Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 265

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч С.Энхтуул,

            Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,

Хохирогч Д.Ариунаа нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон А овогт СБд холбогдох 201725030596 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Алтайн дэлгэр мөрөн” ХХК-д ачигч, түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрхан 3 дугаар гудамж, 52б тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, А овогт С Б (РД:ЖЭ................)

нь Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт буюу 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Д.Ариунаатай хүүхдүүдээ орхиж гадуур явлаа гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч С.Б нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Д.Ариунааг “хүүхдүүдээ орхиж гадуур явлаа” гэх шалтгаанаар алгадах, үсдэх, өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь

шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “…тэгээд би эхнээр чи яагаад гэртээ байна гэж худлаа хэлээд хоёр хүүхдээ хаячихаад бааранд сууж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд манай эхнэр чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би түүний толгой руу нь 2 удаа цохьсон. Тэгэхэд манай эхнэр надтай зууралдаж байгаад газарт унах үед нь би түүнийг хөлөөрөө 2 удаа хавирга орчим өшиглөсөн. Миний эхнэрийн 2 хавирга хугарсан байна гэсэн” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Ариунаагийн шүүхэд мэдүүлсэн “...одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хамт амьдарч байгаа” гэх мэдүүлэг, түүний мөрдөн байцаалтад мэдүүлсэн “2017 оны 02 дугаар сарын 07-ны орой манай нөхөр хардаад уурлаад утсаар хоорондоо маргалдаж ярьсан бөгөөд би автобусны буудал дээр нөхрийгөө хүлээгээд зогсож байхад хүрч ирээд чи хүнтэй байсан болоод ирүүлэхгүй гээд байсан юм уу гэх мэтээр хардаж сэрдэж уурлаад би өөдөөс нь хэрэлдэхэд намайг чирч гудчаад цагдаагийн хэлтсийн урдуур авч яваад 13 дугаар хорооны баруун талын тоглоомын сааданд аваачаад үсдэж унагаад нүүр рүү гараараа нэг удаа алгадаад газар унахад миний зүүн талын хавирга руу 2 удаа өшиглөөд байж байхад цагдаа нар ирээд юу болоод байгаа юм бэ гээд цагдаагийн хэлтэс рүү дагуулаад орсон.” гэх мэдүүлэг,

“1.Д.Ариунаагийн биед зүүн талын 5, 6, 7, 8-р хавирга хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл учирсан хүн идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай байна” гэх хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.3.17-ны №3836 тоот акт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч А овогт С Б бусдын махбодид хүндэвтэр хохирол /гэмтэл/ санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан хүндэвтэр хэргийн ангилалд, 2015 оны Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байх тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч С.Бын торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч А овогт С Бг бусдын бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3, 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Бын торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Б нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бод хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ