| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0257/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/19 |
| Огноо | 2025-12-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2026/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Ц.Э ,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,
Шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.ын С-д холбогдох эрүүгийн 2438004170196 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овгийн Ч-ын С , 1996 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн, эрэгтэй 28 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Ханх сумын ............... багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн ....................... дугаартай.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Ч.С нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р баг, Хатгал тосгоны цэцэрлэгийн урд талын зам дээр ...............УБК улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-ын ЗХД-ийн 11, 14-р заалт буюу “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчиж улсын дугааргүй хөх өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж иргэн Ц.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1.1.Шүүгдэгч Ч.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,
1.2.Хохирогч Ц.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би ажилдаа явж байгаад хохирсон. Би хөдөлгөөнд оролцож байгаад хурд сааруулагч дээр очоод хурдаа хасахад араас ирж мөргөсөн.
Хохиролтой байна. Хөл хугарч гэмтлийн зэрэг хүндэвтэр гэж тогтоогдсон.
Эмчилгээний зардал 7,000,000 төгрөг гарсан ба анх 24,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Үүнээс 14,000,000 төгрөгийг өгөөгүй үлдсэн. Би гэмтэл авахаас урд өөрийн байшингаа засаж байсан юм. Тэгээд гэмтэл авсны улмаас үргэлжүүлэн засах боломжгүй болсон тул Ч.С хүнээр засуулж өгсөн. Тэр хүндээ 3,000,000 төгрөг өгсөн гэж яриад байгаа. 3,000,000 төгрөгийг би мэдэхгүй тул зөвшөөрөхгүй.
Харин 7,000,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлаа хийж чадаагүй тул уг хугацааны цалинг нэхэмжилнэ. Үндсэн цалин 1,200,000 төгрөг авч байсан, 2024 оны 10 дугаар сард групп тогтоолгож, сард 600,000 төгрөг авч эхэлсэн. Энэ мөнгөө хасаад зөрүүг нь нэхэмжилнэ, ажилгүй байх хугацаанд надаас баримтгүй маш их зардал гарсан. Тэрийг мөн оруулж тооцоод 14,000,000 төгрөг нэхэмжилж байна. Үүн дээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол гаргуулна. Орон нутагт цагдаагийн ажил хийж байсан байж яахаараа ингэдэг юм бэ? Тохироё гэчихээд тэрийгээ өгөхгүй, тохирохгүй байгаа…” гэх мэдүүлэг,
1.3.Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2438004170196 дугаартай хэргээс:
а.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Э-ийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед ажил руугаа явж байсан. Тухайн үед Хатгал тосгоны засмал зам дээр явж байсан юм. Би ажил руугаа орох гээд дохио өгөөд эргэх гэж байхад миний араас машин ирж мөргөөд би замын хажуу тал руу мотоцикльтойгоо унасан. Тухайн машины жолооч машинаасаа бууж ирээд намайг эмнэлэг руу авч яваад баруун хөл хугарсан байна. Сумын эмнэлэг Мөрөн орж үзүүл гээд тухайн хүнтэй цуг орж ирсэн. 2024 оны 05 сард гаальтай авч байсан. Улсын дугаар авч амжаагүй байгаа. Осол болох үед миний унаж явсан цэнхэр өнгийн мотоцикльд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-209-р тал, 2-р хх-ийн 18 дугаар тал/
б. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 191-р хуудас),
в. Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 569 дугаартай: “…Ц.Э-ийн биед баруун тахилзуур, шилбэ ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ц.Э-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, (1-р хх-ийн 214-р хуудас),
г. Техникийн шинжээчийн 2025 оны 02 сарын 03-ны өдрийн 08/100 дугаартай: “…Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь МУ-ын ЗХД-ийн 11.14-р заалт буюу “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.Улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а” болон “в”-р заалт буюу “Жолоочид...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг...зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг...хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ч С нь МУ-ын ЗХД-ийн 11.14-р заалт, Улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а” болон “в” заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 247-248-р хуудас),
д.Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэсэтэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 194-195-р хуудас),
е.Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 196-199-р хуудас),
ё.Тээврийн хэрэгсэлд /мотоцикль, приүс-20/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 200-203-р хуудас),
ж. Мөрдөгчийн “.......УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Б-тай 9918...... дугаарын утсаар холбогдож гомдол санал байгаа эсэхийг асуухад надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй...” гэх тэмдэглэлд (2-р хх-ийн 14-р хуудас),
з. Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчдийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ДАР0825/107 дугаартай дүгнэлт,
и. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 7-р тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 8-р тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2-р хх-ийн 99-р тал), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 1-р тал), жолооны үнэмлэхний нотариатчаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтууд болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.С нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р баг, Хатгал тосгоны цэцэрлэгийн урд талын зам дээр ...............УБК улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-ын ЗХД-ийн 11,14-р заалт зөрчиж улсын дугааргүй хөх өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогджээ.
Энэ нь шүүгдэгч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 569 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 2025 оны 02 сарын 03-ны өдрийн 08/100 дугаартай дүгнэлт, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд /мотоцикль, приүс-20/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн тэмдэглэл, Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчдийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ДАР0825/107 дугаартай дүгнэлт, жолооны үнэмлэхний нотариатчаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ч.С нь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хохирогч Ц.Э-ийн жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Ч.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ч.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...бусдын эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” хэмээн заасан.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй болно.
Шүүгдэгч Ч.С-ын буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Э “...Эмчилгээний зардал 7,000,000 төгрөг гарсан ба анх 24,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Үүнээс 14,000,000 төгрөгийг өгөөгүй үлдсэн. Би гэмтэл авахаас урд өөрийн байшингаа засаж байсан.
Тэгээд гэмтэл авсны улмаас үргэлжүүлэн засах боломжгүй болсон тул Ч.С хүнээр засуулсан. Тэр хүндээ 3,000,000 төгрөг өгсөн гэж яриад байгаа, 3,000,000 төгрөг өгсөн тухай би мэдэхгүй тул зөвшөөрөхгүй. Харин 7,000,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлаа хийж чадаагүй тул уг хугацааны цалинг нэхэмжилнэ. Үндсэн цалин 1,200,000 төгрөг авч байсан, 2024 оны 10 дугаар сард групп тогтоолгож, сард 600,000 төгрөг авч эхлэсэн. Энэ мөнгөө хасаад зөрүүг нь нэхэмжилнэ, ажилгүй байх хугацаанд надаас баримтгүй маш их зардал гарсан.
Тэрийг мөн оруулж тооцоод 14,000,000 төгрөг нэхэмжилж байна. Үүн дээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол гаргуулна...” гэх мэдүүлэг, тайлбар өгсөн.
Хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас үзвэл:
Эмчилгээний зардалд Дулаан хайрхан эмийн сангийн 13.500, 23.490, 29.159, 11.200, 28.700 төгрөгний И-баримт, Нил фарм 2.375 төгрөгний И-баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төв 300,000 төгрөгний И-баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төв 480.000 төгрөгний И-баримт, Энто фарм эмийн сангийн 168.000 төгрөгний И-баримт, Монос эмийн сангийн 4.150, 15.850, 7.500, 6.400, 5.000, 6.815, 11.330, 37.650, 6.320, 5.700, 42.970, 5.800, 12.180, 30.770, 5.000, 2.000, 9.200, 16.400, 4.310, 4.420, 40.505, 5.600, 4.410, Ази фарм 33.090, 51.500, 32.680, 3.200, 11.900, 5.150, 2.700, 5.400, 7.570, 36.850 төгрөгний И-баримт, Элбэрэлт тун эмийн сангийн 22.200 төгрөгний И-баримт, Анутулга фарм 5.800, 4.760, 6.000, 5.000, 33.800, 69.600 төгрөгний И-баримт, Ази фарми 48.400 төгрөгний И-баримт, Үлэмж итгэл 40.250 төгрөгний И-баримт нийт 1,772,554 төгрөгийн хохирол нь нотлох баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан.
Шүүгдэгч Ч.С-ын зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болсон буюу хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах хууль хэрэгжиж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.
Мөн Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчдийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ДАР0825/107 дугаартай дүгнэлтэд “...Хохирогч Ц.Э /РД:РХ.........../-ийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэж шинжээч дүгнэжээ.
Иймээс хохирогч Ц.Э ийн биед баруун тахилзуур, шилбэ ясны хугарал гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 1 дүгээр зэрэглэлд үнэлэгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлбөрийн хэмжээг тогтоов.
2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тогтоосон ба 4,99 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 3,293,400 төгрөг болж байна. /660.000*4,99=3,293,400/.
Иймд эмчилгээний зардалд баримтаар тогтоогдсон 1,772,554 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 3,293,400 төгрөг, нийт 5,065,954 төгрөгийг шүүгдэгч Ч.С-аас гаргуулж хохирогч Ц.Э-д олгохоор нь зүйтэй гэж үзлээ.
Шатахууны баримтууд нь хохирогч нь хэний эзэмшлийн машинд хаанаас хаа хүрэх зорилгоор шатахуун зарцуулсан нь тодорхойгүй, баримтууд нь нэг цаг хугацаанд өөр, өөр газраас авсан, Голомт банкны пост машинаас гарсан И-баримтууд нь он сар өдөр, мөнгөн дүн арилсан, эмчилгээнд зарцуулсан болох нь тогтоогдохгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, архи, тамхи, ундаа, бохь, кофе, хүнсний ногоо, алим, мандарин, акоадо, өргөмт хэмх, туна загас, лечо, тараг, өндөг, салями, нухаш, исгэгч, хиам, шоколад, чихэр, печень, гурилан боов, Маоам 22 гр,Sunny gold, Ostar 30гр, нүүрний тос, 00 цаас, сүлжмэл хувцас, тууш дэвтэр 24 хуудастай, тууш дэвтэр 32 хуудастай, сордог цэлцгэр зэрэг бүтээгдэхүүний И-баримтууд болон Доржготов Молом гэх эмийн сангийн И-баримт нь хэрэгт хамааралгүй баримт байна.
Мөн хохирогч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс тооцох журмын дагуу цалин хөлсний дундаж тогтооход шаардлагатай холбогдох баримтыг ирүүлээгүй тул тодорхой тооцоолол хийх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.Э нь эмчилгээний болон шатахууны зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ч.С-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч талаас 10,000,000 төгрөгийг хохиролд тооцон хохирогчид өгсөн хэмээн тайлбарлаж Ц.Э-д 500,000 төгрөг, Ц.Э-д 2,500,000 төгрөг, Б.Д-д 2,500,000 төгрөг шилжүүлсэн баримтыг ирүүлжээ.
Хохирогч Ц.Э нь 7,000,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан гэх мэдүүлгийг өгч байх тул 7,000,000 төгрөгийг шүүгдэгчээс хохирогчид төлсөн байна гэж дүгнэж, эмчилгээний зардал 1,772,554 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 3,293,400 төгрөг, нийт 5,065,954 төгрөгийг шүүгдэгчээс хохирогчид төлсөн 7,000,000 төгрөгнөөс хасаж тооцохоор шийдвэрлэж, шүүгдэгч Ч.С-ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Хохирогч Ц.Э-д эрх зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог бол зорилттой нийцэж байх ёстой. Зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэргийг бүрэн илрүүлж түүнд хүлээлгэх хариуцлагыг шударгаар оногдуулах зарчимтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх дээр прокурор хяналт тавьж, гэм бурууг нотлох үүрэгтэй. Ял шийтгэлийн тухайд 2,000,000 гаруй төгрөгөөр торгох нь хаашаа юм бэ, арай зөөлдөж байна. Цагдаа болон тусгай субъект эрүүгийн гэмт хэрэг үйлдэх нь битгий хэл зөрчил ч гаргахгүй байх ёстой хариуцлагатай албан тушаал учраас ийм хайхрамжгүй хандаж болохгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-ад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тохиромжтой гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Би Ч.С-ын өмгөөлөгчөөр 1 жил орчим хугацаанд ажиллалаа. Миний үйлчлүүлэгч болгоомжгүйгээр гэмт хэрэгт холбогдож шүүгдэгчээр орж ирж байна. Түүнээс биш энэ хүн албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Цагдаагийн албан хаагч гэдэг нь хүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал болохоос биш ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт ял эдлэхээс зайлсхийх, гэмт хэрэг үйлдэхэд илүү хариуцлагажуулж, цагдаа байсных нь төлөө ял халдаах асуудлыг хүндрүүлэх гэсэн байж боломжгүй асуудлыг хохирогчийн өмгөөлөгч ярьж байна. Ч.С нь өөрийн хариуцлагаа ухамсарлаад хэрэгт шалгагдаж эхлэнгүүтээ хүсэлтээ өгөөд Цагдаагийн ажлаасаа гарсан. Энэ гэмт хэрэг хөнгөн, хорих ялгүй гэмт хэрэг. Дээрээс нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэдэг гурван төрлийн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсвэл хөнгөрүүлж болно” гэж заасан.
Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой харагдаж байна. Иймд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ч.С-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 7-р тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 8-р тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2-р хх-ийн 99-р тал), жолооны үнэмлэхний нотариатчаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтуудаар шүүгдэгч Ч.С нь ам бүл 3, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Ханх сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын саналыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь заавал биш бөгөөд энэ нь гэмт хэргийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хуульд заасан нөхцөлөөс хамаардаг, шүүхээс шийдвэрлэдэг ялын төрлүүдийн нэг юм.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, зөвхөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах болон торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Ч.С нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн 2438004170196 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овгийн Ч-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С ад оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялыг 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах болон торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.С нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Э нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ч.С аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн 2438004170196 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ