Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 251

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

            Улсын яллагч Д.Нямсүрэн,

            Шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон, Х.Дд холбогдох 2016 2503 1890 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, С овогт Х Д (РД:ЦЖ............) Улаанбаатар хотод 1978 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 6-173 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч нь давтан үйлдлээр, 8 хувийн орон сууцны хөнгөлөлттэй зээл гаргаж өгнө гэж 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайн орчим иргэн М.Мягмарсүрэнгийн 800.000 төгрөгийг, Төрийн банкнаас зээл гаргаж өгнө гэж 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо “Голомт” хотхоны автомашины зогсоол дээр иргэн Д.Бямбагэрэлийн 500.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч бусдад нийт 1.300.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн дээрх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэгт

 

 

 тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Х.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй, албан тушаалтан биш атлаа 8 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл гаргаж өгнө гэж цахим сүлжээнд зар тавьж, 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайн орчим иргэн М.Мягмарсүрэнгийн 800.000 төгрөгийг, Төрийн банкнаас зээл гаргаж өгнө гэж 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо “Голомт” хотхоны автомашины зогсоол дээр иргэн Д.Бямбагэрэлийн 500.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэх аргаар залилан авч бусдад нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг,

хохирогч И.Мягмарсүрэнгээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн “…2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үнэгүй.мн сайт дээр 8 хувийн зээл бүтээж гаргуулж өгнө гэж зар тавьсны дагуу маргааш нь Дуламсүрэн гэх эмэгтэй над руу залгаад “орон сууцны зээл гаргуулах юм уу би бүтээж өгнө” гэсэн. Дуламсүрэн хэлэхдээ Баянзүрх дүүрэг дээр очоод нэг хүнтэй уулзчихаад болно гэвэл би болгоод өгнө гээд явсан. Тэгээд 1 цагийн дараа над руу залгаад болох юм байна. Та надад зээлийн гэрээ хийгээд нотариатаар батлуулаад 800.000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би түүнд  сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийж мөнгөө өгсөн” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Бямбагэрэлээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн “…2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үнэгүй.мн сайтад зээл гаргаж өгнө 99785391 гэсэн дугаартай зар байсны дагуу залгаж 37 сая төгрөгийн зээлийг Төрийн банкнаас гаргуулах гэсэн юм гэхэд “Төрийн банк”-ны 13 дугаар хороолол дахь салбарын захирал манай найз байгаа юм гаргаад өгье гээд миний материалыг аваад маргааш нь “нөгөө хүн материалыг чинь авчихлаа” гэсэн. Үдээс хойш нь дахин залгаад болно гэж байна. Ориг материалаа, урьдчилгаа 1 сая төгрөгтэйгөө аваад ир” гэхээр нь би надад 500.000 төгрөг л байна гэхэд за гээд 500.000 төгрөгийг аваад явсан. Тэгээд маргаашнаас нь эхэлж утас нь холбогдохгүй таг болчихоор нь гэрийн хаягаар нь очиход гэртээ байхгүй, ирдэггүй гэж байсан. Дараа нь миний материалыг 3 дугаар төрөхийн тэнд байрлах дэлгүүрт үлдээсэн гэж мессэж бичихээр нь очиж материалаа авсан. Одоо энэ хүний утас холбогдохгүй ор сураггүй болсон.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Д нь орон сууцны хөнгөлөлттэй зээл гаргаж өгнө гэж амлан 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч И.Мягмарсүрэнтэй байгуулсан 800.000 төгрөгийн зээлийн гэрээ, зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С овогт Х Дг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан хүндэвтэр хэргийн ангилалд, 2015 оны Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байгаа тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус үндэслэн тогтоосон болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Х.Д нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 38 хоног цагдан хоригдсон бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцсон ба цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг /38 хоног х 15.000 төгрөг/-ийг эдлэх ялаас хасч тооцов.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Х.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5.41 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан, 10-14 насны гурван хүүхэдтэй, өрх толгойлон амьдарч байгаа зэргийг харгалзан түүний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 6 гудамж 173 тоотод байрлах Ү2204019179, Ү2204019178 бүртгэлийн дугаартай хоёр орон сууц, Г2204004646 дугаартай газар эзэмших эрхийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

Прокуророос шүүгдэгч Х.Дг Эрүүгийн хууль /2002 оны/-ийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас оргосон хэмээн яллах дүгнэлт үйлдсэн боловч уг үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохгүй болсон тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Дд холбогдох хэргээс 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас оргосон гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Х.Дг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.2015 оны Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Дг 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 (дөрвөн зуун тавин нэгэн мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.2015 оны Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.Дгийн цагдан хоригдсон 38 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, ял эдэлж дууссанд тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Дгээс 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч Боржигон овогт Ишдоржийн Мягмасүрэн (РД:УУ69111918)-д 800.000 төгрөг, хохиргч Савга овогт Доржийн Бямбагэрэл (РД:УК91081024)-д 500.000 (таван зуун мянга) төгрөг тус тус олгосугай.

6.Эд хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Х.Дг сулласугай.

9.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ