| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/2329/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2714 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | Л.Төвхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2714
2025 12 01 2025/ШЦТ/2714
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Л.Төвхүү,
шүүгдэгч Д.О /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д Оид холбогдох эрүүгийн ......................... дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..........................., хэрэг хариуцах чадвартай,
Б овгийн Д О /РД:..................................../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь өөрийн эзэмшлийн банхан үүлдрийн 4 настай эм нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас уг нохой нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд ....................... насанд хүрээгүй хохирогч Б.О-Э хазаж нурууны зүүн хажуу хэсэгт эдийн дутагдал бүхий шарх, цээж, зүүн суга, дал, баруун өгзөгт хазагдсан шарх, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Насанд хүрээгүй хохирогч Б.О-Э “...2025 оны 08 дугаар сарын 01- ний өдөр цагаа хэлж мэдэхгүй байна, үеэл ах Маргадын хамт ус авахаар явж байтал араас нохой дарж аваад газар унагаж бөгс баруун хэсэг, зүүн талын хэсгийн хэвлий, цээж, суга талдаа хазсан тэр зуур нэг хэсэг би шоконд ороод тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна, /хууль ёсны төлөөлөгч ээжээс нь: Тэр үед нь бас том нохой гараад ирсэн гэсэн, тэр үед нь хамт явсан үеэл дүү чулуу авч шидэж холдуулсан байсан тэгээд нэг мэдсэн би, аавын хамт цагдаа дээр ирээд мэдүүлэг өгснөө санаж байна.. Нохой хазсан гэмтэлд ямар нэгэн оёдол тавьдаггүй юм байна лээ. Тийм болохоор өдөр болгон цэвэрлүүлээд тос түрхээд боолт хийлгээд явж байгаа. Хүүхэд гэдэг утгаар хурдан төлждөг юм байна. Биеийн байдал хэвийн болж байгаа үе үе бөгс хэсгээр өвдөж байна. Нохойд хазуулснаас хойш айдастай, түгшүүртэй, эмзэг байгаа...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
Гэрч Ц.О “... Банхар үүлдрийн 4 настай охин нохой тэжээдэг. 2021 оноос эхлэн тэжээж байгаа... Нүүр, 4 хөл нь улбар шар өнгөтэй, бусад хэсэг нь хар өнгөтэй, дунд зэргийн биетэй... Уяатай байдаг. Хашааны ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт гинжээр хүзүүвчилж уядаг... Өглөө нохойндоо хоол өгөхдөө гинжийг нь шалгасан. Тэгэхэд зүгээр байсан. Өдөр манай нохой хүүхэд хазчихлаа гэхээр нь очиж харахад манай нохой хүзүүвчээ мултлаад гарчихсан байсан... Байнга уяатай. Гүйдэг замтай гинжгүй. Хүзүүвчээр гинжлээд хашааны зүүн урд хэсэгт гинжилчихсэн байдаг... Манай хашааны ертөнцийн зүгээр чанх хойд хэсэгт сараалжан хашааны 1 төмөр нь далийж зай гарсан байгаа...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Дугаар ЕГ0725/10044 дугаартай дүгнэлтэнд “Б.О-Э биед нурууны зүүн хажуу хэсэгт эдийн дутагдал бүхий шарх, цээж, зүүн суга, дал, баруун өгзөгт хазагдсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэжээ /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Оийн “...2025 оны 08 дугаар сарын үеэр өдрөө санахгүй байна эхнэр Ц.Отгонзаяа яриад манай тэжээвэр гөлөг нохой /4 настай, эмэгтэй/ гэрийн хашааны ард талын зам дээр бага насны хүүхдийг хазаж гэмтээсэн гэж яриад би мэдсэн, тэр үедээ хүүхдийн аав, ээжтэй холбогдоод биеийн байдлыг асуухад эмнэлэгээр явж байгаа, эмчилгээ хийлгээд явж байна гэж ярьсан. Тэрнээс хойш хүүхдийн аав, ээжтэй холбогдож байгаад хүүхдийн эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр шилжүүлсэн байгаа. Тэрнээс хойш дээрх хүүхдийн ар гэрийнхэнтэй холбогдоогүй чимээгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дугаар тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 28 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар тал/, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 29 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Д.О нь өөрийн эзэмшлийн банхан үүлдрийн 4 настай эм нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас уг нохой нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд ..................насанд хүрээгүй хохирогч Б.О-Э хазаж нурууны зүүн хажуу хэсэгт эдийн дутагдал бүхий шарх, цээж, зүүн суга, дал, баруун өгзөгт хазагдсан шарх, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн насанд хүрээгүй хохирогч Б.О-Э мэдүүлэг / хавтаст хэргийн 14 дүгээр тал/, гэрч Ц.О мэдүүлэг / хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Дугаар ЕГ0725/10044 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Оид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Д.Оид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал / анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “... Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:
1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ...” гэх үндэслэлээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар гаргаж мөрдөн шалгах ажиллагааны үед хавсаргуулаагүй хэдий ч шүүгдэгч нь хохиролд 1.000.000 төгрөгийг төлсөн болох нь шилжүүлгийн мэдээлэл /хх 49/-ээр нотлогдож байна.
Мөн шүүхээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Д.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Оид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ