Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1372

 

 

МАГАДЛАЛ

 

2019.07.24                                                Дугаар 1372                                     Ул   аанбаатар хот

 

 

И.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01442 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч И.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НБДНДХ-т холбогдох,

Өндөр насны тэтгэвэр буруу тогтоосны улмаас дутуу олгогдсон тэтгэврийн зөрүү   13 416 269 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 1949 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Өдгөө 70 настай. 1973 оны 06 сараас эхлэн улс болон хувийн байгууллагад ажиллаж, хөдөлмөр, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлж ирсэн. Ингээд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэвэрт шилжүүлэн тогтоож өгөх тухай өргөдөл гаргаснаар 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр БДНДХ өндөр насны тэтгэвэр тогтоон 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олгож эхлэхээр болсон. Өнгөрсөн энэ бүх хугацаанд тогтоолгосон тэтгэврээ ямар нэгэн зөрчилгүй зөв тогтоогдсон гэж бодож явсан юм. Учир нь тэр үед миний бие жижиг бизнес эрхэлдэг, тэтгэврийн мөнгөнд санаа зовдоггүй, нягталж шалгадаггүй байлаа. Гэтэл 2017 онд нэг өдөр хөрш маань чи хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ гэж тодруулан асуухад 270 000 төгрөг гэж хариулахад, байгууллагын дарга, инженер хийж байсан хүн яагаад ийм багаа тогтоолгосон юм бэ? буруу тогтоогдсон байна ийм бага тэтгэвэр авна гэж байхгүй дээ гэснээр би шалгуулахад анх 2009 онд намайг тахир дутуугийн тэтгэврээс өндөр насны тэтгэвэрт шилжүүлэн тогтоохдоо ямар ч цалин авч байгаагүй, улсад, болон хувьд ажиллаж байгаагүйгээр хөдөлмөрийн доод хэмжээгээр тогтоосон нь батлагдсан юм.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0499 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0565 дугаартай магадлалаар тус тус И.Д миний тэтгэвэр тогтоолтын хуудас буюу захиргааны акт нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч БДНДХ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн дутуу олгогдсон тэтгэврийн зөрүү гурван өөр хувилбараар бодож ирүүлсэн баримт нь иргэн И.Д миний өндөр насны тэтгэврийг буруу тогтоож, дутуу олгож байсныг нотолж байна. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэхэд өндөр насны тэтгэвэр буруу тогтоосны улмаас дутуу олгогдсон тэтгэврийн зөрүү нийт 13 416 269 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: И.Д нь 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 17 жил 6 cap ажилласнаар тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаад 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хувийн хэргийг шилжүүлэн авчирсан. 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр улсад 18 жил 3 cap, Сайн дурын даатгалд 1 жил 9 cap нийт 20 жил ажилласнаар 60 насандаа 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тухайн үедээ хөдөлмөрийн дэвтэр 1 ширхэг, нийгмийн даатгалын дэвтэр 1 ширхэг, архивын лавлагаа 3 ширхэг баримт материалаар, цалингүйгээр тэтгэвэр тогтоолгосон байна. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд хамрагдаж 8 жил 11 сарыг баталгаажуулан 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс ажилласан хугацаа 28 жил 11 cap болж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. И.Д-ийн тахир дутуугийн тэтгэврийг 2002 онд тогтоохдоо 1984-1988 оны 5 жилийн цалингаар тогтоосон боловч тахир дутуугийн тэтгэврийн дундаж цалинг 2005 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984-1986 оны 3 жилийн цалингийн дундаж болгон өөрчилсөн байна. Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаж цалин нь харьяа төв архиваас бус аж ахуй нэгж байгууллагаас гаргаж өгсөн тохиолдолд хяналтын байцаагч тэтгэврийн байцаагчийн хамт анхан шатны баримттай тулган шалгаж баталгаажуулдаг. И.Д-ийг тахир дутуугийн тэтгэвэр авч байх хугацаанд буюу 2005 онд 1988 оны цалинг шалгахад 1987 оны цалингийн баримт байгууллагын архивын санд байхгүй байснаас дундаж цалинд өөрчлөлт оруулсан байх нөхцөл байдал үүссэн байна. Тахир дутуугийн тэтгэвэр нь 2005 оны 06 дугаар сараас 2009 оны 06 дугаар cap хүртэл 3 жилийн цалингийн дундажтай байсан. Мөн иргэн И.Д нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 5 жилийн цалингийн баримтыг тэтгэврийн байцаагчдаа авчирч өгөөгүй нь тэтгэвэр бодох 5 жилийн дундаж цалингүйгээр тэтгэвэр тогтоох нөхцөл үүссэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно” гэсэн заалтын дагуу дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолтыг өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо гаргаж өгөх ёстой боловч өгөөгүй байна. Тэтгэврийн дэвтэрт тухайн иргэний нийт ажилласан жил, тэтгэвэр бодсон дундаж цалин, сард олгох тэтгэврийн хэмжээ, тэтгэвэр тогтоосон огноо болон тэтгэврийг эхэлж олгох огноог бичиж баталгаажуулсан байдаг тул иргэн цалингүйгээр тэтгэвэр тогтоолгосноо мэдээгүй байх боломжгүй. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2009 оны тэтгэврийн тогтоолтын хуудсыг хүчингүй болгох, энэ хугацаанаас хойших тэтгэврийн зөрүүг нөхөн олгох боломжгүй юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БДНДХ 13 416 269 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч И.Д-оос урьдчилж төлсөн 225 031.35 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгчид олгож байсан тахир дутуугийн тэтгэврийг дуусгавар болгож, өндөр насны тэтгэвэр тогтоох үед хариуцагч байгууллагад нэхэмжлэгч нь 1984-1989 оны хүртэлх нийт 6 жилийн цалингийн түүвэр байсан болох нь нотлогдож байгаа юм. Мөн нэхэмжлэгч нь 1988 онд Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангид хөдөлмөр эрхэлж, цалин авч байсан болох нь хэргийн 35 дугаар талд авагдсан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 88/358 дугаар албан бичгээр тогтоогдож байна. Хэрэгт авагдсан захиргааны шүүхийн дээрх хоёр шийдвэр, магадлалд хариуцагч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нэхэмжлэгчийн хүсэлтээр өндөр насны тэтгэврийн хэмжээг тогтоохдоо Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон байхад анхан шатны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг зөрчиж “...Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагаас захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан захиргааны акт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл, гэм бурууд дүгнэлт хийж байгаа хэрэг биш юм...” хэмээн дүгнэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч И.Д нь хариуцагч НБДНДХ-т холбогдуулан өндөр насны тэтгэвэр буруу тогтоосны улмаас дутуу олгогдсон тэтгэврийн зөрүү 13 416 269 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тэтгэвэр тогтоосон актыг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг дахин зөв тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн ажилласан жилийг шинэчилэн тогтоож 28 жил 11 сараар баталгаажуулсан үйл баримт тогтоогдож, дээрх шийдвэрийн дагуу залруулга хийгдсэн талаар талууд маргаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь тэтгэвэр авах эрх үүссэн нөхцөл байдалд аль 5 жилээр өөрийнхөө тэтгэвэр тогтоолгох талаарх хүсэл зоригийн илэрхийлэл буюу хүсэлтээ гарган өгөх боломжтой байсан.

Түүнчлэн, анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тахир дутуугийн тэтгэвэр тогтооход 3 жил, өндөр насны тэтгэвэр тогтооход 5 жилийн цалингийн тодорхойлолт шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул анх тахир дутуугийн тэтгэвэр тогтооход бүрдүүлсэн баримт материалыг үндэслэн өндөр насны тэтгэврийг тогтоох байсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар үндэслэлгүй гэж      дүгнэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын байгууллага хуульд заасан даатгуулагчийн баримт бичиг хянан шалгаж, олгох байсан тэтгэвэрийн хэмжээг буруу тооцоолж хохироосон гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй тул шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 031,35 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                             ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ