Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 877

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ч ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00631 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ч ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Нд холбогдох

 

Гэр хөлслүүлсний хөлс 1 800 000 төгрөг, иж бүрэн гэр гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Сэр-Од

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Батзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Г.Сэр-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Г.Ч  миний бие хамт ажиллаж байсан танил Л.Нд өөрийн нь хүсэлтээр аргагүй байдлыг нь харгалзан үзэж өөрийн иж бүрэн гэрээ сар бүр 50 000 төгрөгөөр тооцон түрээсэлсэн бөгөөд тохиролцсон хугацаандаа түрээсийн мөнгөө өгөөгүй, утсаа авахгүй ирж уулзахгүй, гэрийг минь авчирч өгөхгүй, оргон зайлан олдохгүй болсон тул одоо Л.Нгээс иж бүрэн гэрээ олж авах түрээсийн төлбөр 1 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Н шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н, Г.Ч оос 2015 оны 08 сарын 12-ны өдөр 6 ханатай, шалгүй цагаан бүрээсгүй, эвдэрхий хаалгатай хуучин гэрийг 700 000 төгрөгөөр худалдаж авахаар ярилцаж авсан нь үнэн. Би тухайн үед боломжгүй байсан учир гэрийг нь авч яваад мөнгийг нь төлөөгүй. Чинтогтохтой гэр түрээслэх тухай яриагүй, шууд худалдаж авахаар тохирсон атал надаас түрээсийн төлбөр 1 800 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. Харин түүний хуучин гэрийг авсан нь үнэн учраас анх тохирсон 700 000 төгрөгийг нь төлнө, нэмж мөнгө төлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас тухайн үед худалдаж авсан гэрийн үнэ 700 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа тул илүү нэхмжилж буй шинэ гэр болон түрээсэнд тооцсон 1 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Л.Нгээс 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ч ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Нгээс гэрийн арван есөн ширхэг эсгий бүрээс, гэрийн дотуур шинэ хөшиг /эрээн судалтай/, гэрийн шинэ хулдаасан дэвсгэр, гэрийн иж бүрэн дрожон дэвсгэр /том жижиг таван ширхэг/, зуух, яндан, гэрийн шинэ тооно, гэрийн бүрэн оосор бүч, гэрийн гурван ширхэг бүслүүр /гадуур/, аргалын дөрвөлж, түлшний дөрвөн ширхэг урт мод, нэг ширхэг модон ор, хоёр ширхэг төмөр орыг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Ч од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 113 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Нгээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ч од олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэр-Од, түүний өмгөөлөгч С.Батзаяа нар давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00631 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэгт байгаа хариуцагчийн бичиж баталгаа гаргасан гэх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэсэн огноотой 2 баримтад “хариуцагч нэхэмжлэгчээс авсан гэрийн үнэд 1 000 000 төгрөгийг 1 айлын газрын хамт өгөх” агуулгатай. “Нэргүй өөрийн гараар бичсэн үг” гэх гарчигтай баримтад нэхэмжлэгчээс 6 ханатай гэр авсан, түрээс 50 000 төгрөг авсан үнэн болно, 3 хоногийн дотор гэрийг хамт өгнө гэсэн агуулгатай байсан гэж анхан шатны шүүх тайлбарласан боловч хариуцагч 6 ханатай гэрийг хөлслөхөөр нэхэмжлэгчээс хүлээж авсан, хөлсийг нэг сарын 50 000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх буюу Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна гэж дүгнэн буруу тайлбарласан, хэргийг буруу шийдвэрлэсэн. Учир нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 41.2 дахь хэсэгт хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй бусад  нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасны дагуу хариуцагчийн өөрийн гараар бичсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэсэн баримтад 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 6 ханатай гэрийг авсан үнэн, түрээс 50 000 төгрөг авсан үнэн болно, 3 хоногийн дотор гэрийн хамт өгнө гэсэн нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн харилцааг нотолсон шинжтэй гэрийг худалдан авахаар тохироогүй. Харин хөлслөн авсан бөгөөд гэрийн хөлсөнд 50 000 төгрөг төлөх үүрэгтэй болохоо илэрхийлсэн бөгөөд тэр үед гэр байсан болохыг хариуцагч нотолсон байна. Гэр авснаас хойш жилийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэсэн баримтад гэр авсны үнэ 1 000 000 төгрөг, өөрийн нэр дээр байгаа газраа бичиг баримт бүрдүүлж өгнө гэж хариуцагч бичсэн байх бөгөөд хариуцагч шүүхэд гэр үрэгдэж байхгүй болсон гэж тайлбар гаргасан зэргээс дүгнэхэд, гэрийг бодитоор буцаан өгөх боломжгүй болсон учир хариуцагч нэхэмжлэгчид нийт 1 000 000 төгрөг, 1 газар өгч хохирлыг барагдуулахаар баталгаа бичиг гаргасан гэж дүгнэхээр байна. Ийм учраас нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч гэрээ хариуцагчид өгөөд, өөрөө түрээсийн байр хөлслөн өдий хүртэл амьдарч байгаа. Гэрийг сар бүр 50 000 төгрөг хөлсөнд авахаар тохирсон гэж үзэх боломжтой. Нөгөө талаар нэхэмжлэгч гэрээний нийт хохиролд 1 000 000 төгрөг, 1 айлын газар өгнө гэж бичсэн байгаа нь гэрийг сард 50 000 төгрөгөөр түрээсэлсэн төлбөр болон гэрийн үнийг нэмээд төлөх төлбөрийн дүнг тооцож гаргасан гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүх гэр хөлслүүлсний төлбөрийн 1 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Ч  нь хариуцагч Л.Нд холбогдуулан гэр хөлслүүлсний хөлс 1 800 000 төгрөг, иж бүрэн 6 ханатай гэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрийг хөлслөөгүй, худалдаж авсан, одоо гэр байхгүй учраас тухайн үеийн үнэ 700 000 төгрөгийг төлөх боломжтой, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлоогүйн зэрэгцээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэр буюу эд хөрөнгө хөлслүүлсний төлбөрт 1 800 000 төгрөг, хөлслүүлсэн эд хөрөнгө болох 6 ханатай гэрийг гаргуулна” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “гэрийг хөлслөөгүй, худалдаж авсан, одоо гэр байхгүй учраас тухайн үеийн үнэ 700 000 төгрөгийг төлөх боломжтой, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарласан байна. /хх 1, 15/

Хэргийн 8 дугаар талд хариуцагч Л.Нн гарын үсэг зурсан бичгийн баримт авагдсан байх ба уг баримтад “2015 оны 08 дугаар сарын 12-нд нэхэмжлэгчээс 6 ханатай гэр авсан, түрээс 50 000 төгрөг авсан үнэн болно” гэсэн байх тул 6 ханатай гэрийг хөлсөлсөн гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний хугацаа дуусах өдрийг талууд харилцан тохиролцоогүй байх тул тодорхой бус хугацаагаар байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Иймээс хариуцагч Л.Н нь гэр хөлсөлсний төлбөрийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн хугацаагаар тооцож үзвэл 36 сарын түрээсийн төлбөрт 1 800 000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь түрээслүүлсэн эд хөрөнгө болох 6 ханатай гэрийг хариуцагчаас буцаан шаардсан бөгөөд хариуцагч нь гэрийг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, харин гэрийг худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар хариуцагч нь хөлсөлж авсан эд хөрөнгө болох 6 ханатай гэрийг хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч Г.Ч од буцаан өгөх үүрэгтэй.

 

Харин гэрийн эд хогшил болох нэрлэн зааж буй эд зүйлсийг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч гэрийн эд зүйлсийг хүлээж аваагүй гэж маргаж байна. Хэргийн 20 дугаар талд авагдсан баримтад “жижүүр” гэж хэн болох нь тодорхойгүй этгээд гарын үсэг зурсан байна. Уг баримтад үндэслэж хариуцагч Л.Нг гэрийн арван есөн ширхэг эсгий бүрээс, гэрийн дотуур шинэ хөшиг /эрээн судалтай/, гэрийн шинэ хулдаасан дэвсгэр, гэрийн иж бүрэн дрожон дэвсгэр /том жижиг таван ширхэг/, зуух, яндан, гэрийн шинэ тооно, гэрийн бүрэн оосор бүч, гэрийн гурван ширхэг бүслүүр /гадуур/, аргалын дөрвөлж, түлшний дөрвөн ширхэг урт мод, нэг ширхэг модон ор, хоёр ширхэг төмөр ор зэргийг нэхэмжлэгчээс хүлээж авсан гэж эргэлзээгүй дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй.   

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00631 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар хариуцагч Л.Нгээс 6 ханатай гэр, гэр хөлсөлсний төлбөрт 1 800 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Ч од олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...70 200 төгрөг” гэснийг “113 950 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ч оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН