Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 932

 

 

 

 

 

 

 

 

 

С ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00354 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж ХХК -д холбогдох

 

8 378 320 юань буюу 3 008 152 013 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Санни таун төслийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээний дагуу Ж ХХК -ийн төлбөр төлөх үүрэгт хамааралгүй болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 1 604 300 юань буюу 592 211 302 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Лхагвасүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Мөнхболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Мөнхсүх

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Жамц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Манай компани СС ХХК -ийн хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол орон сууцны хорооллын зүүн талд Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд байрлах ”Санни Таун” орон сууцны төслийн ажлын гүйцэтгэгч компаниар 2013 онд гэрээ байгуулан цаг хугацаанд нь хэрэгжүүлэн дуусгаж тус орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч гэрээний үүргийг биелүүлсэн. Захиалагч тал СС ХХК  байсан ба хөрөнгө оруулалтаа хувьцаа эзэмшигч болон хуулийн этгээдэд хуваарилан, талууд тооцоо нийлж 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдөр СС ХХК -ийн хувьцаа эзэмшигчийн компани болох Ж ХХК  нь Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг байгуулж 8 631 000 юанийг манай компанид төлөхөөр хэлцэл хийсэн. Үүний дараа хариуцагчаас төлсөн тодорхой төлбөрүүдийг хасаж, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мөн тооцоо нийлж 7 471 000 юанийг төлөх хэлцлийг хийсэн. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний дагуу нэг жилийн хүүгийн төлбөр 896 520 юань, барилгын баталгааны мөнгө болох 1 510 000 юань, түүний 7 сарын хүү буюу 105 700 юанийг нэмж 9 983 220 юань болсноос хариуцагч “Жи Эс Пи” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт төлсөн 1 604 300 юанийг хасаж тооцоход                8 378 320 юанийн төлбөр төлөх үлдэгдэлтэй байна. Анх манай компани нэхэмжлэл гаргахдаа БНХАУ-ын иргэн Янг Вэн Зонг, Ван Ий Хонг нарыг компанийн хамт хариуцагчаар татсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр хоёр хариуцагчаас татгалзсан тул хариуцагч “Жи Эс Пи” ХХК-иас 8 378 320 юань буюу 3 008 152 013 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр СС ХХК , түүнийг төлөөлж Янь Жен Ди болон түүний хувьцаа эзэмшигч Ванг И Хонг, гүйцэтгэгч тал С ХХК -ийн Сун Зи Хуа нар Монгол улсын SUNNY TOWN төслийн барилгын ажлын төлбөрийн нэмэлт гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр СС ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн нэг Ванг И Хонг нь 9 549 934 юанийн төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээсэн байдаг. Тухайн үүргийг хүлээсэн Ванг И Хонг нь Ж ХХК -ийн хувьцаа эзэмшигч бөгөөд С ХХК  нь удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж, тухайн өр төлбөрийг барагдуулах баталгаа шаардаж байсан учраас аргагүйн эрхэнд Wan овогт Yihong нь өөрийн хувьцаа эзэмшдэг Ж ХХК -ийн гүйцэтгэх захирал Янг Вэн Зонгд хэлж “Си Ди Өү Эй Ар" ХХК-тай Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулж, дээрх төлбөрийг барагдуулах баталгаа болгосон гэрээг байгуулсан. Учир нь “Жэй Эс Пи ХХК”-ийн хувьцаа эзэмшигч Ванг И Хонг нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд С ХХК -ийн гүйцэтгэх захирал гэх Сун Зи Хуа болон түүний эхнэрт нийт 2 733 414 юанийг төлөөд үлдэгдэл 7 249 206 юанийн үлдэгдэл төлбөртэй болсон. Гэтэл талууд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр "Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг байгуулахдаа үлдэгдэл төлөгдөөгүй төлбөрийг бодитойгоор тооцож гаргаагүй, зөвхөн 8 631 000 юанийн төлбөртэй гэсэн нь бодит байдалтай нийцээгүй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн төлбөрт 7 471 000 юань гэжээ. Ж ХХК -ийн хувьцаа эзэмшигч Ванг И Хонг нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийтдээ 4 833 414 юанийг төлж, Ж ХХК -ийн гүйцэтгэх захирал Янг Вэн Зонг нь 1 604 300 юанийг шилжүүлсэн тул Ж ХХК -ийн хувьцаа эзэмшигч Ванг И Хонг нь үлдэгдэл төлбөр 3 544 906 юанийн төлбөртэй байна. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тодорхойлсон. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар нэрлэгдээгүй гэрээ байна. Иймд нэрлэгдээгүй гэрээнд талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тусгахдаа Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан аргуудын аль нэгийг заах хуулийн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгчээс гэрээний дагуу нэг жилийн хүүгийн төлбөр болох 896 520 юань, 7 сарын хүү буюу 105 700 юанийг тус тус шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч “”Си Ди Өү Эй Ар” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээний дагуу барилга 1 510 000 юанийг нэхэмжилсэн байх бөгөөд уг төлбөр нь 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр СС ХХК , түүний төлөөлж Янь Жен Ди болон түүний хувьцаа эзэмшигч Ванг И Хонг, гүйцэтгэгч тал С ХХК -ийн Сун Зи Хуа нарын хооронд байгуулагдсан Монгол Улсын SUNNY TOWN төслийн барилгын ажлын төлбөрийн нэмэлт гэрээний 4-т В талын зүгээс барилгын баталгаат засварын төлбөр 5 037 815 юанийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийн үнээс А, Б талууд хувьцааны дагуу хариуцна. Үүнээс А тал Жан Жэнг Ди нь 3 526 71 юань хариуцаж буцаан төлнө. Б тал Ванг И Хонг нь 1 511 345 юань хариуцан төлнө гэсэн байна. Энэ төлбөр нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 Энэ хуулийн 14.3 дахь хэсэгт заасан “хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна” гэж зааснаар барилгын хэвийн ашиглалтын үед 3 жилийн баталгаат хугацаанд тохирох засвар үйлчилгээний зардал гэж тооцогдохоор байна. Гэтэл дээрх төлбөрийг С ХХК -аас шаардаж байгаа нь уг хуулийн заалтад нийцэхгүй гэж үзэж байна. Харин нэхэмжлэгчээс зөвхөн барилга гэж тодорхой төлбөрийг шаардаж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан ямар гэрээний дагуух үүргийг шаардаж буй нь тодорхой бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “...2015 онд БНХАУ-ын иргэн Ван И Хонг нь Ж ХХК -ийг байгуулсан бөгөөд компанийн гүйцэтгэх захирлаар 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын иргэн Янг Вэн Зонг томилогдож Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт зохих өөрчлөлтийг бүртгүүлж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болсон. 2013 онд Ж ХХК -ийн хувьцаа эзэмшигч Ван И Хонг-ийн хувьцаа эзэмшдэг СС ХХК  нь Санни таун төслийн барилгад С ХХК -иар барилгын ажил гүйцэтгүүлсэн. Уг ажлын гүйцэтгэлийн төлбөрийн үүргийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр "Си Си Эм Жи” ХХК болон хувьцаа эзэмшигч Ван И Хонг, ажлыг гүйцэтгэсэн "Си Ди Өү Эй Ар” ХХК-ийн захирал гэх Сүн Зи Хуа нар харилцан тохиролцож СС ХХК -ийн хувьцаа эзэмшигч Ван И Хонг төлбөрийн зарим хэсэг болох 9 549 934 юанийг төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн байдаг. Дээрх гэрээний дагуу төлбөрийг Ван И Хонг-ийг шаардсаны улмаас 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр С ХХК -ийн захирал гэх Сүн Зи Хуа, Ж ХХК -ийн гүйцэтгэх захирал Янг Вэн Зонг нар “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг байгуулсан байна. Уг гэрээ нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй”, 9.3 “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх”, 34.1.2-т “давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах” гэж зааснаар компанийн хувьцаа эзэмшигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхой заасан бөгөөд компаниас хувьцаа эзэмшигчийн компанийн гадуурх үйл ажиллагааны улмаас бий болсон үүргийг компани өөрийн эд хөрөнгөөр хариуцахгүй гэжээ. Иймд С ХХК -ийн захирал гэх Сүн Зи Хуа, “Жэй Эс Пи”” ХХК-ийн гүйцэтгэх захирал Янг Вэн Зонг нарын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Монголын Нотариатчдын танхимаас талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг гэрчилсэн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч И.Долгорсайханы нотариатын үйлдэлтэй холбоотой баримтууд хэргийн материалд авагдсан бөгөөд талууд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нотариатаар “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг байгуулахад “Си Ди Өү Эй Ар”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Үүрийнцолмон нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Сүн Зи Хуаг томилсон байх боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол хөрөнгө оруулагчийн биеийн байцаалтад өөрчлөлт оруулсан бол тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор энэ талаар улсын буртгэлийн байгууллагад мэдэгдэнэ" гэж заасныг зөрчиж С ХХК -иас БНХАУ-ын иргэн Сүн Зи Хуаг гүйцэтгэх захирлаар томилж буй тохиолдолд компанийн хувийн хэрэгт зохих өөрчлөлтийг оруулах, үүнийгээ бүртгүүлэх, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглүүлэх үүргээ биелүүлээгүй байна. С ХХК -ийн гүйцэтгэх захирал Н.Үүрийнцолмон нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өөр гүйцэтгэх захирлыг томилсон байх тул Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.2.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн байна. Дээрх нөхцөл байдлуудаар талуудын хооронд байгуулагдсан “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасныг зөрчиж, хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна. Учир нь 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Санни таун төслийн барилгын ажлын төлбөрийг барагдуулах талаар СС ХХК  болон хувьцаа эзэмшигч Ван И Хонг, ажлыг гүйцэтгэсэн С ХХК -ийн захирал гэх Сүн Зи Хуа нар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Харин “Си Си Эм Жи” /CCMG/ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ван И Хонг төлбөрийн зарим хэсэг болох 9 549 934 юанийг төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн бөгөөд Ван И Хонг нь шүүхэд гарган өгсөн тайлбартаа С ХХК -ийн SUN ZIHUA эхнэрийн хамт намайг БНХАУ руу ажлын шаардлагаар явж байхад төлбөрөө өгч чадахгүй хэмээн ойлгож, тухайн компанийн захирал SUN ZIHUA эхнэртэй нь над руу удаа дараа утсаар холбогдож төлбөрөө төлөхийг шаардан SUN ZIHUA-ийн зүгээс тэгвэл чи "Жэй Эс Пи ХХК-иар төлбөрийн асуудлаар гэрээ байгуулчих гэж хэлсэнд нь аргагүйн эрхэнд компанийнхаа захирал Ван Вэн Зонгоос лавлаж асууж, нөхцөл байдлыг танилцуулж 2016 оны 8 дугаар сард “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг байгуулсан. Иймээс “Си Ди Өу Эй Ар" ХХК-ийн Сун Зи Хуа болон Ж ХХК -ийн хооронд байгуулсан “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээний дагуух төлбөрийг Ван И Хонг төлж барагдуулах ёстой. Харин Ж ХХК  биш, нэмэлт байгуулагдсан гэрээ бол хүчингүй гэрээ юм. 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл С ХХК -ийн гүйцэтгэх захирал гэх Сүн Зи Хуа болон түүний эхнэр Цай Жү Шиан нарт 4 883 414 юанийн төлбөрийг төлсөн бөгөөд талуудын хооронд байгуулсан “Санни таун” гэрээнээс өмнө нийт 2 733 414 юанийн төлөлт хийгдсэн байна. Харин үлдэгдэл төлбөр 7 249 206 юань болсон байхад 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээгээр 8 631 000 юанийг төлөх ёстой гэж тусгасан нь буруу байна.  Мөн С ХХК  болон Ж ХХК  нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр дахин “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг байгуулж уг гэрээгээр 8 631 000 юанийг төлөхөөр заажээ. Гэтэл Ван И Хонг нь шүүхэд гарган өгсөн тайлбарт хавсарган өгсөн төлбөрийн баримтаас үзэхэд 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл С ХХК -ийн гүйцэтгэх захирал гэх Сүн Зи Хуа болон түүний эхнэр Цай Жү Шиан нарт 4 883 414 юанийн төлбөрийг төлж үлдэгдэл 5 149 206 юань байхад үүнийг тусгаагүйгээр дахин үлдэгдэл төлбөрийн зөрүү 3 481 794 юанийг үндэслэлгүйгээр нэмж тооцсон. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Ж ХХК -ийн гүйцэтгэх захирал Янг Вэн Зонг-ийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 5 дугаар cap хүртэл нийтдээ 1 604 300 юань буюу 592 211 302 төгрөгийг С ХХК -аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч С ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг ярьж байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт нь хүлээх үүргийг хариуцах ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй тохиолдолд компанийн хувьцаа эзэмшигчийн үүргийг компани хариуцахгүй гэсэн зохицуулалт гэж ойлгож байгаа. Талуудын хооронд байгуулсан хэлцэл гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэж байгаа тул үүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Хариуцагч тал 2017-2018 онд манай компанид 1 604 300 юпанийг төлж байсан нь төлбөр төлөх гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч, биелүүлж байсан гэдгийг баталж байна. 4 883 414 юанийг төлсөн гэж байгаа нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлэхээс өмнөх үеийн төлсөн төлбөрүүд юм. Харин үүнээс хойш төлсөн 1 604 300 юанийг манай тал хасаж тооцож байгаа. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэрээг баталгаажуулж хийсэн нэмэлт гэрээ болох 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний дагуу бид үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэхэмжилж байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК -иас 5 866 700 юань буюу 2 106 379 968 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С ХХК -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 511 620 юань буюу 901 772 044 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж ХХК -ийн С ХХК -нд холбогдуулан гаргасан 2016 оны 8 сарын 16-ны өдрийн “Санни таун” төслийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, уг гэрээний дагуу Ж ХХК -ийн төлбөр төлөх үүрэгт хамааралгүй болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 1 604 300 юань буюу 592 211 302 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 657 842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК -иас 10 689 849 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК -нд олгож, хариуцагч Ж ХХК -ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 19 207 194 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх гаргасан давж заалдах гомдолдоо: “...2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр СС ХХК , түүний төлөөлж Янь Жен Ди болон түүний хувьцаа эзэмшигч Ванг И Хонг, гүйцэтгэгч тал С ХХК -ийн Сун Зи Хуа нар “Монгол Улсын “Санни таун” төслийн барилгын ажлын төлбөрийн нэмэлт гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээгээр СС ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн нэг Ванг И Хонг нь 9 549 934 юанийн төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээсэн байдаг. Тухайн үүргийг хүлээсэн Ванг И Хонг нь Ж ХХК -ийн хувьцаа эзэмшигч бөгөөд С ХХК  нь удаа дараа өр төлбөрийг барагдуулах баталгаа шаардаж байсан учраас аргагүйн эрхэнд Wan овогт Yihong нь өөрийн хувьцаа эзэмшдэг Ж ХХК -ийн гүйцэтгэх захирал Янг Вэн Зонг-д хэлж С ХХК -тай “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулж, дээрх төлбөрийг барагдуулах баталгаа болгосон гэрээг байгуулсан байдаг. Харин анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ "...Мөн хариуцагчаас “Жэй Эс Пи" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ванг И Хонг нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 4 833 414 юанийг хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд тайлбараа нотолж Ванг И Хонгийн зээлийн дебит картын дэлгэрэнгүй хуулга, Ванг И Хонгоос Сун Зи Хуад төлсөн төслийн эргэн төлөлтийн график /Цай Зу Шин гэх хүний гарын үсэг бүхий/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Дээрх бичгийн баримтаар Ванг И Хонг, Янг Вэн Зон нараас төлбөр төлсөн цаг хугацаа нь зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнээс өмнөх цаг хугацааг хамаарч байх тул мөн өдрөөс хойш хугацаанд гэрээний үүрэгт 4 833 144 юанийг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоодохгүй байна” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна.. Учир нь нэхэмжлэгч талаас шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Ж ХХК -ийг нийтдээ 9 982 620 юанийн үлдэгдэл төлбөртэйгээс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нийтдээ 1 604 300 юанийг төлсөн гэдэг. С ХХК -ийн Sun Zihua болон Ж ХХК -ийн хооронд байгуулсан Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээний дагуух төлбөр нь миний бие Wan Yihong төлж барагдуулах ёстой. Харин Ж ХХК  биш, нэмэлт байгуулагдсан гэрээ бол хүчингүй гэрээ юм гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр өгсөн бөгөөд төлбөр төлсөн баримтуудаа шүүхэд гаргасан өгсөн. Ж ХХК -ийн хувьцаа эзэмшигч Ванг И Хонг нь С ХХК -ийн захирал гэх Сүн Зи Хуа болон түүний эхнэр Цай Зун Шин нарт 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийтдээ 4 883 414 юанийг өгсөн. Харин Ванг И Хонгийн зээлийн дебит картын дэлгэрэнгүй хуулга дээр 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийтдээ 3 340 000 юанийг БНХАУ-ын иргэн Сүн Зи Хуа /Sun Zi Hua/ 6228480389*****5171 тоот данстай болон түүний охин Сүн Жэн /Sun Qiao Zhen/ 6222081208*****9979 тоот данстай нарт олон удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн. Дээрх Ванг И Хонгийн зээлийн дебит картын дэлгэрэнгүй хуулга дээрх мөнгийг авсан талаар шүүх хуралдаанд гэрч Сүн Зи Хуа мэдэхгүй, зарим данс нь манай охины данс мөн гэсэн тайлбараар мөнгийг авснаа хүлээн зөвшөөрсөн. Уг баримтаас үзэхэд анхан шатны шүүхээс дүгнэж буй Ванг И Хонгоос шилжүүлсэн төлбөрүүд нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс өмнөх төлбөр биш харин ч сүүлд 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мөн төлөлт хийгдсэн байхад анхан шатны шүүхээс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Ванг И Хонгоос төлбөр төлөлт хийгдээгүй гэсэн нь бодит байдалтай нийцээгүй байна. Хувьцаа эзэмшигч Ванг И Хонгоос "Си Ди Өү Эй Ар” ХХК-д 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 4 883 414 юанийн  төлбөрийг төлсөн баримтаас гадна өөрийн БНХАУ-ын “Industrial and commercial bank of China” гэсэн нэртэй банкин дахь хугацаагүй хадгаламжийн юанийн 1001038801215484819 тоот дансны 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны гүйлгээнээс үзэхэд дээрх төлбөртэй давхцахгүйгээр тусдаа 2 940 000 юанийн төлбөрийг төлсөн байдаг. Уг зөрүү төлбөр болох 2 940 000 юань болон 4 883 414 юанийн төлбөрийг нэмж тооцохоор нийтдээ 7 823 414 юанийн төлбөрийг төлсөн байна. Уг төлбөрийг талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээнд заасан 7 471 000 юанийн төлбөрөөс хасахаар 352 414 юанийг илүү төлсөн байгааг шүүхийн зүгээс анхаарч үзээгүй. Мөн хувьцаа эзэмшигч Ванг И Хонг болон Ж ХХК -ийн зүгээс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээнээс хойш нийтдээ 1 604 300 юанийг төлсөн байгаа нь нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан барилга 1 510 000 юанийн төлбөр, түүний хүү хэмээн хоорондоо тооцож төлсөн байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээний дагуу төлбөрийг шаардсанаа мөн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ижил гэрээний дагуу төлбөрийг шаардаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн тохиолдолд хариуцагч талаас түүнд тайлбар өгөх, холбогдох нотлох баримтыг цуцлуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрхээр анхан шатны шүүх хангаагүй. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчөөс хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан боловч шүүгчийн зүгээс анхаарч үзээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх зарчимыг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгч талын гүйцэтгэх удирдлагаар ажиллаж буй гэрчүүд шүүх хуралдаанд зөрүүтэй мэдүүлэг өгснийг шүүхээс анхаарч үзээгүй, нэхэмжлэгч С ХХК -ийн холбоотой хүмүүс болох БНХАУ-ын иргэд болох Сун Зи Хуа, Цай Зу Шин нар шүүх хуралдаанд дараахь байдлаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Тухайлбал шүүх хуралдаанд гэрч Цай Зу Шинаас С ХХК -д 2017 оны 8 дугаар сарын 14-нөөс 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл төлсөн 1 604 000 юанийг авсан талаар тодруулахад гэрчээс авснаа хүлээн зөвшөөрсөн. Харин 4 883 414 юанийг хүлээн авсан талаар тодруулахад "...Янг Вэн Зонг гэдэг хүн тус баримт дээр гарын үсэг зурчих гээд би гарын үсгээ зурсан ...”, "... 2018 онд Янг Вэн Зонг нь ирж уулзаад, Хятад дахь компанид хэрэгтэй байна гээд тус баримт дээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйсны дагуу зурсан. Компьютер нь эвдэрсэн тул өмнөх баримтуудаа нөхөж хийж байгаа гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг өгсөн нь яг ижилхэн баримтуудын нэгийг нь авснаа хүлээн зөвшөөрдөг боловч нөгөө баримтыг хуурч мэхлэх аргаар гарын үсэг зуруулсан мэтээр тайлбарладаг. Гэвч гэрч Сун Зи Хуа нь дээрх баримтыг "... 140 дэх хуудас дахь баримт нь 2017 оны 8 дугаар сард манай эхнэр болон Янг Вэн Зонг төлөөлөгч нар гарын үсэг зурсан үүнийг мэдэж байгаа. 40-50 дахь хуудсан дахь баримтыг мэднэ ...” гэсэн мэдүүлгийг өгсөн тул энэ баримтууд дээрх мөнгийг авсан талаар тодруулахад "... Бүгдийг нь авсан ...” гэсэн мэдүүлгийг өгдөг. Мөн гэрчүүдээс Ванг И Хонгийн БНХАУ-ын “Industrial and commercial bank of China” гэсэн нэртэй банк дахь хугацаагүй хадгаламжийн юанийн 1001038801215484819 тоот данснаас 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 340 000 юанийг өөрийн охин болох Сүн Чуоа Жэн болон Сүн Хуа нар өөрийн дансаар төлбөрүүдийг авснаа хүлээн зөвшөөрсөн байхад дээрх мэдүүлгийн зөрүү болон хэргийн бодит байдалтай холбоотой нөхцөл байдлуудыг шүүхийн зүгээс анхаарч үзээгүй юм. Хариуцагчийн өмгөөлөгчөөс Ж ХХК -ийн гүйцэтгэх захирал Янг Вэн Зонгоос С ХХК -д 2017 оны 3 дугаар сарын 20, 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрүүдэд нийтдээ 50 000 юанийг шилжүүлсэн гадаад төлбөрийн даалгавар баримтыг Голомт банкнаас гаргуулахаар хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг шүүхээс “... хариуцагчийн өмгөөлөгч Э.Жамц уг баримтыг авахаар хандсан үйл баримтыг зохиогч өөрөө олж авах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу Голомт банкнаас гадаад төлбөрийн даалгавар баримтуудыг гаргуулах хүсэлтийг гаргасан байхад хүсэлтийг хэрэгсэхгүй болгож буй нь хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг нотлох, хариуцагчийн өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааны хуулиар олгогдсон баталгааг үгүйсгэсэн хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн. Мөн нэхэмжлэгч С ХХК -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг гэрчилсэн Хан-Уул дүүргийн нотариатын үйлдэлтэй холбоотойгоор өөр шүүхэд иргэний хэрэг үүссэн иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Иймээс талуудын маргаж буй гэрээтэй холбоотойгоор өөр шүүхэд маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасны дагуу уг иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзээгүй нь хуулийн дээрх заалттай нийцээгүй. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00354 дүгээр шийдвэрийн манай компаниас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

                                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч С ХХК  нь хариуцагч Ж ХХК -д холбогдуулан 8 378 320 юань буюу 3 008 152 013 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2016 оны 08 сарын 19-ний өдрийн Санни таун төслийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээний дагуу Ж ХХК -ийн төлбөр төлөх үүрэгт хамааралгүй болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 1 604 300 юань буюу 592 211 302 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

            СС ХХК , С ХХК -ийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Санни таун” төслийн засал чимэглэлийн ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулагдаж, ажил гүйцэтгэгч С ХХК  нь гэрээгээр хэлэлцэн тохиролцсон ажил гүйцэтгэх, захиалагч СС ХХК  нь ажлыг хүлээн авч хөлс төлөх үүргийг хүлээсэн талаар талууд маргаагүй. Энэ гэрээний дагуу гүйцэтгэх ажлын тоо, хэмжээ, чанар энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй болно.

            Харин уг гэрээг үндэслэн гэрээний үлдэгдэл төлбөр дээр 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Санни таун” төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг байгуулахдаа төлбөр төлөгч талыг Ж ХХК , төлбөр авагч талыг С ХХК  гэж, төлбөрийн үнийн дүнг 8 631 000 юань гэж тус тус тодорхойлсон. Уг гэрээг Ж ХХК -ийн төлөөлөн Ян Вэн Зонг гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурсан байна.

            2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөн Ж ХХК  болон С ХХК -ийн хооронд “Санни таун” төслийн барилгын ажлын төлбөрийн нэмэлт гэрээг дахин байгуулсан нь компанийн тамга тэмдэгээр баталгаажсан байна. Энэ гэрээнд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 7 471 000 юань төлөөгүй талаар тэмдэглэл үйлдсэн байна.

            Дээрх 2 гэрээг нэгтгэн дүгнэвэл 2 компанийн хооронд төлбөр төлөх үүргийн харилцааг зохицуулсан байх тул Ван И Хонг иргэнийхээ хувиар төлбөрийг хариуцна гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

            Суурь хэлцэл болох СС ХХК  болон С ХХК -ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний захиалагч буюу төлбөр төлөгч СС ХХК -ийн төлбөрийг төлөх зарим үүргийг Ж ХХК  нь хүлээж авсан нь 2016, 2017 оны дээрх хоёр хэлцлээр тогтоогдож байгаа ба төлбөр авагч энэ талаар зөвшөөрч хэлцэлд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өр хүлээн авах журмын шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч С ХХК , хариуцагч Ж ХХК  нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлж, Санни таун төслийн барилгын ажлын төлбөрийн нэмэлт гэрээг байгуулсан, уг гэрээгээр хариуцагч нь үлдэгдэл төлбөр болох 7 471 000 юанийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрх үүссэн байна.

Дээрх хэлцэл байгуулагдсанаас хойш хариуцагч Ж ХХК  нь гэрээний үүрэгт нийт 1 604 300 юань төлсөн болох нь Янг Вэн Зонгоос Цай Жу Шинд хүлээлгэн өгсөн гэх Цай Зу Шин гэх хүний гарын үсэг бүхий бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч тал уг төлбөрийг хүлээн авсан талаараа маргаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлээс уг үнийн дүнг хасаж тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ. /хх 147-148/

Нэхэмжлэгч нь Санни таун төслийн нэмэлт гэрээний дагуу 1 жилийн хүү 896 520 юань, гурван талд гэрээнд тусгагдсан барилгын баталгааны 5 хувийн төлбөр 1 510 000 юань, түүний хүү 105 700 юань гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилснийг анхан шатны шүүх эдгээр төлбөрүүдийг төлөх үүрэг хариуцагч Ж ХХК -д үүссэн болох нь нотлогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтад нийцсэн байна.

Харин хариуцагч Ж ХХК -ийн хувьцаа эзэмшигч Ванг И Хонг нь Сун Зи Хуй болон түүний эхнэрт нийт 2 733 414 юанийг төлсөн, мөн Ванг И Хонг нь 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 4 833 414 юанийг төлсөн” гэж тайлбарлан төлбөр төлсөн гэх бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгснийг анхан шатны шүүхээс Ванг И Хонг, Янг Вэн Зон нараас төлсөн төлбөр нь цаг хугацааны хувьд зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнээс өмнөх үед хамаарч байх тул нэхэмжлэлээс хасч тооцоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх шаардлагад нийцсэн байна.

Сун Зи Хуа, Цай Зу Шин нар шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн байх ба эдгээр гэрчүүд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл төлсөн 1 604 000 юань болон 4 883 414 юанийг хүлээн авсан талаарх өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байхаас гадна хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан эдгээр мөнгийг бүгдийг нь төлсөн талаар мэдүүлсэн байдал тогтоогдсонгүй.

            Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх давж заалдах гомдолд Ж ХХК ийн гүйцэтгэх захирал Янг Вэн Зонгоос С ХХК -д 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нийт 50 000 юанийг шилжүүлсэн талаарх гадаад төлбөрийн даалгавар баримтыг “Голомт банк” ХХК-иас шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэжээ.

            Дээрх хүсэлтийг анхан шатны шүүх хүлээж аваагүй үндэслэлээ хариуцагч нь өөрөө нотлох баримтаа гаргаж өгөх үүргийн хүрээгээр тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл Ж ХХК  нь өөрийн компаниас гүйлгээ хийсэн талаарх баримтыг “Голомт банк” ХХК-иас гаргаж авах боломжгүй байсан гэдэг нөхцөл байдлаа нотолж чадаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг шүүх зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

            Мөн талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэлтэй холбоотойгоор өөр шүүхэд хэргийг хянан хэлэлцэж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхөөргүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

            Иймд анхан шатны шүүх хариуцагч Ж ХХК -иас 5 866 700 юань буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн валютын ханшаар тооцож 2 106 379 968 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 511 620 юань буюу 901 772 044 төгрөгт холболгдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч Ж ХХК  нь 2016 оны 08 сарын 19-ний өдрийн Санни таун төслийн нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээний дагуу Ж ХХК -ийн төлбөр төлөх үүрэгт хамааралгүй болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 1 604 300 юань буюу 592 211 302 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар зэргийг харьцуулан үзэж 2016 оны 08 сарын 19-ний өдрийн Санни таун төслийн нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцжээ.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00354 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж ХХК -иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 689 649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

           

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН