| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/05704/И |
| Дугаар | 183/ШШ2023/02316 |
| Огноо | 2023-07-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2023/02316
2023 оны 07 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2023/02316 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, *******тоот хаягт оршин суух, ***** овогт, ********* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, **** тоотод байрлах ***** ХХК /РД:*****/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги 14 488 650 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, орон сууцны барилгын төсөвт өртгийн нэмэгдэл үнэ 5 854 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн өмгөөлөгч ****** нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ****** ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги 14 488 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ****** би ****** ХХК-ийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ****** нэртэй орон сууцны хотхоноос орон сууц захиалан бариулахаар тохиролцож тус компанитай 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ****** дугаартай, Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус орон Орон сууц захиалгын гэрээгээр тус орон сууцны 10 давхрын ****** тоот хаягт байрлах 29.27 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 990 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 28 977 300 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд ****** ХХК-ийн нэрийн Голомт банкны 1****** тоот дансанд бэлэн бусаар 100 хувь шилжүүлсэн. Дээрх Орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт, гүйцэтгэгч нь 1.1-д дурдсан барилгыг чанар сайтай барьж 2020 оны хоёрдугаар улирал дотор багтаан бүрэн ашиглалтад оруулснаар захиалагчид хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн байх үүрэгтэй гэж заасан хэдий ч гүйцэтгэгч Анд ноёд ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтад оруулаагүй байна. Гэрээний хугацаа хэтэрснээс хойш захиалагч би гүйцэтгэгчийг гэрээнд заасан үүргээ богино хугацаанд чанартай гүйцэтгэхийг удаа дараа шаардсан ч гүйцэтгэгч компани үүргээ биелүүлээгүй болно. Иймд миний бие тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 14 488 650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
2. Хариуцагч ****** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Анд ноёд ХХК нь захиалагч ******тэй 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 29,27 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 990 000 төгрөг буюу нийт 28 977 300 төгрөгөөр захиалан бариулах гэрээг 2020 оны 2 улиралд ашиглалтад орон сууцыг хүлээлгэн өгөхөөр байгуулсан. Манай талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 12 дугаар сард манай компани барилгын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байсан буюу барилга 6 давхартаа карказ угсралтаа хийчихсэн явж байсан. Гэвч 2020 оны 01 дүгээр сараас БНХАУ-д ковид-19-ийн цар тахал дэгдэж, барилгын үйл ажиллагаа удаашралттай болж, гэрээтэй импортын түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлж чадаахааргүй нөхцөл байдал үүссэн бөгөөд хэзээ хэвийн болох нь тодорхойгүй тааварлашгүй нөхцөл байдал үүссэн. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимаас 2021, 2022 оны Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ****** ХХК-д олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, Смарт таун гэх 128 айлын орон сууц захиалгын байрны гэрээний хугацаад гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлөөд, гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулах боломжгүй байсныг нотолж батлах баримт юм. Барилгын материалын үнэ өссөнтэй холбогдуулан барилгыг анх барихдаа төсөвлөж байсан төсөв өртгөөс барилгын үнэ нь илүү гарч эхэлсэн, материал нийлүүлэгч нараас ч үнийн дүн өссөн гээд манайд мэдэгдэж байсан талаар дор бүрнээ үнээ өсгөж байсан. Анх барилгын өртөгт төсөвлөсөн байсан өртгөөс их хэмжээний төсөв байрыг барьж дуусахад орсон тул манай компани санхүүгийн хүндрэл орсон. Үүнээс улбаалан нийт 6 000 000 000 төгрөгийн алданги хохиролд орсон, үүний 40 хувийг захиалагч нартайгаа ярилцаж байгаад, цар тахлаас шалтгаалж бүх юмны үнэ өссөн, нөхцөл байдлыг ойлгох байх гэдэг үүднээс санал авахаар 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр захиалагч нарт мэдэгдэл хүргүүлсэн. 1 м.кв-ын үнийг 800 000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэр гаргасан талаараа мэдэгдэл өгсөн. Гэвч захиалагч нэмэгдүүлсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ хугацаанд манай компаниас нэг м.кв-ын үнийг 800 000 төгрөгөөр бус 200 000 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, захиалагчид эвлэрэх хүсэлт тавьсан боловч мөн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд манай компанийн хувьд гэнэтийн давагдашгүй нөхцөл байдлаас шалтгаалан мах их хохирол амссан тул нэхэмжлэгчийн орон сууцыг өмчлөлд шилжүүлж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Алдангийн хувьд нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байдал тулгарсан, барилгын материал огцом өссөн байна гэдгийг тогтоож хүнд нөхцөл байдлын гэрчилгээг олгосон байдаг. Тэгэхээр манай компанийн шууд буруутай үйл ажиллагаанаас бус дэлхий дахинд нүүрлэсэн гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдлын улмаас гэрээний дагуу хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулах боломжгүй байдал үүссэн тул манайх алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
3. Хариуцагч ****** ХХК нь нэхэмжлэгчид ******т холбогдуулан орон сууцны барилгын гүйцэтгэсэн өртгийн нэмэгдэл үнэ 5 854 000 төгрөгийг захиалагчаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын гаргасан. Шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөнтэй холбогдуулан манай талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт, гүйцэтгэгч тал үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй гэж зааснаар орон сууны барилгын гүйцэтгэсэн өртгийг м.кв-ыг 200 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 5 854 000 төгрөгийн нэмэгдлийг захиалагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
4. Нэхэмжлэгч ****** нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Орон сууц захиалгын гэрээний үнийн тухайд бид ****** ХХК-иас санал болгож буй үнийн дүнг зөвшөөрөөд гэрээ байгуулсан. Тухайн үед Улаанбаатар хотод 100 хувь төлөлтөөр захиалга авч буй орон сууцны үнэ ханш 880 000 1 200 000 төгрөг хооронд байсан. Тухайн үед энэ дүнгээр захиалга авч байсан яармагийн барилгын төслүүд болох Дээдсийн өргөө хотхон, гарден вилла, нүхт палас гэх мэт барилгын төслүүд бүгд л ойролцоо дүнгээр захиалга авч байсан. Одоо эдгээр компаниуд бүгд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, орон сууцны үнээ нэмэлгүйгээр оршин суугчдаа орон сууцандаа оруулсан байгаа. Миний хувьд ****** ХХК-д итгэж найдан эдний компанийг сонгож гэрээ хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Тухайн үед бол байрны үнийг ****** ХХК-иас санал болгосон дүнг зөвшөөрөөд бид гэрээгээ хийсэн бидний байгуулсан гэрээнд м.кв тутмын үнийг 200 000 төгрөгөөр нэмэх ямар ч заалт байхгүй. Хэрэв үүнийг нэмэх заалт байсан бол бид энэ компанийг сонгохгүй байсан. ****** ХХК-иас гаргаж өгсөн гэрээний стандарт нөхцөлтэй танилцаад гарын үсгээ зурсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
5. Нэхэмжлэгчээс 2022.12.02-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж 230 394, 302 836 төгрөг төлсөн баримт, 2019.07.26-ны өдрийн ****** дугаартай Орон сууц захиалгын гэрээ, гэрээний хавсралт, 2022.10.28-ны өдрийн орон сууц захиалгын үнэд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл, байрны захиалгын төлбөр өөрчлөгдсөн тухай тодорхойлолт, 2022.11.09-ний өдрийн******өөс ******д олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.21-ний өдрийн ****** дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан хүсэлт, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2023.01.13-ны өдрийн ****** тоот албан бичиг, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын схем зургууд, Монгол улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2022.12.14-ний өдрийн гомдол уламжлах тухай албан бичиг, 2022.11.25-ны өдрийн Улсын байцаагчийн шаардлага, /хх 3-14, 27-44 ху/
6. Хариуцагчаас 2022.12.21-ний өдрийн ****** ХХК-иас ******д олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.03.06-ны өдрийн ****** ХХК-иас ******т олгосон итгэмжлэл, 2023.05.17-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамжид 112 854 төгрөг төлсөн баримт, 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн ****** дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, 2021 оны 2 дугаар сарын 1-ны өдрийн 02/542 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, ****** ХХК-ийн захиалгаар баригдах 128-н айлын орон сууцны барилгын ажлын төсөв, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, ****** төсвийн гүйцэтгэл, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны ****** дугаартай Хүнд нөхцөл байдал гэрчилгээ, 2021.11.03-ны ****** ХХК-ийн Үнийн саналд өөрчлөлт оруулах тухай тоот, 2020.05.11-ний ****** ХХК-ийн албан тоот, 2020.08.01-ний ****** ХХК-ийн мэдэгдэл, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны 2022.02.18-ны өдрийн 2/023 дугаар тодорхойлолт, Барилгы хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2023.04.04-ний өдрийн албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх 18-19, 49, 61-77 ху/
7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023.04.24-ний өдрийн ****** тоот албан бичгийг ирүүлсэн ба уг албан бичигт, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо ****** тоот гэж дурдсан, албан ёсны хаяг нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, ****** тоот хаягт байршилтай, 8398 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, үйлчилгээний зориулалттай дутуу барилгын өмчлөх эрх бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт ****** ХХК-ийн өмчлөлд байна. Эрхийн улсын бүртгэлд бүхэлдээ бүртгэгдсэн ****** дугаар байр нь захиалагч иргэдийн өмчлөлд тоот тус бүрээр жагсаартаар салж бүртгэгдэгүй бөгөөд уг байрны ****** тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй байна... гэх баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ****** ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги 14 488 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 190726/01 дугаартай орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч гэрээнд заасан орон сууцыг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байна. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги 14 488 650 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч А ХХК нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй, харин алдангийг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь гүйцэтгэгч компанийн буруугаас шалтгаалаагүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, нийтэд илэрхий үйл баримтаар Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосноос хил хаагдсан нь хугацаа хэтрүүлэх нөхцөл байдалд хүргэсэн гэсэн үндэслэлээр алдангид холбогдох шаардлагыг эс зөвшөөрнө гэж тайлбарласан.
4. Хариуцагч А ХХК зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 5.3-т заасны дагуу орон сууцны барилгын төсөвт өртөг нэмэгдсэн үндэслэлээр 5 854 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Г өөс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.
5. Нэхэмжлэгч Г.Г сөрөг шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд гэрээ байгуулах цаг үеийн байдлаар шинэ орон сууц захиалах зах зээлийн үнэ төлбөрийг бэлэн төлсөн тохиолдолд 1 мкв тутам нь 880 000-1 200 000 төгрөгийн хооронд хэлыэлзэж байсан. А ХХК-иас санал болгосон үнийг хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулсан. Гэрээнд үнийг нэмэх тухай тохиролцоогүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
6. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5, 6, 7 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1. Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 190726/01 дугаартай, орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч А ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, * дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 10 давхрын ** тоот хаягт байрлах 29.27 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2020 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулж, захиалагч Г.Г ийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь 1 м.кв талбайг 990 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 28 977 300 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон, /хх 5-7 ху/
6.2 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Г.Г орон сууцны үнэ 28 977 300 төгрөгийг төлсөн, /хх 8 ху арын нүүр/
6.3 2022.10.28-ны өдөр А ХХК-иас орон сууцны үнэд өөрчлөлт оруулах тухай саналыг нэхэмжлэгчид хүргүүлсэн, /хх 9 ху/
6.4 2019.07.05-ны өдөр А төлөвлөлтийн даалгавар батлагдсан, /хх 30-41 ху/
6.5 2021.02.01-ний өдрийн 02/542, 2022.02.22-ниы өдрийн 02/99 дугаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, 2023.01.27-ны өдрийн 02/716 дугаар хүнд нөхцөл байдлын гэрчилгээг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас А ХХК-д олгосон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 62,63,70 ху/
7. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, 2022 оны 12 дугаар сард нэхэмжлэгч орон сууцыг бодитоор хүлээн авсан зэрэг үйл баримтад маргаангүй, харин гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр алданги шаардах эрхтэй эсэх, орон сууц захиалгын гэрээний үнийг гүйцэтгэгч нэмэх эрхтэй эсэхэд маргаантай.
8. Зохигчийн хооронд байгуулагдсан 2019.07.26-ны өдрийн 190726/01 дугаар гэрээ нь гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахаар байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан байна.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч ****** нь орон сууцны үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлж, орон сууцыг хууль ёсоор эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдож байх тул ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнээд Хан-Уул дүүрэг, * дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 1****** тоот хаягт байрлах 29,27 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хангахаар шийдвэрлэв.
8.1 Алданги 14 488 650 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, зохигч гэрээний 3.3-т ...2020.09.01-ний өдрөөс эхлэн хоног тутам гэрээний нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд хамаарахаар байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд хуульд заасан алдангийн тухай ойлголт нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болдог.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байна.
Гүйцэтгэгч орон сууцыг ашиглалтад өгөх хугацаа хэтрүүлсэн нь Ковид-19 цар тахалын улмаас бий болсон хөл хорио, хязгаарлалтын улмаас гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэн болох нь хэрэгт авагдсан Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээ, Хүнд нөхцөл байдал /Hardship/-ын гэрчилгээ, нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байх тул алдангийг хангах үндэслэлгүй.
9. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
9.1. Хариуцагч ****** ХХК нь орон сууцны барилгын төсөвт өртгийн нэмэгдэл үнэ 5 854 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.3-т Монгол Улсын хэмжээнд эрчим хүч, түлш шатахуун, барилгын үндсэн материал /Жич: цемент, арматур, төмөр. тоосго, хөнгөн блок, бетон зуурмаг, сантехникийн труба, гадна ханын материал гэх мэт/-ын үнэ гэрээ байгуулах үеийнхээс 15%-аас дээш өссөн тохиолдолд Гүйцэтгэгч тал үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй гэж заасан байна.
Гэсэн хэдий ч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй буюу төсөвт өртөг хэдэн төгрөгөөр хэрхэн нэмэгдсэн талаар хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангасан баримтаар үндэслэлээ нотлоогүй тул сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул зохигчдод хуваан хариуцуулж, сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3, 222 дугаар зүйлийн 222.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******ийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ****** тоот хаягт байрлах 29.27 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 488 650 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч ****** ХХК-ийн 5 854 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 394 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 854 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** ХХК-иас 302 836 төгрөг гаргуулан нэхэмжлэгчс ******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ