| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2026/0008/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/29 |
| Огноо | 2026-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2026/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ийн Д-д холбогдох эрүүгийн 2538000000610 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ү овгийн Б-ийн Д , 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Санхүү, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ..... дугаар цэцэрлэгт нярав ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РК................ дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдснээр)
Шүүгдэгч Б-ийн Д нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт “Приус-20” маркийн ...................ХӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Улсын яллагч: 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 179 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчтай давхцаж байх тул судлуулах зүйл байхгүй гэв.
Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд:
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэв.
Гурав. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хх-ийн 5 дугаар тал),
2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын цагдаа, зохицуулагч дэд ахлагч Г.Отгонсүрэнгийн “......................ХӨТ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Д-ыг драйгер багаж ашиглан шалгахад 0,67% үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, (хх-ийн 6 дугаар тал),
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1971 дугаартай шийтгэврийн хуулбар, (хх-ийн 16-17 дугаар тал),
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, (хх-ийн 18-19 дүгээр тал),
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл, (хх-ийн 25 дугаар тал),
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой: иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 26-27 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 28 дугаар тал) зэрэг болно.
Дөрөв. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “…Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Даваахүү би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч Б.Д-ын гэм бурууг нотолж төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан болон хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нь Б-ийн Д нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт “Приус-20” маркийн ...................ХӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Иймээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч, түүний өмнөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Тав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Д нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт “Приус-20” маркийн ...................ХӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1971 дугаартай шийтгэврийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл, шүүгдэгч Б.Д-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илэрдэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.
Тодруулбал шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсэн атлаа автомашин жолоодож замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Д нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ түүний амьсгал дахь спиртийн агууламж (0,67) хувийн промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтанаас драгер багажаар шалган тогтоосон байна.
Мөн шүүгдэгч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/1971 дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хугацаагаар тус тус хасуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Үүнээс дүгнэхэд шүүгдэгчийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Зургаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Тус гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Б.Д-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Долоо. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх байдал тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 17 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх эрх хасах ялыг 2 жил 8 сар 17 хоногоор оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “…Энэ хэрэг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анх шүүхэд ирснийг анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Д-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд авагдсан ба шүүгдэгч Б.Д нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдсон.
Дээрхээс үзэхэд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаа эдэлж дуусахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж байгааг дурдах нь зүйтэй.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёс, гэм буруугийн зарчим болоод шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж шийдвэрлэсэн ялаас эдлээгүй үлдсэн ялыг энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 1 жил 8 сар 17 хоногоор тогтоож шийдвэрлэв.
Тодруулбал шүүгдэгч Б.Д нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял эдлэсэн хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөр дуусгавар болгож, эдлээгүй үлдсэн ялын хэмжээг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолоход 8 (найм) сар 17 (арван долоо) хоног байна. Иймд дээрх эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр нэмж нэгтгэсэн болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 8 (найм) сар, 17 (арван долоо) хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох болохыг анхааруулах нь зүйтэй.
Найм. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн 2538000000610 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ү овгийн Б-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Д-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах ял дээр Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 8 (найм) сар 17 (арван долоо) хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 1 (нэг) жил, 8 (найм) сар, 17 (арван долоо) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах болон торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 1 (нэг) жил, 8 (найм) сар, 17 (арван долоо) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн 2538000000610 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ