГЧИД                          Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН