Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 227

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

            Улсын яллагч Д.Энх-Оргил,

            Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан,

            Нийслэлийн, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон овогт С А холбогдох 201725030753 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, эмэгтэй, 23 настай, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, эцэгийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамж, 24 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт С А (РД:МФ 94060401),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) амар, хялбар аргаар мөнгө олох, хөрөнгөжих зорилгоор, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 14-19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 1294 тоот хаяганд байх иргэн Э.Энхбатын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн Монел загварын ЛЕД зурагт 1 ширхэг, иргэн Т.Энхжаргалын эмэгтэй пүүзэн гутал 1 ширхэг, эмэгтэй хүний жинсэн өмд 5 ширхэг, эмэгтэй хүний цагаан өнгийн урт ноосон цамц 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан өнгийн урт даавуун цамц 1 ширхэг, эрээн өнгийн нейлон даашинз 1 ширхэг, хуучин өмсөж байсан цагаан өнгийн саатай ноосон цамц 1 ширхэг, эмэгтэй хүрэм 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шууд санаатай шунахай сэдэлттэйгээр хулгайлж, бусдад нийт 320.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулж “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

            С.Аээс мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:-2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр намайг очиход Жагаа эгч гэртээ юм угааж байсан. Би юм угаахад нь тусалсан. Тэгээд юмыг нь угааж дуусаад Жагаа эгч эмнэлэг явна гэхээр нь цуг явъя гэсэн. 5 шарын эмнэлэг дээр очоод за за би бэр эгчээ үзүүлнэ чи яв яв гэсэн. Тэгээд би автобусанд суугаад Сансар ороод, тэндээсээ такси бариад Жагаа эгчийн гэрт очсон. Намайг очиход хүн байхгүй байхаар нь цоожийг нь алхны урд ишээр татахад онгойсон. Тэгээд гэрт нь ороод зурагт болон цүнхтэй хувцас байхаар нь аваад хөлсөлж байсан машинтай тэр чигээрээ яваад Дарь-Эхийн 33 дугаар буудалд байх ломбардад зурагтыг нь өөрийнхөө бичиг баримтаар 170.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд 170.000 төгрөгөө аваад орой нь Өвөрхангай руу 10 жилийн ангийн хүүхэд Мөнгөнтуяагийн гэрт очсон. Тэгээд тэдний очоод байж байтал 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай Гучин-Усын төлөөлөгч Одбаяр ирээд намайг авч явсан. Өвөрхангай явах замын зардал олохын тулд Жагаа эгчийн зурагтыг хулгайлсан гэжээ.

            Мөрдөн байцаалтад хохирогч нараас мэдүүлэхдээ:

            1.Э.Энхбатаас:-…Өөрийнхөө гэрт хүүхдээ харуулаад найз Оюунболдын эхнэр Энхжаргалыг үлдээсэн юм. Тэгээд Дундговь аймгийн Сайхан овоо суманд байж байтал Энхжаргал над руу утсаар яриад гэрт хулгай орсон байна. Зурагт чинь алга болсон байна. Мөн миний хувцас алга болсон гэж хэлсэн. …Хаалга болон цоож гэмтээсэн асуудал дээр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эдгээрийг үнэлүүлэхгүй. Алдагдсан зурагтаа л олж авмаар байна гэжээ.

            2.Т.Энхжаргалаас:-2017 оны 4 дүгээр сарын 06-ны 11 цагийн үед Анхаа гэдэг охин над руу залгаад би танайд очъё гэрийнхэндээ зодуулчихлаа гэж ярьсан. Тэгээд таксинд суугаад ирсэн. Би зам дээрээс тосож аваад таксинд нь суугаад гэрийн гадна очсон. Тэгээд намайг юм хийж байх хооронд эгчтэйгээ утсаар яриад байсан. 10 дугаар хороолол руу явна гээд байсан. Тэр үед Цамбагарав явж эмнэлэгт үзүүлэх байсан тул Цамбагарав руу явна гэхэд Анхаа та миний таксинд суугаад явчих би хүргээд өгье гэсэн. Тэгээд тэр таксинд нь суугаад 10 дугаар хорооллын Хьюндай гэдэг эмнэлэг орсон. Орчихоод утсаар эгч рүүгээ залгаад байсан. Тэгээд эгч нь ажилтай байна гээд гараад явсан. Тэгээд тэнд би буугаад үлдсэн. Анхаа тэр таксигаа аваад явсан. Тэгээд би тэнд 14 цаг өнгөрч байхад очоод 19 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд зурагт болон миний цүнхтэй хувцаснууд алга болсон байсан. …Би Энхбатын зурагтыг олж өгмөөр байна. Хүний юм харж байгаад алдсан тул надад эвгүй байгаа. Мөн би одоо өмсөх хувцасгүй болчихоод байгаа. Би гомдолтой байна. Анхаа гэгчээр хохирлоо барагдуулмаар байна гэжээ.

            Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Оюунчимэг мэдүүлэхдээ:-…2017 оны 4 дүгээр сарын 06-ны орой 15-16 цагийн үед би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутагт Өргөө дэлгүүрийн хажууд байх ломбардандаа сууж байтал 20 гаран насны эмэгтэй орж ирээд аниа телевизор авах уу гэхээр нь авна гэж хэлсэн. Тэгээд тэр охин буцаад гараад явсан. Тэгээд буцаад 32 инчийн Монел гэсэн бичигтэй ЛЕД зурагт тэврээд ороод ирсэн. Тэгээд шалгаж үзээд баримт үйлдээд бичиг баримтыг нь шаардсан. Тэгтэл би бичиг баримт байхгүй. Би нөхөртөө зодуулсан. Манай нөхөр гуанз дотор миний үснээс зулгааж зодсон. Тэгээд би нөхрөөсөө зугтаагаад Чингэлтэйд байдаг гэрээсээ очоод зурагтаа бариад ирлээ гэхээр нь би Чингэлтэйд тавихгүй яасан юм гэхэд би урьд нь тавьж байсан юм намайг олчихно гэж байсан. Тэгээд би нөхрөөсөө сална, энэ мөнгөөр байр хөлсөлнө гэж ярьж байсан. Тэгээд өөрийгөө аавтайгаа амьдардаг хүүхэдгүй байгаа дээрээ сална гэж ярихаар нь би өрөвдөөд бичиг баримтгүй зурагтыг авсан юм. Тэгээд байж байтал хэд хоногийн дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс цагдаа ирээд дээрх зурагтыг хурааж авсан. Уг зурагтыг би 170.000 төгрөгийн барьцаанд авсан юм. Ингээд би одоод хохироод байна гэжээ.

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Уранбилэгээс мөдүүлэхдээ:-…Манай гэрээс ганцхан зурагт л алга болсон байна лээ. Оюунболдын эхнэр миний хувцас алга болсон гэж ярьж байсан. Манай зурагт нь 32 инчийн Монел нэртэй ЛЕД зурагт байсан. Уг зурагтыг нөхрийнхөө хамаатангаас 2017 оны 3 сард 280.000 төгрөгөөр худалдаж авсан гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч С.А нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 14-19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 1294 тоот хашаанд оршин суух Э.Энхбатын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн Монел загварын ЛЕД зурагт 1 ширхэгийг хулгайлж, Э.Энхбатад 200.000 төгрөгийн, Т.Энхжаргалын цүнхтэй хувцас  хулгайлж, түүнд 120.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Энхбатын мэдүүлэг, хохирогч Т.Энхжаргалын “…Гэрт ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд зурагт болон миний цүнхтэй хувцаснууд алга болсон байсан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн “…20 гаран насны эмэгтэй орж ирээд аниа телевизор авах уу гэхээр нь авна гэж хэлсэн. Тэгээд буцаад 32 инчийн Монел гэсэн бичигтэй ЛЕД зурагт тэврээд ороод ирсэн. Тэгээд шалгаж үзээд баримт үйлдээд бичиг баримтыг нь шаардсан. Тэгтэл би бичиг баримт байхгүй. Би нөхөртөө зодуулсан. Манай нөхөр гуанз дотор миний үснээс зулгааж зодсон. Тэгээд би нөхрөөсөө зугтаагаад Чингэлтэйд байдаг гэрээсээ очоод зурагтаа бариад ирлээ гэж байсан. Уг зурагтыг би 170.000 төгрөгийн барьцаанд авсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгийн схем зураг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Ш овогт С Аг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж, торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгийг тавин ес дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоолоо. Шүүгдэгч нь 59 хоног цагдан хоригдсон тул уг хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

            Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгийг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу бага бус хэмжээгээр тооцов.

            Хохирогч Э.Энхбатын зурагтыг буцаан олгосон тул ломбардын эзэн буюу иргэний нэхэмжлэгч Д.Оюунчимэгт 170.000 төгрөг олгохоор шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Шовогт С Аийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Аийг эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 59 (тавин ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.160.000 (арван дөрвөн сая нэг зуун жаран мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар шүүгдэгч С.Аийн цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнийг ял эдэлж дууссанд тооцсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Аээс 290.000 (хоёр зуун ерэн мянга) төгрөг гаргуулж, хохирогч Боржигон овогт Танкийн Энхжаргал (РД:НБ85070906)-д 120.000 (нэг зуун хорин мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч Боржгон овогт Дашдоржийн Оюунчимэг (РД:ХИ67051505)-т 170.000 (нэг зуун далан мянга) төгрөг тус тус олгосугай.

5.Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамж, 24 тоотоос гадагш явж болохгүй тухай баталгаа гаргуулсугай.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ