Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 111/ШШ2023/0007

 

НГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн 103 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч *******, ******* нарын хоорондын Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар актын хавсралтын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хууль бус актын улмаас учирсан хохирол 6.450.000 төгрөгийг гаргуулах тухай актын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдуулан Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №03 дугаартай актын хавсралтын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хууль бус актын улмаас учирсан хохирол 6.450.000 төгрөгийг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гарган, маргаж байна.

2. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1. Хандын Пүрэвсүрэнд анх 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын тэтгэврийн улсын байцаагч хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоожээ.

2.2. Нэхэмжлэгч ******* Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар актаар хуурамч баримтаар шүүхийн шийдвэр тогтоолгосон нэр бүхий 5 иргэнд илүү тэтгэвэр олгосон гэж төлбөрийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр акт гаргасан.

2.3. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд хандсан. Уг зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, хариу өгсөн байна.

2.4. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч тус шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар актын хавсралтын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, аваагүй тэтгэврийг тогтоосон хувь хэмжээгээр үргэлжлүүлэн олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авах байсан тэтгэвэр 3.640.000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

2.5. Нэхэмжлэгч 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 03 актаас нэхэмжпэгч ******* надад 5.500.000 төгрөгийн хохирол учирсан тул 5.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж дахин ихэсгэсэн болно.

3. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэлийн талаар:

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 1980 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар 31-ний өдрийг дуустал өрмийн мастер, дизельчин, угаалгын ажил зэргийг хийж байснаа иргэний хэргийн шүүхээр тогтоолгосон. Энэ үед буюу 1988 оны 10 дугаар сараас 12 сар хүртэл манаач г уурын зуухны машинистаар ажиллуулах болсонтой нь холбогдуулан орны хүнийг томилох хүртэл манаачийн ажлыг давхар хийсэн. 5 сарын 01-ний өдөр хүртэл компрессорчноор ажиллаад, 1989 онд дизельчнээ дангаар нь хийж байгаад барилгын бригадад туслахын ажлыг мөн давхар хийж байгаад экспедицийн 4 дүгээр отрядад угаалгын ажилчнаар ажилласан. Сахилгын зөрчил гаргаж, 1992 оны 9 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Ажилласан жилээ шүүхээр тогтоолгохдоо ямар нэгэн хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн асуудал байхгүй.

3.2. 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаарын актаар 7.117.333 төгрөгийн хохирол надад тавигдсан. Энэхүү төгрөгийг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар нь өнөөдрийг хүртэл миний тэтгэврээс сар болгон суутган авч, өнөөдрийн байдлаар буюу 2022 дугаар оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 5.500.000 төгрөгийг надаас суутган авсан.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №03 дугаар улсын байцаагч нарын актаас өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус актаас өөрт учирсан хохирол болох 5.500.000 төгрөгийг гаргуулах гэсэн 2 шаардлагыг гаргасан. Улсын байцаагч нарын актыг хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. ******* нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00876 дугаар шийдвэрээр Ажиллаж байсан байдлаа тогтоолгосон байдаг. Ажиллаж байсан байдлаа 1980 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Баянхонгор аймаг дахь геологи-гидрогеологийн экспедицийн дезельчин, өрмийн мастераар ажиллаж байсан байдлыг шүүхийн шийдвэрээр тогтоосон. Тус шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Нэгэнт шүүхээс гарсан хүчин төгөлдөр актыг няцааж, хууль зөрчиж, хуурамч баримт, бичиг бүрдүүлсэн гэх үндэслэлээр улсын байцаагчийн акт гаргаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж, ойлгож байгаа юм болов уу гэж бодож байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд тэтгэвэр, тэтгэмж олголтыг түдгэлзүүлэн зогсоох, 29 дүгээр зүйлд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийх талаар хуульчилсан. Тус хуулийн 29.1.2 дугаар зүйлд тэтгэвэр, тэтгэмж авагчийн төлбөл зохих энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаас бусад төлбөрийг түүний тэтгэвэр буюу тэтгэмжээс нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1.1-д тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол гэдэг байдлаар хуульчилсан. *******гийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь хуурамч гэдгийг тогтоосон албан ёсны шийдвэр гараагүй байхад улсын байцаагч нар дээрх хуулийн заалтыг зөрчиж, улсын байцаагчийн актыг гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймээс Захиргааны ерөнхий хуульд заасан сөрөг нөлөө бүхий захиргааны акт гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар тус актыг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа. Нэгэнт тус акт хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчиж гаргасан акт учраас тус актаас болж нэхэмжлэгчид хохирол учирсан. Иймээс тус хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. гэж заасан. Бид өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүхийн шийдвэрийг хуурамч нотлох баримтад үндэслэж гарсан шийдвэр хэмээн үзэж байгаа нь улсын байцаагч нарын буруутай үйл ажиллагаа гэж дүгнэж байна. гэв.

 

4. Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус хэлтэст 2021 оны 10 дугаар сард 10 хоногийн хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 заалтын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан хяналт шалгалтын ажлын удирдамжаар 2018-2020 онд Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, заавар, зөвлөмж, журмын хэрэгжилтэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдсэн. Тус шалгалтаар 2018- 2020 онд шинээр тогтоогдсон 2542, хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 296 нийт 2838 тэтгэвэр авагчийн тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгаж Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 заалтын дагуу шүүхийн шийдвэрт авагдсан анхан шатны нотлох баримт дутуу хувийн хэргүүдийг ялгаж үндэслэлийг шалгах зорилгоор аймгийн архивын тасгаас 51 тэтгэвэр авагчтай холбогдох нотлох баримтуудыг авч үзсэн.

 

Энэ нь Шүүхийн шийдвэрт эргэлзсэн, шүүгчийн ажлыг шүүх зорилго бол байгаагүй харин иргэд ажилласан байдлаа шүүхээр тогтоолгохдоо архиваас гарсан лавлагааг засварлах, хуурамчаар үйлдсэн лавлагааг нотлох баримт болгон: өгч шийдвэрлүүлж нийгмийн даатгалын сан хохироосон асуудал улсын хэмжээнд удаа дараа гарч байгаа тул нотлох баримтын үндэслэлийг шалгах зорилготой хийж хэрэгжүүлсэн ажил юм.

 

Архивын тасгаас гаргаж ирүүлсэн лавлагаа, шүүхийн шийдвэртэй зөрсөн тул нэр бүхий 5 тэтгэвэр авагчтай биечлэн уулзалт зохион байгуулахаар дуудахад *******, ******* нар ирж уулзаад хуурамч бичиг баримт бүрдүүлж шүүхэд өгснөө хүлээн зөвшөөрч, ******* нь төлбөрөө бүрэн төлж, ******* нь төлөх хуваарь гарган төлж эхэлсэн. Харин ******* гуайн хувьд шалгалтын үеэр холбогдоход Улаанбаатар хотод байгаа, өөрийн биеэр очих боломжгүй гээд хөдөлмөрийн дэвтэр, МХЗЭ-ийн бат илэрхийллийг замын унаанд тавьж ирүүлсэн. Хяналт шалгалтын багаас ирүүлсэн баримтыг шалгаж үзээд шүүхийн шийдвэрт авагдсан нотлох баримт нь шүүхийн шийдвэрээс зөрүүтэй, өөрөөр хэлбэл баримтаар нотлогдоогүй хугацааг ажилласан хугацаанд оруулан тогтоосон хэмээн үзээд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 улсын байцаагчийн актаар тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоох шийдвэр гаргаж тэтгэвэр олголтыг зогсоосон.

 

Тэтгэвэр олголтыг зогсоогдсоны дараа тэтгэвэр авагч ирж уулзахад учир байдлыг танилцуулахад хуурамчаар бүрдүүлсэн, сольсон, засварласан зүйл огт байхгүй, Баян-овоо сумын конторын барилга нь шатсан учраас архиваас лавлагаа гардаггүй юм хэмээн тайлбар хэлсэн.

 

Архиваас яагаад лавлагаа гараагүй шалтгаанаа Онцгой байдлын газарт өөрөө өргөдөл өгч Баян-Овоо сумын конторын барилгад гал түймэр гарсан тухай албан бичиг, рапортын хуулбарын хамт авч ирүүлснийг хуулбарлан хэлтсийн даргын зөвлөлөөр хэлэлцээд хурлын тэмдэглэл, албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт хүргүүлсэн. Гэвч энэ талаар албан бичгээр хариу ирүүлээгүй бөгөөд холбогдох байцаагч нар нь утсаар холбогдож хүлээн зөвшөөрөхгүй, архивын лавлагаа, шүүхийн шийдвэр хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл МХЗЭ-ийн батлахад 1989 оны 3 дугаар сараас хойш ямар нэгэн бичилт байхгүй байхад 12 сарыг дуустал ажиллаж байсан нь баримтаар нотлогдоогүй хугацааг шүүх ажилласан хугацаанд оруулан тогтоосон гэж үзээд Шүүхийн ёс зүйн зөвлөлд хандаж шалгуулах ёстой гэсэн шаардлага тавьсан. Албан бичгээр чиглэл зөвлөмж ирээгүй тул дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй.

 

Тэтгэвэр олголтыг зогсоосон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг гомдлын шаардлагын зөвлөлд хүсэлт гаргасан. Тухайн асуудлыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус зөвлөлийн гишүүд танилцаад Нийгмийн даатгалын ерөнхий газраас тавьсан акт учраас харьяаллын дагуу бол Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл хэлэлцэж шийдвэрлэх эрхгүй учраас ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэж шийдвэрлэсэн.

 

Албан бичгээр хариу өгөхөөс өмнө буюу 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/29 дугаартай тушаал тус хэлтэст ирсэн. Тус тушаалын гурав дах хэсгийн 3.1-т Үндэслэлгүй олгогдсон 38.5 сая төгрөгийн төлбөртэй холбоотой нэр бүхий 5 иргэнтэй нэг бүрчлэн уулзаж, тэмдэглэл хөтлөн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бусаар тэтгэвэр тогтоолгон авч нийгмийн даатгалын сан хохироосон тэдгээр иргэдээр нөхөн төлүүлэх тухай Улсын байцаагчийн акт тогтоож, төлбөрийг 2022 оны 01 дүгээр улиралд багтаан төлүүлж, сан хохиролгүй болгох гэсний дагуу тус хэлтсийн хяналт шалгалтын байцаагч нараас Илүү олгосОн тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай улсын байцаагчийн акт тогтоож холбогдох хүмүүсийг дуудан танилцуулахад актад зөвшөөрсөн гэсэн талд гарын үсэг зурахаас татгалзсан тул актыг хүлээн авсан тухай гарын үсгийг зуруулж, актыг хүлээлгэн өгсөн.

 

Актыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үзээд тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл-д 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай улсын байцаагчийн актыг хүчингүй болгох тухай гомдол ирүүлсэн.

 

Зөвлөл тухайн асуудлаар 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаад хуралд оролцсон гишүүдийн 100%-ийн саналаар Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ. гэж заасны дагуу бичигдсэн улсын байцаагчийн актын хавсралтад дурьдсан 5 иргэний 2 иргэн нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн шүүхэд өгснөө хүлээн зөвшөөрч илүү олгогдсон тэтгэврээ 1 нь бүрэн төлж, нөгөө нь график байгуулан төлж байна. Даатгуулагч нь Улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах- аар гомдол гаргасан байгаа нь зөрчилдөж байгаа тул уг захиргааны акт нь хуулийн дагуу бичигдсэн хүчин төгөлдөр акт гэж үзээд улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй хэмээн хэлэлцээд даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол үйлдэж, эс зөвшөөрвөл шүүхэд хандахыг зөвлөсөн шийдвэр гаргасан. Тогтоол гарсан тухай даатгуулагчид утсаар мэдэгдэхэд өөрийн биеэр ирэх боломжгүй тул бие төлөөлөгч буюу хамаатан нь ******* гэдэг хүнийг явуулан тогтоолыг гарын үсэг зурж гардаж авсан.

 

Тэтгэвэр олголтыг зогсоох шийдвэр гарсны дараа нэмэлтээр олж ирүүлсэн албан бичиг, нотлох баримтыг хэлтсийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, албан бичгээр Хяналт шалгалтын газарт хүргүүлсэн учир дээд газраас хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэр ирэхийг хүлээж байхыг тэтгэвэр авагчид өөрт нь болон хүүхдэд нь хэлж тайвшруулж байсан. Үүнээс шалтгаалан тухайн иргэнийг тэтгэвэр зогсоосон тухай улсын байцаагчийн акттай холбоотой гомдлоо Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргах хуулийн хугацааг нь өнгөрөөсөн нь үнэн болно. Тус даатгуулагчийн ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хууль журмын дагуу явагдсан эсэхийг шүүх байгууллагаас өөр тогтоох субъект байхгүй гэж үзэж байгаа ч бидний хувьд хяналт шалгалтаар илэрсэн нотлох баримтыг үндэслэн тогтоосон улсын байцаагчийн акт, дээд газраас ирүүлсэн тушаад, шийдвэрийг хэрэгжүүлж ажилласан. гэжээ.

 

 

4.1. Хариуцагч нар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2021 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын ажил тус хэлтэст хийгдсэн.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тушаалын хавсралтын 4.2 дахь хэсгийн өрмийн мастер гэсэн ажил мэргэжпээр ажилласан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байсан *******гийн шүүхэд гаргаж өгсөн архивын лавлагааны үндэслэлийг НДЕГ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын ажпын хэсгийн гишүүн Ч.Лхагвасүрэн шалгахад манаачаар ажилд томилогдсон гэх тушаалын лавлагаа гарч хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан хугацаа хүрэхгүй болсон тул хуурамч бичиг баримтаар тэтгэвэр тогтоолгон авсан гэх үндэслэлээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримтлан уг тэтгэврийг зогсоох, НДЕГ-ын даргын 2022 оны А/29 дүгээр тушаалын 3.1 заалтын дагуу улсын байцаагчийн акт үйлдсэн.

Тухайн даатгуулагч нь хуурамч бичиг баримт бүрдүүлж шүүхийн шийдвэр гаргуулсан нь тогтоогдсон тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу тэтгэврийн санд авсан тэтгэврийг буцаан төлүүлэх ба хуурамч бичиг баримт бүрдүүлж шүүхийн шийдвэр гаргуулаагүй нь тогтоогдвол мөн хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу хугацаанд нь олгоогүй тэтгэврийн нөхөн олгох хуулийн заалттай болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

5. Нэхэмжлэгч ******* нь Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай актын хавсралтын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, аваагүй тэтгэврийг тогтоосон хувь хэмжээгээр үргэлжлүүлэн олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг[1] Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Авах байсан тэтгэвэр 3.640.000 төгрөгийг гаргуулах[2], Хууль бус актын улмаас учирсан хохирол болох 5.500.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах[3]-аар тус тус ихэсгэсэн.

6. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 111/ШЗ2022/0126 дугаар захирамжаар[4] нэхэмжлэгчийн Аваагүй тэтгэврийг тогтоосон хувь хэмжээгээр үргэлжлүүлэн олгохыг даалгах, Авах байсан тэтгэвэр 3.640.000 төгрөгийг гаргуулах шаардлагуудыг тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул үлдэх актын маргааныг хянан хэлэлцсэн болно.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хурлын явцад захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлын үнийн дүнг 6.450.000 төгрөгийг гаргуулах гэж тодруулсныг дурдах нь зүйтэй.

7. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбарууд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, нэхэмжлэл үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өргөдөл, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд маргаан бүхий захиргааны актын хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, хууль бус актын улмаас өөрт учирсан хохирол 7.117.333 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

8.1. ******* нь 1980 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өрмийн мастер, дезильчин, компрессорчин, манаач, угаалгын ажлуудыг хавсран хийж байсан байдлаа Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхад захиргааны байгууллага шалгалт хийж, тэтгэврийг түдгэлзүүлсэн, улмаар нөхөн төлбөр ногдуулж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.

8.2. Хуурамч баримт бүрдүүлсэн талаар шалгаж тогтоогоогүй, хуурамч баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгоогүй, харин ажил хавсран гүйцэтгэж байсан.

8.3. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаануудыг хийгээгүй.

9. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

9.1. Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход үндэслэл болсон баримтуудад НДЕГ-аас төлөвлөгөөт шалгалт хийхэд *******гийн манаачаар томилогдсон тушаалын лавлагаа гарч ирсэн, тиймээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан хугацаа хүрэхгүй болсон.

9.2. *******г хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон гэж үзээд тэтгэвэр олголтыг зогсоох, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2022 оны А/29 дүгээр тушаалын 3.1 дэх заалтын дагуу улсын байцаагчийн акт үйлдсэн.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

10. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох, илүү олгосон тэтгэврийг төлүүлж дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай 32/30 дугаар актын[5] тогтоох хэсгийн нэг дэх заалтаар хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 5 иргэний тэтгэвэр олголтыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоохоор шийдвэрлэжээ.

11. Улмаар энэхүү актын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгасны дагуу Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай А/29 дүгээр тушаалын[6] 3.1 дэх заалтаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авсан 5 иргэнтэй нэг бүрчлэн уулзаж, тэмдэглэл хөтлөн, хуурамч баримт бүрдүүлэн, хууль бусаар тэтгэвэр тогтоолгон авч нийгмийн даатгалын сан хохироосныг нөхөн төлүүлэх акт тогтоож, төлбөрийг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан бүрэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

12. Дээрх тушаалын биелэлтийг хангаж, хариуцагч нар 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3 дугаартай акт үйлдэж[7], *******д 7.117.333 төгрөгийн төлбөр ногдуулахаар болжээ.

13. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 131/ШШ2018/00876 дугаар шийдвэрээр[8] *******г 1980 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Геологи-Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Баянхонгор аймаг дахь Геологи-гидрогеологийн экспедицид дизельчин-өрмийн мастераар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэж заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн *******д хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоосон байна.

14. Гэтэл Нийгмийн даатгалын Ерөнхий газраас төлөвлөгөөт шалгалтын хүрээнд ...хэвийн бус нөхцөлөөр 2018-2020 онуудын хооронд тэтгэвэр тогтоолгосон 296 тэтгэвэр авагчийн тэтгэвэр тогтоолтыг хянаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.3.3, 4.7.2 дахь заалтыг зөрчиж, хуурамч баримтаар шүүхийн шийдвэр тогтоолгосон гэж нэр бүхий 5 иргэнд мөн хуулийн 27, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг үндэслэн актаар төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй.

15. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч баримт бичиг бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол суутгал хийж болохоор хуульчилсан.

Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэн суутгал хийхийн тулд тэтгэвэр авагч хуурамч баримт бичиг бүрдүүлсэн байх, түүнтэй холбоотойгоор илүү олгосон тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх шүүхийн эсвэл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан байх шаардлага хангагдах учиртай.

Тухайн тохиолдолд хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэх асуудал эрх бүхий байгууллагаар хянагдаагүй, шийдвэрлэгдээгүй, тогтоогоогүй болох нь Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 29-2/3038 дугаар албан бичиг[9], хариуцагч нарын тайлбар[10] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

16. Харин хяналт шалгалтаар давхар ажил эрхлэлттэй холбоотой буюу *******гийн Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харъяа Баянхонгор дахь Геологи-гидрогеологийн экспедицийн даргын 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Ажилд томилох, өөрчлөн томилох тухай 81 дүгээр тушаал[11], 1989 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Ажилд түр томилох тухай 59 дүгээр тушаалуудаар[12] манаачийн ажилд томилогдон ажиллаж байсан баримтууд нэмж гарч ирснийг тэтгэвэр авагч хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон гэх үндэслэлд хамааруулан үзэх боломжгүй юм.

17. Түүнчлэн хариуцагч нар маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг баримтлаагүй[13], сонсох ажиллагаа хийгээгүй, хуурамч баримт бүрдүүлсэн эсэхийг тогтоолголгүйгээр тэтгэвэр авагчид төлбөр ногдуулсан зэрэг нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны актын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас түүнд учирсан хохирол 6.450.000 төгрөгийг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 101 дүгээр зүйлийн 101.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай актын хавсралтын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хууль бус актын улмаас учирсан 6.450.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар актын хавсралтын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид учирсан 6.450.000 төгрөгийн хохирлыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан *******д олгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН