| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/00323/И |
| Дугаар | 183/ШШ2023/00898 |
| Огноо | 2023-03-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2023/00898
2023 оны 03 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2023/00898 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Ньюс Тауэр оффисийн барилга, 4 давхар, 403 тоот хаягт байрлах, ******* ХХК*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа 2 хороолол, 1050 байр, 52 тоот хаягт оршин суух,**************
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Богд вилла, 1208.1.5 тоот хаягт оршин суух,******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 29 728 185,48 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******
Хариуцагч*******
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29 728 185,48 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч*******,******* нар нь 2022.04.22-ны өдөр-028 дугаартай гэрээгээр 28 000 000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй зээлдсэн боловч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эгүүлэн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийг ноцтой зөрчиж байгаа тул, зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 26 726 095,36 төгрөг, үндсэн хүү 2 994 142,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 947,70 төгрөг, нийт 29 728 185,48 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2014 онд үйлдвэрлэгдэж, 2022 онд Монгол Улсад орж ирсэн Тоёота Сай маркийн, арлын АZК102084136 дугаартай, улсын цагаан өнгийн автомашинаас үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*******ийн хаяг тодорхойгүй байсны улмаас хамтран хариуцагч*******ээс татгалзаж байна гэв.
2. Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн аваад танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн зээлийн автомашин худалдан авахаар авсан нь үнэн бөгөөд төлбөрийн чадвараас шалтгаанлан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой. Энэ хугацааг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ, хөрөнгийн жагсаалт, зээлийн өргөдөл, техникийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-21хуу/
4. Хариуцагчаас ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй байна.
2. ******* ХХК нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29 728 185,48 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2014 онд үйлдвэрлэгдэж, 2022 онд Монгол Улсад орж ирсэн Тоёота Сай маркийн, арлын АZК102084136 дугаартай, улсын цагаан өнгийн автомашинаас үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2022.05.10-ны өдөр М.А, хамтран хариуцагч Б.Т нар О ББСБ ХХК-ийн байгууллагаас авто машин худалдан авах зориулалттай 28 000 000 төгрөгийн зээл авч, ЗБ20220402 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний хуваарьт заасан төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчиж, гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон боловч үр дүн гараагүй. Мөн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шаардахад автомашиныг биет байдлаар хүлээлгэн өгөөгүй, барьцаа хөрөнгийг нуун дарагдуулсан. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч М.А 29 728 185,48 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Харин хамтран хариуцагч Б.Т татгалзаж байна гэж тайлыарлаж байна.
3. Хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2022.04.22-ны өдөр*******ээс 9396 УББ улсын дугаартай автомашиныг худалдан авсан бөгөөд уг хүнд би залилуулсан юм. Тухайн үед банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахад хамтран зээлдэгчгүй олгохгүй гээд Б.Т нь хамтран зээлдэгч болсон. Энэ хүн олон хүн залилан мэхэлсэн гэмт хэрэгт шалгагдаад гадаад улс руу явчихсан. Би 28 000 000 төгрөгийг О ББСБ-аас зээлсэн ба 4 700 000 төгрөг зээлийн гэрээний үүрэгт төлсөн. Гэтэл надаас 29 728 185,48 төгрөг болгож, олон сарын хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Нэхэмжилсэн үнийн дүнгийн хувьд маргаан байхгүй хэдий ч ковидын нөхцөл байдлаас хамаараад санхүүгийн хүндрэл бий болсон тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч байгаа 6 сарын дотор төлөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл 6 сарын хугацаанд сар тутам тэнцүү хэмжээгээр төлөхөөр тохиролцвол сар тутам 4 сая гаруй төгрөг төлж чадахгүй байна. Зээлийн төлбөрийг 10-12 сарын хугацаанд төлөх боломжтой. Иймд 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсныг харгалзан үзнэ үү гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 2022.04.22-ны өдөр ******* ХХК,*******,******* нарын хооронд ЗГ202204-028 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, нэг сарын 2.9 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцлийг тохиролцож, 36 сарын хугацаатай 28 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан, /хх 11-14 ху/
4.2 2022.04.22-ны өдөр ******* ХХК,******* нарын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаж, 2014 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугаартай, тоёота сай К-10 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд бүртгүүлсэн, /хх15-17, 21 ху/
4.3 2022.04.22-ны өдөр хариуцагч*******,******* нар ******* ХХК-д зээлийн өргөдөл гаргасан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх19 ху/
5. Зохигч, зээлийн болон фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэх, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй эсэх, харуицагч******* зээлийн гэрээний үүрэгт 4 570 000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтад маргаангүй, харин зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаанд маргаантай.
6. Зохигчдын хооронд байгуулагдсан 2022.04.22-ны өдрийн ЗГ202204-028 дугаар зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны хувьд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасанд хамаарахаар байна.
Хэргийн баримт болон талуудын тайлбараар хариуцагч автомашин худалдан авах зорилгоор 28 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сар тутам 2.9 хувийн хүүтэй, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон гэрээг хуульд нийцүүлэн бичгээр байгуулж, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч 2023.01.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзэх бөгөөд зээлийн гэрээний дагуу хариуцагч 2022.05.25-ны өдөр 1 270 000 төгрөг, 2022.06.30-ны өдөр 1 300 000 төгрөг, 2022.12.07-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 4 570 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснөөс үзэхэд тэрээр гэрээгээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан нэг талаас хариуцагч******* гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа үйл баримтад маргаангүйг харгалзан, нөгөө талаас хэргийн баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй гэж дүгнэлээ.
Тодруулбал, зээлдэгч гэрээгээр үндсэн зээл 28 000 0000 төгрөг, зээлийн хүү сар тутам 812 000 төгрөг төлөх үүрэг үүссэнийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2022.12.07-ны өдөр хүртэл 7 сар 15 хоногт тооцоход 6 089 990 төгрөгийн хүү, нийт 34 089 990 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлсөн 4 570 000 төгрөгийг хасч, үлдэх 29 519 990 төгрөгийг хариуцагч*******гаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 208 195 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
6.2 Зээлийн гэрээ ******* ХХК,*******,******* нарын хооронд байгуулагдсан боловч зээлдүүлэгч гэрээний үүргийг Б.А гаргуулахаар шаардсаныг шүүх үүрэг гүйцэтгүүлэгчийн хуульд заасан эрхэд хамаарна гэж дүгнэсэн. Учир нь:
Хариуцагч*******,******* нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасанд хамаарах хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул үүргийн гүйцэтгэлийг хариуцагч*******гаас шаардах эрхтэй юм.
6.4 Харин хариуцагч зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй. Учир нь:
Талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанд хамаарах фидуцын гэрээ байгуулсан ба энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргынхаа хувьд гэрээ байгуулагдахтай зэрэгцэн фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлснээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан эрх үүсэх буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь фидуцийн зүйлийг худалдан борлуулах эрхийг олгосон зохицуулалт юм.
Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээ байгуулагдаагүй, үүрэг гүйцэтгүүлэгчид мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны эрх үүсээгүй тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.
6.5 Дээрхийг нэгтгэвэл, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч*******гаас 29 519 990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 208 195 төгрөгийг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хамт хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч*******гаас 29 519 990 /хорин есөн сая таван зуун арван есөн мянга есөн зуун ерэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 208 195 /хоёр зуун найман мянга нэг зуун ерэн таван/ төгрөгийг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******т холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, хариуцагч*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 376 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 305 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ