| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/2469/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2774 |
| Огноо | 2025-12-12 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2774
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч Б.Очгэрэл,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ********* оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ********* ХХК-д жолооны багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, ******** тоотод оршин суух,
Урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 314 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 26.1 дүгээр зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялуудыг нэмж нэгтгэн нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, ***********
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...”гэв.
Эрүүгийн 2502002330209 дугаартай хэргээс:
Улсын яллагч: гэмт хэргийн талаарх мэдээллийг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 21 цаг 10 минутад хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал), ******* улсын дугаартай Тоёота Кровн 204 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-13 дахь тал); Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 412 тоот өрөөнд 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр сэжигтэн ******** биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-16 дахь тал); сэжигтэн ******* биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан талаарх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал); Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0325/2690 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 32-35 дахь тал);Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ЕГ0325/2373 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 39-41 дэх тал), Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 371 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал),******* эзэмшлийн Самсунг А82 загварын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 75-80 дахь тал),Дамно ХХК-ийн “...******** Toyota grown маркийн тээврийн хэрэгсэл нь 16.905.000 төгрөг...” автомашины техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 44-46 дахь тал), ****** яллагдагчаар өгсөн “...хийсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна...”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал),
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ялын тооцоо (хавтаст хэргийн 242 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч нэмэлтээр “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2502002330209 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол улсын яллагч түүний гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай, 0,5398 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр ******* улсын дугаартай Toyota grown маркийн тээврийн хэрэгсэл дотор хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ********* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэ үйл баримт нь гэмт хэргийн талаарх мэдээллийг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 21 цаг 10 минутад хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),
*******Х улсын дугаартай Тоёота Кровн 204 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад ******** нь үзлэгийг үргэлжлүүлж авто машин дотор хийхэд жолооч талын баруун хэсэгт байх хайрцаг дотроос зиплок ууттай цагаан өнгийн нунтаг зүйл гаргаж ирснийг "1" дугаараар тэмдэглэн шинжилгээнд хүргэхээр хураан авлаа, үзлэгийг цааш үргэлжлүүлж жолоочийн доор байх шалавчны зүүн хэсэгт олон тооны зиплок уут байсныг "2" дугаараар тэмдэглэн хураан авлаа үзлэгийг цааш үргэлжлүүлж голын хайрцаг нь дээр зиплок ууттай цагаан өнгийн талстлаг зүйл, 100 төгрөгийн дэвсгэрт байсныг "3" дугаараар тэмдэглэн хураан авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-13 дахь тал);
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 412 тоот өрөөнд 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр сэжигтэн ******* биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-16 дахь тал);
Сэжигтэн ****** биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан талаарх “...тестийн битүүмжлэлийг харуулан задалж, тестийг өгч, шалгуулахад "татгалзах зүйл байна уу" гэж асуухад татгалзах зүйл байхгүй гэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад 1 минутын дараа “МЕТ хэсгийн Т.С түвшинд 1 улаан зураас ЭЕРЭГ (Илэрсэн)”...” мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал);
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0325/2690 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "87 7559 УНХ мес а/д ********* 2025.03.28" гэж хаягласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг зүйлээс Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Метамфетамин (Methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтана. Шинжилгээнд ирүүлсэн 1 боодол жижиг зиплок уут, Монгол улсын AR3011693 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хоосон өнгөгүй зиплок уут, хар өнгийн цахилгаан жингээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн "***** мөс а/д ****** 2025.03.28" гэж хаягласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин 0,5398 грамм байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 32-35 дахь тал);
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ЕГ0325/2373 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн "**********" гэсэн хаягтай шээснээс метамфетамин (methamphetamine) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг болно....” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 39-41 дэх тал),
Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 371 дугаартай “...***** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ****** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ***** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ****** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ****** нь мансууруулах сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. ******* нь мансууруулах сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...”гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал)
******* эзэмшлийн Самсунг А82 загварын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 75-80 дахь тал)
Дамно ХХК-ийн “...****** Toyota grown маркийн тээврийн хэрэгсэл нь 16.905.000 төгрөг...” автомашины техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 44-46 дахь тал),
******* яллагдагчаар өгсөн “...хийсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналтад тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “...донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж үзэхээр хуульчилсан.
“Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг, “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг хэлнэ гэжээ.
Энэ төрлийн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур нууц далд аргаар олж авсан, түүж бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдлаар байлгасныг хууль бусаар хадгалсан гэж үзнэ.
Шүүгдэгч ****** Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай, 0,5398 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 7559 УНХ улсын дугаартай Toyota grown маркийн тээврийн хэрэгсэл дотор хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч ******** холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна, 5 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж заажээ.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь Дамно ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №Б25-26 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлангаар “...******** Toyota grown маркийн тээврийн хэрэгсэл нь 16.905.000 төгрөг...”(хавтаст хэргийн 44-46 дахь тал) гэж үнэлэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 16,905,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ********* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 38 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын үлдэгдэл 3 жил, 9 сар, 29 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэн, эд мөрийн баримтаар хураагдсан ******** серийн дугаартай 100 төгрөгийг Монгол банканд хүлээлгэн өгч, бусад эд зүйлсийг устгах нь зүйтэй байна....”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хорих ялын хамгийн бага хэмжээгээр ял шийтгэж өгнө үү. Эдлээгүй үлдсэн ялд нэмж нэгтгэн оруулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, биологийн дээж эерэг гарсан болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимтай холбоотой ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 26.1 дүгээр зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ********* 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ба 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн (хавтаст хэргийн 242 тал) 3 жил 9 сар 29 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил, 9 сар, 29 хоногийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч ******** нь энэ хэрэгт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3388 дугаар захирамжаар цагдан хоригдож цагдан хорих 461 дүгээр ангид 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шилжиж ирсэн гэх боловч ялын тооцоог 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар (хх-н 242-243 ) болгож тооцсон байх тул уг ялын тооцоонд үндэслэн энэ хэрэгт 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсонд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч ******** нь энэ хэрэгт 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс энэ өдрийг хүртэл 38 хоног цагдан хоригджээ.
Иймд шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон 38 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн 2502002330209 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 0,5398 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг зохих журмын дагуу устгах, AR3011693 серийн дугаартай 100 төгрөгийг Монгол банкинд шилжүүлэх, устгасан эд мөрийн баримт болон шилжүүлсэн тухай баримтыг тус тус хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын, Хар тамхитай тэнцэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1343 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 9 сар 29 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 (дөрөв) жил, 9 (ес) сар, 29 (хорин ес) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 4 (дөрөв) жил 9 (ес) сар 29 (хорин ес) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 38 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “******** улсын дугаартай Toyota grown маркийн тээврийн хэрэгслийн үнэ 16,905,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 0,5398 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг зохих журмын дагуу устгах, ********3 серийн дугаартай 100 төгрөгийг Монгол банкинд шилжүүлэх, устгасан эд мөрийн баримт болон шилжүүлсэн тухай баримтыг тус тус хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын ,Хар тамхитай тэнцэх газарт даалгасугай.
9. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ