Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

            Улсын яллагч С.Энхтуул,

            Шүүгдэгч, хохирогч Э.Ө, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн,

Шүүгдэгч, хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Тамир,

Шүүгдэгч Э.Б, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хууль (2002 оны)-ийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Э Ө, Эрүүгийн хууль (2002 оны)-ийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Э Б, Мовогт Б Б, Эрүүгийн хууль (2002 оны)-ийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Бовогт Б Ц нарт холбогдох 201725030032 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч Б овогт Э Ө  /РД:ЕП................/, Дорноговь аймгийн Зүүн-Баян суманд 1989 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 70 дугаар байр 30 тоотод оршин суух хаягтай, “Матрикс” салонд менежер ажилтай, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай.

2.Шүүгдэгч Б овогт Э Б /РД:УЗ............./ Улаанбаатар хотод 1989 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 41 дүгээр байр, 7 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, онгоцны үйлчлэгч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай.

3.Шүүгдэгч М овогт Б Б /РД:ВЮ................/, 1989 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 41 дүгээр байр, 9 тоотод оршин суух хаягтай, Сайбер Монгол ХХК-д нярав ажилтай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай.

4.Шүүгдэгч Б овогт Б Ц /РД:УШ................../, Улаанбаатар хотод 1991 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 38 дугаар байр 21 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эгч, ах, дүү нарын хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай.

              Шүүгдэгч Э.Ө нь Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

              Шүүгдэгч Э.Б нь Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,        

              Шүүгдэгч Б.Б нь Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

              Шүүгдэгч Б.Ц нь Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

              Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Нэг.Шүүгдэгч Э.Ө нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Сэт бааран дотор 2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө архи ууж согтуурсан үедээ Б.Цийг өөрийг нь цохьсон гэх шалтгаанаар тус үйлчилгээний төвийн цахилгаан шатны дэргэд түүний нүүрний зүүн хацар хэсэг рүү гараараа 2 удаа цохьж, хөл гуя хэсэг рүү өшиглөх, тонгойх үед нүүр рүү нь өвдөглөж зодсоноос хохирогчийн биед гайморын хөндийн урд хананд хугарал, хамар яс таславчийн хугарал, тархи доргилт 2 зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дух зүүн дагз чамархай, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь

шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Ций “Би тухайн үед архи их уусан байсан болохоор ухаангүй болчихсон байсан. Нэг ухаан ороод сэргэхэд Гантогтох болон Өрнөхбилэг хоёр маргалдаад байж байхаар нь би хажуунаас нь Өрнөхбилэгийн нүүр рүү нь нэг удаа цохьчихоод гараад явсан. Тэгээд түрүүлж гараад доод давхарын цахилгаан шатны хэсэгт сууж байхад араас Өрнөхбилэг гарч ирээд “өө энэ сууж байна ш дээ” гэснээ “чи яаж байгаа юм бэ, яагаад цохиж байгаа юм” гэснээ миний нүүрний зүүн хацар хэсэг рүү гараараа 2 удаа цохиод авсан. Тэгтэл Өрнөхбилэг надад бааран дотор байхдаа зодуулсандаа шаралхаад над руу дайраад байсан. Тэгээд миний хөл гуя хэсэг рүү өшиглөөд бас нүүрээ дараад доошоо тонгойсон чинь нүүр рүү өвдөглөсөн” гэх мэдүүлэг,

гэрч М.Баатарсүрэнгийн “доор зодоон болоод байна гэж дуудахаар нь буугаад ирэхэд нэг залуугийн нүд рүү нь цохьчихсон нүд нь хавдчихсан байсан. Тэр залууг цохьсон гэх хүн нь намхан нуруутай бага зэрэг тарган, нүдний шилтэй байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Одонцэцэгийн “Лхагвасүрэн, Цогтбилгүүн бид 3 гараад 17 давхарт лифт хүлээгээд сууж байтал бааран дотор хажуу талаас юм яриад байсан жижиг биетэй нүдний шилтэй махлагдуу залуу хоёр найзтайгаа бууж ирсэн. Цогтбилгүүнийг харснаа хүрч ирээд чи яах гэж намайг цохьж байгаа юм бэ гээд дайраад байсан. Цогтбилгүүн эхэндээ чимээгүй сонсоод байсан. Тэгсэн чинь нөгөө залуу гэнэтхэн нүүрэн тус газар нь гараараа цохиод эхэлсэн. Хажуу талаас нь хамт явсан 2 найзтай нь Лхагвасүрэн бид нар салгах гэж оролдоод дийлээгүй” гэх мэдүүлэг, хохирогч Б.Ций биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.12.13-ны өдрийн №68 тоот шинжилгээний акт, гэмт хэрэг гарсан байдлыг харуулсан дүрс бичлэгт үзлэг хийсэн 2017.01.24-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Өийг хүний бие махбодид хүндэвтэр хохирол, /гэмтэл/ санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Прокуророос шүүгдэгч Э.Өийг Эрүүгийн хууль /2002 оны/-ийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн боловч тэрээр танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Ц нь түүнийг өөрийнхөө найзтай маргалдаж байна гэх шалтгаанаар эхэлж биед нь халдаж цохьсон нь гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.

Шүүгдэгч Э.Ө нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ бусадтай бүлэглэсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.Өийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан хүндэвтэр хэргийн ангилалд, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тус тус тооцогдож байгаа тул шинэчлэн найруулсан хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгчид ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзан тогтоосон болно. Шүүх торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа заасан ба шүүгдэгч нь уг заасан хугацаанд төлөөгүй бол уг ялыг Эрүүгийн хуульд заасан журмын дагуу хорих ялаар сольж болохыг сануулах нь зүйтэй. 

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Э.Ө нь хохирогч Б.Цд эмчилгээний зардалд нийт  1.970.000 төгрөг төлсөн нь бичгийн баримтаар нотлогдож байгаа ба хохирогч нь нэмж нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж байна.  

Хоёр: Шүүгдэгч Б.Ц нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Сэт бааран дотор 2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө архи ууж согтуурсан үедээ өөрийн найз Н.Гантогтохыг бусадтай маргалдаж, цохиуллаа гэх шалтгаанаар түүнийг өмөөрөн Э.Өийн нүүрэн тус газарт цохьж зодсоноос хохирогчийн биед тархи доргилт хамар ясанд хугарал, духанд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь

шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Э.Өийн “... Тэр өдөр би найз Баттогтох, Билгүүн нарын нарын хамт Пийс Тауэр худалдааны төвийн 18 давхарт байрлах Сэт бааранд орсон юм. Бид гурав бааранд ороод 1 цаг болсон байсан байх. Бид нарын авсан архи талдаа орчихсон байсан чинь манай хоёр найз тамхи татна гээд ариун цэврийн өрөө орох гээд явсан. Тэр хоёр нилээн удаан явсан. Би ширээн дээр ганцаараа сууж байсан болохоор хажуу талын ширээнд байсан залуутай танилцсан. Тэр залууг Цогтбилгүүн гэж байсан. Цогтбилгүүн бид хоёр тухайн үед хамт бүжиглэсэн. Тэгэж байгаад буцаад тус тусынхаа ширээнд суугаад байж байтал тэр ширээний нэг охин манай ширээн дээр ирээд надаас юм асуусан санагдаж байна. Тэгээд нэг залуу над дээр ирснээ “яагаад ангийн хүүхэд хоргоогоод байгаа юм бэ” гэсэн утгатай зүйл ярьсан. Би тэгэхээр нь “хоргоосон зүйл байхгүй” гээд маргалдаад байж байгаад цаашаа бай гээд түлхсэн чинь хажуу талаас Цогтбилгүүн хүрч ирсэнээ миний хамар руу цохиод хөл орчмоор жийсэн. Би тэгэж цохиулчихаад унаад босож ирээд уурлаад “яаж байгаа юм бэ” гэсэн чинь хамгаалагч, зөөгч нар салгаад бид нар зайнаас жоохон маргалдсан. Яг тэгээд маргалдаж байх үед манай хоёр найз болох Билгүүн, Баттогтох хоёр орж ирэх үед хамгаалагч нар Цогтбилгүүн тэд нарыг түрүүлж гаргаад манай найз бид гурвыг тооцоогоо хий гээд бид тооцоогоо хийчихээд гадагшаа гарсан чинь 17 давхарт Цогтбилгүүн сууж байсан. Тэгээд сууж байхад нь очоод “чи яаж байгаа юм бэ” гээд уурандаа хэд хэд цохьж зодсон. Дээрх гэмтлийг Цогтбилгүүн миний хамар руу гараараа нэг цохьж учруупсан. Тэгээд би зүгээр байж байгаад цохиулсандаа уур хүрээд тэд нар руу яаж байгаа юм бэ гэж уурлахад хамгаалагч нар ирж салгасан. Тэгээд маргааш нь Гэмтлийн эмнэлгийн хажууханд очоод толгойныхоо зургийг авахуулсан” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Гантогтохын “...босож ирээд шууд миний шанаа руу гараараа 1 удаа цохиод авсан. Тэр залуу нүдний шилтэй байсан. Тэгэхээр нь би гайхаад байж байтал хажуу талаас Цогтбилгүүн орж ирсэнээ тэр залуугийн нүүрэн тус газар шанаа хэсэг рүү нь цохьсон. Тэгсэн чинь тэр хавьд байсан хүмүүс ирж салгасан” гэх мэдүүлэг

Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн “Тэгээд Билгүүн бид хоёр 00-ийн өрөөнөөс гараад ирсэн чинь Өрнөхбилэгийг хамгаалагч нар тойроод зогсчихсон “та нар гарцгаа” гээд байсан. Өрнөхбилэг тэр үед “..миний нүүр рүү хүн цохьчихлоо” гээд байсан” гэх мэдүүлэг,

Э.Бий яллагдагчаар мэдүүлсэн “... тамхины өрөө орж тамхи татчихаад буцаад ирэх үед Өрнөхбилэг хүнтэй маргалдсан байдалтай байсан. Өрнөхбилэгтэй бааран дотор маргалдсан гэх хүн 17 давхарт лифтний урд сууж байсан. Тэгтэл Өрнөхбилэг тэр залуу дээр “чи яасан гэж намайг цохьж байгаа юм бэ” гээд дайраад байсан” гэх мэдүүлэг, хохирогч Э.Өийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.12.13-ны 72 тоот акт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд Б.Цийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Прокуророос шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хууль /2002 оны/-ийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн боловч тэрээр танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. Харин тэрээр өөрийн найз Н.Гантогтохыг өмөөрч, түүнийг цохьсон хэмээн зөрүүлэн хохирогч Э.Өийг цохьж зодсон болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар заасан ба Б.Ц нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тул 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчээс хохирогч Э.Өт гэм хорын хохиролд 120.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Гурав: Прокуророос шүүгдэгч Э.Б, Б.Б нарыг Э.Өтэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Сэт бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн тэдгээрт Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарыг үл таних этгээдийг зодсон гэх боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаар уг этгээд хэн болох, зодуулсан бол ямар шалтгаан байсан эсэх, түүнд гэмтэл учирсан эсэх зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй, уг этгээд хохирсон эсэх нь ч тодорхойгүй буюу хэргийн талаар нотолбол зохих асуудлыг нотолж тогтоогоогүй байна. Иймд шүүгдэгч Э.Б, Б.Б нарыг бүлэглэн 2016 оны 12 дугаар сард 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй үндэслэлээр тэдгээрийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан ба нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 201725030032 дугаартай эрүүгийн хэргээс Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Э.Б, Б.Б нарыг цагаатгаж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Э.Өийг бусдын бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Цийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хууль /2002 оны/-ийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Цийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4.Эрүүгийн хууль /2015 оны/-ийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Өийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хууль /2015 оны/-ийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Өийн торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6.Эрүүгийн хууль /2015 оны/-ийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Ө нь энэ тогтоолын 5-д заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7.Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн дүрс бүхий бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9.Шүүгдэгч Э.Ө, Б.Ц, Э.Б, Б.Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

10.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө, Н.Ц нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ