Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/41

 

М.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, ерөнхий шүүгч             Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Г.Давааренчин

                                                                                                Б.Эрдэнэхишиг

                               

                                  Оролцогчид

                                  Прокурор                                     Н.Бадам /цахим/

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч               Д.Даваахүү /цахим/

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/73 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2034001780010 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Буурал 6 гудамжны 22 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******гийн ******* /РД:ТК82121610/

 

Холбогдсон хэргийн талаар: М.******* нь 2020 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагааны гозгор” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль экологид 37,170 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх М.*******д холбогдох хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаартай шүүгчийн захирамжаар:

“1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох 2034001780010 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

2.Шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

З.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 89,5 грамм алтыг хэргийн хамт прокурорт хүргүүлсүгэй.” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлартаа:  Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч М.*******д холбогдох эрүүгийн 2034001780010 дугаартай хэрэгт урьдчилан хэлэлцүүлэг явуулаад гаргасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаартай захирамжийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Яллагдагч М.*******д холбогдох хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байтал хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй эсэхийг тогтоолгох зорилгоор нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүхээс буцаасан нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул дор дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.Яллагдагчид ухах газрыг нь зааж өгөөд түүнд газар ухдаг багажаа ашиглуулсан, шороо зөөлцөж өгсөн 2 залууг урьд нь танихгүй, бүтэн нэр овгийг нь мэдэхгүй, тухайн үед утасных нь дугаарыг мэдэж байсан боловч одоо утасных дугаар байхгүй, би цагдаад баригдаад тэр хоёрт хэлсэн боловч утсаа салгаад олдоогүй гэж байгаа тул тухайн хоёр хүнийг олох боломжгүй юм.

2.Яллагдагч нь болон гэрч Дорлиг нь шороог гараар зөөсөн талаар мэдүүлсэн тул машин механизм ашигласан үйл баримт нь алттай шороог гаргаж авсны дараа өөрөөр хэлбэл захиран зарцуулах эрх нь нээгдсний дараа машинд ачиж явсан үйлдлийг машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Гар аргаар алт олборлосон байгаа тул хүрз жоотуу зэргийг ашигласан тодорхой байгаа. Үүнийг багаж хэрэгсэл гэж үзэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

3.“Комерс майнинг” ХХК-ийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй компани бөгөөд алт олборлосон хэрэгт ямарч хамааралгүй гэдэг нь нотлон тогтоогдсон болно.

4.Шинжээч дахин томилох асуудлын хувьд ажил орлогогүй түүний хувьд ямар ч төлбөрийн чадваргүй байгаа тул дахин шинжээчийн үнэ хөлс төлөх асуудал хүндрэл учруулж байна.  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцэлд: “...Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объект нь Байгаль орчин байгаль хамгаалах болон ашигт малтмал айх, ашиглах, олборлох журам байх бөгөөд хэрэгт цугларсан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №18/ЭН дугаартай шинжээчийн дүгнэлтээр байгаль экологид учирсан эдийн засгийн үнэлгээг тогтоолгосон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна. Иймд М.*******д холбогдох хэргийг прокурорт буцаасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/73 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив  гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Үндсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдвол зохих зүйлс бүрэн нотлогдон тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмгөөлөгчийн саналтай нэг байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын  дагуу М.*******д холбогдох эрүүгийн 2034001780010 дугаартай хэргийг бүхэлд нь хянавал:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас яллагдагч М.*******ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг тогтоож ирүүлээгүй ба шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэсэн үндэслэлээр хэргийг Прокурорт буцаасан байна.

Шүүгчийн захирамжийн үндэслэл нь: “...яллагдагч М.******* нь уг хэргийг Батаа, Мөнхөө гэх хүмүүстэй бүлэглэн үйлдсэн байж болзошгүй, хууль бусаар алт олборлохдоо ашигласан багаж, техник хэрэгсэл байгаа эсэх, тухайн халдлагад өртсөн талбай нь Комерс майнинг ХХК-ийн ашиглалтын талбайтай давхцалтай байгаа тул уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ч.Мөнхжаргал мөн эсэх, энэ гэмт хэрэгтэй холбоотой эсэх зэргийг шалгаж тогтоох, энэхүү хэрэгт шинжээчийн дүгнэлтийг 2 хүн гаргасан нь хууль зөрчсөн байх тул дахин шинжээч томилох зэрэг ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэжээ.

Хэргийг судлан үзвэл:  М.******* нь 2020 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагааны гозгор” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль экологид 37,170 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх ба хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дээрх Цагааны гозгор гэх газар нь Комерс майнинг ХХК-ийн ашиглалтын талбайн хэсэг газар халдлагад өртсөн болох нь нотлогдсон байх боловч уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг нарийвчлан тогтоох ажиллагааг явуулах нь уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол багатай, М.*******ы гэм бурууг хэлэлцэхэд чухал нөлөөгүй байна.

Түүнчлэн М.******* нь уг чулуунуудыг ухаж гарган зөөж бусдын тээврийн хэрэгслийг хөлсөлж мөнгө төлөхөөр аман тохиролцоо хийж ашигт малтмал бүхий чулуунуудаа ачиж яваад саатуулагдсан үйл баримтанд дүгнэлт хийн, хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл байдлууд буюу гэмт хэргийг хэн хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, хохирол хор уршиг нь тогтоогджээ.  

Чулуунуудыг буталж гаргаж ирсэн алтны чанар, хувь хэмжээг тогтоосон Геологийн төв лабораторийн шинжээчдийн шинжилгээний дүн нь хэргийн хохирол, хор уршгийг тогтоосон баримт биш бөгөөд уг шинжээчид нь хэдүүлээ ажилласан нь хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолтой бус байна.   

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл  бодит байдалд нийцэхгүй хуулийн үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч,  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/73 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч М.*******д холбогдох 2034001780010 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                Б.ЭРДЭНЭХИШИГ