Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1373

 

 

МАГАДЛАЛ

 

2019.07.24                                                Дугаар 1373                                     Ул   аанбаатар хот

 

 

“ДФ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/01210 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ДФ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 580 225 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүнсний барааг зээлээр борлуулахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээ нь “ДФ ” ХХК нь импортын хүнсний бараа бүтээгдэхүүнийг зээлээр олгох, нийлүүлэгчийн тогтоосон үнээр худалдан борлуулах, борлуулагч нь тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан хэмжээгээр нийлүүлэгчийн дансанд шилжүүлэх зохицуулалт бүхий гэрээ байгуулагдсан. Түүний дагуу “ДФ ” ХХК-иас Д.Б нийт 10 298 475 төгрөгийн барааг зээлээр нийлүүлсэн. Ингээд Д.Батжаргал нь тус бараа, бүтээгдэхүүн нийлүүлснээс хойш 912 000 төгрөгийг буцааж тушаасан. 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1 064 080 төгрөг, 150 240 төгрөгийн бараа нэмж авч, 9 386 475 төгрөгийн үлдэгдэлтэй болж, үүнээс 10 600 795 төгрөг болж, буцаагаад 7 576 345 төгрөгийн барааг буцааж авсан. Ингээд үлдэгдэл нь 3 024 450 төгрөг болж, үүнээс 351 100 төгрөгийг төлж, 2 673 350 төгрөгийг үлдэж, үүнээс “ДФ ” ХХК-ийн зүгээс Д.Б 1 000 000 төгрөгийн урамшуулал олгосон байдаг. Гэрээний 5.6, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож, алданги нь 836 675 төгрөг буюу нийт 2 580 225 төгрөгийг хариуцагч Д.Б-аас гаргуулж, тухайн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 10 дугаар сард үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод очиж, судалгаа хийхэд бөөний үнээр зарах хэдэн төрлийн ургамлын тос, цагаан будаа, огурцы зэрэг барааг авах нь зүйтэй гэж үзэж “ДФ ” ХХК-тай гэрээ байгуулан харилцан ашигтай, хамтран ажиллахаар санал тавьсан. Манай саналын дагуу Баянхонгор аймагт хоёр талаас хүнсний бараа худалдах, худалдан авахаар тохирч, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, барьцаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Номгон, 1 дүгээр багт байрлах Сонголт плаза төвд байрлах 34,8 мкв-тай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тавьсан. Ингээд шинээр гэрээ байгуулсан тул бид Баянхонгор аймагт бараа борлуулахаар бэлтгэл ажлаа хангаж, шаардлагатай болж, зах зээлийн борлуулалт сайтай байдаг. Гэтэл агуулах байхгүй байсан учир шинээр агуулах түрээслэж авах, агуулахдаа шинээр нярав 1 хүн, борлуулалтын менежер 1 хүн, жолооч 1 хүн, нийт 3 ажилтан шинээр авсан. Учир нь “ДФ ” ХХК-ийн цагаан будаа, ургамлын тос, давсалсан огурцы зэрэг ногоонууд өргөн хэрэглээний хурдан зарагдах, эрэлт хурдантай бараа учраас нэг удаа татан авалт хийхдээ 10-аас 20 тонн бараа татан авалт хийж, зайлшгүй нөөц сайтай байх шаардлагатай болсон. 11 сарын сүүл, 12 сар гарангийн хугацаанд манай залуучууд баг хамт олон сайн ажилласны хүчинд борлуулалт нилээд сайжрах төлөвтэй байтал, дөнгөж 2016 он гарч байтал “ДФ ” ХХК-ийн ажилтнууд гэх ачааны 40 тонны машинтай хүмүүс Баянхонгор аймгийн зах дээр ирж, манай компанийн борлуулж байгаатай яг ижил барааг бөөний үнээр хямд зарж эхэлсэн. Бид нэхэмжлэгч “ДФ ” ХХК-ийн нэхэмжилж байгаа төлбөр, алданги, торгууль 2 580 222 төгрөгийг төлөх ямар ч үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин ч энэ асуудал дээр зардлын зөрүү болох сөрөг нэхэмжлэл гаргах замаар бидэнд учирсан хохирлоо гаргуулж авах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Д.Б-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 580 225 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “ДФ ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Талууд тухайн барааг хүлээж авсан, аваагүй талаар маргаагүй, хариуцагч өмнөх шүүх хуралдаан дээр болон шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа ямар, ямар нэр төрлийн барааг хүлээж авсан талаар тайлбартаа дурдаж, зээлээр барааг хүлээн авсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн, үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгч ДФ ХХК-ийн өөрийн барааг Баянхонгор аймагт худалдан борлуулснаас тухайн бараа бүтээгдэхүүнээ худалдаж чадаагүй, түүнтэй холбоотой зардал гарсан гэж хариуцагч тайлбарласан. Нэхэмжлэгч тухайн барааг Баянхонгор аймагт 1-2 өдөр худалдан борлуулсаны төлөө хариуцагчийн ямар эрх, ашгийг хөндсөн болон ямар хохирол учирсан талаар шүүхэд нотлох баримтаа ирүүлээгүй байхад хариуцагчийн тайлбар төдий зүйлийг үндэслэж шийдвэр гаргасан. Шүүх хуралдаан дээр 1-2 өдөр гэж тайлбарласан байхад 1 улирал гэж шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэр дээрээ бичсэн байгаа нь мөн алдаатай байна. Хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “ДФ ” ХХК нь хариуцагч Д.Б холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 580 225 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 000109 дугаартай Хүнсний бараа зээлээр борлуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу борлуулагч нь өөрийн борлуулалтын цэгээр дамжуулан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс тогтоосон үнээр худалдан борлуулах, үйлчилгээний чанар, худалдан авагч татах агуулга бүхий нөхцөлөөр үйлчлэхээр тохиролцож гэрээ байгуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтад “өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан” авагдсан байх бөгөөд нөгөө талын гарын үсэг байхгүй нэг талын баримтад үндэслэж нэхэмжлэгч байгууллагад нийт 1 673 350 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Мөн тухайн цаг хугацаанд эд, бараа бодитой хэдэн төгрөгийн үнэ бүхий, ямар нэр төрлийн бараа нийлүүлсэн, татан авсан талаарх байдлыг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Иймд хуулийн шаардлага хангасан баримт, нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг нотлох баримтын хүрээнд дүгнэх учиртай тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр     үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдааны товыг зохигч нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/01210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                             ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ