Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0267/З |
Дугаар | 128/ШШ2023/0483 |
Огноо | 2023-05-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2023/0483
2023 05 31 128/ШШ2023/0483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Прогрэкс ХХК /РД:6434355/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ганчимэг,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргал,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0018712 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг, хариуцагч Ж.Оюунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Прогрэкс ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалд холбогдуулан “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0018712 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахмад П.Цэрэнхүүгээс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан Прогрэкс ХХК-ийн захирал Б.Сүхбат нь хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0018712 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2.1-т зааснаар 2500 нэгж буюу 2.500.000 төгрөгийн шийтгэл ногдуулсан.
3.Нэхэмжлэгч Прогрэкс ХХК-иас тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2023/1789 дүгээр захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2023/2296 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргал нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Прогрэкс ХХК-ийг төрийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тухай зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт заасны дагуу 2500 нэгж буюу 2.500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Манай компани болон гүйцэтгэх захирал Б.Сүхбат миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлж дуудсан цаг хугацаанд нь очих мөн утсаар мэдээлэл өгөх зэргээр шаардлагыг биелүүлсээр ирсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад саад учруулаагүй, хаяг байршлаа солиогүй өнөөдрийг хүрсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргал нь шийтгэлийн хуудастаа ахмад П.Цэрэнхүүгийн гаргасан гомдлоор Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шалгаад холбогдогчийн мэдүүлгээр зөрчил үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж торгууль ногдуулсан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд Шийтгэл оногдуулахад болон шийтгэлийн хуудаст тусгах үндэслэл бусад нөхцөлийг тодорхойлсон байдаг. 7.1.1.Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; 1.2.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн хариуцлагыг нөхөн хүлээх этгээд байгаа эсэх; 1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх .... гэж заасан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг харвал зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх нь тодорхойгүй, шийтгэлийг аль ямар хэлбэрээр төлүүлэх нь тодорхойгүй мөн хуульд зааснаар үүргээ нөхөн биелүүлэхийг даалгасан, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал гарсан эсэх тухайн зардлыг яаж шийдвэрлэх зэргийг тусгаагүй байна. Мөн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш хэд хоногийн дотор шүүхэд гомдол гаргах талаар тусгаагүй байна. Дээрх үндэслэлүүдээс үзвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалын 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №0018712 дугаартай Шийтгэлийн хуудас нь хуульд заасан шаардлага хангаагүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалын 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №0018712 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан. Бид төлнө. Гэхдээ өнөөдөр төлөх үгүй дээр маргаагүй. Энэ зөрчил нь хууль ёсны дагуу оногдуулсан зөрчил мөн үү гэдэг дээр маргаж байгаа юм. ...Машин санал болгоод төлбөр авагчтай зөвшилцөх байдлаар ярьж байсан тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа.” гэв.
6.Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1824 дүгээр шийдвэрээр Прогрэкс ХХК-иас 10.738.850 төгрөгийг гаргуулан Хүдэр мөнх ХХК-д олгохоор шийдвэрлэж, албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудсыг тус шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бичиж төлбөр авагчид олгосон байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх баримт бичгийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22280088 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Прогрэкс ХХК-ийн хаяг болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 хороолол Эмон төвийн 406 тоот хаягаар зарлан дуудах хуудас болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлжээ. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авсан байна. Төлбөр төлөгч хуулийн этгээд нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй. Төлбөр төлөгч Прогрэкс ХХК-ийн захирал Б.Сүхбатыг удаа дараа дуудсан боловч хүрэлцэн ирдэггүй тул 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 185 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч П.Цэрэнхүү нь төлбөр төлөгчид холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу Төрийн алба хаагчаас тавьсан хууль ёсны шаардлага биелүүлдэггүй, дуудсан цагт ирдэггүй гэх зөрчлийн гомдлыг гаргасан. Гомдлыг хүлээн авч хянаад 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2302000015 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 06- ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Б.Сүхбатыг зарлан дуудсан мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн түүний 98118848 дугаарын гар утсаар нь дуудахад хүрэлцэн ирээгүй тул тус газрын эрэн сурвалжлах хэлтсийн ажилтнаар албадан авчруулсан. Холбогдогч Прогрэкс ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Сүхбат нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, төрийн алба хаагчаас тавьсан хууль ёсны шаардлага болох дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэх үндэслэлээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болохыг холбогдогчоос авсан тайлбар мэдүүлэг, гүйцэтгэх баримт бичигт авагдсан нотлох баримтаар тогтоож 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2.1 дэх заалтыг үндэслэн 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэлийг оногдуулсан. Холбогдогчоос тайлбар авахдаа эрх үүргийг танилцуулсан, шийтгэх хуудасны 1 хувийг холбогдогчид гардуулан өгсөн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7.5.2-т "Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ" заасан байна. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0018712 дугаартай шийтгэх хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.
...Тухайн шүүхийн шийдвэр нь 2021 оны 10 дугаар сард гарсан байгаа. Албадан гүйцэтгэх захирамж нь 2021 оны 12 дугаар сард гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үүссэн. Тухайн шийтгэврийг 2023 оны 02 сард оногдуулсан байгаа. Төлбөр төлөгч нь сайн дураараа үүргээ биелүүлэх үүрэгтэй байгаа. Гэтэл 2 жилийн хугацаанд сайн дураар биелүүлээгүй байна. Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж нь шүүхийн шийдвэр эцсийнх байна.
Эд хөрөнгө тогтоогоогүй гэж яриад байх шиг байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарлан дуудах хуудас болон мэдэгдэх хуудас дээр төлбөрийг сайн дураар төлөх хугацааг заасан байгаа. Хуулийн 44-т заасан арга хэмжээ авагдсан байгаа. Компанийн нэр дээр эд хөрөнгө тогтоогдоогүй. Гэхдээ танай компани үйл ажиллагаа явуулахгүй байх нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.” гэв.
Шүүх Прогрэкс ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Прогрэкс ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалд холбогдуулан “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0018712 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргасан.
2.1.Манай компани болон гүйцэтгэх захирал Б.Сүхбат миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлж дуудсан цаг хугацаанд нь очих мөн утсаар мэдээлэл өгөх зэргээр шаардлагыг биелүүлсээр ирсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад саад учруулаагүй, хаяг байршлаа солиогүй.
2.2.Зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх нь тодорхойгүй, шийтгэлийг аль ямар хэлбэрээр төлүүлэх нь тодорхойгүй, мөн хуульд зааснаар үүргээ нөхөн биелүүлэхийг даалгасан, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал гарсан эсэх тухайн зардлыг яаж шийдвэрлэх зэргийг тусгаагүй,
2.3.Шийдвэрийг хүлээн авснаас хойш хэд хоногийн дотор шүүхэд гомдол гаргах талаар тусгаагүй, хуульд заасан шаардлага хангаагүй.
3.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01824 дүгээр /х.х 26 дахь тал/ шийдвэрээр Хүдэрмөнх ХХК-ийн нэхэмжлэлтэй Прогрэкс ХХК-д холбогдох Түрээсийн гэрээний үүрэгт 10.436.909,89 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагч Прогрэкс ХХК-иас 10.436.909,89 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хүдэрмөнх ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
4.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/14132 дугаар /х.х 25 дахь тал/ Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 181/ГХ2021/00877 дугаар /х.х 24 дэх тал/ Гүйцэтгэх хуудсаар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
5.Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22280088 дугаар /х.х 31 дэх тал/ Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор Прогрэкс ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдлээр /х.х 33 дахь тал/ Прогрэкс ХХК-ийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 9 цагт ирэхийг мэдэгдсэн.
Мөн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр /х.х 33 дахь тал/ Хүдэрмөнх ХХК-д төлөх төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор /х.х 35 дахь тал/ Прогрэкс ХХК-ийн банкны дансыг битүүмжилсэн.
6.2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч П.Цэрэнхүү Прогрэкс ХХК-ийн байранд очиж ахлах менежер Т.Ганзоригтой уулзахад “захирал гадуур уулзалттай, байхгүй.” гэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс төлбөрөө төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдсэн нь Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд /х-х 37 дахь тал/ тусгагдсан байна.
7.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2302000015 дугаар /х.х 12 дахь тал/ Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэгч, ахмад П.Цэрэнхүүгээс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан гомдлын /х.х 14 дэх тал/ дагуу Прогрэкс ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан.
2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр /х.х 20 дахь тал/ Прогрэкс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбатаас мэдүүлэг, тайлбар авахаар тухайн өдрийн 16 цагт, мөн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр /х.х 21 дэх тал/ 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад ирэхийг 98118848 дугаар утсаар тус тус мэдэгдсэн.
2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Прогрэкс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбат нь “мэдэгдлийг хүлээн авсан. ...шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөхийг мэдэж байсан. Гэвч компанийн үйл ажиллагаа зогссон. Шүүхийн шийдвэртэй маргаагүй төлнө...” гэсэн тайлбарыг өгсөн, 98118848 дугаарын утсаар дуудахад ирээгүй шалтгаанаа “төлбөр төлөх боломжгүй байсан болохоор ирээгүй” гэж тайлбарласан /х.х 16 дахь тал/ байна.
7.Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1-т “төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, ...”, 2.2-т “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан;” Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т “шийтгэл оногдуулах”, 7.1 дүгээр зүйлийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;” 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх; гэж заасан.
8.Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0018712 дугаар шийтгэлийн хуудсаар Прогрэкс ХХК-д 2.500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.
9.Иймд нэхэмжлэгч Прогрэкс ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалд холбогдуулан гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0018712 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1, 2.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Прогрэкс ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалд холбогдуулан гаргасан “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0018712 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Прогрэкс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН