Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/903

 

 

 

 

 

 

       2021             10            21                                      2021/ДШМ/903

                                                       

 

М.Г-а, Ц.У- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

яллагдагч М.Г-ын өмгөөлөгч Г.Баяржаргал,

яллагдагч Ц.У-ийн өмгөөлөгч П.Баасанжав,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/910 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор А.Энхжаргалын бичсэн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр М.Г-а, Ц.У- нарт холбогдох эрүүгийн 2002004920350 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г-а,

2. У-,

 

М.Г-а нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын *** тоот өрөөнд Ц.У-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээж рүү нь өшиглөх, гараараа цохих зэргээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ц.У- нь М.Г-ын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цаг 30 минутад дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө, мөн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус тус гэрчийн дахин мэдүүлэг өгөхдөө, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “М.Г-а нь намайг зодоогүй” хэмээн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зорилгоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч М.Г-ын өмгөөлөгч Г.Баяржаргалын хэргийн материалд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11120 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмтэл тогтоогдоогүй. Гэтэл 10 хоногийн дараа гарсан шинжээчийн 1171 тоот дүгнэлтээр 8 дугаар хавирганы шинэ хугарал, биеийн хэсгүүдэд цус хуралт зулгаралт, гэмтэл тогтоогдсон. Дахин шинжээчийн дүгнэлт гарах 10 хоногийн хугацаанд Ц.У- нь хаагуур явсан, хэнтэй уулзсан, дахин бусад этгээдүүдтэй архи уусан, гэмтсэн эсэхийг тогтоох шаардлагатай гэснийг хүлээн авч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй.

Учир нь, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11120 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Ц.У-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй”...” /1хх 178/, 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 1171 тоот дүгнэлтэд “1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн №11120 тоот дүгнэлт гаргах үед нэмэлт шинжилгээ хийгдэж хариуг ирүүлээгүй тул уг дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. 2. Ц.У--н биед зүүн 8 дугаар хавирганы шинэ хугарал, цээжний зүүн дээд хэсэг, зүүн бугалга, тохой, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх /1хх 184/ зөрүүтэй дүгнэлт гарсан байна. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж, яллагдагч М.Г-а, Ц.У- нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11120 дугаартай дүгнэлтэд “Ц.У-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн ба улмаар прокуророос дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулахад “Урьд гаргасан шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 11120 тоот дүгнэлт гаргах үед нэмэлт шинжилгээ хийгдэж хариуг ирүүлээгүй тул уг дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна.” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11120 дугаартай дүгнэлтээр хохирогч Ц.У-ийн биед гэмтэл тогтоогдоогүй боловч энэ нь тухайн үед нэмэлт материал ирүүлээгүйтэй холбоотой байна гэж тодорхой тусгасан байхад шүүхээс үүнийг шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1171 дугаартай дүгнэлтийн '‘...11120 тоот дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна.” гэснийг шүүх үгүйсгэсэн болон нотлох баримтаар үнэлээгүй талаараа захирамжид огт тусгалгүй, зөвхөн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг үндэслэлээ болгосон байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.” гэсэнд буюу шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Мөн шүүхээс “...Эхний дүгнэлтээр Ц.У-ийн биед гэмтэл тогтоогдоогүй байдаг. Гэтэл дахин гаргасан дүгнэлтээр 8 дугаар хавирганы шинэ хугарал гэмтэл гэж гарсан тул “дахин шинжээчийн дүгнэлт гарах 10 хоногийн хугацаанд Ц.У- хаагуур явсан, хэнтэй уулзсан, дахин бусад этгээдүүдтэй архи уусан, гэмтсэн эсэхийг тогтоох шаардлагатай” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1171 дугаартай дүгнэлтэд “Ц.У-ийн биед зүүн 8 дугаар хавирганы шинэ хугарал, цээжний зүүн дээд хэсэг, зүүн бугалга, тохой, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэсэн бөгөөд “дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэжээ.

Түүнчлэн шинжээч эмч Т.Номинцэцэг, М.Аригуунтөгс. О.Болороо нараас дээрх дүгнэлтийг гаргахдаа хохирогч Ц.У- нь хэрэг үйлдэгдсэн шөнө буюу 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн компьютер томографийн оношилгооны хариуг, мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн компьютер томографийн шинжилгээг тус тус үндэслэсэн ба дээрх шинжилгээнүүдэд 8 дугаар хавирганы хугарал гэж аль алинд нь тусгасан байна. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг болон шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хохирогчид учирсан гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэснийг огт анхаарч үзээгүй байна. Мөн Ц.У- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “хэрэг үйлдэгдсэнээс хойш өөр бусад байдлаар гэмтэж бэртсэн болон хэн нэгэнд зодуулсан” талаар огт мэдүүлээгүйгээс гадна энэ талаар шүүх хуралдааны явцад өөрөөс нь тодруулах боломжтой байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/910 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Яллагдагч Ц.У-ийн өмгөөлөгч П.Баасанжав прокурорын эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: “...Эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй, мөрдөн байцаалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг бүрэн явуулаагүй тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай шүүгчийн захирамж үндэслэлтэй юм. Ц.У-т холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчигдсөн.

Нэг. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч дэслэгч Б.Баярболд нь Ц.У-ээс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө мэдүүлэг авахад тэрээр тухайн өдөр согтууруулах ундааны хэрэглэсэн байсан гэдгээ мэдүүлсэн ба мөрдөгч түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаагүй, согтуу, өөрийн үйлдлийг ойлгож мэдэх чадваргүй үед нь мэдүүлэг авсан байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, согтуу үедээ өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн нөхцөлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг зайлшгүй шалгах ёстой. Түүнийг согтуу байсан эсэхийг тухайн үед мэдүүлэг авсан мөрдөгч Б.Баярболдоос гэрчийн мэдүүлэг авч тэрээр согтуу байгаагүй гэсэн мэдүүлэг өгснөөр Ц.У-ийг санаатайгаар худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан байна. Хэрэгт Ц.У-ийг тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан гэдгийг нотлох дараах нотлох баримтууд хэрэгт авагджээ.

а) Жижүүрийн ахлах мөрдөгч хошууч С.Баярсайханы илтгэх хуудаст (2хх 3) “...Дуудлагыг ахмад Ц.Мөнхбат, ахлагч С.Анхбаяр нарт хуваарилан шалгуулахад “Сан” зочид буудлын ресепшин С.Ундармаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хоорондоо маргалдаад гарсан гэж хэлсэн. Дуудлага өгсөн утас уруу залгаж асуухад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой эмэгтэй хүн би “Нисдэг машин”-ы эсрэг талд байна гээд утсаа салгаад авахгүй байв. Дахин 13 удаа залгахад аваагүй, мөн дэд ахлагч Б.Ууганбат 6 удаа залгахад авахгүй байв” гэжээ. Мөн түүнийг согтуу байсан гэдгийг гэрч Ц.Дулмаа (2хх 31), Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч С.Золжаргал (1хх 44-45) нар тус тус мэдүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар Ц.У-ээс мэдүүлэг авах үед тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан гэдэг нь нотлогдож байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж ажиллагаа явуулсан мөрдөгч Б.Баярболдын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Тэрээр согтуу хүнээс мэдүүлэг авсан, өөрийн ажилдаа хариуцлагагүй хандсан асуудал, мөн хэргийн шийдвэрлэлтэд нөлөөтэй тул Ц.У-ийг согтуу байгаагүй, өөрөө мэдүүлэг өгсөн гэж мэдүүлж байгаа. Харин Б.Баярболдтой ажлын хариуцлагын асуудал ярих ёстой.

б) Ц.У- 2020 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө мэдүүлэг өгөхдөө “...М.Г-а миний үснээс зулгааж чирсэн, мөн үснээс зулгааж байгаад толгойгоор хана мөргүүлээд байсан, 2.5 литрийн архи уусан...” гэж мэдүүлжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний энэ мэдүүлэг нотлогдохгүй байна. Тодруулбал, гэмтлийн эмчийн үзлэг, шинжээч эмч Б.Цэнгүүний үзлэгээр толгойд гэмтэл учирсан талаар бичигдээгүй. Эмчийн үзлэгээр дагзны булчингийн хөшингөгүй, нүдний алимны чичирхийлэлгүй гэсэн тул тархи хөдлөөгүй, тархи толгойд гэмтэлгүй нь нотлогдож байна. Хэрэв түүний мэдүүлснээр үснээс нь чирж, толгойгоор нь хана мөргүүлсэн бол үзлэгээр толгойд гэмтэл учирч, мөн тархи хөдлөлтийн шинж тэмдэг зайлшгүй илрэх ёстой. Мөн 750 граммын архи уусан нь нотлогдсон байна. Үүнээс үзэхэд Ц.У- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж авсан дээрх мэдүүлэг худал мэдүүлэг өгсөн хэрэгт яллах үндэслэл, гол нотлох баримт болж түүний эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...мэдүүлгийг шаардлага хангасан өрөөнд авна”, мөн зүйлийн 17-д заасныг дагуу Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/57 тоот тушаалаар мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг баталжээ. Гэтэл мөрдөгч нь Ц.У-ээс шөнийн цагаар мэдүүлэг авахдаа шаардлага хангасан өрөөнд аваагүй, хууль заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй байна. Үүнээс шалтгаалан Ц.У- мэдүүлэг

1

 өгөх үед биеийн байдал нь ямар байсан, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх талаар бүрэн нотлох боломжгүй болжээ. Хэрэв хууль, журамд нийцсэн тусгайлан тоноглосон байцаалтын өрөөнд мэдүүлэг авсан бол энэ асуудлыг бүрэн нотлох боломжтой байсан ба мөрдөгчийн хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж Ц.У- үндэслэлгүйгээр яллагдахад хүрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийг чанд мөрдөнө” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, зарчмыг тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж явуулсан ажиллагаа зайлшгүй хүчингүй болох ёстой.

 

Хоёр. Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд эргэлзээтэй байна. Тодруулбал, “Мөнгөн гүүр” эмнэлгийн оношоор “...Зүүн 8, 10 дугаар хавирганы хугарал, зүүн 5, 6 дугаар хавирганы мөгөөрсний хугарал” гэжээ. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн томограф шинжилгээгээр 8 дугаар хавирганы мөгөөрсний хугарал гэсэн онош тавигджээ. Дээрх оношнууд зөрүүтэй байхад шинжээч нар дахин онош тогтоох, нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт гаргуулаагүй, 8 дугаар хавирганы хугарал гэж дүгнэлт гаргажээ. Энэ дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

Учир нь; А. Дүгнэлтэд “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. Гэтэл энэ дүгнэлтээр хавирга эсхүл мөгөөрс хугарсан уу, хэзээ хугарсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоож чадаагүй, дүгнэлтэд тодорхой дурдаагүй байна.

Б. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д “..Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг/биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно” гэжээ. Ц.У-ийн биед учирсан хөхрөл, няцрал нь биеийн хэдэн хувийг хамарч байгаа талаар дүгнэлтэд бичигдээгүй байна. Хэрэв хөхрөл няцрал нь биеийн гадаргуугийн нэг хувьд хүрэхгүй бол гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэж журамд тодорхой заасан ба үүгээр зайлшгүй хөхрөл, няцралын биеийн гадаргууд хамрах хэмжээг тогтоож дүгнэлтэд заах ёстой байна.

В. “Мөнгөн гүүр” эмнэлгийн эмч Э.Эрдэнэпүрэв мэдүүлэхдээ (түүнд мөрдөгч шүүх эмнэлгийн давтан шинжилгээний дүгнэлтийг танилцуулж байгаад мэдүүлэг авсан, хэргийн 1хх 163-164) “...Шинжилгээгээр харахад мөгөөрсний хугаралын ирмэг мохоорсон, хурц ирмэггүй байсан. Шинэ хугарал дээр ихэвчлэн хурц ирмэг үүсгэж байдаг. Шинэ хугарал дээр зөөлөн эдийн хаван, нэвчдэс байж болдог. Ц.У- дээр хаван нэвчдэс байгаагүй, уушгины эдэд илэрхий гэмтэл байгаагүй нь хуучин гэмтэл байх магадлалтай. Илэрхий шинэ гэмтэл нь эргэн тойрондоо цустай шингэнтэй, хавантай байдаг” гэжээ. Гэтэл давтан шинжилгээний дүгнэлтэд ямар шинжээр нь шинэ гэмтэл гэж үзсэн талаар дүгнэлт хийгээгүй байна. Хамгийн ноцтой зөрчил бол мөрдөгч шүүх эмнэлгийн давтан дүгнэлтийг гэрчид танилцуулж байгаад тулгаж, хөтөлж мэдүүлэг авсан нь энэ хэргийн бодит байдлыг тогтоох гэхээс илүү Ц.У-ийг заавал яллах зорилготой ажиллагаа явуулсан нь тодорхой байна.

Г. Давтан шинжилгээ хийх ажиллагаанд Т.Номинцэцэг, М.Аригуунтөгс, О.Болороо нарыг томилжээ. Гэтэл мөрдөгчийн тогтоолоор томилогдоогүй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Чулуунсүхийн оролцоотойгоор давтан дүгнэлтийг гаргажээ. Шинжээч эмч Т.Номинцэцэг мэдүүлэхдээ “...Томографийн зургууд зөрүүтэй тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхээр зургийг уншуулж онош тогтоолгосон гэжээ. Шинжээч С.Чулуунсүхийн онош тогтоосон тодорхойлолт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Үүнээс үзэхэд томилогдсон шинжээч нарын тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн тул прокурорын шийдвэрээр томилогдоогүй шинжээчийг шинжилгээ хийх ажиллагаанд оролцуулсан байна. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/215/421-р тушаалаар батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын 5.3.1-т “...Эд мөрийн баримтад шүүх биологи, шүүх хими, шүүх эд эс, дүрс оношлогоо, эмнэлзүйн лаборатори, эмнэлэг криминалистикийн шинжилгээг шинжээч томилох эрх бүхий этгээдийн тогтоол, захирамжаар хийнэ”, 5.3.4-т “...Эд мөрийн баримт шинжлэх явцад бусад мэргэжилтнийг оролцуулах шаардлага гарвал шинжээч томилсон этгээдэд мэдэгдэж мэргэжилтэн, шинжээчийг томилуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Энэ журам нь www.legalinfo.mn сайтад нийтлэгдсэн ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтэд хавсаргаж өгсөн.

Мөрдөн байцаалтаар дараах асуудлуудыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байгаа.

А. Ц.У-ийн 2020 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө өгсөн мэдүүлэгтээ дурдсан үснээс чирсэн, хана мөргүүлсэн гэх мэдүүлгийг тодруулахын тулд анх үзлэг хийсэн шинжээч Б.Цэнгүүнээс үзлэг хийх үед Ц.У-ийн биеийн байдал ямар байсан, тархи хөдлөлтийн шинж тэмдэг байсан эсэх, толгойн хуйханд гэмтэл байсан эсэхийг тодруулж асуух, мөн хана мөргүүлэх, үснээс чирэхэд толгойн хуйханд гэмтэл, тархи хөдлөлийн шинж тэмдэг үлдэх эсэхийг тодруулах. Учир нь энэ талаар шүүх эмнэлгийн дүгнэлтэд бичигдээгүй.

Б. Гэмтлийн болон мэс заслын нарийн мэргэжлийн эмчийн оролцоотойгоор үзлэг оношлогоог хийж давтан дүгнэлт гаргуулж хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай байна. Учир нь Ц.У- мэдүүлэхдээ 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө “Тэрэлж” явсан гэснээс үзэхэд гэмтэл авсан, уг гэмтлээс хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар сарнисан гэх дүгнэлт үндэслэлгүй гэдэг нь нотлогдож байна.

В. Ц.У- нь 2020 оны 3 дугаар сард зүүн талаар нь өвдөж Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэсэн байна. Үүнээс үзэхэд мөгөөрсний хугарал 2020 оны 9 дүгээр сарын 26-наас өмнө үүссэн байх боломжтой юм. Үүнийг шинжилгээгээр тогтоох ёстой. Иймд эмнэлэгт үзүүлсэн баримтуудыг Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу гаргуулан авах ажиллагааг явуулах шаардлагатай. Эдгээр нотлох баримтууд нь давтан шинжилгээ хийж хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой юм.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 910 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.

Яллагдагч М.Г-ын өмгөөлөгч Г.Баяржаргал прокурорын эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: “...дээд шатны прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн 2021/ШЗ/910 тоот захирамжийг хэвээр үлдээх саналтай байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй талаар:

Хэргийн материалд 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11120 дугаартай шинээчийн дүгнэлтээр гэмтэл тогтоогдоогүй. Гэтэл 10 хоногийн дараа гарсан шинжээчийн 1171 тоот дүгнэлтээр 8 дугаар хавирганы шинэ хугарал, биеийн хэсгүүдэд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дахин шинжээчийн дүгнэлт гарах 10 хоногийн хугацаанд У- хаагуур явсан, хэнтэй уулзсан, дахин бусад этгээдүүдтэй архи уусан, гэмтсэн эсэхийг тогтоох шаардлагатай байсан. Шинжээчийн дүгнэлтүүд эрс зөрүүтэй гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2, Шүүх шинжээчийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1-т заасны дагуу дахин шинжилгээг мөн хуулийн 22 дугаар зүйл 22.1-т заасны дагуу бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шат шатны прокуроруудад гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дахин шинжилгээ хийх явцад эрхээ эдлэх хүсэлтээ гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж оролцогчийн эрхийг хязгаарласан тул хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаж байна. Хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлт гаргахад үндэслэл болгосон “Мөнгөн Гүүр” эмнэлгийн компьютер томографийн хариу, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн шинжилгээний хариунуудад Ц.У- нь мөгөөрсний шохойжилт маш ихтэй тул үнэлэхэд бэрхшээлтэй, хоёр талын 1-12 дугаартай хавирганы өвчүү ястай нийлэх мөгөөрс тархамлаар хатуурч шохойжсон архаг өөрчлөлттэй гэсэн. Гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргаж, мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж асуулт тавих хүсэлт гаргасан боловч прокурорууд үндэслэлгүйгээр татгалзсан. Мөрдөгч прокурорын зөвшөөрөлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Мөрдөгч, прокурор нар өмгөөлөгчийн зүгээс гаргасан нүүрэлдүүлж мэдүүлэг авах, өөрсдийн шийдвэрлэсэн нүүрэлдүүлж мэдүүлэг авах шийдвэрээсээ ямар шалтгаанаар татгалзсаныг ойлгохгүй байна. Дээрх ажиллагаануудыг хийснээр хэргийн бодит байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоход зайлшгүй шаардлагатай. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг гаргах ажиллагааг хийгээгүй. Учир нь, гэрч /мөрдөгч/ Б Баярболд Ц. У-ийг хууль сануулсан, түүнийг эрүүл байсан гэж мэдүүлдэг. Гэтэл тухайн хэрэгт ашиг сонирхлын зөрчилгүй гэрч Ц.Дулмаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө ...” Би шоудаж, ууж байгаад уначихсан гэж У- хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч С.Авирмэд ...” “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр очоод нөхөр гадаа машиндаа үлдсэн, Би эмнэлэг рүү ороход У- халамцуу архи уусан гэхээр байдалтай, хүлээлгийн танхимд сууж байсан” гэх мэдүүлгээр Ц. У- нь хэргийн бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч чадахгүй согтуу байсан нь тогтоогдож байгаа учир нүүрэлдүүлж мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байгаа талаар хяналтын прокурор Х.Еркебулан, орлогч прокурор Ц.Насанбат болон дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгч хэт яллах талыг баримтлан ажиллаж өмгөөлөгч үйлчлүүлэгч нарын эрхийг хязгаарласан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хууль бусаар хязгаарлаж байсан тал дээр дүгнэлт гаргаж өгөхийг хүсье. Хууль ёсны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Яллагдагч М.Г-ын өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

            Яллагдагч Ц.У-ийн өмгөөлөгч П.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчин захирамжийг дэмжиж байна. Шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. ...” гэж заасан. Улсын яллагч эсэргүүцэл бичих үндэслэл нь шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн шийдвэр үйл ажиллагаатай холбоотой учраас улсын яллагч эсэргүүцэл бичих нь зүй ёсны хэрэг байдаг. Харин дээд шатны прокурор хэзээ эсэргүүцэл бичих бэ, ямар үндэслэлээр эсэргүүцэл бичих бэ гэдэг асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулагдаагүй. Прокурорын тухай хуульд зааснаар прокурорын шийдвэр дээд шатны прокуророос хараат бусаар гарах ёстой. Харин дээд шатны прокурор хэзээ доод шатны прокурорын шийдвэрт хяналт тавьж ажиллах нь Прокурорын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.5-1.8 дахь хэсэгт тодорхой заасан байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхтэй холбогдож гарсан прокурорын дүгнэлтийг шүүх хэрэгсэхгүй болгох юм бол дээд шатны прокурор хянаж эсэргүүцэл бичих эсэх асуудлаа шийдвэрлэнэ. Улсын яллагч шүүх хуралдаанд яллахаас татгалзсан тохиолдолд, зүйлчлэлийг өөрчилсөн, шүүгдэгчийг цагаатгасан тохиолдолд доод шатны прокурорын шийдвэр үйл ажиллагааг хянах үйл ажиллагаа бүрдэж байна. М.Г-а, Ц.У- нар холбогдох хэрэгт ямар ч тодорхой шалтгаангүйгээр дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Доод шатны прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлт буруу гарсан. Давтан шинжилгээ хийсэн 3 шинжээч 4 дэх эмчээр компьютер томографийн хариуг уншуулж дүгнэлт гаргасан. Мөн Ц.У-ийг согтуу байхад нь мэдүүлэг авч гэмт хэрэгт холбогдуулан ялласан нь үндэслэлгүй. ...” гэв.

            Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Г-а, Ц.У- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэргийг хянахад, Ц.У-ийн бие махбодид учирсан гэмтэл, түүний зэргийн талаар шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт гарсан байх бөгөөд эхний дүгнэлтийг тодруулах, нэг мөр болгох зорилгоор хоёр дахь шинжилгээг хийлгэжээ. /1хх-182 тал/

Хоёр дахь 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн шинжилгээгээр Ц.У-ийн биед “...зүүн 8 дугаар хавирганы шинэ хугарал, цээжний зүүн дээд хэсэг, зүүн бугалга, тохой, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэдгийг шинжээчид тодорхойлж, эдгээрийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоосон байна.

Энэ шинжилгээгээр “...анхны дүгнэлтийг гаргах үед нэмэлт шинжилгээ хийгдэж хариуг ирүүлээгүй тул уг дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна” гэж хариулжээ.

Мөн 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн компьютер томографийн шинжилгээгээр “...Зүүн талын 8 дугаар хавирга урд мөгөөрстэй хиллэх түвшинд зөрүүгүй,, 10 дугаар хавирга урд мөгөөрсний түвшинд зөрүүгүй хугаралуудтай...” гэж, 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн томограф шинжилгээгээр “...зүүн талын хэсэгт 8 дугаар хавирганы өвчүү ястай холбогдох мөгөөрс эгэмний дунд шугамаар хугаралтай...” гэсэн тус тус онош тавигдсан байх бөгөөд дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан шинжээч эмч Т.Номинцэцэг, М.Аригуунтөгс. О.Болороо нар дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дүрс оношлогооны газрын их эмч С.Чулуунсүхийн “Мөнгөн гүүр” эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн зургийг уншиж бичсэн шинжилгээний хариуг дурджээ. Уг нөхцөл байдлын талаар шинжээч С.Чулуунсүх, М.Аригуунтөгс нар мөн мэдүүлсэн /2хх 97-98, 101-102/.

Тухайн хэрэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч нарыг оролцуулах талаар хүсэлт гаргуулан шийдвэрлүүлж, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Түүнчлэн, хэрэгт бэхжүүлэгдсэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхаар нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах боломжтойг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Прокурорын тухай хуулийн 10 дугаар зүйлд дээд шатны прокуророос доод шатны прокурорын шийдвэрийг заавал хянах асуудлыг зохицуулсан бөгөөд прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтоосон тус хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... шүүхийн шийдвэрт ... улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхийг зохицуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагддаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд М.Г-а, Ц.У- нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/910 дугаартай захирамжийг хүчингүй болгож, М.Г-а, Ц.У- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл М.Г-ад авсан хувийн баталгаа гаргах, яллагдагч Ц.У-тэй уулзах, харилцахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Ц.У-т авсан хувийн баталгаа гаргах, яллагдагч М.Г-атай уулзах, харилцахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН